Дархан-Уул аймаг байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Эрхэм хүндэт Дарханчууд аа,
Аймаг байгуулагдсаныхаахагас зуун жилийн тэгш ойгхотол олноороо ёслол төгөлдөр тэмдэглэж байгааДархан-Уулчууд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Танай аймгийн 50 жил Монголын түүхийн олон чухал үйл явдалтай давхцан тохиож буйд билэгшээж байна. Тиймээс та бүхэндээ Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Их ой, их түүхийн учрал давхцсан энэ жил улс орны нийгэм, эдийн засагт ч амжилт ололт арвин, ард иргэдийн санаа сэтгэл өөдрөг байна. Манай улсын эдийн засаг өсөн тэлж, өргөжин хөгжиж байна. Уул уурхайг дагасан олон үйлдвэрэх сууриа тавьж байна. Барилга, зам тээвэр, аялал жуулчлал, худалдаа, газар тариалан, хүнсний, мэдлэгт суурилсан олон арван үйлдвэр амжилттай ажиллаж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татлаа. 2010 онд мал аж ахуйн салбарт зарцуулах улсын төсвийн хөрөнгийг 2 дахин нэмэгдүүлж, бүх суманд Мал эмнэлэг үржлийн алба байгууллаа. Энэ жил манай улс 13 сая орчим төл бойжуулж, олон жилийн дунджаас илүү амжилт үзүүллээ. Газар тариалангийн салбарт тодорхой бодлого явуулсны үр дүнд томоохон амжилтанд хүрсэнийг Та бүхэн мэднэ.
Улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангадаг боллоо. Гурилын үйлдвэрлэл сүүлийн 2 жилийн дотор 2.2 дахин нэмэгдлээ. Эдгээрийг дагаад манай улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагасын байдлаар 9.7 хувьд хүрлээ. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ гурван сая орчим төгрөг боллоо. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого энэ оны эхний хагасын байдлаар 1.9 их наяд төгрөг байна. Ийм амжилт, ололтын үр шимийг ард иргэддээ мэдрүүлэх, хүний хөгжлийн таатай нөхцлийг бүрдүүлэх, өндөр өсөлттэй мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох талаар манай хамтарсан Засгийн газар ихээхэн анхаарч ажиллаж ирлээ.
Энэ зорилгоор ирэх жилүүдийг Их бүтээн байгуулалтынх болгон зарласан. Бүтээснээсээ илүүг бүтээж, хийснээсээ илүү ихийг хийхийг зорьж ажиллах болно. Оюу толгой, Таван толгойн болон Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор зэрэг бүтээн байгуулалтын ажил үүний эхлэл нь байна. Эдгээр стратегийн орд газрыг түшиглэж металлург, хими, барилгын материалын, гангийн, эрчим хүчний зэрэг томоохон үйлдвэр барьж байгуулж, аж үйлдвэрийн хөгжлийн шинэ үеийн эхлэлийг тавих болно. Мөн танай аймагт нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг саяхан Засгийн газар гаргасан. Удахгүй ажлыг нь эхлүүлнэ.
Уул уурхайн орд газрууд, эдийн засгийн хөгжлөө дэлхийн зах зээлтэй холбох төмөр замын бодлого тодорхой болсон. Үүний үр дүнд шинэ төмөр замынхаа шавыг тавьж ажлыг нь эхлүүллээ. Мөн аймгийн төвүүдийг холбосон авто замын сүлжээ, Улаанбаатар болон төвлөрсөн хотуудад орон сууцны хорооллын томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Эдийн засгийн эдгээр өөрчлөлтөөс гадна боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн салбар бүрт бодитой ажлууд хийгдэж байна. Тухайлбал, боловсролын салбарт дэлхийн стандартыг анх удаа нэвтрүүллээ. Танай аймагт ч гэсэн энэ жилээс эхлэн дэлхийн стандартад нийцсэн ерөнхий боловсролын лаборатори сургуульд хүүхдүүд сурах боломж, нөхцлөөр хангагдаж байгааг дуулгая. Кембрижийн стандартаар хичээллэх энэ сургуулийг төгссөн хүүхдүүд дэлхийн хаана ч хүссэн сургуульдаа элсэн орох боломжоор хангагдана. Өөрөөр хэлбэл манай боловсролын тогтолцоог дэлхий дахин хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм.
Их, дээд сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх эх суурь тавигдаж, ажил нь эхэллээ. Нийгмийн хамгааллыг сайжруулж, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлж байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлж Клиникийн нэгдсэн I, III эмнэлэг, I амаржих газар, Хавдар судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн өргөтгөлүүд, III амаржих, 300 ортой нийслэлийн Эх, нялхсын эрүүл мэндийн төвийн цогцолборыг шинээр барьж эхлүүллээ.
Мөн олон улсын стандартад нийцсэн Үндэсний оношилгооны төв, хүүхдийн эмнэлгийг барихаар боллоо. Нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, гэр бүлийн үнэт зүйлсийг баталгаажуулах, иргэн бүрийн оролцоог бүхий л түвшинд хангах, шинэ үеийн ололтуудыг нэвтрүүлэх зэрэг салбар бүрт хийж хэрэгжүүлж байгаа ажил олон бий. Энэ бүхний үр дүнд их бүтээн байгуулалтын орчин нөхцөл бүрдэж, эх орон маань хөгжин цэцэглэж, ард иргэдийн амьдрал бодитойгоор сайжрах болно.
Эрхэм хүндэт Дарханчууд аа,
Их ойн зочид, төлөөлөгчид өө,
Одоогоос 50 жилийн тэртээ улс орныг аж үйлдвэржүүлэх, атар газар эзэмших бодлого, зорилтын хүрээнд Бурхантын хөндийд бүтээн байгуулалтын их үйлс өрнөж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц өгөхүйц томоохон байгууламжуудын анхны суурийг тавьж, олон үндэстний төлөөлөгчдийн оролцоотойгоор шанг нь татсан юм. Тийм учраас Дархан-Уул аймаг найрамдлаар овоглож, олон орны хөдөлмөрч иргэдийн хөлс, хүчээр сүндэрлэн босч, эв эеийн билэг тэмдэг болон хөгжиж ирсэн билээ.
Тухайн үеийн ЗХУ-ын тусламжтайгаар барьж байгуулсан Шарын голын нүүрсний уурхай, Дулааны цахилгаан станц, Барилгын материалын бааз, Байшин үйлдвэрлэх комбинат, Бүгд Найрамдах Болгар Ард Улсын тусламжтайгаар барьсан Нэхий эдлэлийн үйлдвэр, Цементийн үйлдвэр, Бүгд Найрамдах Унгар Ард Улсын тусламжтайгаар барьсан Мах комбинат, Бүгд Найрамдах Польш Ард Улсын тусламжтайгаар барьсан Цагаан тоосго, шохойн зэрэг үйлдвэрийг ашиглалтад оруулсан нь Монгол Улсын хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн амьдралд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. Тиймээс Найрамдлын Дархан хотыг барьж байгуулахад оролцож, дэмжиж тусалсан орнуудын Засгийн газар, ард түмэнд, дипломат корпусын ажилтнуудад 50 жилийн ойн баярын мэнд хүргэж гүн талархал илэрхийлье.
Бурхантын хөндийн их бүтээн байгуулалтанд олон мянган ажилчин, малчин, залуучууд аж үйлдвэр, газар тариалан, боловсрол, эрүүл мэнд, урлаг соёл, шинжлэх ухааны салбаруудад илгээлтээр ирж Дархан хотыг барьж байгуулахад оролцож, ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн. Тэдний дотроос хөдөлмөрийн баатар, гавъяат, эрдэмтэн мэргэд, урлаг, спортын алдартан олноороо төрөн гарч улс орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар байгааг баярын энэ өдөр бахдан тэмдэглэх учиртай. Тиймээс Дархан-Уул аймгийг өнөөдрийн хөгжил дэвшилд хүргэхэд анхнаас нь гар сэтгэл нийлэн ажилласан бүх хөдөлмөрч ард иргэдэд, аж ахуйн нэгжүүдэд 50 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Танай аймагт Монголын анхны Металлургийн, Эрэл Цемент, Нэхий эдлэл, Дулааны цахилгаан станц болон хүнсний, мах боловсруулах зэрэг голлох үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Дархан-Уул аймаг нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээрээ хүн амынхаа мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээний 90 орчим хувийг, гурил болон төмс хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь хангадаг боллоо.
Монгол Улсын Хүнсний ногоо тариалалтын улсын шилдэг сумаар Дархан, Орхон сум, мөн Дархан хот нь “Эрүүл хот”, “Цэвэр хот”-оор, их бүтээн байгуулалтын он жилүүдэд баригдсан “Морин хуур” цогцолбор нь “Орон нутгийн хамгийн сайн санаачилга”-аар, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн нь “Шилдэг байгууламж”-аар, Дархан хот нь “Их бүтээн байгуулалт өрнүүлсэн хот”-оор тус тус шалгарсан нь Дарханчуудын бахархал болсон төдийгүй бусад аймагт үлгэр жишээ үзүүлж байгаа билээ.
Дархан хот нь түүхэн 50 жилийн хугацаандаа хөгжил цэцэглэлтийн арвин их туршлага хуримтлуулж, өөрийн гэсэн өнгө аяс, өвөрмөц шийдэл бүхий бүтээн байгуулалтаараа улс орны хөгжлийн тэргүүн эгнээнд явж төвийн бүсийн тулгуур төв болон хөгжиж чадсан нь Та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүн билээ.
Дархан-Уул аймгийн үе үеийн удирдлага, ард иргэдийн хичээл зүтгэл, улс орны эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүхт 50 жилийн ойн босгон дээр нь “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнасан байна. Тиймээс Дархан-Уул аймгийн удирдлага, ард иргэд Та бүхэнд үйлс бүтээлээр шалгарч төрийн өндөр, дээд одонгоор шагнагдсанд баяр хүргэж талархал илэрхийлье. Дархан-Уул аймгийн аж үйлдвэр, газар тариалангийн үйлдвэрлэл жил бүр өсч, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, атар газрыг эзэмших аянуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Цаашид жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, хүн бүрийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж, айл өрх болгоны хангалуун амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх ёстой.
Дарханчууд Та бүхэн өнгөрсөн он жилүүдийг их бүтээн байгуулалтын жилүүд болгон зарлаж, улсын төсвийн 19.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4.7 км урттай дулааны төв магистраль 800-гийн хос шугам, Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн засвар, “Зорчигч үйлчилгээний төв”-ийн автовокзал, Дулааны цахилгаан станцын зуухны тоосон системийн технологи, 12 мВт-ын турбины тохируулгын шинэчлэл зэрэг томоохон ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн өнгөрсөн жил миний бие Дархан-Уул аймагт ажиллахдаа бүсийн 150 ортой эх, хүүхдийн төвийг барьж байгуулах, Орхон сумын төвөөс Улаанбаатар-Сэлэнгийн төв зам хүртэлх хатуу хучилттай зам, спортын цогцолбор барих зэрэг асуудалыг шийдвэрлэсэн. Эдгээр асуудлыг хэрэгжүүлж буй гэдэгт итгэж байна.
Өнөөдөр би Дархан-Уул аймгийн ой угтсан бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, ард иргэдийн санал бодлыг сонсоно. Дархан-Уулчуудын сэтгэл, зүтгэлийг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, ирээдүйн сайн сайхны төлөө удирдан чиглүүлж, тэдний идэвх санаачилга, бүтээлч оролцоотойгоор ой угтсан бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлсэн нутгийн өөрөө удирдах болон захиргааны бүх шатны байгууллагын хамт олондгүнталархалилэрхийлье.
Их бүтээн байгуулалтын гэгээн түүхээ арвижуулж, эв эеийг эрхэмлэсэн найрамдлын нэрээ хадгалж, авъяас төгөлдөр ард иргэдийнхээ хөдөлмөр зүтгэлийг дэмжиж, амжилт ололтоо бататгаж, аймаг байгуулагдсаныхаа 50 жилийн тэгш дүүрэн ойг өргөн дэлгэр тэмдэглэхийг ерөөе.
Сайн үйлс бүхнийг дэлгэрүүлж, их бүтээн байгуулалтын ундарга болж байхыг хүсэе.
Та бүхэн тавтай сайхан наадаарай.
2011.07.21. Дархан-Уул аймаг