|
ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ БОГИНО ХУГАЦААНД
ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхантай уулзаж өнөөгийн нөхцөл байдал, боломж бололцоо, хүндрэл бэрхшээл, цаашдын зорилтын талаар санал солилцов.
Ерөнхий сайд ажлаа хүлээн авсаныхаа дараа монгол хүн бүрийг ажилтай байлгах нь хамтарсан Засгийн газрын нэн тэргүүний зорилт байхыг онцлон тэмдэглэсэн юм. Үйлдвэржилтийн бүтээн байгуулалтын ажил өрнүүлж байж энэ зорилтдоо хүрнэ гэж Ерөнхий сайд үгийнхээ эхэнд тэмдэглэлээ.
Эрдэнэт, Бор-Өндрийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Багануур, Шивээ Овоогийн нүүрсний уурхайн хэмжээнд хүрэхүйц томоохон бүтээн байгуулалтын ажил сүүлийн 20 жилд хуруу тоолом цөөн байсан гэж Ерөнхий сайд дүгнэж байна.
Мөн сүүлийн жилүүдэд Оюу толгой зэрэг цөөн тооны орд газрыг эс тооцвол шинэ томоохон орд газрыг нээгээгүйд дүгнэлт хийх цаг болсныг сануулав.
Түлш, эрчим хүчний салбар төсвийн хөрөнгө, гадны зээл тусламжаас хараат хэвээр, өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг тогтвортой хангах, эрчим хүч экспортлогч орон болоход чиглэсэн хөрөнгө оруулалтын бодлого, менежмент дутагдаж, цаг хугацаа алдалгүй шийдвэрлэх олон асуудал байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ.
Шинэ аж үйлдвэржилтийг цаг алдалгүй эхлүүлэх боломж, эрдэс баялаг, түүхий эд, эрчим хүчний эрэлт хэрэгцээ, экспортын асар их боломжит зах зээл байна. Гэхдээ орчин үеийн өндөр технологи, стандартын шаардлага хангахуйц үйлдвэрлэл, найдвартай сүлжээг байгуулахад хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай байна гэж Ерөнхий сайд хэлэв.
Боломжоо ашиглахын тулд хөгжлийн мега-төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахийн төлөө цаг наргүй ажиллах шаардлага ч тулгарч байгааг тэмдэглэв.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх нь нийгэм, эдийн засгийн цаашдын өсөлтийн нэг хөдөлгүүр учир ажлаа шуурхайлахыг холбогдох сайд, ажлын хэсгийн ахлагч нарт Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо.
Мөн Төмөртэй, Бүрэн хааны фосфорит, Мардай, Дорнодын уран, Асгатын мөнгөний орд зэрэг газрууд үр ашгаа өгч амжаагүй байгаад салбарын яам дүгнэлт хийх, дэмжлэг хэрэгтэй бол Засгийн газар, УИХ-д асуудлыг оруулж шийдвэрлүүлэх, ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооцохыг үүрэг болгов.
Таван толгойн орд газрыг ашиглах үзэл баримтлалыг ойрын хугацаанд Засгийн газар, УИХ-д танилцуулж шийдвэр гаргуулахыг ажлын хэсгүүдэд мөн үүрэг болголоо. Ингэхдээ иргэн бүр үр ашгийг нь хүртэх боломжтой, төрийн урт хугацааны эрх ашгийг хангасан зөв шийдэл гаргах хэлэлцүүлгийг ил тод, нээлттэй, сонирхогч талуудыг хамруулан явуулах ёстой гэж Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
Өмнөд говийн бүсийн эрчим хүчний хангамж, Улаанбаатар хотын шинэ эх үүсвэр, Шивээ овоогийн уурхай, Цайдамын ордыг түшиглэн цахилгаан станц барьж эрчим хүч экспортлох, дотоодын хэрэгцээг хангах төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов.
Цаашид нэмүү өртөг шингэсэн, өндөр технологи ашигласан үйлдвэрлэл, экспортыг төрөөс онцгойлон дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Ингэснээр ажлын байр нэмэгдэн, нарийн мэргэжлийн ажилчид бэлтгэж, хүмүүсийн цалин орлого ч нэмэгдэнэ гэж Ерөнхий сайд хэллээ.
Улс орны эдийн засгийн хөгжилд нэмэртэй, Монголын нэрийн хуудас болох МОНГОЛ ЭРДЭС, МОНГОЛ ЭРЧИМ, МОНГОЛ ДЭД БҮТЭЦ компани байгуулж, олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж рүү гаргах бэлтгэлийг хангахыг Ерөнхий сайд үүрэг болгов.
Томоохон төслүүдээс гадна хувийн хөрөнгө оруулалтаар олон үйлдвэр ашиглалтад орсноор олон мянган хүн ажилтай болно. Иймээс хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр шинээр бий болгох, цалин орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын өөрлөлтүүдийг хийх шаардлагатай байгааг Ерөнхий сайд санууллаа.
Иймээс тогтвортой, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч нарт ойлгомжтой, өрсөлдөх чадвартай бодлогын, татварын орчин бүрдүүлэх нь чухал байна гэж Ерөнхий сайд хэлэв.
Хувиараа ашигт малтмал олборлох нь олон мянган хүний ажлын байр, амьжиргаа, амь нас, эрүүл мэнд, үр хүүхдийнх нь хувь заяатай холбоотой учир төрөөс зохицуулалт хийх, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг онцгой анхаарна гэж Ерөнхий сайд тэмдэглэв.
Түлш эрчим хүчний салбарын найдвартай, тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг зөв бүтэцтэй эх үүсвэр, дэд бүтцээр хангах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, эрчим хүч экспортлох зорилт дэвшүүлж ажиллах нь зүйтэй гэж Ерөнхий сайд хэлэв.
Өр авлагыг ихэсгэн, олон удаа саатал гаргаж, үр ашиггүй ажиллаж байгаа үйлдвэр, компаниудын асуудалд онцгой анхаарахыг Ерөнхий сайд сануулав.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, цэвэр түлшний үйлдвэрлэлийг дэмжих, гэр, орон сууцны дулаан хадгалалтыг хэр сайжруулснаар энэ салбарынхны ажлыг дүгнэнэ гэж Ерөнхий сайд сануулсан байна.
“Шинэ аж үйлдвэржилт-Ажлын байрны баталгаа” сэдэвт уулзалтад оролцсон эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхан мөн санал бодлоо Ерөнхий сайдад хэлж төр, засгийн зүгээс анхаарах зүйл багагүй байгааг ч дуулгав.
Аймаг, сумдын удирдлагууд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс хандив нэрээр татвар авч дарамт учруулдаг. Гол, усны сав газарт хайгуул хийхийг хориглосон хууль баталсан нь багагүй хүч, хөрөнгө зарсан олон аж ахуйн нэгжийг хохироосон буруу шийдвэр. Үүнээс гадна тухайн аж ахуйн нэгжийн лицензийг хурааснаар гар аргаар алт олборлогчид орд газарт орж байгаль орчинг сүйтгэхэд бэлэн жишээ олон байгааг Монголын үндэсний уул, уурхайн ассоциацийн тэргүүн Д.Ганболд санууллаа.
Уул уурхайн салбарт одоо мөрдөж байгаа стандартыг бүгдийг шинэчлэж олон улсын жишигт хүргэх, төр, засгийн зүгээс баялаг бүтээж, үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ элдэв татвар, шалгалтаар дарамталдагаа зогсоох, нэг үйлдвэр байгуулах гэж 15 яамны санал авдаг зэрэг хүнд суртлаа болихыг уул уурхайнхан санал болголоо.
Төрөөс аж ахуйн нэгжүүдээ дэмжиж тодорхой хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл, бусад татварын хөнгөлөлт үзүүлж, тогтвортой байдлын гэрээ байгуулах нь зүйтэй. Ингэвэл аж ахуйн нэгжүүд олон хүнийг ажилтай болгож, цалин нь ч нэмэгдэн, гадаадад байгаа монголчууд эх орондоо ирэх боломж бүрдэнэ гэж “Монполимет” компанийн ерөнхий захирал Ц.Гарамжав хэлэв.
Эрчим хүчний салбар хэдэн тэрбумын алдагдал хүлээж одоо цахилганы үнийг 90 хүртэл төгрөгөөр нэмэх тухай яригдаж байна. 1998 оноос хойш жил бүр нэг, хоёр төгрөгөөр нэмж явсан бол өдийд ийм байдалд орохгүй байсан гэж “Эм Си Эс интернейшнл” компаний зөвлөх М.Чимид хэллээ.
Эрдэс баялаг, эрчим хүчний яам ойрын жилүүдэд баруун, төв, зүүн, говийн бүсэд цахилган станц байгуулж ашиглалтад оруулна. Төлөвлөсөн зорилтоо биелүүлж чадвал ОХУ-аас хараат байдгаа болих боломжтой гэж яамны Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар хэлэв.
Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим ирэх сард мөн бусад салбарынхантай Ерөнхий сайд С.Батболдыг уулзуулахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
|