|
ЗАСГИЙН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА /H1N1/
Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хуралдан томуугийн А хүрээний вирусийн тархалтын эсрэг Нийслэлийн Онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хийж байгаа ажлын мэдээллийг сонсов.
Ирэх даваа гарагт буюу 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эхлэх Ерөнхий боловсролын сургуулийн ахлах болон дунд ангийн сурагчдын хичээлийн бэлтгэл хангагдаад байна.
Төрийн өмчийн 108 сургуульд зайнаас халуун хэмжигч багаж, 20 мянган ширхэг амны хаалт, сурагчдын гарыг ариутгах “Санитол” бодисыг бүлэг бүрт 10 ширхэгээр тооцож нийт 50140 ширхэгийг олгожээ. Мөн бүх сургууль гадна талбайгаа цэвэрлэн, хог хаягдлаа зайлуулж, их цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээснээс хойш буюу энэ сарын 19-нд галт тэргээр 1000 гаруй, автобусаар 733 хүн зорчсон гэсэн мэдээ гарчээ.
“Улаанбаатар төмөр зам” компани галт тэргэний ажилтнууддаа халуун хэмжигч 30 ширхэг багаж олгон, ариутгал , халдваргүйтлийг байнга хийж, 10 ор нөөцөд байлгаж байна. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам орон нутгийн 11 нисэх буудалд халуун хэмжих багаж нийлүүлэхээр шийдвэрлэжээ.
Өрхийн эмнэлэг болон дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлэгт ажиллах ёстой 525 резидент эмчийн цөөнгүй нь хуваарьт газартаа очихгүй байгаа тухай олон удаа яригдсан. Салбарын яам арга хэмжээ авсаны дүнд 2009 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар 450 эмч ажиллаж эхэлсэн байна. Хүндэтгэх шалтгаангүйгээр очихгүй байгаа 50 гаруй эмчийн нэрийг ЭМЯ-ны Ёс зүйн хороонд өгсөн. Хороо хуралдан тухайн эмч нарын эмчлэх эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Онцгой комисс боловсрол, соёл, урлаг, худалдаа, үйлчилгээ, зах, нийтийн тээвэр зэрэг салбарт ариутгал, халдваргүйжүүлэлт хэрхэн хийж байгааг шалган, өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч байна.
2009 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар 1106 хүн томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн халдвараар өвчилж 18 хүн нас бараад байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
|