Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Засгийн газрын хуралдаан 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.06.22 /


РОСНЕФТЬ”-ЭЭС ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДАД ЗАХИДАЛ ИРҮҮЛЖЭЭ

Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт 2011 оны 6 дугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын Шадар сайд И.В.Сечин, Эрчим хүчний дэд сайд А.Н.Шишкин, “Роснефть” компанийн ерөнхийлөгч Э.Ю.Худайнатов нартай Москва хотноо уулзсан байна. Энэ уулзалт болон “Роснефть” компаниас Эрдэс баялаг, эрчим сайдад  хаяглан ирүүлсэн захидлын талаар сайд Д.Зоригт Засгийн газрын гишүүүдэд танилцууллаа.

Газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар ОХУ манай улсад  дарамт, шахалт үзүүлсэн утга бүхий захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, салбарын сайдад ирүүлсэн тухай зөрүүтэй мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа. Энэ талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд залруулга, тайлбар өгсөн байна. Тэрээр хэлэхдээ “Захидалд манай улсыг дарамталж, шахсан зүйл байхгүй. Энэ захидал Ерөнхийлөгчид бус Эрдэс баялаг эрчим хүчний сайдад ирсэн” гэдгийг тодотголоо.

Мөн “Роснефть” манай улсад шатахуун түгээх станцуудаа барьж шатахуун борлуулах, бөөний худалдааны бааз байгуулах зэрэг асуудлыг урьд өмнө ч тавьж байсан. Энэ нь хоёр орны харилцаанд яригдаж байдаг хэвийн асуудлуудын нэг. Захидал бичсэн нь газрын тосны бүтээгдэхүүний талаар ОХУ-ын холбогдох компани нь байр сууриа илэрхийлсэн л зүйл. Манай улс ч гэсэн  махны экспорт, төмөр замын шинэчлэл зэрэг олон асуудлыг ОХУ-д тавьдаг. Үүнтэй утга нэг юм. Харин Оросын талаас тавьсан хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэх нь манай дотоод асуудал. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Цаашид газрын тосны салбарт хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд энэ асуудлыг авч үзэж холбогдох газруудаар хэлэлцүүлэхээр боллоо” гэв.  

Манай улс хэрэгцээт газрын тосны бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг хойд хөршөөс гадна Казахстан, БНХАУ-аас оруулж ирээд байгаа юм. Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд ойрын үед танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгасан байна.   

БНХАУ-ААС АВАХ ЗЭЭЛИЙН АСУУДЛААР УИХ-Д ХАНДАНА

БНХАУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын Экспортын зээлийг ашиглах тухай Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хооронд байгуулсан зээлийн Ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ерөнхий хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан юм.

Зээлийн 200 сая ам. доллараар мах, хуурай сүү боловсруулах, гурилын үйлдвэр, үр тарианы элеватор байгуулах, бага оврын трактор худалдан авах “Хүнс, хөдөө аж ахуйн” төслийг хэрэгжүүлнэ. Үлдэх хөрөнгийг “Шинэ зууны боловсрол”, “Цахим эрүүл мэнд”, “Замын олон түвшний огтлолцол”, “Автозамын уулзвар, төмөр замын дээгүүрх гүүрэн гарц” төслийг санхүүжүүлэхээр тохиролцоод байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 20, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байх бөгөөд жилийн 2 хувийн хүүтэй юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ 20 ХУВИЙГ ИРГЭДЭД ОЛГОХЫГ ДЭМЖИВ

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд худалдахаар шийдвэрлэсэн нь аж ахуйн нэгжид хөрөнгө оруулсан иргэд болон бусад иргэнд хэт ялгавартай хандсан, тэгш бус хуваарилалт гэж УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Б.Батбаяр, Я.Батсуурь, Х.Жекей, Д.Хаянхярваа нар үзсэн байна. Иймээс компанийн нийт хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах хувийг хүчингүй болгож, иргэдэд эзэмшүүлэх хувьцаан дээр нэмж олгох нь зүйтэй хэмээн УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ.

Засгийн газрын хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн саналыг хууль санаачлагчдад уламжлахаар боллоо. Мөн хуралдаанаар гишүүн Я.Батсуурь, Батж.Батбаяр нарын санаачлан боловсруулсан тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжлээ. Аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран бүх аж ахуйн нэгжид хавтгайруулан уул уурхайн компанийн хувьцааг худалдах нь эдийн засгийг уул уурхайгаас хэт хамааралтай байхыг улам нэмэгдүүлэхээс гадна хувьцаа худалдан авах үндэсний аж ахуйн нэгжийг ямар шалгуураар тогтоох нь төдийлөн ойлгомжтой бус байна гэж дээрх гишүүд үзжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Мал аж ахуйн салбарын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, цаг үеийн ажлыг эрчимжүүлэх тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт албан даалгавар хүргүүлэхээр болов.     

Энэ дагуу :

  • Өвөлжилтийн бэлтгэлийг малчид, мал бүхий иргэний хүчийг төвлөрүүлэн төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулж, хэрэгжилтэд хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын удирдлага, албан тушаалтнууд хяналт тавьж эрчимжүүлэх,
  • Цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдох үед хэрэглэх аймаг, нийслэл, сум, дүүргийн бүрдүүлэх өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн  хэмжээг баталж, түүнийг бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, явцад нь хяналт тавих,
  • Зун, намрын отрыг сайн зохион байгуулж мал сүргийг тарга хүч авахуулах, халдварт болон паразитах өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, угаалга, туулгалтад мал бүрийг энэ онд 3 удаа хамруулах, хашаа, бэлчээрийн усан хангамжийг засварлах, шинээр барих, худаг гаргах, төв, суурин газрын хүн амыг мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, ирэх хавар хэрэглэх махны нөөц бүрдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахыг даалгалаа.

Түүнчлэн зуны хэт халалт, хуурайшилт, ган, үер зэрэг байгалийн үзэгдлийн үед учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, гамшигт үзэгдэл тохиолдсон үед шуурхай арга хэмжээ авч байх, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг сар бүр шалгаж, эрчимжүүлэх, ирэх өвөл, хавар отор нүүдлээр өвөлжүүлэх малын тоо, оторлох бэлчээр, нутгийг сонгон аймаг, сумын удирдлагын түвшинд хэлэлцээ хийх, отрын нутагт хүрэх нүүдлийн замыг тогтоох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгов.  

Хувийн малаа онд тарган тавтай оруулахын тулд малчин өрх бүр малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, тохижуулах, түлээ, түлш, цаг хүндэрсэн үед хэрэглэх өвс, тэжээлээ хамтарч бэлдэх, өвлийн хувцас, мал аж ахуйн тоног хэрэгслээ засварлах зэргээр бэлтгэлээ сайтар базаахыг малчин өрх, мал бүхий иргэдэд уриалав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА 

Түлш, эрчим хүчний салбарын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний талаар Засгийн хуралдаанаар хэлэлцлээ. Үүнтэй холбогдуулан туслах тоноглолын засвар, техник, зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, нүүрс нөөцлөх зэрэг ажлыг төлөвлөсөн хугацаанд нь хийх, ажлын явцад хяналт тавьж, үр дүнг улирал тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт даалгав.

Эрчим хүчний зарим үйлдвэр, компанид олгох татаасын тооцоог дахин хянаж ирэх оны төсвийн тухай хуульд тусган санхүүжүүлэх, нүүрсний аюулгүйн нөөц /20 хоногийн/ бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг өмнөх жилүүдээс бууруулахгүй байхыг Засгийн газар чухалчилж байна. Нүүрсний уурхай, эрчим хүчний үйлдвэр, компаниудын найдвартай ажиллагааг хангах хэмжээний түлш, шатахууны аюулгүйн нөөцийг бүрдүүлж, хөрс хуулалт, их засвар, ашиглалтын үйл ажиллагааг жигд зохион байгуулахыг Төрийн өмчийн хороонд үүрэг болголоо. Өвлийн их ачааллын үед дулааны цахилгаан станцуудад хэрэглэх нүүрсний 20-иос доошгүй хоногийн нөөц бүрдүүлэхийн тулд нүүрс тээвэрлэх вагоноор тасралтгүй, найдвартай хангах үүргийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга хүлээсэн байна.  

Өнгөрсөн өвөл Даланзадгад, Увс аймгийн дулааны станцын хэвийн ажиллагаа доголдож Засгийн газраас багагүй хөрөнгө гаргаж байсан. Үүнтэй холбогдуулан дээрх хоёр аймгийн станц болон Ховд аймгийн “Бадамлах дөл” компанийн өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарч, мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөгөө өгч, засварт шаардагдах зардлыг хянаж санхүүжүүлэхийг сайд Д.Зоригт, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт даалгалаа.

Аймгийн төвүүдийн эрчим хүчний үйлдвэр, дулааны станцын өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарах учиртай гэж Засгийн газар үзэж байна. Иймээс их засвар, хөрөнгө оруулалт, техник, зохион байгуулалтын ажлуудыг хугацаанд нь гүйцэтгүүлэн, хяналт тавьж байх, нүүрс нөөцлөх, түлш, шатахуунаа төлөвлөгөө, хуваарийн дагуу татан авахыг аймгуудын Засаг дарга нарт даалгав. УБТЗ, иргэний нисэх, газар тариалан, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарын хэвийн ажиллагааг хангахын тулд Шадар сайд М.Энхболд болон салбар хариуцсан сайд нар 20-иос доошгүй хоногийн түлш, шатахууны улсын нөөц бүрдүүлэх арга хэмжээ авна.

Орон нутгийн өмчийн цахилгаан эрчим хүчний эх үүсвэр, дизель станцуудыг бүртгэлжүүлэх, татаасаар олгож байгаа түлшний зарцуулалтад хяналт тавьж, ажилд нь хяналтын тогтолцоо бий болгон хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайд, Төрийн өмчийн хороо, аймгуудын Засаг дарга нарт үүрэг болголоо. Түүнчлэн эрүүл мэнд, холбоо харилцаа, төр, нутгийн удирдлагын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор эрчим хүчний аваарийн нөөц эх үүсвэртэй байлгахыг холбогдох сайд нарт даалгав.

Мөн Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны дулааны станцын өмчлөлийн асуудлыг судлан, өвлийн бэлтгэл хангах болон үйл ажиллагааны зардалд дутагдаж байгаа хөрөнгийг зохих журмын дагуу шийдвэрлэхээр боллоо. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний үйлдвэрүүдийн тоноглолын их засвар, өвлийн бэлтгэл ажлын явц 45,5 хүртэл, дулааны станц, шугам сүлжээнүүдийн тоноглолын их засвар, шинэчлэлийн явц 31, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнүүдийн засвар 18 хувийн биелэлттэй байна. Нүүрсний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 35 хувьтай, 695 мянган тонн бэлэн нүүрсний нөөцтэй байгаа тухай салбарын сайд хэлэв.   

Зам, тээвэр, барилга, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллахыг мөн хуралдаанаас Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

ЗАРИМ ХОТОД УЛСЫН ЗЭРЭГЛЭЛ ОЛГОХЫГ ДЭМЖИВ

“Зарим хотод улсын зэрэглэл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Бүсийн тулгуур төв болох Ховд, Улиастай, Хархорин, Эрдэнэт, Дархан, Зуунмод, Чойбалсан, Өндөрхаан, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төв Замын-Үүдийг улсын зэрэглэлтэй хот болгохоор төсөлд тусгаад байна.    

Дархан, Зуунмод, Эрдэнэт, Хархорин, Ховд, Улиастай, Чойбалсан, Өндөрхаан хот аймаг, бүс нутгийн хэмжээнд төдийгүй улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэдэг үйлдвэр, үйлчилгээ, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага олонтой. Тэгвэл Сүхбаатар, Замын-Үүд нь манай орны босоо тэнхлэгийн олон улсын чанартай авто, төмөр зам дайран өнгөрдөг олон улсын тээврийн зангилаа суурин юм. Улсын зэрэглэлтэй болгосноор хотуудын бие даан хөгжих нөхцөл бүрдэж, улс, бүс нутаг, аймгийн хөгжилд хотуудын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэнэ. Мөн хүн амын төвлөрөл саарч, иргэд орон нутагтаа тогтвортой суурьшин энэ хэрээр шилжилт, хөдөлгөөн ч багасна гэж тооцсон байна.

ХОРИХ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА

“Хорих байгууллагын албан хаагчдад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлав.  Журмыг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд нэмэгдлийг тухайн байгууллагын төсвөөс олгох юм. Энэ дагуу гяндан, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, цагдан хорих 461, эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн албан хаагчид үндсэн цалингийн 20, баривчлах байр, жирийн дэглэмтэй хорих анги, согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар, насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр анги, аймгууд дахь Цагдан хорих байрны албан хаагчид 15, бусад албаныхан 10 хувийн нэмэгдэл авна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих анги, цагдан хорих байранд ажиллаж байгаа албан хаагчид өдөр бүр 24 цагийн турш 5 мянга гаруй сэжигтэн, яллагдагч, ялтантай байнга харьцаж, хүнд нөхцөлд ажилладаг юм. Ээлжийн ажилтнууд дараагийн ээлжинд сэжигтэн, яллагдагч, ялтнуудыг хуваарийн дагуу салхилуулах, эргэлт, уулзалт болон бусад хөдөлгөөнт ажилд хүч нэмэгдүүлэн ажилласны дараа буюу 31-32 цаг үүрэг гүйцэтгэж байж тухайн ээлжнээсээ бууж амардаг байна. Ажлын байрны онцлог, ачаалал, гүйцэтгэж байгаа үүргээс шалтгаалан мэргэжил, боловсролоо дээшлүүлэх, давтан сургалтад хамрагдах боломж бага, сэтгэл зүйн байнгын дарамттай байдаг юм байна.

Үүнээс гадна гэмт хэргийн мөн чанар онц хэрцгий, ноцтой болж, шүүхээр таслагдан ирж байгаа ялтны 60-аас дээш хувь нь чанга болон онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр шийтгэгддэг. Мөн ял эдэлж байгаа ялтны дийлэнх нь зан харьцааны доголдолтой, сэтгэл зүйн хувьд тайван бус, оргох, гэмт хэрэг үйлдэж болзошгүй зэргээс шалтгаалан хорих байгууллагад ажиллах албан хаагчдын идэвх, сонирхол буурч, улмаар тус байгууллагад ажиллах чадварлаг боловсон хүчин хомсдох магадлалтай зэргийг үндэслэн Засгийн газар дээрх шийдвэрийг гаргажээ.

СҮХБААТАР АЙМГИЙНХАН ЭРТ НААДАМЛАНА

Сүхбаатар аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд, Дундговь аймгийн наадмыг 7 дугаар сарын 29-30-нд, Өмнөговь аймгийн наадмыг 7 дугаар сарын 22-23-нд тэмдэглэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Дээрх аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн ийм шийдвэр гаргажээ. Наадмын хугацааг өөрчлөх шалтгаан аймаг бүрт өөр өөр байна. Тухайлбал Сүхбаатар аймаг иргэддээ Ардын хувьсгалын 90 жилийн ой болон бүсийн хурдан морьдын уралдаануудад оролцох боломж олгохоор хугацааг нь нааш татах хүсэлт гаргасан байна.

Харин Дундговь аймагт сүүлийн жилүүдэд газрын гарц муу, бороо хур багатай байгаагаас зуншлага тааруу, нөгөө талаар малчид нь Төв, Говьсүмбэр аймагт отроор явж байгааг харгалзан үзэхийг хүсчээ. Өмнөговь аймгийн хувьд аймаг байгуулагдсаны 80 жилийнхээ ойн баярыг 7 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд тэмдэглэхээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын зөвлөлийн хурал нь шийдвэрлэж бэлтгэл ажлаа хангаж байгаагаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт уламжилсан байна.   

САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИВ

Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд зөвшөөрөв. Ингэхдээ хэлэлцээрийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцөн “Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Төсөл нь Техник, эдийн засгийн үндэслэл болон бусад төрлийн судалгаа боловсруулах, Дээрх бичиг баримтыг боловсруулах боловсон хүчин бэлтгэх, гэрээний удирдлага, Гүний усны менежмент гэсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй. 25 сая ам.долларын өртөгтэй төслийг 7 дугаар сарын 1-нээс 2016 оны 5 дугаар сарын 30-ны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн хуралдаанаар Засгийн газар, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хооронд байгуулсан “Зах зээл, бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ төсөл нь “Монгол мал”, “Хоршооллыг хөгжүүлэх” хөтөлбөрүүдийн үрээнд төсөлд хамрагдах аймаг болон сумдын түвшинд жижиг үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг байгаль, цаг уурын өөрчлөлтөд дасан зохциуулах чиглэлээр малчдад дэмжлэг үзүүлж, орлого багатай өрх, малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилготой юм. 

ЗАСГИЙН ГАЗАР ӨМНӨӨ ТАВЬСАН ТОМООХОН ЗОРИЛТУУДАА ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Засгийн газрын 5 дугаар сарын үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцууллаа. Засгийн газар өнгөрсөн сард 7 удаа хуралдан 59 асуудал хэлэлцэж, 29 асуудалтай танилцсан байна. Тус бүр 4 асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хууль санаачлагчдад уламжлахаар, тус бүр 2 асуудлыг холбогдох Байнгын хороотой зөвшилцөх, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтож, 4 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, 5 асуудлыг дахин хэлэлцэхээр хойшлуулжээ.

Засгийн газар өнгөрсөн сард Хөгжлийн банкны дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг баталж, 2010 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлттэй хуралдаанаараа танилцсан байна. “Хүний хөгжил сан”-д 2011 оны 4 дүгээр сарын гүйцэтгэлээр 146.6 тэрбум төгрөг төвлөрч төлөвлөгөө 49.2 хувиар буюу 48.3 тэрбумаар давж биелжээ. 

Засгийн газар мөн хугацаанд “Эрүүл мэндийн тухай хууль”-ийг батлуулж, ноолуур, тэмээний болон хонины ноосны жижиг, дунд үйлдвэрийн салбарыг дэмжих “Үнэт цаас гаргах тухай” УИХ-ын тогтоолын  төслийг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлсэн байна. Мөн “Хөдөө, аж ахуйн гаралтай түүхий эдийн бирж байгуулах тухай хууль”-ийн төслийг Байнгын хороо, чуулганд хэлэлцүүлж дэмжүүлжээ.

“Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөлбөрийн хүрээнд 2011 онд хийхээр төлөвлөсөн 4200 км автозамын барилгын ажлын инженерийн нарийвчилсан зураг, төсөл боловсруулах зөвлөх компаниудтай хэлэлцээр хийсэн, газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварыг бууруулсан зэрэг томоохон ажил хийжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн тухай танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.
  • “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөний зураг, төслийн бүрдлийг баталлаа. Төлөвлөгөөг 2029 он хүртэл хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгах, гадаад улс, олон улсын банк, санхүүгийн байгууллагын төсөлд хамруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг Замын-Үүд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үндсэн шийдэлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр болжээ. 
  • Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр байгуулах нөхцөл, боломжийг судлах Хамтарсан судалгааны хэсгийн тайлантай танилцав. Үүнтэй холбогдуулан хэлэлцээр байгуулах асуудлаарх хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатараар ахлуулсан байгууллаа.
  • 2008 онд Женев хотноо хуралдсан Дэлхийн шуудан холбооны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит их хурлаар баталсан “Дэлхийн шуудан холбооны дүрмийн 8 дугаар нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
  • Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн үндэстний боловсрол, шинжлэх ухаан, соёлын /ЮНЕСКО/ байгууллага хооронд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахыг дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт олгов.
  • Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах чиглэлээр хамтран ажиллах тухай Засгийн газар, Украйн Улсын Сайд нарын зөвлөл хоорондын хэлэлцээр байгуулахыг дэмжиж, Засгийн газрыг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаярт олгохоор боллоо.
  • “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Украйн Улсын Сайд нарын зөвлөл хоорондын хэлэлцээр”, “Соёлын хэлэлцээрт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. 15 зүйлтэй энэ хэлэлцээрт хоёр орны бүх шатны боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, багш, сурган хүмүүжүүлэгч, судлаачдыг харилцан солилцох, сургалтын хөтөлбөр, заах арга зүйн туршлага, сургалтын материал солилцох зэргээр хамтран ажиллахаар тусгажээ. Үүнээс гадна талууд жил бүр 20 хүртэлх оюутныг бакалавр, эсвэл магистр, 5 хүртэлх оюутныг дипломын дараах түвшний сургалтад хамруулна. Мөн Монголд украйн судлал, Украйнд монгол судлалын хөтөлбөрийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.
  • “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын 2011-2014 оны соёл, боловсрол, шинжлэх ухааны солилцооны хөтөлбөр”-ийг хэлэлцэн дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Очиржавт олгохоор болов. Хөтөлбөрийн хүрээнд талуудын хамтын ажиллагааг дэмжиж, жил бүр 20 оюутан, 10 магистрант, докторантыг Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна. Мөн өөрийн оронд зохиогдох олон улсын эрдэм, шинжилгээний уулзалтад эрдэмтдээ харилцан урьж, Монгол-Алтай болон Турк-Алтайн судлалын чиглэлээр 1-2 судлаачийг нэг жилийн хугацаагаар солилцох юм байна. Түүнчлэн хоёр улсын Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг өрнүүлж, архив, номын сангийн судалгааг харилцан явуулахад дэмжлэг үзүүлэх юм.
  • Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. Үндэсний их баяр наадам нь улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлэгдэл учир энэ харилцааг төрт ёсны уламжлал, зах зээлийн нийгмийн хөгжил зэрэгтэй уялдуулан, эдийн засгийн тодорхой хөшүүргүүдийг тусгасан байдлаар зохион байгуулах нь зүйтэй гэж УИХ-ын гишүүн Г.Батхүү үзжээ. Баяр наадмын харилцаатай холбоотой санал, шүүмжлэл их гарч, хууль, тогтоомжийн тодорхой бус байдлаас болж хуулийн хэрэгжилтэд хүндрэл учирч байгаа, цус холилдсон болон цэвэр цусны адуу их уралдах болсон, үндэсний сурын харвааг цуваагаар явуулна гэсэн нь тодорхойгүй байдал бий болгосон, морь унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарах шаардлагатай гэж гишүүн Г.Батхүү үзэн хуулийн төсөл боловсруулжээ. 


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Наадамчдын аюулгүй байдалд онцгой анхаарахыг даалгалаа
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТАВ ДАХЬ УДААГИЙН ИЛТГЭЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
С.Батболд: Төрийн албанд аль намын, аль нутгийн, хэний хүн байх нь гол биш гагцхүү төр, ард түмэнд үнэнчээр ажилладаг мэргэшсэн хүн байх ёстой
Ерөнхий сайд С.Батболд Азийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2011” ЗӨВЛӨГӨӨН БОЛНО
О.Оч: Монгол Улс БНХАУ-тай стратегийн түншлэл тогтоож, харилцааны түвшинг дээшлүүллээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан