Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2011-2012 оны хичээлийн шинэ жилийн нээлт, “Оюутны тангарагийн баяр”-ын арга хэмжээнд хэлсэн үг
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.09.01 /
Оюутан, залуучууд аа,

Эрдэмтэн, профессорууд аа,

Хүндэт зочид, төлөөлөгчид өө 

Эх орны маань ирээдүй, их бүтээн байгуулалтын эзэд болох оюутан залуучууд Та бүхэндээ эрдэм номын баярын мэндийг дэвшүүлж, сурч боловсрох, судалж мэдэх их үйлстээ улам их амжилт гаргахын ерөөлийг өргөн мэндчилж байна. Энэхүү их үйлсийн гэгээн хөтөч болсон эрдэмтэн мэргэд, профессор багш нартаа ч гэсэн шинэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргэе.

Эрдэм номын баяр тохиож буй энэ цагт оюутан залуус нийтээр баярлаж, бахархах сайхан мэдээг Та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна. Дэлхийн оюутны зуны 26 дугаар Универсиад их наадамд Монгол Улсаа төлөөлөн амжилтай оролцож мөнгөн медаль хүртсэн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан Б.Мөнгөнтуул, Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн оюутан О.Чинбат, Боловсролын их сургуулийн оюутан Ч.Нарантуяа, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан Б.Бишрэл, Н.Баяраа, Д.Ганзориг нартаа Засгийн газрын болон оюутнуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье. Эдгээр оюутнуудынхаа амжилт алдрыг үнэлсэн Засгийн газрын шагналыг хичээлийн шинэ жилийн эхний энэ өдөр гардуулж өгнө. Мөн эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж, салбар бүрээ манлайлж бусаддаа үлгэр дууриал болж байгаа бүх оюутнууддаа талархал илэрхийлье. 

Энэхүү шинэ хичээлийн жил өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй, хичээл зүтгэлтэй оюутан бүрийн амжилт ололтоор бичигдэн үлдэнэ гэдэгт итгэж байна. Манай Засгийн газар Монгол залуу хүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боломж бололцоо олгох, эрдэм ном сурах орчин нөхцлөөр хангах, хувь хүнийг хөгжүүлэх асуудлуудад онцгой анхаарч тодорхой бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Авъяас чадвар, амжилт ололтоороо манлайлж улс, олон улсын хэмжээний уралдаан тэмцээн, олимпиадад амжилттай оролцсон оюутнуудыг дэлхийн шилдэг 50 их сургуульд инженер технологийн мэргэжлээр бакалаврын түвшинд сургахаар улсын төсөвт 3.0 тэрбум төгрөг тусгасан.

Энэ бодлогын дагуу Засгийн газраас “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журам”-ыг баталж шалгуур, болзлыг хангасан оюутнуудыг өндөр хөгжилтэй орнуудад суралцуулж эхлүүллээ. 2012 оноос эхлэн оюутнуудад сар бүр 70.000 төгрөг олгохоор УИХ баталсан бөгөөд Засгийн газар холбогдох журмыг гарган хэрэгжүүлнэ.  

Манай Засгийн газар 2011-2012 хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид суралцагчдын сургалтын төлбөрийн зохих хэсгийг “Хүний хөгжил сан”-гаас олгуулах асуудлыг шийдвэрлэсэн. Мөн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас орой, эчнээ ангийн оюутнуудад “Хүний хөгжил сан”-гаас сургалтын тэтгэлэг олгох шийдвэр гаргасныг дуулгая.  Жил бүр 42000 орчим оюутныг төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаар сургаж байна. Өөрөөр хэлбэл “Хүний хөгжил сан”-гаас их, дээд сургуульд сурч буй оюутан бүр, төрийн сангаас 4 оюутны нэг нь сургалтын төлбөрийн дэмжлэг авч байна гэсэн үг юм.   

Гадаад орнуудын Засгийн газрын тэтгэлгээр 2011-2012 оны хичээлийн жилд 4000 шахам оюутан суралцана. Эдгээрийн 810 нь шинээр элссэн суралцагчид байна. Мөн манай улсын сургалтын төрийн сангийн зээлээр энэ жилийн байдлаар 200 гаруй залуус гадаадад сурч байна. Энэ мэтээр Засгийн газар оюутнуудынхаа нийгмийн асуудлууд, сурч боловсрох орчин нөхцөлд анхаарч байна. Харин оюутнууд маань ийм боломж бололцоогоор хангагдсаны хувьд илүү сайн хичээж сурах ёстой. Төр засаг та бүхнийг ингэж дэмжиж байхад оюутнууд маань нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх зорилгоор “Нэгдэх үү” сэдэвт уриалгыг гаргасанд талархаж байна.

Оюутны байгууллага болоод оюутнууддаа илүү нийгмийн хариуцлагатай болгож,  хийж бүтээх эрхийг нь өгөх хэрэгтэй. Эдгээр бодлогын хүрээнд оюутны нийтийн тээврийн хөнгөлөлтийн үйлчилгээ, олон улсын оюутны картын үйлчилгээ гэх мэт үйлчилгээг оюутны байгууллагаар дамжуулан гүйцэтгүүлж Та бүхэндээ итгэл өгөн ажиллаж байна. Мөн оюутны байгууллагын бие даасан байдлыг хангахын тулд Оюутны холбооны байрны асуудлыг шийдвэрлэх тал дээр Засгийн газар анхаарч ажиллах болно.

Сургалтын тоон үзүүлэлтэд биш, оюутны хөгжлийг тодорхойлох агуулга, стандартад илүү анхаарч ажиллахыг боловсролын байгууллага, түүний удирдлагуудад анхааруулан сануулж байна. Өнөөдөр та бид шинэ хичээлийн жилийг угтахын зэрэгцээ “Оюутны тангараг”-ын ёслолыг анх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү оюутны тангараг нь оюутан залуус Та бүхэн улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах, өсөн дэвжихийн төлөө хичээн суралцах томоохон амлалт юм.

“Оюутан цаг минь насны баясгалан” гэж олон үеийнхэн онцлон дурсдаг. Тиймээс Та бүхнийгээ бахархан дурсах нэгэн шинэ хичээлийн жилээ хүсэл тэмүүлэлтэй, амжилт ололттой, эрдэм номын арвин ургацтайгаар өнгөрүүлэхийг хүсэн ерөөе.

Анхаарал тавьсанд баярлалаа

2011.09.01       Сүхбаатарын талбай

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хэлсэн үг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд Дэлхийн оюутны универсиадын шилдгүүдэд мөнгөн шагнал гардууллаа
Дөрвөн оюутны нэг нь сургалтын төлбөрийн дэмжлэг авч байна
Засгийн газар тариаланчдыг дэмжсэн шиг дэмжлээ
Кембрижээр овоглосон хичээлийн шинэ жил эхэллээ
ХИШИГ, ХУВИА ОРОН СУУЦНЫ ТӨЛБӨРТ ЗАРЦУУЛЖ БОЛНО
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан