Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
С.БАТБОЛД: ЭЦСИЙН ҮР ДҮН НЬ ТОДОРХОЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖИНЭ

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Ерөнхий сайд ноолуур, ноос боловсруулах салбарынхныг гэрийн даалгавраа хийхийг даалгалаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр үдээс хойшхи ажлын цагаа ноолуур, ноос, арьс шир боловсруулах салбар болон ой модны үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэгчидтэй уулзахад зарцууллаа. Эдийн засагт үр өгөөж ихтэй, ажлын байрыг илүү олноор нэмэгдүүлэх боломж бүхий хөнгөн үйлдвэр тэр дундаа ноос, ноолуур боловсруулах салбарын үйлдвэрлэгчидтэй Засгийн газрын тэргүүн эхлээд уулзаж салбарын хөгжлийн талаарх тэдний байр суурь, тодорхой саналыг сонслоо.

Засгийн газрын тэргүүн уулзалтын эхэнд өнгөрсөн жил хийж бүтээсэн, суурийг нь тавьсан ажлуудаа үр дүнд хүргэж, ажлын байр хөдөлмөр эрхлэлтийг бодитой нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах зорилгоор Засгийн газраас 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарласан. Магадгүй уул уурхайн салбараас ч урт хугацаанд, илүү үр өгөөжтэй байж чадах хөнгөн үйлдвэр, тэр дотроо ноос ноолуурын салбарынханд зах зээлд өрсөлдөх боломж бололцоо их байна. Харин энэ боломжийг тус салбарынхан бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа талаар дурдаад хөнгөн үйлдвэрийн салбарт Засгийн газар онцгой анхаарч туулай жилийн гараан дээр тэднийг хүлээн авч уулзан санал солилцож байгаагаа хэлсэн юм.

Төр засгийн гол үүрэг бол зах зээлийн боломжийг нь нээж өгөх явдал. Харин тухайн салбарынхан энэхүү боломжийг ашиглах тал дээр идэвх санаачилгатай ажиллахыг уриаллаа. Ингэхдээ нэгдсэн бодлого хөтөлбөр гаргаж өмнөө тулгарч байгаа асуудлаа цогцоор нь шийдэж байж салбар өөрөө хурдацтай урагшилж хөгжинө. Та бүгд татвар тогтоогоод бага хүүтэй зээл өгчихвөл бүх зүйл болчих юм шиг яриад байна. Боловсон хүчин бэлтгэх, ажлын байр бий болгох зэрэг нийгмийн хариуцлагаа ухамсарлах ёстой гэлээ.

Зах зээлд боломж бий болгох тал дээр салбарынхан өөрсдөө идэвх санаачилгатай ажиллахыг Засгийн газрын тэргүүн уриаллаа. Тэдний үйлдвэрлэлийн бүтэц зохион байгуулалтын талаар хоршиж хамтарч ажиллах санал гаргаж буйг дэмжээд энэ саналыг ажил хэрэг болгохдоо  төр, засаг удирдан чиглүүлэх биш төрийн бус мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгч нар илүү идэвх санаачилгатай ажиллах ёстойг тэмдэглэлээ. Ингэхдээ Засгийн газраас салбарын бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавихдаа мэргэжийн холбоодыг илүү түлхүү оролцуулж байх зорилт тавьж ажиллаж байгаагаа дурдлаа.

Ноолуурын салбар манай улсад ямар ач холбогдолтой талаар ном хаялцахаасаа илүүтэй цаашид ямар ажил хийх гэх мэт санал санаачилгатай ирж, ажил ярьсан уулзалт хийхийг тэдэнд анхаарууллаа. Ингэхдээ Ерөнхий сайд “Нийгэм, улс төр, эдийн засаг, гадаад зах зээл гэхчлэн бүхий л салбарт ноолуурын салбар ямар ач холбогдолтойг бүгд мэднэ. Тиймээс энэ удаагийнх шиг улс төржихөө больё. “Монгол ноолуур” нэгдлийн бүтэц зохион байгуулалт ямар байх юм, үүнд засгийн ямар оролцоо, дэмжлэг шаардлагатай байна гэхчлэн тодорхой санал боловсруулан энэ сарын сүүлээр болох Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай болон ноолуур, ноос боловсруулах салбарын үйлдвэрлэгчдэд үүрэг болголоо.

Газар тариалангийн салбарт тухайлбал, гурил, будааны импортын татварт НӨАТ тавьж байгаа шиг ноос, ноолуурын салбарт ч импортыг хязгаарлах талаар төрийн бодлого гаргаж болно гэдгийг Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд үйлдвэрлэгчид, холбоод нэгдээд энэ асуудлаар санал боловсруулах, үйлдвэрлэгчид мэргэжлийн холбоондоо ач холбогдол өгч, бодлого боловсруулах  чадавхийг нь нэмэгдүүлэх шаардлагатай, эдгээрт төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар асууж сонирхлоо.  Энэчлэн бодитой ажил хэрэгч саналуудтай уулзалтад ирж байхыг дахин анхааруулаад уул уурхайн салбарынхан илүү санаачилгатай ажиллаж байгааг жишээ болгож байлаа.

Ерөнхий сайд энэ уулзалтын үеэр ноос, ноолуурын үйлдвэрүүд нэгдээд төр засгийн дэмжлэгтэйгээр хөнгөн үйлдвэрийн мэргэжил сургалт үйлдвэрийн төв байгуулах боломж байгаа талаар лавлаад Мянганы сорилтын сангаас ийм төв байгуулах, мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд ихээхэн хөрөнгө зарцуулж байна. Гэтэл танай холбоо санал өгөөгүй гэдгийг онцлон хэлээд “Аливаад бүтээлч талаас нь хандаач ээ. Бүгд л их гоё яриад байдаг. Бүгд улстөрч баймааргүй байна. Тодорхой ажил, санал л яримаар байна. Ажлын сайн санал өгөөч, энэ өрөөнд улс төрийн мэдэгдлүүд сонсмооргүй байна. Одоо эндээс гараад ярилц, тодорхой саналууд боловсруул. Ингэж чадвал дараа хийх уулзалт техник эдийн засгийн үндэслэл ярьсан ажил хэрэгч уулзалт болно гэлээ. Ингэхдээ тэрбээр “Та бүхнийг дэмжье гэсэндээ ийм хатуу үг хэллээ шүү” гэж байлаа.

Нэг удаагийн шийдлээр бүгдийг төгс төгөлдөр шийдэж чадахгүй, боломж ч байхгүй. Хамтарч ажиллах үйл ажиллагааны эхлэл, үүнийг төрийн бодлоготойгоор урагшлуулах суурь уулзалт боллоо. Энэ салбарын ажлыг бага багаар урагшлуулах боломж, шаардлага байгаа. Болж өгвөл томхон ахиулах боломжийг эрэлхийлж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд уулзалтад ирсэн хүмүүст хандаж хэллээ.

Уулзалтад “Ээрмэл”, “Буян”, “Гоёо”, “Алтай кашмир”, “Сор кашмир”, “Ханбогд кашмир” ХХК болон “Эрдэнэт хивс”, “Монгол нэхмэл” ХК-ийн гүйцэтгэх захирлууд болон ХХААХҮЯ, Сангийн яам, Монгол банкнаас албаны хүмүүс оролцлоо.

С.БАТБОЛД: ЭЦСИЙН ҮР ДҮН НЬ ТОДОРХОЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖИНЭ

Эцсийн үр дүн нь тодорхой, иргэдээ ажилтай, орлоготой болгосон төсөл, хөтөлбөрийг Засгийн газар бодлого, хөрөнгө санхүүгээр дэмжихэд бэлэн. Хамгийн гол нь тухайн салбарын мэргэжлийн холбоо бодлогоо боловсруулж, түүнийг нь  хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах хэрэгтэй байна. Засгийн газраас үзүүлэх ёстой дэмжлэгийг нь үзүүлнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Тэрээр 2011 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны удирдлага, гишүүдийг хүлээн авч уулзан энэ салбарт тулгамдаж байгаа бэрхшээл, төр, засгаас өгч болох тусламж, дэмжлэг, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Энгийн жишээ хэлэхэд, сонирхсон айл өрхийг оёдлын машинаар хангаж, хүмүүсийг нь сургах, зах зээлээ олоход нь туслах замаар ажлын байр бий болгох төсөл, хөтөлбөр байвал дэмжинэ. Өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас аймаг бүрт квот тогтоон өгч, борлуулалт сайтай бээлий оёх хүсэлтэй иргэдийг дэмжих боломж байна. Ингэснээр дор хаяж 8 мянган ажлын байр бий болох боломж байгаа гэсэн мэргэжлийн холбооны судалгааг Ерөнхий сайд дурдаад энэ хэрээр тухайн өрхийн амьдрал ахуй ч дээшилнэ гэж үзэж байна гэлээ.   

Ажлын байр бий болгох, техник, технологоо шинэчлэх, технологийн бодлогоо хөгжлийн бодлоготойгоо уялдуулах, үндэсний үйлдвэрлэл, ялангуяа өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжих, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, Аж үйлдвэрийн парк, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулах, экспорт, импортын бодлого зэрэг чиглэлээр төр, засгийн зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байгааг тодорхойлж Засгийн газарт асуудлаа оруулах нь зүйтэй. Төлөвлөлт, зохион байгуулалтаа хоёр талаасаа хийж, байгаа боломжоо сайн ашиглаж ажиллая. Засгийн газрын гол үүрэг бол зах зээлийн боломжийг нь нээж өгөх. Энэ тал дээр ахицтай зүйл багагүй байгаа гэж Ерөнхий сайд үйлдвэрлэгчдэд хэллээ.   

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд томоохон аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулахдаа өөрсдөө үйлдвэрлэх боломжтой ажлын хувцас, бусад шаардлагатай зүйлийг заавал дотоодын аж ахуйн нэгжээр хийлгэж байх хувилбар байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд зөвлөөд хөтөлбөрөө Засгийн газарт оруулахдаа энэ асуудлыг тусгахыг үүрэг болголоо. Төрийн хяналт, зөвшөөрлийн зарим чиг, үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлж байгаа учир тухайн салбарын мэргэжлийн холбоо чадваржих ёстойг Ерөнхий сайд анхааруулж илүү үүрэг, хариуцлагатай байхыг санууллаа.

Арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч Б.Энх-Амгалангийн тавьсан Алтанбулагийн чөлөөт бүсэд арьс ширний үйлдвэрлэлийн нэгдсэн төв байгуулах газрын асуудлыг шийдэх, хөдөө аж ахуйн бирж, эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах, гарал үүслийн гэрчилгээ олгох эрхийг салбарын мэргэжлийн холбоонд шилжүүлэх зэрэг саналыг Ерөнхий сайд  судалж үзэн тодорхой шийд гаргана гэж амлалаа.    

Энэ 7 хоногт багтан хөнгөн үйлдвэрлийн салбарын талаар авах арга хэмжээний талаар Ажлын хэсэг хуралдаж хэлэлцэнэ. Энэ хуралд Ерөнхий сайдаас гадна Тэргүүн шадар сайд, Шадар сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Сангийн сайд нар,  Монголбанк, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, мэргэжлийн холбоодын удирдлага зэрэг холбогдох бүх байгууллагын төлөөлөл оролцох юм.

2 дугаар сарын сүүлээр болох Засгийн газрын хуралдаанаар хөнгөн үйлдвэрийн салбарынхны боловсруулсан бодлогын талаар хэлэлцэнэ

БИД ЧЕНЖИЙН НИЙГЭМД АМЬДРААД БАЙНА. ҮҮНИЙГ АРИЛГАХ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦААГ БИЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Аливаа бараа бүтээгдэхүүн ченжийн гараар дамждагийг арилгах, эрх зүйн харилцааг бий болгох хэрэгтэй байна. Засгийн газрын зүгээс зах зээлийн боломж нөхцөлийг бүрдүүлэхэд илүү анхаарч ажиллаж байна. Мэргэжлийн холбоод энэ боломжийг ашиглаж, идэвх санаачилгатай ажиллаж чадвал тулгамдсан асуудлаа шийдэх бүрэн боломж байна гэж Ерөнхий сайд С.Батболд Ойчдын нэгдсэн холбоо, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзахдаа хэлээ.

Тус холбоод “Ойн тухай үндэсний хөтөлбөр”-ийн дэд хөтөлбөрийг боловсруулжээ. Хөтөлбөр батлагдсанаар тэдний өмнө тулгамдаад байгаа мод бэлтгэх, боловсруулах  үйлдвэрүүдийн техник технологийг шинэчлэх, ойн гүнд орж, ашиглалтын нас гүйцсэн ойд нэвтрэх ойн зам гаргах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх боломжтой тул ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж өгөхийг хүслээ.

Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, сургууль, цэцэрлэгийн ширээ сандлаас эхлээд байгууллага аж ахуйн нэгжийн тавилгыг дотоодынхоо бүтээгдэхүүнээр хангах, импортын түүхий эдийг нэмүү өртгийн татвараас чөлөөлөх, Модны бирж байгуулахад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг хэлж байна. Үүнээс гадна мод бэлтгэх асуудалд төрийн зохицуулалт шаардлагатай байгааг холбоодын төлөөлөл хэллээ.

Ерөнхий сайд С.Батболд Шинэ бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг бид эхлүүлж байна. Үүнд үндэсний үйлдвэрүүд, тэр дотроо боловсруулах, хөнгөн үйлдвэрүүдийн оролцоо ихээхэн чухал. Бид үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж импортыг багасгах, эсвэл татварын босгыг нэмэгдүүлэх боломжтой. Ингэхийн тулд өөрсдийн бараа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж үнэ ханш дээр манай үйлдвэрлэгчид илүүтэй анхаарч өрсөлдөх чадвартай байх нь юу юунаас чухал гэдийг Засгийн газрын тэргүүн хэллээ.

Сайн юм хийж байгаа компани байгааг би үзэсгэлэнгээс харсан. Харин өөрсдийгөө нийгэмд сурталчлах тал дээр зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй. Мөн эдийн засгийн үр ашгаас гадна ой модны нөөцийг зохистой  ашиглах тал дээр давхар анхаарах ёстой. Бид ченжийн нийгэмд амьдраад байна. Энэ тогтолцоог өөрчилж үйлдвэрлэгч хэрэглэгчдийг шууд холбох боломжийг бүрдүүлэх тал дээр хаа хаанаа идэвх санаачилгатай ажиллая. Салбарын өмнө тулгамдсан асуудлаа шийдэх тодорхой саналуудаа тусгасан бодлого хөтөлбөрөө нэгдсэн журмаар гаргаад 2 дугаар сарын сүүлээр Засгийн газрын хуралдаанд  оруулж ирэхийг ХХААХҮ-ийн сайд, БОАЖ-ын сайд нарт болон салбарын мэргэжлийн холбоодод үүрэг болголоо Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

ЗАСГИЙН ГАЗАР 2.7 САЯ ИРГЭНЭЭ ТАВАНТОЛГОЙН ОРДЫН ЭЗЭН ГЭСНИЙГ БАТАЛГААЖУУЛСАН ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
ХЭДЭН ХҮНИЙГ АЖИЛТАЙ БОЛГОСНООР НЬ АЖЛЫГ ДҮГНЭНЭ
Монгол улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан 3 дугаар сарын 12-нд боллоо
Хөгжлийн төлөө хамтдаа ярилцаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлалын мэдээ
1
2
ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан