Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2008 -2012 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
(Монгол Улсын Их Хурлын 2008 оны 35 дугаар тогтоолын хавсралт)

бүрэн эхээр энд дарж татаж авна уу. 
Click
here to download The action plan of the Government of Mongolia 2008-2012 in English
Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2008 оны 46 дугаарт нийтлэгдсэн.

Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Yндэсний хөгжлийн цогц бодлого, 2008 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцсон МАХН болон Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, эдгээр намуудын Улсын Их Хурлын сонгуулийн дараа байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, бусад намуудын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн зарим зорилт, төрийн бус байгууллагын санал, олон улсын байгууллагатай хийсэн баримт бичгүүдийг үндэслэн 2008-2012 онуудад хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлж байна.


Өмнөх Засгийн газар нь нийгмийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх, төрийн албыг чадваржуулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, хувийн хэвшлийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, хөгжлийг бататгах зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдэж, цааш үргэлжлүүлэн хийж бүтээх суурийг нь тавьж өгсөн юм. Шинэ Засгийн газар өмнөх Засгийн газруудын үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж, 2008-2012 оны үйл ажиллагааныхаа чиглэлд тусгасан болно.

Дэлхийн санхүүгийн хямралын улмаас Монгол Улсын эдийн засаг, санхүүд нөлөөлж буй хүндрэлийг даван туулах онцгой нөхцөлд Засгийн газрын зорилт нь эрдэс түүхий эдийн нөөцөд тулгуурлан улс орныхоо эдийн засаг, нийгмийн хурдацтай хөгжлийн боломжийг цаг алдалгүй бүрэн ашиглахыг  чармайж, Монгол Улс, монгол хүний хөгжлийг хангахуйц чадавхи бүрдүүлэн иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулж, төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй байдлыг хангаж, бүх шатны төр, засгийн байгууллагын нэр хүндийг дээшлүүлж, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад оршино.


Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь дараахь үндсэн зорилтыг хэрэгжүүлнэ:

•    ашигт малтмалын салбарын хөгжлийг түргэтгэж эрх зүйн орчныг шинэчлэх, ашигт малтмалын стратегийн болон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг бодитойгоор хэрэгжүүлж, түүнээс олсон орлогоос иргэдэд хүртээх;
•    Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, уул уурхайн салбарт түшиглэсэн үйлдвэрлэл, орон нутгийн түүхий эдэд тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
•    мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнээр, тухайлбал, мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоогоор хүн амын хүнсний хэрэгцээг бүрэн хангах;
•    иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд онцгой анхаарах;
•    төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангаж, төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх.


Нэг. Хүн ам, нийгмийн зохистой бодлогыг хэрэгжүүлснээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилт
Хоёр.Yйлдвэржүүлэлтийн бодлого хэрэгжүүлснээр Эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангах зорилт
Гурав. Байгаль орчны тэнцвэрт харьцааг хангах зорилт
Дөрөв. Эрх зүйт төрийг төлөвшүүлж, засаглалын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох зорилт
Тав.Yндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зорилт

Нэг. Хүн ам, нийгмийн зохистой бодлогыг хэрэгжүүлснээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилт

Гэр бүлийг дэмжин тэтгэх, хүн амын дундаж орлоготой хэсгийг нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлсний үндсэн дээр хүний хөгжил, хүн амын өсөлтийг хангах нийгмийн таатай орчин бүрдүүлж, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулна.

1.1. Эрүүл мэндийн бодлого

1.1.1.Эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлж хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулж, дундаж наслалтыг уртасгана.

1.1.2.Хүн амыг эрүүл, аюулгүй, тэжээллэг хүнсээр жигд, хүртээмжтэй ханган эрүүл мэндийг нь хамгаалж, өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ.

1.1.3.Эрүүл мэндийн үйлчилгээнд эрхийн бичгийн тогтолцоог нэвтрүүлэн урьдчилан сэргийлэх зарчмыг баримталж, иргэн бүрийг жилд нэг удаа эмнэлгийн иж бүрэн, нарийн мэргэжлийн цогц үзлэг оношилгоонд хамруулна.

1.1.4.Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үнэ төлбөргүй авах эрхийн бичиг олгоно.

1.1.5.Эрүүл мэндийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төрийн оролцоог багасгах зорилгоор хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад хувийн хэвшлийн мэргэжлийн эмнэлгийн оролцоог дэмжинэ. Энэ зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд хувийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх, өмчийн хэлбэрийг үл харгалзан эмнэлгүүдийг  даатгалын үйлчилгээнд жигд хамруулна.

1.1.6.Эрүүл мэндийн удирдлага, менежмент, эмчилгээний хяналтын тогтолцоог боловсронгуй болгон бэхжүүлнэ.

1.1.7.Хүн ам, ялангуяа өсвөр үе, залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох арга хэлбэрийг боловсронгуй болгож, хөдөөгийн хүн амд үйлчлэх явуулын эмнэлгийн тогтолцоог бүрдүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.

1.1.8.Хүрээлэн буй орчны бохирдол, байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэн гарах гамшиг, нийтийг хамарсан өвчлөл, хордлого, гэнэтийн аюул ослын үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг боловсронгуй болгож, авах арга хэмжээг шуурхай зохион байгуулах нөөц чадавхийг бэхжүүлнэ.

1.1.9.Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнөөс сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах өнөөгийн тогтолцоог бэхжүүлж, аймаг, дүүргийн түвшинд өргөжүүлнэ.

1.1.10.Говийн бүс болон Орхон аймагт орчин үеийн эмчилгээ, оношлогооны төвийг байгуулна.

1.1.11. Хүн амын эрүүл мэндийн мэдээллийн цахим сан байгуулна. Эмнэлгийн цахим сүлжээ, алсын зайн оношлогоо, эмчилгээг өргөжүүлэн, иргэн бүрт эрүүл мэндийн үйлчилгээг шаардлагатай түвшинд үзүүлэх бололцоог хангах зорилгоор анагаах ухааны орчин үеийн ололтод тулгуурласан төрөлжсөн мэргэжлийн төвүүдийг хөгжүүлж, өвчнийг эрт оношлох, эмчлэн, нөхөн сэргээх чадавхийг дээшлүүлнэ.
 
1.1.12.Эмнэлгийн яаралтай тусламжийн тогтолцоог шинэчлэн, түргэн тусламжийн үндэсний сүлжээ байгуулж, хөдөө орон нутаг, алслагдсан хүн амд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулна.

1.1.13.“Эрүүл эхээс эрүүл хүүхэд” зарчмыг эмнэлгийн тусламж, үйлчилгээний бүх шатанд хэрэгжүүлж, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулна.

1.1.14.Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээнд нийцэхүйц эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

1.1.15.Эм, эмийн түүхий эдийн шинжилгээний лабораторийн чадавхийг сайжруулж, эмийн үндэсний үйлдвэрлэлийг өргөтгөх замаар эмийн чанарын баталгаажилтыг ханган аюулгүй байдлыг дээшлүүлж, зохистой хэрэглээг төлөвшүүлнэ.

1.1.16.Тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжтэй нягт уялдуулан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилж, эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгоно.

1.1.17.Эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлнэ.

1.1.18.Хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлж, практик, үр өгөөжийг дээшлүүлнэ.

1.1.19.Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогыг тодорхойлж, удирдлага, зохион байгуулалт, судалгаа, шинжилгээ, эдийн засаг, санхүүгийн механизмыг боловсронгуй болгоно.

1.1.20.БЗДХ, ХДХВ-ийн халдвар, ДОХ-ын эрсдэлээс урьдчилан сэргийлж, ХДХВ-ийн халдвар, ДОХ-ын тархалтыг өнөөгийн түвшинд тогтоон барина.

1.1.21.Нийслэлийн дүүрэг бүрт усан бассейн бүхий орчин үеийн спортын цогцолбор барина.

1.1.22.Улаанбаатарт телемедициний төв байгуулна.


1.2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны бодлого
   
1.2.1.Бүх нийтийн боловсролыг хөгжүүлж, үндэсний боловсролыг олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлж, “Боловсрол” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, оюунжсан, бүтээлч чадамжтай хүний нөөцийг байнга нэмэгдүүлнэ.

1.2.2.Баг бүрт гэр цэцэрлэг байгуулах, хувилбарт сургалтын төрөл, хэлбэрийг олшруулах замаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 2012 он гэхэд 70 хувьд хүргэнэ.

1.2.3.Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлж, боловсролын хүртээмж, чанарыг дээшлүүлнэ.

1.2.4.Ерөнхий боловсролын сургуулийг мэргэжлийн багшаар бүрэн хангаж, тэдний мэргэшлийг дээшлүүлнэ.

1.2.5.Бичиг үсэгт тайлагдалтын түвшинг ахиулна.

1.2.6.Төрөөс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сурах бичгээр хангана.

1.2.7.“Yдийн цай” хөтөлбөрийг үргэлжлүүлж, “Yдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлнэ.

1.2.8.Ерөнхий боловсролын сургуулийн компьютерийн тоог нэмэгдүүлж, багш бүрийг зөөврийн компьютертай  болгоно.
     
1.2.9.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн ээлжийн коэффициентийг  бууруулж, сурагчдын  дотуур байрны хүрэлцээг нэмэгдүүлнэ.

1.2.10.Аймгийн төвүүдэд усан бассейн байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт усанд сэлэлтийн төрлийг оруулна.

1.2.11.Математик болон байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг аймаг, дүүрэг бүрт нэгийг алсын зайн сургалтыг ашиглан зохион байгуулж ажиллуулна.

1.2.12.Мэргэжлийн боловсрол, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг орчин үеийн сургалтын бааз, лабораториор хангаж, технологийн шинэчлэл хийнэ. 

1.2.13.Дээд боловсролын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Дээд боловсролын сургалтын чанарын стандарт, түүгээр сургуулиудад тавих шаардлагыг олон улсын жишигт нийцүүлж боловсронгуй болгон, сургуулиудыг аттестатчилж өрсөлдөх чадвартай цөөн сургуультай болж өмчийн хэлбэр харгалзахгүйгээр төрөөс дэмжинэ.    

1.2.14.Инженер, технологи, байгалийн шинжлэл, багш, эмч, хөдөө аж ахуйн мэргэжлээр суралцагчдын хувийн жинг нэмэгдүүлнэ. Сургалтын төрийн сангаас үзүүлж буй зээл, тусламжийг Засгийн газраас тогтоосон мэргэжлийн чиглэл, сурлагын амжилтыг дэмжих, алслагдмал нутгийг хэрэгцээтэй мэргэжилтнээр, түүний дотор багш, инженер, техникийн ажилтан, хүний болон малын эмчээр хангахад чиглүүлнэ.

1.2.15.Өндөр хөгжилтэй оронд суралцагчдын тоог гурав дахин нэмэгдүүлнэ.

1.2.16.Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх бодлого баримтална. Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн сургалтын бааз, лабораторийг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, оюутны дотуур байрын хүрэлцээг  сайжруулна. Геологи, уул уурхайн чиглэлийн дээд болон мэргэжлийн боловсролын сургуулийн хотхоныг Эрдэнэт хотод хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр байгуулна.

1.2.17.Их, дээд сургуулийн багшийг чадваржуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.2.18.Оюутны сурлагын амжилтыг харгалзан сургалтын төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх, тэтгэлэг олгох, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлнэ.

1.2.19.Хичээлийн болон дотуур байр, номын сан, биеийн тамирын заал барих, өргөтгөх, сургуулийг компьютержүүлэх, интернэтэд холбох зэргээр чанартай боловсролын орчин бүрдүүлэхэд өөрчлөлт гаргана.

1.2.20.Их, дээд сургууль, мэргэжлийн төрөлжсөн сургууль болон тэдгээрийн салбарыг бүсийн төв болон орон нутгийн хотод байгуулахыг дэмжинэ.

1.2.21.Боловсролын байгууллагад гадаадын санхүүжилт, хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 

1.2.22.Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх бодлогыг тодорхойлж, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгож, “Соёл, урлагийг 2009-2012 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлнэ.

1.2.23.Соёлын өвийн тогтолцоог төгөлдөршүүлэх, иргэдэд музейн чанартай үйлчилгээг хүргэх таатай орчныг бүрдүүлнэ.

1.2.24.Орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий хамгаалалтын хэрэгслээр хангах, менежментийг нь боловсронгуй болгож улмаар түүх, соёлын үнэт зүйлс, музейн үзмэрийн хадгалалт,  хамгаалалтыг сайжруулна.

1.2.25.Сумын соёлын төвийн үйл ажиллагааны агуулга, хэлбэрийг баяжуулж тогтмолжуулах, соёлын төвүүдийн барилгыг шинэчилж засварлах, хөгжмийн зэмсэг, ном, тоног төхөөрөмжөөр хангах замаар хүүхэд, залуучууд, хүн амд хүргэх соёлын үйлчилгээний үр өгөөжийг дээшлүүлнэ.

1.2.26.Мэргэжлийн урлагийн байгууллагын шилдэг уран бүтээлийг хөдөөгийн иргэдэд хүргэх соёлын үйлчилгээг төрөөс дэмжиж, өргөжүүлнэ.

1.2.27.Yндэсний номын ордны шинэ цогцолбор барина. Сумын номын сангийн фондыг жил бүр баяжуулж, уншигчдын тоог нэмэгдүүлнэ.

1.2.28.Монгол Улсын түүх судлалыг хөгжүүлж, Монгол Улсыг сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлнэ.

1.2.29.Зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангахуйц судалгаа, боловсруулалтын ажлын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог өргөтгөхийн хамт, эрдэм шинжилгээний ажилтан, залуу эрдэмтдийг  дэмжинэ.

1.2.30.Шинжлэх ухаан, технологийг тэргүүлэх чиглэл болгон эрчимтэй хөгжүүлэх бодлогыг тодорхойлж, шинэ технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад төрөөс дэмжлэг үзүүлж, биотехнологи, нанотехнологи, мал эмнэлгийн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн дэлхийн дундаж түвшинд хүрч тоноглогдсон орчин үеийн хоёроос доошгүй эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулна.

1.2.31.Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг улс орны хөгжлийн үе шатны зорилтуудтай уялдуулан тодорхойлж, хөрөнгө, хүчийг төвлөрүүлнэ.

1.2.32.Инноваци, технологийн чиг хандлагыг судалж, инновацийн дэд бүтцийг бий болгох, мэдлэг, баялгийг үйлдвэрлэх, түгээх, ашиглах агуулга бүхий шинжлэх ухаан, технологи, инновацийн тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгон үндэсний хэмжээнд инновацийн бодлого, салбар дамнасан зохицуулалтыг хэрэгжүүлнэ. 


1.3.Хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн бодлого

1.3.1.Ажлын байр, ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, иргэдийн идэвх, санаачилгыг дэмжин бизнес эрхлэх орчныг бүрдүүлэх, хүн бүрийг эдийн засгийн идэвхтэй, хөдөлмөрийн чадвартай байлгахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, ядуурлыг бууруулна.

1.3.2.Хөдөлмөрийн зах зээлийн тогтолцоог иж бүрнээр хөгжүүлж, ажилтан, ажилчдыг зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн сургаж бэлтгэх, ур чадварыг нэмэгдүүлэх, дадлагажуулах тогтолцоог бий болгоно.

1.3.3.Иргэний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, бүтээмж, ур чадварыг хөгжүүлэх үндсэн дээр цалин хөлсийг нэмэгдүүлэх, бизнесийн орчин, ажлын байрны тогтвортой байдлыг дэмжих, нийгмийн түншлэлийг төлөвшүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлого баримтална.

1.3.4.Хүн амын насны бүтцэд гарч байгаа өөрчлөлттэй уялдуулан хүн амын бүлгүүдийн зохистой, түүний дотор нийгмийн эмзэг бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

1.3.5.Санхүү, татвар, мөнгө зээл, бүртгэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал зэрэг арга, хэрэгслийг ашиглан, албан бус секторын хүрээг багасгаж, албан секторын хүрээнд оруулна.

1.3.6.Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг өрхийн хэрэгцээтэй уялдуулж, өрхийн нэгээс доошгүй хүнийг ажилтай болгох замаар жилд 60,0 мянгаас дээш ажлын байр бий болгоно.

1.3.7.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдын тоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрыг түшиглэсэн түргэвчилсэн сургалтаар мэргэжил олгох тогтолцоог урамшуулан дэмжиж, мэргэжлийн зөрүүгээс ажилгүйдэл үүсэх шалтгааныг бууруулна.

1.3.8.Хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн ур чадварыг мэргэжлийн сургалтаар эзэмшүүлж, мэргэжилтэй ажилчид бэлтгэх, хөдөлмөр эрхлэлт, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нэгдсэн зохион байгуулалт бий болгох замаар тэдгээрт суралцагчдын тоог гурав дахин нэмэгдүүлнэ.

1.3.9.Өрхийн сарын дундаж орлогыг 1.0 саяас доошгүй төгрөгт хүргэхийн зэрэгцээ дундаж орлоготой иргэдийн хувь хэмжээг нэмэгдүүлнэ.

1.3.10.Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2008 оны түвшнээс 3 дахин өсгөнө.

1.3.11.Ажилгүйдлийн түвшинг 2012 оны эцэст 2,5 хувьд хүргэж бууруулна.

1.3.12.Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, хөдөлмөр зуулчлалын үйлчилгээг чанаржуулж, хөдөлмөрийн бирж ажиллуулна.

1.3.13.Малчдын хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгох, аж ахуйгаа тогтвортой эрхлэх, өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн бүртгэл, мэдээллийг сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засаг, нийгмийн үйлчилгээг өргөжүүлж, албан секторт шилжихэд нь дэмжлэг үзүүлнэ.

1.3.14.Малчин өрх бүрийг үндэсний үйлдвэрлэгч гэж үзэж, залуу малчдад нүүдлийн мал маллагааны уламжлалт болон орчин үеийн арга, малын үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг дээшлүүлэх, технологи, фермерийн аж ахуй, өрхийн үйлдвэрлэлийг удирдах арга барилыг эзэмшүүлэх зорилгоор мэргэжлийн боловсролын сургуулиудад малчдад зориулсан сургалт зохион байгуулж, малчдыг мэргэшүүлнэ.

1.3.15. Өрх бүрээс мэргэжлийн сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн нэгээс доошгүй хүнийг мэргэжил эзэмшүүлж, ажилтай болгоно.

1.3.16. 35-аас дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.

1.3.17.Гадаадаас авч байгаа ажилчидтай ижил мэргэжлийн ажилчдыг дотооддоо бэлтгэх, зам, барилга, уул уурхай, үйлдвэр барих зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүд дээр монгол ажилчдыг ажиллуулах зорилгоор мэргэжлийн  сургалт, үйлдвэрлэлийн төвд  хурдавчилсан сургалтаар мэргэжил эзэмшүүлэх ажлыг зохион байгуулна. 

1.3.18.Хөдөлмөрийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх замаар цалинг хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

1.3.19.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангасан ажлын байраар хангах, үйлдвэрлэлийн орчныг сайжруулахад чиглэсэн тогтолцоог бүрдүүлж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тохиолдлыг бууруулна.

1.3.20.Мэдлэгт суурилсан эдийн засагт хүрэх зорилтыг тодорхой болгох зорилгоор аутсорсингийн борлуулалтыг 150.0 сая ам.долларт, ажиллагсдын тоог 10000-д тус тус хүргэнэ.


1.4.Нийгмийн хамгааллын бодлого

1.4.1.Нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, төрөл, хэлбэрийг оновчтой болгоно.

1.4.2.Нийгмийн хамгааллын бодлого нь нийт иргэдийн эрх ашигт нийцсэн байх бөгөөд тусгайлсан хөтөлбөр, арга хэмжээг зорилтот бүлэгт оновчтой хүргэх арга зүй, зохион байгуулалтыг сайжруулна.

1.4.3.Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлнэ. 

1.4.4.Шинээр гэр бүл бологсод, нийт болон шинэ төрсөн хүүхдэд мөнгөн тусламж, тэтгэмжийг үргэлжлүүлэн олгоно.
   
1.4.5.Шинээр 3 дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд нэг удаа 300.0 мянган төгрөг, “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонтой эхэд 500.0 мянга, нэгдүгээр зэргийн одонтой эхэд 1.0 сая төгрөгийн тэтгэмж олгоно.

1.4.6.Халамжийн үйлчилгээний зохион байгуулалт, менежментийг сайжруулж, түүнд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулах бодлого баримтална.

1.4.7.Хүн амын насны бүтцэд гарч буй өөрчлөлтийг угтсан насжилтын стратеги хэрэгжүүлнэ.

1.4.8.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

1.4.9.Тэтгэврийн даатгалын сангийн менежментийг боловсронгуй болгон хөгжүүлнэ.

1.4.10.Тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, малчин, албан бус секторт хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэн, жижиг аж ахуй эрхлэгчийг нийгмийн даатгалд хамруулах асуудлыг судлан шийдвэрлүүлнэ.

1.4.11.Амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалыг боловсронгуй болгож, ядуурлын зураглал гарган нийгмийн хамгааллын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай болно.

1.4.12.Өрхийн хэрэгцээ, чадавхи, санаачилгыг дэмжих “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлэх замаар 50000-аас доошгүй ядуу  өрхийн амьжиргааг дээшлүүлнэ.

1.4.13.Бага орлоготой, эмзэг бүлгийн иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах бодлого баримталж, тэдэнд хүнсний болон зайлшгүй шаардлагатай бусад дэмжлэг үзүүлнэ.

1.4.14.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн орчныг бүрдүүлж, тэднийг нийгмийн амьдралд бусад иргэдийн адил эрх тэгш оролцох нөхцөл, боломжийг хангасан орчны дэд бүтцийг бүрдүүлэхийг зорино.

1.4.15.Хүүхэд, залуучуудад эрүүл амьдралын дадал олгох, аливаа хорт, муу зуршлаас ангид байх, тодорхой зорилго, тэмүүлэлтэй амьдрах хүмүүжил олгох чиглэлээр гэр бүл, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгыг бүх талаар дэмжинэ.

1.4.16.Төрийн бус байгууллага, хувийн хэвшилтэй хамтран хүнд нөхцөлд байгаа хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлэх үйлчилгээг стандартын шаардлага,  мэргэжлийн түвшинд хүргэнэ.

1.4.17.Малчин бүрийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулна.


1.5. Хүн амын бодлого

1.5.1.Гэр бүл бат бэх байх, уламжлалт ёс заншлыг хүндлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, авъяасаа хөгжүүлэх, сурч боловсрох эрмэлзэлтэй, бүтээлч, хариуцлагатай, хувь заяандаа эзэн болж төлөвших, хүүхэд аюулгүй орчинд эрүүл өсч хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ.

1.5.2.Эцэг, эх нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулж, боловсрол, хүмүүжлийн зөв төлөвшилтэй болгон хөгжүүлэхэд чиглэсэн гэр бүлийн таатай орчин бүрдүүлэхийг дэмжинэ.

1.5.3.Нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлийн харилцааны үнэт зүйл, ёс зүйг төлөвшүүлэх талаар соён гэгээрүүлж, зөвлөн туслах үйлчилгээний шинэ төрлүүдийг хөгжүүлнэ.

1.5.4.Хүүхэд зургаан нас хүртэл гэр бүл, түүнтэй дүйцэх орчинд өсч торних, зөв хүмүүжил, ёс суртахуунтай болоход чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ.

1.5.5.Хөдөлмөрийн чадвар бүхий ахмадуудад тохирсон ажлын байр бий болгоход тусламж, дэмжлэг үзүүлнэ.

1.5.6.Ахмад настны эрүүл мэндийг сайжруулахад зориулан эмнэлэг, сувиллын газар, ахмадын ордон байгуулна.

1.5.7.Монгол Улсын нэгдэн орсон НYБ-ын Хүүхдийн эрхийн Конвенцийг бүрэн хэрэгжүүлж мөрдүүлнэ.

1.5.8.Асран халамжлах хүнгүй, бүтэн болон хагас өнчин, хараа хяналтгүй хүүхдийг төрийн анхаарал халамжид авч эрхийг нь хамгаалах, гэр бүлийн орчинд өсч хүмүүжих бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн үйлчилгээг хөгжүүлнэ.

1.5.9.Хүүхдийг дамлан худалдах, тэднээр аюултай нөхцөлд, албадан хөдөлмөр хийлгэх, тэднийг бэлгийн мөлжлөг болон бусад хууль бус үйл ажиллагаанд ашиглах зэрэг хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгана.

1.5.10.Хүүхдийн талаар бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад тэдний санаа бодол, хүүхдийн бодитой оролцоог дэмжинэ.

1.5.11.Гадаад оронд оршин сууж байгаа Монгол Улсын иргэд, тэдний хүүхдийн сурч боловсрох, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын төлөө тухайн улс орны Засгийн газар, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана.

1.5.12.Жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар хуулийн төсөл боловсруулан, үндэсний тогтолцоо, хүний нөөц, чадавхийг бэхжүүлэн, жендэрийн статистик мэдээллийг гаргадаг болно.

1.5.13.Хүн ам, орон сууцны тооллого явуулж, энэ чиглэлийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр гаргаж ажиллана.


Хоёр.Yйлдвэржүүлэлтийн бодлого хэрэгжүүлснээр Эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангах зорилт

Эдийн засгийн хөгжлийн өнөөгийн түвшинг улам бататган, үйлдвэржилтийн бодлогыг тууштай дэмжиж, уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, хөдөө аж ахуй, орон нутгийн түүхий эдэд тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, тээвэр, холбоо, нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг сайжруулан, мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хурдацтай өсөлтийг бий болгоно.

2.1.Макро эдийн засаг, санхүүгийн бодлого

2.1.1.Дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлтийг жилд 12 хувиас доошгүй түвшинд хүргэн, эдийн засгийн хурдацтай хөгжлийн нөхцөлийг бүрдүүлнэ.

2.1.2.Эдийн засгийн өсөлтийг хангах, макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг бататгах, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг хөгжлийн тэргүүлэх чиглэлд оновчтой хуваарилах замаар хүн амын бодит орлого, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бодит салбарын хөгжлийг тэтгэхэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.

2.1.3.Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлж, эдийн засгийн өсөлтийг түргэтгэх замаар нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 5000 ам.долларт хүргэнэ.

2.1.4.Дотоодын нийт бүтээгдэхүүнд нэгдсэн төсвийн зарлагын эзлэх хэмжээг жил бүр  бууруулах бодлого хэрэгжүүлнэ. 

2.1.5.Төсвийн хүрээний мэдэгдэл, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, төсвийн тодотголыг боловсруулах, батлахад улсын төсвийн нийт зарлагыг дотоодын нийт бүтээгдэхүүний 33 хувиас хэтрүүлэхгүй байх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын шинжтэй зарлагаас бусад зайлшгүй шаардлагатай бус урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, гадаад өрийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах бодлогыг баримтална.

2.1.6.Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор төсөв, санхүүгийн хариуцлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 

2.1.7.Төсвийн зарлагыг зохистой түвшинд хязгаарлан хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлж, төсвийг алдагдалгүй байлгах бодлого баримтална.

2.1.8.Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог зөв төлөвшүүлэх зорилгоор санхүүгийн, түүхий эдийн болон хөдөлмөрийн зах зээлийг зүй зохистой бүрдүүлж, үйл ажиллагааг нь зүгшрүүлнэ. Аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд төр оролцох нөхцөл, хэлбэрийг хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулна.

2.1.9.Эдийн засгийн бүтцийг сайжруулж, дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэр, үйлчилгээний салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх бодлого баримтална.

2.1.10.Экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн хөгжлийн таатай орчин бүрдүүлэх, экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд татварын болон урамшууллын бодлогоор дэмжлэг үзүүлнэ.

2.1.11.Yйлдвэрлэл, хэрэглээний зохистой харьцаа бүхий бүтцийг бий болгох, тэргүүний техник, технологийг импортлох, нутагшуулах, боловсруулах үйлдвэрийн өсөлтийг нэмэгдүүлэх бодлого баримтална.

2.1.12.Инфляцийг бууруулах төсөв, мөнгө, гадаад, дотоод худалдааны харилцан уялдаатай бодлого хэрэгжүүлнэ.

 2.1.13.Эдийн засаг, улсын төсөвт дарамт учруулахгүй байхуйц гадаад зээлийн бодлогыг баримталж, аль болох буцалтгүй тусламж авах бодлого хэрэгжүүлнэ. Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл, өрийн үйлчилгээний үзүүлэлтийг Улсын Их Хурлаас тогтоосон зохистой түвшнээс хэтрүүлэхгүй байлгана.

 2.1.14.Эдийн засгийн үр ашигтай томоохон төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг түлхүү ашиглах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого баримталж, хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг хангана. Иргэд, байгууллага, хөрөнгө оруулагчдад үйлчлэх “Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлнэ.

 2.1.15.Засгийн газрын худалдан авах ажиллагааны үр ашиг, түүнийг зохион байгуулагчдын хариуцлагыг дээшлүүлэн, маргаан шийдвэрлэх тогтолцоог төгөлдөршүүлж, авлига, хээл хахуулиас сэргийлэх чиглэлээр уг ажиллагааны зохион байгуулалт, бүтцийг сайжруулна.

 2.1.16.Банк, санхүүгийн тогтолцоо, үйлчилгээг боловсронгуй болгож, зээлийн хүүг бууруулан хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлнэ.

 2.1.17.Санхүүгийн салбарын хөгжлийг хангах, санхүүгийн аливаа хямралын эрсдэлээс урьдчилан сэргийлж, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн санхүүгийн салбарын дунд хугацааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгоно.
 
 2.1.18.Даатгалын зах зээлийн хөгжлийг дэмжиж, түүний нийгмийн амьдралд үзүүлэх үр нөлөөг өргөжүүлнэ. Хувь хүний амьдралын даатгалын эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

 2.1.19.Нийгмийн даатгалын сангийн бие даасан үйл ажиллагааг дэмжих, шинэ менежмент нэвтрүүлэх замаар нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг урт хугацааны хөрөнгө оруулалтад ашиглах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжүүлнэ.

 2.1.20.Албан ёсны болон захиргааны, салбарын статистикийн тогтолцоо, арга зүйг боловсронгуй болгон хөгжүүлнэ.

 2.1.21.Санхүүгийн зуучлалын хүрээг өргөтгөн, нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн бүртгэл, мэдээлэл, хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

 2.1.22.Yнэт цаасны зах зээлийн тухай хуулийг олон улсын санхүүгийн зах зээлийн нийтлэг шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгож, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ. Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэнэ.

 2.1.23.Ипотекийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

 2.1.24.Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор зээлийн баталгаа, зээлийн даатгал, барьцааны тогтолцоог бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

 2.1.25.Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зөвлөгөө өгөх, дэмжиж туслах төв, инкубатор байгуулж, аж ахуй эрхлэхэд төрийн зүгээс учруулдаг дарамтыг арилгана.

 2.1.26.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрийн үйлчилгээнд  шилжүүлнэ.

 2.1.27.Шударга өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, өрсөлдөөний тухай ойлголт, соёлыг нийгмийн сэтгэл зүйд төлөвшүүлж, зах зээлийн өрсөлдөөний орчныг бүрдүүлнэ.

2.1.28.Yндэсний бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадвар, хэрэглээний аюулгүй байдлыг дээшлүүлэх, экологийн аюулгүй орчныг бүрдүүлэх, хэрэглэгчийг чанартай, аюулгүй бүтээгдэхүүнээр хангахад стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээгээр дэмжлэг үзүүлэх ажлыг эрс сайжруулна.

2.1.29.Хүнсний бараа, эмийн аюулгүй байдлыг хангахад стандартын оновчтой бодлого хэрэгжүүлнэ.

2.1.30.Оюуны өмчийн хувьд мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэх, нийгмийн хөгжил, олон улсын чиг хандлагад нийцүүлэн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохын зэрэгцээ оюуны өмчийн бүх нийтийн боловсрол олгох, мэдээлэл түгээх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 2.1.31.Хөгжлийн банк байгуулна.


2.2.Yйлдвэржүүлэх бодлого

2.2.1.Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

2.2.2.Геологи, уул уурхайн салбарын бодлогыг хариуцлагатай уул уурхайн зарчим дээр суурилан шинэчлэн тодорхойлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгон сайжруулна.
       
2.2.3.Стратегийн болон бусад томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Таван толгойн нүүрсний, Оюу толгойн зэс-алтны, Төмөртэйн төмрийн хүдрийн, Цагаан суваргын зэс-молибдений, Асгатын мөнгө-холимог металлын зэрэг ордуудыг ашиглаж эхэлнэ.

2.2.4.Ураны судалгаа, хайгуул, олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, баталгаажсан нөөцийг нэмэгдүүлэн, олборлолтод хөрөнгө оруулах сонирхол бүхий стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран Мардайн зэрэг ураны ордуудыг ашиглаж эхэлнэ.

2.2.5.Боловсруулах үйлдвэрийн монгол брэндийг бий болгож, ноолуур, хонь, тэмээний ноос, арьс, ширэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

2.2.6.Дотоодын түүхий эдэд түшиглэн цемент, арматур төмөр хийц, шил зэрэг барилгын материалын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжийг бүрдүүлнэ.

2.2.7.Аймгуудын онцлог, эрэлт хэрэгцээнд нийцсэн жижиг үйлдвэр, үйлдвэрлэл технологийн паркийг байгуулж, орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

2.2.8.Газрын тос боловсруулах, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх төслүүдийг хэрэгжүүлж, бензин, шатахуунаар дотоодын хэрэгцээгээ хангаж эхлэх бодлого баримтална. 

2.2.9.Цөмийн эрчим хүчийг ашиглах нарийвчилсан судалгаа хийж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна. Цацрагийн хяналт, аюулгүй байдлыг сайжруулна.

2.2.10.Геологи, эрдэс баялгийн судалгааны стандарт, норм, нормативыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулах, тусгай хамгаалалттай газар нутагт судалгааны ажил явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

2.2.11.Нутаг дэвсгэрийн геологи, ашигт малтмалын судалгаа хийж, ерөнхий үнэлгээ өгөх, геологийн зураглал, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологи болон бусад сэдэвчилсэн судалгааны ажлыг эрчимжүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

2.2.12.Улсын болон хувийн хөрөнгөөр хийгдсэн эрдэс баялгийн бүх төрлийн геологийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэн боловсруулж, үндэсний геомэдээллийн санг бүрдүүлнэ.

2.2.13.Кадастрын бүртгэлийн системийг бүрэн автоматжуулж, харилцагчдад үзүүлэх үйлчилгээг чанартай, шуурхай болгоно.

2.2.14.Байгаль орчинд ээлтэй, шилдэг техник, технологийг уул уурхайн үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, эвдрэлд орсон талбайг нөхөн сэргээж, нөхөн сэргээлтийн зардлыг улсын төсвийн дансанд байршуулдаг болгоно.

2.2.15.Хүнд үйлдвэрийг хөгжүүлж, гидрометаллурги, катодын зэсийн үйлдвэрлэл, алт хайлуулах, кокс-хими, хар металлургийн аж үйлдвэрийн цогцолбор барьж байгуулахыг дэмжинэ.

2.2.16.Дарханы хар төмөрлөгийн, Эрдэнэтийн зэс-молибдений үйлдвэрт хийх технологийн шинэчлэлийг дэмжинэ.

2.2.17.Багануур, Шивээ-Овоогийн уурхайнуудын техник, технологи, эдийн засгийн чадавхийг сайжруулан, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, нүүрс олборлолт, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогцолборыг хөгжүүлж, эрчим хүч экспортлох зорилт тавина.

2.2.18.Баруун чиглэлийн цахилгааны шугам сүлжээний алдагдлыг бууруулахын тулд Баянтээгийн нүүрсний уурхай дээр 20 мвт-ын станц байгуулна.

2.2.19.Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын нүүрсний хангамжийг шийдвэрлэнэ. 

2.2.20.Гэр хорооллын хэрэглэгчдийг утаа багатай түлшээр хангах ажлыг хэрэгжүүлнэ.

2.2.21.Нүүрсний давхаргын метан хий, байгалийн хийн хайгуулын ажлыг эхлүүлж, тойм нөөцийг тогтооно. Хийн түлшний салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлнэ.

2.2.22.Газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулан олборлолтыг нэмэгдүүлнэ. Гуравдагч орноос газрын тос худалдан авах боломжийг бүрдүүлнэ.

2.2.23.Эрчим хүчний салбарын эрх зүй, зах зээлийн загварыг боловсронгуй болгож, гэрээт зах зээлийн загварыг нэвтрүүлнэ.

2.2.24.Стратегийн ач холбогдол бүхий ордуудын цахилгаан хангамж, автозам, төмөр замын асуудлыг шийдвэрлэнэ. Багануур-Өндөрхаан-Чойбалсан, Улаанбаатар-Мандалговь-Таван Толгой-Оюу толгойн 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж, Багануур-Чойр, Чойр-Мандалговийн  220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2 хэлхээтэй болгоно.

2.2.25.Нийслэлд дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, шинэ технологид суурилсан үйлчилгээ, оюуны багтаамжтай, бага оврын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлнэ.

2.2.26.Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур зэрэг суурин газруудад эхэлсэн эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

2.2.27.Эдийн засгийн чөлөөт бүс, аж үйлдвэрийн парк хөгжүүлэхэд дэд бүтэц, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх замаар дэмжлэг үзүүлнэ.

2.2.28.Экологийн цэвэр сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлнэ.

2.2.29.Үйлдвэржилт, жижиг, дунд үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийг дэмжихэд зориулж улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сан, гадаадын зээл тусламж, хувь хүний орлогын албан татварын орлого зэрэг эх үүсвэрүүдээс 150 тэрбумаас доошгүй төгрөгийг хуваарилна.

2.2.30.“Чацаргана” төслийг хэрэгжүүлэх, энэ төслийн хүрээнд улсын хэмжээнд эхний ээлжинд 20 мянган гектар талбайд чацаргана тариалж, түүнийг боловсруулах үйлдвэр байгуулна.

2.2.31.Ашигт малтмалыг түүхий эд хэлбэрээр гаргахыг үе шаттайгаар багасгах, түүнчлэн экспортлож байгаа бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг шат дараалалтай ахиулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.

2.2.32.Стратегийн орд тус бүрээр төсөл боловсруулан хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд Эрдэнэтийн зэс-молибдени, Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд техникийн шинэчлэл хийх замаар бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжүүлнэ. Эрдэнэтийн зэсийн баяжмалыг боловсруулж, цэвэр зэс гаргах үйлдвэрийг 2009-2011 онд барьж байгуулна.

2.2.33.Говийг /Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говь-Сүмбэр/  хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж, Таван толгойн нүүрс, Оюу толгойн зэс-алт, Цагаан суваргын зэсийн ордод түшиглүүлэн уул уурхай-металлурги-эрчим хүчний цогцолборыг  барьж байгуулах ажлыг эхлүүлнэ.

2.2.34.Нөөц нь тогтоогдсон Асгат, Бүрэнхаан зэрэг стратегийн ач холбогдолтой томоохон ордуудыг аж ахуйн эргэлтэд оруулах асуудлыг бүс нутгийн хөгжилтэй уялдуулан шийдвэрлэнэ.

2.2.35.Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөж шинэтгэхийн зэрэгцээ Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудад түшиглүүлэн хар төмөрлөгийн цогцолбор байгуулж, өөрийн орны дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, экспортын шинэ эх үүсвэрийг бий болгоно.

2.2.36.Алтны нөөцийг өсгөх, орчин үеийн шилдэг техник, технологи нэвтрүүлэх замаар үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах үйл ажиллагааг дэмжинэ.

2.2.37.Гар аргаар нүүрс, алт, бусад баялаг олборлодог хүнд хөдөлмөрийг хөнгөвчлөх эрх зүйн орчныг бүрдүүлж, орчин үеийн бичил уурхай болгон хөгжүүлнэ.

2.2.38.Уул уурхай-металлурги-эрчим хүчний иж бүрэн цогцолборуудыг дагасан хангамж, үйлчилгээ, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг, дунд үйлдвэрийн цогц систем байгуулахыг дэмжинэ.


2.3. Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын бодлого

2.3.1.Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн мах, сүү, гурил, төмс, гол нэрийн хүнсний ногоогоор бүрэн хангах зохион байгуулалтын арга хэмжээ авна.

2.3.2.Хүнсний бүтээгдэхүүний чанарыг шалгах орчин үеийн лабораторийг нийслэл болон хилийн боомтуудад ажиллуулна. Хүнсний бүтээгдэхүүн, ундны усны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах хяналт, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгоно.

2.3.3.Хүнс, хөдөө аж ахуйн салбарт орчин үеийн шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн, үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан хүнсний хувийн жинг тогтвортой нэмэгдүүлэхийн зэрэгцээ экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортод гаргах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

2.3.4.Орчин үеийн техник, технологи нэвтрүүлж хүн амын эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны цэвэр усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, усны хатуулаг, эрдэсжилт ихтэй сум, суурин газруудад ус зөөлрүүлэх дэвшилтэт технологи нэвтрүүлнэ.

2.3.5.Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх “Атрын 3 дахь аян”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, усалгаатай тариалан эрхлэх, техникийн парк шинэчлэлтийн бодлогыг боловсруулж, техник, технологийн шинэчлэл хийх ажлыг эрчимжүүлж, хамгаалагдсан хөрсний тариаланг нэмэгдүүлнэ. Шинэ төрлийн таримал тариалах, үр сортын шинэчлэл хийх, таримал ургамлыг хамгаалах тогтолцоо бүрдүүлнэ.

2.3.6.Малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, үржлийн ажил, үйлчилгээний хүртээмж, үр дүнг сайжруулан, сүргийн бүтцийг оновчтой байлгах бодлого хэрэгжүүлнэ.

2.3.7.Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг зааглан тогтоож, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, бүсийн хэмжээнд загвар фермерийн аж ахуй байгуулах бодлого барьж, энэ чиглэлээр нутгийн өөрөө удирдах   байгууллагуудтай хамтран ажиллана.

2.3.8.Хөдөөгийн иргэд бэлтгэсэн түүхий эд, бүтээгдэхүүнээ хэрэглэгчид шууд худалдаалах боломж бүрдүүлсэн мэдээллийн технологид суурилсан биржийн сүлжээ байгуулна.

2.3.9.Малчдыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бий болгоно.

2.3.10.Малын тэжээлийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлж, тэжээлийн шимт чанар, тэжээллэг байдлыг сайжруулан, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

2.3.11.Бэлчээрийн газрыг эзэмших, ашиглахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг  боловсронгуй болгоно.

2.3.12.Мал сүргийн эрүүл мэндийг  хамгаалах ажлыг олон улсын жишгийн дагуу хийж, мал эмнэлгийн оношлогоо, шинжилгээний лабораторийн чадавхийг дээшлүүлэх, сумдын мал эмнэлэг, үржлийн нэгж болон Биокомбинатыг хөрөнгө оруулалтаар дэмжиж, дотоодын үйлдвэрийн малын эм, вакцины чанарыг сайжруулж, хангамжийг нэмэгдүүлнэ.

2.3.13.Хөдөө аж ахуйн эдэлбэр газар ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, газрын нөөцийн болон төлөв байдлын мэдээллийн нэгдсэн сантай болох, бэлчээрийг хамгаалах, сайжруулах, усжуулах, хортон мэрэгчидтэй тэмцэх арга хэмжээг иж бүрэн авч хэрэгжүүлнэ.

2.3.14.Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөрөө хорших, хөрөнгө хүчээ нэгтгэх, хоршоо, нөхөрлөл хэлбэрээр ажиллахыг зээл, татварын бодлогоор дэмжинэ.

2.3.15.Услалтын систем засварлах, шинээр барихад улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.   

2.3.16.Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний үнийн тарифыг шинэчилнэ.

2.3.17.Хөрсний эвдрэлтэй тэмцэх шинэ технологи ашиглан атаршсан талбайг тариалангийн зориулалтаар сэргээн ашиглах ажлыг эрчимжүүлнэ.

2.3.18.Хүлэмжийн  ногоо болон жимс, жимсгэний аж ахуйг дэмжинэ.
       
2.3.19.Малын угаалга, туулгалт, вакцинжуулалт зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрөөс хариуцан санхүүжүүлнэ.


2.4. Дэд бүтэц, хот байгуулалтын бодлого

2.4.1.Төр болон хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулан, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих, тодорхой хугацаанд түүнд ашиглуулах, дараа нь төрд шилжүүлэн өгөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 

2.4.2.Хүн амын дотоодын шилжилт хөдөлгөөнийг бодлогоор зохицуулж, бүс болон бүсийн тулгуур төв, дагуул хотуудын төлөвлөлт, удирдлагыг сайжруулан, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж, хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгана.

2.4.3.Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хот байгуулалтыг эрчимжүүлнэ. “Хотууд” үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

2.4.4.Хот, суурин газрын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахын зэрэгцээ оршин суугчдын оролцоотойгоор орон сууцны хороолол болгон хөгжүүлэх бодлогыг дэмжиж хэрэгжүүлнэ.

2.4.5.Газар ашиглалтыг сайжруулж, газрын шинэтгэлийг эрчимжүүлэн Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулна.

2.4.6.GPS-ийн технологийг нэвтрүүлэх, Монгол Улсын GPS-ийн сүлжээ байгуулах 2 дахь шатны ажлыг хийж, өндрийн сүлжээг сайжруулна.

2.4.7.Нийслэл болон орон нутагт 100 мянган айлын орон сууц барих төсөл боловсруулж хэрэгжүүлнэ. Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогод ахиц дэвшил гаргана.

2.4.8.Нийтийн аж ахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж хувьчлах, өөрчлөн байгуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.4.9.Нийслэл хотыг олон улсын жишигт хүргэх, эрүүл, аюулгүй, тохилог орчин, найдвартай дэд бүтэц бүхий томоохон хот болгон хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

2.4.10.Иргэний агаарын тээврийн хөгжлийг эрчимжүүлж, Төв аймгийн Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудал байгуулж, Улаанбаатарын дэд бүтцэд холбоно.

2.4.11.Нийслэл болон бүс нутгуудыг бие даан хөгжих эдийн засаг, санхүүгийн чадавхитай болгох суурь дэд бүтцийг бүрдүүлнэ.

2.4.12.Олон улсын нисэх онгоцны буудал, нисэх буудлын хотхон, говийн бүсийн төмөр зам, ус-цахилгааны дэд бүтцийн сүлжээ, зүүн бүсийн төмөр зам зэрэг томоохон /мега/ төслийн зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хэрэгжүүлж эхэлнэ.

2.4.13.Улаанбаатар болон томоохон суурин газрын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хөдөлгөөний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан их багтаамжийн  500 автобусаар шинэчилж, нийтийн тээврийн үйлчилгээг хийн түлшээр ажилладаг 2000-аас доошгүй таксигаар хангахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.

2.4.14.Монгол Улсын төмөр замын тээврийн дамжин өнгөрүүлэх чадавхийг сайжруулж, үйлчилгээний чанар, хамрах хүрээг өргөтгөн, техник, технологийг шинэчлэх хүрээнд хөдлөх бүрэлдэхүүний паркийг 20 зүтгүүр, 2000 ачааны вагоноор нэмэгдүүлнэ.

2.4.15.“Транзит Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гаргах, дэд бүтцийн орчин нөхцөл, ложистик сүлжээг эрс сайжруулна.

2.4.16.Агаарын тээврийн салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, олон улсын нислэгийг өргөжүүлнэ. Олон улсын агаарын карго тээвэрлэлтийн үйлчилгээг бий болгоно.

2.4.17.“Мянганы зам” төслийн ажлыг эрчимтэй үргэлжлүүлэн, аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлыг үргэлжлүүлнэ. Улаанбаатар-Мандалговь-Өмнөговийн чиглэлд авто зам тавина.

2.4.18.Олон улсын авто замын сүлжээнд холбогдох Замын-Yүд-Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн хурдны зам болон Ярант-Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн хатуу хучилттай авто замыг барина.

2.4.19.Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн авто замын сүлжээг шинэчлэн өргөтгөж, хоёр түвшингийн уулзвар, гүүрэн болон нүхэн гарц, авто зогсоол барина.

2.4.20.Бүх төрлийн зам, замын суурь тавих, сэргээн засварлахад дэлхийн жишигт нийцсэн, экотехнологийг нутагшуулах чиглэлээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

2.4.21.Баянхонгор-Говь-Алтайн чиглэлийн хатуу хучилттай авто замыг барина.

2.4.22.Нийслэлд дулааны болон цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулна.

2.4.23.Улаанбаатар хот болон бүсүүдэд зорчигч тээврийн болон ачааны төрөлжсөн терминал аж ахуй, ложистик төвийг байгуулна.

2.4.24.Орон зайн мэдээллийн санд тулгуурласан зөөлөн дэд бүтцийг /хаягжуулалт, кодчлол:  бар код, зип код гэх мэт/ бий болгож, төрийн үйлчилгээг шинэ шатанд гарган үр ашгийг дээшлүүлнэ.

2.4.25.Мэдээлэл холбооны дэд бүтцийг өргөтгөн шинэчилж, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг өргөжүүлж, өрх бүрт хүртээмжтэй болгоно.

2.4.26.Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж, телевизийн олон сувгийг орон даяар хүлээн авах боломжийг бүрдүүлнэ.

2.4.27.Баруун 5 аймгийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах зорилгоор дулааны цахилгаан станц байгуулах буюу төвийн эрчим хүчний нэгдсэн системтэй холбоно. Завхан, Говь-Алтай аймгийг төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох ажлыг 2009-2011 онд багтаан гүйцэтгэнэ.

2.4.28.Төвийн эрчим хүчний сүлжээг баруун бүсийн системтэй холбох техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад оруулна.

2.4.29.Сэргээгдэх эрчим хүчний  үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, салхины болон нарны эрчим хүчийг ашиглан дэвшилтэт технологид тулгуурласан том оврын станцыг барих ажлыг судалж, говийн болон зүүн аймгуудад хэрэгжүүлнэ.

2.4.30.Шуудангийн үндсэн сүлжээг өргөтгөн шинэчилж, мэдээллийн технологид суурилсан үйлчилгээг нэвтрүүлнэ.
       
2.4.31.Дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, үндэсний компаниудын чадавхийг дээшлүүлэх зорилгоор авто зам, төмөр зам, эрчим хүч, харилцаа холбооны сүлжээг өргөтгөх ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барихыг бүх талаар дэмжинэ.

2.4.32.Төмөр замын шинэ салаа зам байгуулах, хилийн гарцын тоог нэмэгдүүлэх,  хос шугам барьж, цахилгаанжуулах асуудлыг судалж, үе шаттайгаар шийдвэрлэнэ. 

2.4.33.Орон сууц барих санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, орон сууцны урт хугацаатай зээлийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн тогтолцоог бий болгон орон сууцны урт хугацааны зээлийн жилийн хүүг бууруулж, эргэн төлөгдөх хугацааг 25 жил болгоно.

2.4.34.Газрын нэгдсэн төлөвлөгөөг Улсын Их Хурлаар батлуулж нийслэл, аймгийн төв болон төвлөрсөн суурингийн гэр хорооллыг барилгажуулахаас бусад газруудыг зөвхөн нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тогтолцоонд шилжинэ. 

2.4.35.Нийслэлийг шинэчлэн хөгжүүлэх  “Шинэ Улаанбаатар-Ногоон нийслэл” хөтөлбөр гаргах, нийслэлд агаар болон хөрсний  бохирдлыг бууруулах,  дэд бүтцийн асуудлыг иж бүрэн шийдвэрлэх,  хот байгуулалт, хот төлөвлөлтийн бодлогыг шинэчлэн баталж, хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэнг дүүрэг бүрт  байгуулна.

2.4.36.Ховд, Чойбалсан, Дархан, Эрдэнэт, Замын-Үүд, Сүхбаатар хотуудыг улсын зэрэглэлтэй хотын статустай болгож, хотын хөгжлийн цогц арга хэмжээ авна.

2.4.37.Хөвсгөл нуурыг аялал жуулчлалын бүс болгон дэд бүтцийг нь тэргүүн ээлжинд хөгжүүлнэ.


2.5. Орон нутгийн хөгжлийн бодлого

2.5.1.“Хөдөөгийн хөгжил”  хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж эхэлнэ.

2.5.2.Сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор 50.0 саяас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй “Үйлдвэрлэл хөгжүүлэх сан” байгуулж ажиллуулна.

2.5.3.Эрчим хүчний төрөл бүрийн үүсгүүрийг ашиглан бүх сумыг байнгын цахилгаантай болгож, багийн цахилгаан хангамжийг сайжруулна. Аймаг, орон нутгийн дулаан хангамжийн системийг сайжруулж, хүчин чадлыг нь нэмэгдүүлнэ.

2.5.4.Өрх бүрийг цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болгоно.

2.5.5.Аймаг хоорондын болон тээвэрлэлт, аялал жуулчлалын гол чиглэлийн авто замыг сайжруулж, тодорхой хэсгийг хатуу хучилттай болгоно.

2.5.6.Орон нутагт барилгын материалын болон боловсруулах үйлдвэрийг шинээр байгуулна.

2.5.7.Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох оновчтой хэлбэрийг буй болгоно.

2.5.8.Малчид гар утас ашиглах, харилцаа холбоогоор шуурхай хангагдах нөхцөлийг бүрдүүлнэ.

2.5.9.Сургуулийн дотуур байр, эмнэлэг, соёлын төвийг шинээр барих буюу өргөтгөж засварлана.

2.5.10.Атрын 3 дахь аяны хүрээнд тухайн аймгийн нутагт бүрэн ашиглагдаагүй байгаа тариалангийн талбайг ашиглан тариалан эрхэлж, газар тариалангийн техникийн паркийг шинэчилнэ.

2.5.11.Үндэсний өв соёлыг хамгаалах, гэрт амьдарч байгаа иргэдийн тав тухтай, соёлтой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс “Монгол гэр” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
         
2.5.12.Улсын эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх, тэргүүлэх ач холбогдол бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор тус бүр нь 200.0 сая доллараас багагүй хөрөнгө шаардах 10 төслийг нэр заан 2009 онд багтаан нийтэд зарлана.


Гурав. Байгаль орчны тэнцвэрт харьцааг хангах зорилт

Экосистемийн тэнцвэрт байдлыг хангахуйц байгалийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх цогц бодлогыг хэрэгжүүлэн хөгжлийн тогтвортой орчныг бий болгох, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын цогц бодлого хэрэгжүүлнэ.

3.1.Байгалийн тэтгэх даац, чадавхийн хүрээнд нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, экологид халгүй цэвэр технологийг дэмжих бодлогыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд баталгаажуулна.

3.2.Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, нүүрсийг боловсруулах, гэр хорооллыг орон сууцжуулахад зориулж инженерийн байгууламжийг өргөтгөх, ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг шинэчилж хийн түлшинд шилжүүлэх замаар Улаанбаатар болон бусад хотуудын агаарын бохирдлыг бууруулна.

3.3.Хот, суурин газрууд дахь агаар, ус, хөрсний бохирдлыг багасгаж, иргэдийн ажиллаж, амьдрах эрүүл орчныг бүрдүүлнэ.

3.4.Хот, суурин газруудад хог хаягдлын шинэ менежментийг нэвтрүүлж, хог боловсруулах үйлдвэр байгуулна.

3.5.Усны талаархи төрийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, гол мөрний урсацад тохируулга хийх, хуримтлагдсан усны нөөцийг шилжүүлэн ашиглах дэд бүтцийг байгуулна.

3.6.Говь, хээрийн болон цөлжилт ихээр явагдаж байгаа бүсүүдэд унаган ургамлыг тарималжуулах, хур тунадас нэмэгдүүлэх, ус хуримтлуулах, хиймэл нуур, цөөрөм байгуулах замаар экосистемийн тэнцвэрт байдлыг хангах арга хэмжээ авч, “Ус” хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

3.7.Говь, хээрийн бүсийн бэлчээрийг усжуулах зориулалтаар баг бүрт нар, салхины эрчим хүчээр ажиллах  тус бүр нэг худаг гаргана.

3.8.Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх гадаад, дотоод  санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.

3.9.Хөрс хамгаалах эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, Хөрсний тухай  хууль гаргаж хэрэгжүүлнэ.

3.10.Алтны бага нөөцтэй шороон орд болон усны хагалбар, голын ай сав газар, ойн сан, говийн баян бүрд, байгалийн онцгой тогтоц бүхий газрууд, түүний хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, олборлохыг хориглох, байгаль орчин, хүний эрүүл мэндэд халтай арга технологиор уул уурхайн үйлдвэрлэл явуулахыг бүрэн зогсооно. 

3.11.Байгаль орчныг нөхөн сэргээх баталгаагүй бол эдийн засгийн ямар ч ашигтай хөтөлбөр төслөөс татгалзана.

3.12.Хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримтлан уул уурхай, орд ашиглалтын хяналт, шинжилгээний хөтөлбөр, байгаль хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө, даалгавар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төлөлт зэрэг мэдээллийн улсын сан бүрдүүлж, түүнийг нийтэд  ил тод, хүртээмжтэй байлгана.

3.13.Ашигт малтмалын орд газрын хайгуул, ашиглалтын зөвшөөрөл олгоход байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг тодорхой шалгуурын дагуу сонгон шалгаруулсан мэргэжлийн байгууллагаар хийлгэж, түүнийг үндэслэн шийдвэр гаргах журамд шилжинэ.

3.14.Монгол орны экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад онцгой ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлнэ.

3.15.Ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх тогтвортой менежментийг бий болгож, мод орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, модны хэрэглээг импортоор хангах санаачилгыг дэмжинэ.

3.16.Амьтан, ургамлын нөөцийг хамгаалах, зохистой ашиглах менежментийг сайжруулж, тэдгээрийн байгалийн жамаар өсөж үржих, нөхөн сэргэх таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

3.17.Монгол Улсын газрын талаархи төрийн бодлого, газрын нэгдмэл сангийн оновчтой төлөвлөлтөд үндэслэсэн  байгаль орчныг хамгаалах, газар, түүний хэвлийн  баялгийг зохистой ашиглан хамгаалах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, газрын болон эд хөрөнгийн бүртгэлийн өнөөгийн тогтолцоог өөрчлөн бие даасан бүтэц бий болгож,  газар зохион байгуулалт, газрын үнэлгээний аргачлалыг шинэчлэн мөрдүүлнэ.

3.18.Аялал жуулчлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах замаар жуулчдын тоог нэмэгдүүлнэ.

3.19.Байгаль орчны төрийн хяналтыг сайжруулан, байгалийн нөөц баялгийн халдашгүй байдлыг хангах үүрэг, хариуцлагыг чангатгана.

Дөрөв. Эрх зүйт төрийг төлөвшүүлж, засаглалын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох зорилт

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууламжийг боловсронгуй болгох шаардлагатай арга хэмжээ боловсруулан хэрэгжүүлэхийн хамт иргэний нийгэм, төрийн байгууллагын түншлэл, тогтвортой үйл ажиллагаа, ил тод байдал, төрийн албаны ур чадвар, хариуцлагын тогтолцоог өндөржүүлж, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлнэ.

4.1. Эрх зүйн бодлого

4.1.1.Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй, боловсруулалтын шаардлагыг сайтар хангасан байх зарчмыг баримтлан эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн төлөв байдлыг судлан тодорхойлж, хийдэл, давхардал, зөрчлийг арилгах замаар хуулийг боловсронгуй болгоно.

4.1.2.Төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан эрх зүйн хэм хэмжээ тогтоосон захиргааны актыг бүхэлд нь судалж, хуульд нийцээгүй актыг хүчингүй болгох арга хэмжээ авч, энэ талаархи эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

4.1.3.Батлагдсан хууль тогтоомжийг төв, орон нутагт цаг алдалгүй хүргэх, эрх зүйн албан бус сургалтыг мэргэжлийн үндсэн дээр зохион байгуулах ажлын цар хүрээ, хүртээмж, чанар, үр нөлөөг дээшлүүлнэ.

4.1.4.Шүүх эрх мэдлийн байгууллага хараат бус ажиллах эдийн засаг, зохион байгуулалтын орчныг бүрдүүлнэ.

4.1.5.Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

4.1.6.Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын мэргэжил, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж, сургалтын материаллаг баазыг сайжруулах арга хэмжээ авна.

4.1.7.Хууль зүйн сургуулиудад мэргэжлийн боловсролын стандартыг нэг мөр хэвшүүлж, сургалтын чанар, багшлах боловсон хүчин, орчны стандартыг шинэ шатанд гаргана.

4.1.8.Архивын баримтын ашиглалт, хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, лавлагаа, мэдээллийн ажлыг хөгжингүй орнуудын стандартад хүргэж, архив, төрийн албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлнэ.

4.1.9.Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх дунд хугацааны хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлнэ. 

4.1.10.Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн үзэл баримтлалд дотоодын хууль тогтоомжийг нийцүүлнэ.

4.1.11.Төрийн байгууллагуудын үйлчилгээний стандартыг бий болгож хэвшүүлнэ.

4.1.12.Иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг хянах цахим, нээлттэй системийг бий болгоно.

4.1.13.Шүүхийн тогтолцоонд шинэтгэл хийж, шүүхийн сахилгын хорооны бие даасан байдлыг хангана.

 
4.2. Гэмт хэрэгтэй тэмцэх бодлого

4.2.1.Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах ажлын үр дүнг дээшлүүлж, иргэд аюулгүй орчинд тайван амьдрах баталгааг хангахад чиглэсэн цогц арга хэмжээ авна.

4.2.2.Шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын нэг албан хаагчийн үйлчлэх хүн амын тоог олон улсын жишигт ойртуулах арга хэмжээ авна.

4.2.3.Цагдаа, дотоодын цэргийг нийгмийн хэв журмыг хамгаалахад шаардагдах зориулалтын техник хэрэгслээр үе шаттайгаар хангана.

4.2.4.Замын хөдөлгөөнд хяналт тавих телекамерийн хяналтын системийг Улаанбаатар хотод бий болгоно.

4.2.5.Цагдаагийн ажил үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор цагдаагийн бүх хэсэг, тасагт байнгын пост /кобон систем/ барьж байгуулах ажлыг үе шаттайгаар  зохион байгуулж дуусгана.

4.2.6.Гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийхэд дэвшилтэт технологи бүхий лабораторийн техник, арга, хэрэгслийг ашиглан хараат бус, шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв дүгнэлт гаргах нөхцөлийг бүрдүүлнэ.

4.2.7.Террорист үйл ажиллагаа, хар тамхи, мансууруулах бодис худалдах, олж авах, хэрэглэх, садар самуунд уруу татах, хүн дамлан худалдаалах зэрэг шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд түлхүү анхаарна.

4.2.8.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах ажилд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулах, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарна.

4.2.9.Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх улс, аймаг, сумын санд төрөөс жил бүр санхүүгийн дэмжлэг үзүүлж, мал хамгаалах малчдын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авна.
   
4.2.10.Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, архидалт, согтуурлын хор хөнөөлийг бууруулах ажлыг идэвхжүүлэн, согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэхэд тавих хяналтыг чангатгаж, архинд донтох өвчтэй хүмүүсийг эмчлэх ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг судалж шийдвэрлэнэ.

4.2.11.Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлэх асуудлыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулж, ялтныг хуульд заасан шаардлага, олон улсын стандарт, жишигт нийцсэн нөхцөлд ял эдлүүлнэ.

4.2.12.Ялтныг нийгэмшүүлэх ажилд төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.

4.2.13.Хоригдогсдын байрыг шинэчилж, хорих анги болон цагдан хорих байрны харуул хамгаалалтыг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана.

4.2.14.Авлигын гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтны улс, нийгэмд учруулсан мөнгөн хохирлыг  тооцож нөхөн төлүүлдэг болох, авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлж, ялын бодлогыг чангатгана.


4.3. Хил хамгаалах бодлого

4.3.1.Монгол Улсын хил хамгаалалтад орчин үеийн техник технологи нэвтрүүлж, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулан, хил хамгаалалтын нэгдмэл тогтолцоог баталгаажуулна.

4.3.2.Улсын хилийн бүсчилсэн (уулын, ой тайгын, говь цөлийн, тал хээрийн хэсгийн) хамгаалалтын тогтолцоог бүрдүүлнэ.

4.3.3.Улсын хилийг “хугацаат цэргийн алба хаагч”-аар хамгаалуулдаг тогтолцоог өөрчилж, хил хамгаалах албыг удирдан зохион байгуулах үүргийг мэргэжлийн байгууллагаар, улсын хилийг хамгаалах үүргийг “мэргэшсэн гэрээт хилчин”-ээр гүйцэтгүүлэх тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлнэ.

4.3.4.Хил хамгаалах байгууллагын холбоо мэдээллийн тогтолцоо, хил хамгаалалтын техник хангамж, зэвсэглэлийг шинэчлэх цогц арга хэмжээ авна.

4.3.5.Хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг хөрш орнуудын жишигт хүргэж, хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

4.3.6.Хилийн боомт болон хилийн зурвас, бүсэд олныг хамарсан эмх замбараагүй байдал, зорчигч, тээврийн хэрэгслийг барьцаалах зэрэг онцгой нөхцөл үүсвэл сөрөг тусгай ажиллагаа явуулах салбар, нэгжийг байгуулж, зориулалтын тусгай хэрэгслээр хангана.

4.3.7.Монгол Улс, БНХАУ-ын хилийн “Буйр нуур”-ын хэсэгт усан хилийн тэмдэглэл хийж, усан хилийн хамгаалалтыг илүү боловсронгуй болгоно.

4.3.8.Хилийн боомтод ажиллаж байгаа цагдаа, хил, гааль, гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх болон улсын мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчдын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.


4.4. Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгож бэхжүүлэх

4.4.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллага сонгуулийн насны хүн амын бүртгэлийг тусад нь хөтлөх журамд шилжиж, Сонгуулийн Ерөнхий Хорооны чиг үүрэгт сонгогчдын бүртгэлд хяналт тавих асуудлыг хуульчилна.

4.4.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагууд (Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Үндэсний Татварын ерөнхий газрын  Улсын бүртгэлийн алба)-ыг нэгтгэн зохион байгуулах замаар эрх зүйн бүртгэл (иргэн, хуулийн этгээд, үл хөдлөх эд хөрөнгө)-ийг нэг цэгт хийх нөхцөл боломжийг бүрдүүлж, бүртгэл, мэдээллийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ.

4.4.3.Иргэний биеийн өгөгдөл болон бусад төрлийн мэдээллийг агуулсан “Иргэний ухаалаг үнэмлэх” хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд иргэний нийгмийн хамгааллын дугаар бий болгох асуудлыг судалж шийдвэрлэнэ.

4.4.4.Гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах зорилгоор гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 

4.4.5.“Иргэний бүртгэл-паспорт хяналтын нэгдсэн сүлжээ” төслийн хүрээнд хилийн 20 боомтыг сүлжээнд холбох арга хэмжээ авна.

4.5. Иргэний нийгэм, төрийн удирдлагын бодлого

4.5.1.Төрийн удирдлагад иргэний нийгмийн оролцоог хангах зорилгоор иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчныг шинэчилж, төрийн байгууллагад хяналт тавих, нөлөө үзүүлэх, дэмжлэг авах, ажил гүйцэтгэх зэрэг төр-иргэний нийгмийн бүх талын түншлэл, төр-иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлж, хөгжүүлнэ.

4.5.2.Yндэсний эв нэгдэл, улсын язгуур ашиг сонирхолд үндэслэсэн улс төрийн харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, ардчиллыг гүнзгийрүүлнэ.

4.5.3.Бүх шатны сонгуулийн хууль тогтоомжийг иргэдийн төрийг удирдах хэрэгт оролцох, сонгох, сонгогдох эрхийг хангах, чөлөөт, бүх нийтийн, тэгш, шууд сонгуулийг бэхжүүлэх агуулгаар шинэчилнэ.

4.5.4.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үйл ажиллагааны уялдааг хангасан, иргэнд үйлчлэх үндсэн чиг үүрэг бүхий, авлига, хүнд суртлаас ангид, чадварлаг, хариуцлагатай төрийн албыг хөгжүүлэх чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүнд сурталгүй болгож хариуцлагыг дээшлүүлнэ.

4.5.5.Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж, хууль дээдлэх, авлигыг үл тэвчих ухамсар, соёлыг хэвшүүлж, ажиллах нөхцөл, баталгааг бүх талаар хангах замаар  төрийн албыг чадавхижуулна.

4.5.6.Төрийн бодлого, үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгож, дүн шинжилгээний чадавхи, үр нөлөөг дээшлүүлнэ.

4.5.7.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг эдийн засгийн чадавхи, хүн амын тоонд тулгуурлан томсгох, харьцангуй бие даан хөгжих бололцоогоор хангах, төвлөрлийг сааруулах, нэгжийн чиг үүргийг шат бүрээр тодорхойлж удирдлагыг төрийн байгууламжид нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинэ түвшинд хүргэж шинэчилнэ.

4.5.8.Нутгийн өөрөө удирдах болон захиргааны үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгож, эрх мэдлийн зохистой харьцаа тогтоон, нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэн хөгжүүлнэ.

4.5.9.Олон нийтийн мэдээллийн эрх чөлөөг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

4.5.10.Төрийн байгууллагын бүтцийг боловсронгуй болгон цомхотгож, төрийн албан хаагчдын давхардсан, сул орон тоог цөөлөх, төрийн зарим чиг  үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгон төсвийн зарлагын хэмжээг эрс багасгана.

4.5.11.Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан төсвийн ерөнхийлөн захирагч болон төрийн албан хаагчтай хариуцлага тооцох, ил тод, шуурхай механизм бий болгож хэрэгжүүлнэ.

4.5.12.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, төрийн хүнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагаанд тавих төрийн бус байгууллага, иргэний нийгмийн хяналтыг бий болгож, төрийн  байгууллагын үйл ажиллагаа, улсын төсвийн зарлагын гүйцэтгэл, орлогын төлөвлөлтөд хяналт хийж хэлэлцүүлдэг болно. 
   
4.5.13.Иргэний хяналтын эрх зүйн орчныг бүрдүүлж нийтлэг эрх нь зөрчигдсөн иргэдийн гомдол гаргах, нэхэмжлэх эрхийг хангах бодлогыг хэрэгжүүлнэ.


Тав.Yндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зорилт

Бүс нутгийн болон дэлхийн нөлөө бүхий улс гүрнүүдтэй улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын харилцаагаа гүнзгийрүүлж, бие даасан, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг идэвхтэй явуулж, улс эх орон, иргэдийнхээ аюулгүй байдал, батлан хамгаалах үйл хэргийг улам бэхжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

5.1. Гадаад бодлого

5.1.1.Нээлттэй олон тулгуурт улс төр, эдийн засгийн дипломат гадаад бодлогын хүрээнд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн түншлэлийн, АНУ, Япон, Европын холбоотой иж бүрэн түншлэлийн харилцааг, бусад улс орнуудтай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ.

5.1.2.НYБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нэр хүнд, байр суурийг улам бэхжүүлэн баталгаажуулж, ардчилсан институциуд, сайн засаглал, төрийн байгуулалтын чадавхийг боловсронгуй болгох, эдийн засгийн хөгжлийг хурдасгахад чиглэсэн тодорхой зорилготой тусламж, дэмжлэг авах бодлого хэрэгжүүлнэ.

5.1.3.Бүс нутгийн улс төр, эдийн засгийн харилцаанд оновчтой оролцох, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-д элсэх чиглэлээр ажиллана.

5.1.4.Монгол Улсын гадаад эдийн засгийн харилцааг түлхүү анхаарч, далайд гарцгүй орны эрх ашгийг хамгаалсан бодлогыг тууштай явуулах, түүний дотор ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэр дээгүүр монголын бараа бүтээгдэхүүн, ачааг дамжин өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлэх, бүс нутгийн орнуудтай хамтран авто зам, төмөр зам, өндөр хүчдэлийн шугам, холбоо зэрэг дэд бүтцийн төслүүдийг эхлүүлж, хилийн боомтын байршлыг оновчтой тогтоон байнгын ажиллагаатай болгоход анхаарч ажиллана.

5.1.5.Гадаад орнуудын бодит сонирхлыг Монгол Улсад бий болгох, улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдааг үр ашигтай болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн болон томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохистой харьцаагаар оруулах бодлого баримтална.

5.1.6.Yндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гаалийн тарифын болон бусад хориг хязгаарлалтгүйгээр, хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох бүс нутаг, улс орны тоог нэмэгдүүлэн, хүнс, газрын тосны бүтээгдэхүүний хангамж болон аюулгүй байдлыг олон улсын гэрээ, хэлэлцээрээр зохицуулах арга хэмжээ авна.

5.1.7.Гадаад оронд удаан хугацаагаар ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрх, нийгмийн асуудлаар хөтөлбөр, хууль боловсруулан гаргаж, хэрэгжүүлнэ.

5.1.8.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалж, монгол иргэдэд туслах сан байгуулан, консулын албыг өргөжүүлэн бэхжүүлнэ.

5.1.9.Монгол орныг олон улсад сурталчлан таниулах үйл ажиллагааг өргөжүүлнэ.

5.2. Батлан хамгаалах бодлого

5.2.1.Батлан хамгаалах гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улс, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлнэ.

5.2.2.НYБ-ын болон олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлнэ.

5.2.3.Батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Батлан хамгаалах нөөцийн удирдлага, зохицуулалтын бодлогыг сайжруулж, батлан хамгаалах төсвийн бүтцийг олон улсын жишигт ойртуулна.

5.2.4.Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

5.2.5.Цэрэг-стратегийн бэлтгэл сургалтын тогтолцоог үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгод нийцүүлэн боловсронгуй болгоно.

5.2.6.Монгол Улсын иргэдэд эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэхэд чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй хамтран ажиллана.

5.2.7.Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг орон нутагт бэлтгэх тогтолцоог төгөлдөршүүлж, бүсийн төвүүдэд байршилтай зэвсэгт хүчний анги, салбарыг түшиглэн бүсийн сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

5.2.8.Экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагаанд цэргийн дүйцүүлэх албаны оролцоог нэмэгдүүлэх, энэ ажилд цэргийн зарим салбарыг томилгоожуулах замаар дэмжлэг үзүүлнэ.

5.2.9.Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, олон талт үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлнэ.

5.2.10.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа болон террорист үйлдлийн хор уршиг, хохирлыг арилгахад оролцох үүрэг бүхий тусгай томилгоот анги, салбар, нэгжийн бүтэц, зохион байгуулалт, зэвсэг, техникийг сайжруулж, хөдөлгөөнт чадварыг нь нэмэгдүүлнэ.

5.2.11.Зэвсэгт хүчин, цэргийн албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг шинэчилж, даатгалын шинэ тогтолцоог бий болгох асуудлаар хөтөлбөр боловсруулж ажиллана.

5.2.12.Зэвсэглэл, техникийг шинэчлэх дунд, урт хугацааны бодлогыг тодорхойлж, шат дараатай хэрэгжүүлнэ.

5.2.13.Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн техникийн шинэчлэлийг эхлүүлнэ.

5.2.14.Цэргийн албан хаагчдыг орон сууцаар хангах хөтөлбөрийг төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжүүлж, цэргийн амралт, сувилал, худалдаа, үйлчилгээний татваргүй сүлжээг нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэн, тэдэнд үзүүлэх нийгмийн халамж, үйлчилгээний чанарыг сайжруулна.

5.2.15.Тагнуулын ерөнхий газрын үндсэн чиг үүрэгт нийцүүлэн эрх зүйн орчин, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хүний нөөцийг бэхжүүлэх арга хэмжээ авна.

5.2.16.Гүйцэтгэх ажлын болон холбооны техникийн шинэчлэлийг бүртгэл, мэдээллийн тогтолцоог төгөлдөршүүлэх зорилт, мэдээлэл, харилцааны технологийн хөгжилтэй уялдуулан гүнзгийрүүлнэ.


5.3. Гамшгаас сэргийлэх, хор нөлөөг арилгах үндэсний чадавхи бэхжүүлэх бодлого

5.3.1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгон олон улсын жишигт хүргэж, хөрш зэргэлдээ орнуудын ижил чиг үүрэг бүхий байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

5.3.2.Гамшгаас сэргийлэх, аврах, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, гамшгийн аюулыг бууруулах, түүний хор уршгийг арилгах үндэсний чадавхийг нэмэгдүүлж, шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

5.3.3.Улсын нөөцийг найдвартай бараа материалаар бүрдүүлэн, стандартын дагуу хадгалж, гамшгийн үед хойшлуулшгүй сэргээн босгох чадамжийг нь сайжруулна.

5.3.4.Мэргэжлийн хяналтын байгууллагыг орчин үеийн техник, технологи бүхий нэгдсэн лабораторитой болгож, материаллаг баазыг нь бэхжүүлэн, боловсон хүчний чадавхийг сайжруулна.

5.3.5.Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхэлж байгаа бүхий л үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагаанд тавигдах эрүүл ахуйн шаардлагыг өндөржүүлнэ.


--------- о О о -----------

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн урьдчилсан нөхцөл, хэрэгжүүлэх зарчим, арга зам, эрсдэл

Хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах урьдчилсан нөхцөл:


•    улс төрийн тогтвортой байдал, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаа;
•    төрийн байгууллагуудын хүсэл зориг, шуурхай үйл ажиллагаа, зөв зохион байгуулалт;
•    эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв, мөнгөний бодлого болон бусад үндэсний хөтөлбөрийг харилцан нягт уялдаатай байдлаар батлах, хэрэгжүүлэх;
•    нийгмийн шинж чанартай томоохон шинэ амлалт хийхгүй байх;
•    хувийн хэвшил - төрийн байгууллагын харилцан ойлголцол, нийгмийн түншлэл, хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх, ажиллуулах;
•    төв, орон нутгийн удирдлагын нягт хамтын ажиллагаа, уялдаа;
•    боловсон хүчний байгаа хүч нөөцийг зөв хуваарилах, зохистой байршуулах.

Хөтөлбөр хэрэгжүүлэх зарчим:
 
•    иргэний нийгэм, түүний дотор хувийн хэвшлийн “нийгмийн хариуцлага”-ын чиглэлээрх санаачлагыг хөхиүлэн дэмжих замаар Засгийн газар - Иргэний нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
•    бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гадаад түншүүдийн хамтын ажиллагаа, дэмжлэгт тулгуурлах;
•    хөрөнгө, нөөцийг байршуулах, түүний зарцуулалтад хариуцлагатай, ил тод, тунгалаг байх зарчмыг дээдлэх;
•    төрийн зохицуулалтыг үндэсний эрх ашгийг дээдэлсэн, хөрөнгө нөөцийг тэргүүлэх чиглэлд төвлөрүүлэн, асуудлыг эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэх.

Хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгсэл:

Улс орны эдийн засагт зайлшгүй байвал зохих шаардлагатай зах зээлийг зүй зохистой бүрдүүлэх, зөв гольдролоор нь хөгжүүлэх, байнгын ажиллагааны механизмыг бий болгож, хөгжүүлэх. Yүнд:

•    санхүүгийн зах зээл: мөнгөний болон хөрөнгийн зах зээл;
•    хөдөлмөрийн зах зээл;
•    түүхий эдийн зах зээл;
•    технологи, мэдээллийн зах зээл;
•    мэдлэг ухаан, инновацийн зах зээл.

Хөтөлбөр хэрэгжүүлэх арга зам:
   
•    боловсрол, үүний дотор мэргэжлийн боловсролыг түлхүү дэмжих замаар ажиллах хүчний нөөцийг хангалттай, хүрэлцэхүйц түвшинд бэлтгэх, зөв зохистой байршуулах;
•    улс орны хөрөнгө, санхүүгийн нөөцийг зүй зохистой ашиглах, хувийн хэвшил болон төрийн хамтарсан санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх, ашиглах;
•    ашигт малтмал, байгалийн нөөц баялгийг хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зохистой ашиглахын зэрэгцээ, хүний амьдрах орчинд таагүй нөлөө үзүүлэхгүй байх арга замыг сонгох;
•    аливаа зорилтыг хэрэгжүүлэх хамгийн зүй зохистой, дэвшилтэт, үр өгөөжтэй арга зам, технологийг сонгож хэрэглэх, эдийн засаг, бизнес, нийгмийн бүхий л салбарт байнга шинэ технологи, инновацийг нэвтрүүлж байх;
•    улсын хүний нөөц, оюуны чадамж, хөрөнгө санхүү, байгалийн нөөц баялгийг хамгийн үр өгөөжтэй, зөв зүйтэй ашиглаж, удирдах төрийн чадвар, чадамжийг төр, засгийн байгууллагын бүхий л түвшинд бүрдүүлэх.
   
Дунд хугацаанд учирч болох гадаад, дотоод бодит эрсдэл:

•    дэлхийн зах зээлийн тогтворгүй байдал, түүхий эдийн үнэ ханшийн огцом хэлбэлзэл болон уналт, инфляци нэмэгдэх, дефляци үүсэх;
•    эрчим хүчний эх үүсвэр, үүний дотор газрын тосны үнэ ханш, нэмэгдэл экспортын татварын дарамт, ачаалал ирэх;
•    байгаль цаг уурын өөрчлөлтөөс хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт гарч болох эрсдэл;
•    засаглалын түвшин дэх зогсонги байдал, Улсын Их Хурал болон төрийн бусад байгууллагын үйл ажиллагаанд саатал үүсэх, асуудлыг шуурхай шийдвэрлэх боломж бүрдэхгүй байх.


--------- оОо -----------

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад шинээр боловсруулан гаргах шаардлагатай зарим төсөл, хөтөлбөрийн жагсаалт


1.“Монгол Улсыг үйлдвэржүүлэх” хөтөлбөр;

2.“Хотууд” хөтөлбөр;

3.“Орон сууц” хөтөлбөр;

4.“Боловсрол” хөтөлбөр;

5.“Соёл, урлагийг хөгжүүлэх” хөтөлбөр; 

6.“Yндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөр;

7.“Говийн бүсийн дэд бүтцийг хөгжүүлэх” хөтөлбөр;

8.Хүнсний хангамж, шимт чанар, аюулгүй байдлын хөтөлбөр;

9.Органик Монгол, экологийн цэвэр бүтээгдэхүүний хөтөлбөр;

10.“Цөлжилттэй тэмцэх” хөтөлбөр; 

---------- оОо -----------

Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан