Энэ хичээлийн жилд их дээд сургуульд элсэн орж, оюутны ширээний ард анхлан суух гэж байгаа оюутнууд нийслэлийнхээ төв талбайд цуглаж хичээлийн шинэ жилээ угтахын зэрэгцээ “Оюутны тангараг”-аа өргөлөө. Анх удаагаа зохион байгуулж буй, хойшид уламжлал болгохоор төлөвлөсөн энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын зарим гишүүдийнхээ хамт оролцлоо. Засгийн газрын тэргүүн ноён, С.Батболд оюутан залуучуудад хандаж үг хэлэхдээ монгол залуу хүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боломж бололцоо олгох, эрдэм ном сурах орчин нөхцөлөөр хангах, хувь хүнийг хөгжүүлэх асуудлуудад хамтарсан Засгийн газар онцгой анхаарч тодорхой бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэлээ.
Авъяас чадвар, амжилт ололтоороо манлайлж улс, олон улсын хэмжээний уралдаан тэмцээн, олимпиадад амжилттай оролцсон оюутнуудыг дэлхийн шилдэг 50 их сургуульд инженер технологийн мэргэжлээр бакалаврын түвшинд сургахаар улсын төсөвт 3.0 тэрбум төгрөг тусгасан. Энэ бодлогын дагуу Засгийн газраас “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журам”-ыг баталж шалгуур, болзлыг хангасан оюутнуудыг өндөр хөгжилтэй орнуудад суралцуулж эхлүүлсэн. 2012 оноос оюутнуудад сар бүр 70.000 төгрөг олгохоор болсныг Ерөнхий сайд С.Батболд хэллээ.
Мөн 2011-2012 хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид суралцагчдын сургалтын төлбөрийн зохих хэсгийг “Хүний хөгжил сан”-гаас олгуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн гээд Засгийн газрын өчигдрийн буюу наймдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас орой, эчнээ ангийн оюутнуудад “Хүний хөгжил сан”-гаас сургалтын тэтгэлэг олгох шийдвэр гаргасныг эрдмийн баярын энэ өдөр оюутнуудад дуулгалаа. Жил бүр 42000 орчим оюутныг төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаар сургаж байна. Өөрөөр хэлбэл “Хүний хөгжил сан”-гаас их, дээд сургуульд сурч буй оюутан бүр, төрийн сангаас 4 оюутны нэг нь сургалтын төлбөрийн дэмжлэг авч байна гэсэн үг юм гэдгийг ч тэрбээр хэллээ.
Гадаад орнуудын Засгийн газрын тэтгэлгээр 2011-2012 оны хичээлийн жилд 4000 шахам оюутан суралцана. Эдгээрийн 810 нь шинээр элссэн суралцагчид байна. Мөн манай улсын сургалтын төрийн сангийн зээлээр энэ жилийн байдлаар 200 гаруй залуус гадаадад сурч байна. Энэ мэтээр Засгийн газар оюутнуудынхаа нийгмийн асуудлууд, сурч боловсрох орчин нөхцөлд анхаарч байгаа талаар Ерөнхий сайд С.Батболд дурдаад оюутнууд маань ийм боломж бололцоогоор хангагдсаны хувьд илүү сайн хичээж сурах ёстойгэдгийг чухалчиллаа.
“Оюутны тангараг”-ийн ёслолыг уламжлал болгон зохион байгуулах гэж байгааг Засгийн газрын тэргүүн сайшаагаад оюутны тангараг нь оюутан залуус та бүхний улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах, өсөн дэвжихийн төлөө хичээн суралцах томоохон амлалт болох учиртай гэж тэрбээр хэлсэн юм. “Оюутны тангараг”-ийн ёслолын үеэр хичээлийн шинэ жил эхэлснийг зарлах мөнгөн хонхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд МУИС-д хамгийн өндөр оноо авч элссэн оюутан Зул-Эрдэнэ, Эрдэнэбулган нарын хамт цангинууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.