Ерөнхий cайд
|
Тэргүүн шадар сайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болов
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.09.30 /

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болж 2012 оны төсвийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ирэх оны төсөв, “Нийгмийн даатгалын сан” болон “Хүний хөгжил сан”-гийн төсвийн төслийг Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.

2012 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ

2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.4 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 35.4 хувь, нийт зарлага 7.1 их наяд буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 39.5 хувь, нийт алдагдал 740.9 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.1 хувь байхаар төсвийн төсөлд тусгажээ.

2012 оны төсөв хөгжлийн шинэ гараан дээр ирсэн манай улсын эдийн засгийн бүтцийг шинэчлэн, урт хугацаанд эдийн засгийн өндөр өсөлтийг хангах замаар монгол хүнээ ажилтай, орлоготой болгоход чиглэж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд онцоллоо. 

Өөрөөр хэлбэл ирэх жилийн төсөв иргэдийнхээ эрүүл мэндэд, боловсролд, эрхэлж байгаа бизнест, бүтээн байгуулалтад, ажлын байр бий болгоход нь хөрөнгө оруулж өрх гэрийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад чиглэж байгаа юм.  

2012 он Монгол ардын нам болон Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, УИХ-ын сонгуулийн дараа намууд хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд тусгасан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх сүүлийн жил. Иймээс мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг гүйцэтгэх зорилт тавин ирэх оны төсөв, “Нийгмийн даатгалын сан”,  “Хүний хөгжил сан”-гийн төсвийг төслийг боловсруулан өргөн барьж байна.

Ирэх онд :

-       Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, орлогын тэгш хуваарилалтыг хангах, уул уурхайн салбарт татварын болон бусад бодлогын зохицуулалтыг оновчтой бүрдүүлэх замаар байгалийн нөөцийг иргэн бүрт үр ашигтай хүртээх

-       Хүний хөгжилд суурилсан эдийн засгийн хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх

-       Төмөр зам, автозам, цахилгаан станц зэрэг эдийн засгийн суурь дэд бүтцийг өргөжүүлэх, бүтээн байгуулалыг дэмжих

-       Хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн боломжит бүх эх үүсвэрийг хамгийн бага зардлаар бүрдүүлэхийг гол зорилтоо болгожээ.

Засгийн газар ирэх онд бүтээн байгуулалтыг дорвитой нэмэгдүүлэхээр төлөвлөн ажлын байр шинээр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, хүчин чадлыг нь дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийн дүнд нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах, иргэдийнхээ ая тухтай амьдрах, суралцах орчныг сайжруулах, төрөөс үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2012 онд эдийн засгийн бодит өсөлт 25.6 хувь байна гэж Засгийн газар төсөөлж байна. Ингэснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн оны үнээр 18.0 их наяд, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 6.3 сая төгрөгт хүрэх юм. Эдийн засгийн бүтцийн хувьд дийлэнх буюу 45.6 хувийг үйлчилгээ, 43.4 хувийг үйлдвэрлэлийн салбар эзлэхээр байна.

Ирэх онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.4 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 35.4 хувь байхаар тооцлоо. Үүнээс 2 их наяд буюу 31 хувь нь уул уурхайн салбараас, үлдэх 4.4 их наяд төгрөг буюу 69 хувь нь эдийн засгийн бусад салбараас төсөвт орох нь.

Нэгдсэн төсвийн нийт зарлагын гуравны хоёр буюу 4.2 их наяд төгрөгийг урсгал зардалд зарцуулахаар Засгийн газар тооцоолсон байна. Зарцуулах хөрөнгийг 2011 оны төсвийн төлөвлөгөөтэй харьцуулахад 1.7 их наяд төгрөгөөр буюу 55.7 хувиар нэмэгдэж байгаа юм.

Харин төсвөөс 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн нь энэ оны батлагдсан дүнтэй харьцуулахад 2.4 дахин өсчээ. Энэ нь 2000-2007 онд хийж байсан хөрөнгө оруулалтаас 2 дахин өсч, урьд өмнө байгаагүй үзүүлэлт болж байна.

Ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтын 87.1 хувийг барилга, байгууламж барих, өргөтгөх, шинэчлэхэд, 3.7 хувийг их засварт, 9.2 хувийг тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулахаар төлөвлөжээ.  

Орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, ялангуяа хүн амын талаас илүү хувь нь оршин сууж байгаа Улаанбаатар хотын дэд бүтэц, агаарын бохирдол, хот төлөвлөлтийг шийдвэрлэх нь хөрөнгө оруулалтын бодлогын нэг онцлог юм.  Тухайлбал агаарын бохирдлыг бууруулах зэрэг томоохон арга хэмжээнд 71.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт  хийхээр төлөвлөөд байна.

Стратегийн орд газруудаас орох орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хүртээх эрх зүйн болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаа ирэх онд бүрэн хэрэгжүүлнэ.

Үлдэгдэл 1 сая төгрөгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 334,2 мянган иргэнд бэлнээр буюу нийт 334,2 тэрбум, 170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр 83,6 тэрбум,  эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт 5 мянган иргэнд 5 тэрбум,  орон сууц худалдаж авсны төлбөрт 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор төсвийн төсөлд тусгажээ.

Ирэх онд иргэд 1.5 сая төгрөгөө бүрэн авах юм. 1 сая төгрөг хүртээхдээ ашигт малтмалын ордын хувьцааг бэлэн мөнгө болгох сонголттойгоор  иргэддээ олгохоор Засгийн газар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл мөнгөн хөрөнгөөр баталгаажсан энэ хувьцааг иргэд Засгийн газарт арилжиж бэлэн мөнгө болгох бүрэн боломжтой гэсэн үг хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

 

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХИЙГ ДЭМЖИВ

 

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны тогтоолын 27 дугаар хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.

Төсөл батлагдсанаар хатуу буудай болон улаанбуудайн хөх тарианы холимогонд жилийн турш 20 хувь, зөөлөн буудайнд 15 хувь, ОХУ-аас оруулж ирж байгаа улаан буудайн гаалийн татварын хэмжээг тодорхой хугацаанд 40 хувь болгоно.  

Энэ нь ажлын байрыг хадгалах, хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор авч байгаа арга хэмжээ юм.

Энэ жил манай улс урьдчилсан байдлаар 427 мянган тонн үр тариа, үүнээс буудай 419.1 мянга, овъёос 3.4 мянга, арвай 2.8 мянга, хөх тариа 0.3 мянган тонныг хураан авах төлөвтэй байна.

Жилдээ 240 мянган тонн гурил хэрэглэдэг манай улс 2011-2012 онд 277.4 мянган тонн гурил үйлдвэрлэж, хэрэгцээт буудай, гурилынхаа хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах бүрэн боломж бүрдээд байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

 

-       Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 33 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгав. Мөн 2011-2012 оны төсвийн жилд 600 тэрбум төгрөгийн зээлийг гадаад болон дотоодын санхүүгийн байгууллагаас авахыг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрөв.

-       “Үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай” Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав. Энэ дагуу 1 дүгээр зүйлийн “гадаад валют болон хаалттай хэлбэрээр” гэснийг “гадаад валютаар хаалттай болон нээлттэй хэлбэрээр” гэж, 2 дугаар зүйлийн “үнэт цаасны” гэснийг “үнэт цаас, зээлийн” гэж өөрчиллөө. Ингэснээр манай улсаас гадаад зах зээлд гаргаж байгаа анхны, их хэмжээний өрийн бичгийн хүүгийн түвшинг боломжит хамгийн бага түвшинд тогтоох, өрийн бичиг болон зээлийн хүүгийн зөрүүгээр төсөвт үзүүлэх хүүгийн төлбөрийн дарамтыг бууруулах, зах зээлийн нөхцөл байдлаас хамааруулан өрийн бичгээ уян хатан байдлаар хаалттай болон нээлттэй хэлбэрээр гаргах боломжтой болно гэж Засгийн газар үзлээ.

“Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” компанийн Дархан-Сэлэнгийн салбарт үүссэн аваарийн хор уршгийг арилгах, цахилгаан дамжуулах агаарын шугамыг сэргээх босгоход шаардагдах 860 сая төгрөг, “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компанид учирсан хохирлыг арилгах, сэргээн засварлахад шаардлагатай 16 сая төгрөг, нийт 876 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Цахилгаан дамжуулах агаарын шугамын сэргээн босголтын ажлыг шуурхай зохион байгуулж, системийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй хангахыг салбарын сайдад үүрэг болголоо. Нөөц сангаас олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, тайлангаа энэ оны 4 дүгээр улиралд багтаан Онцгой байдлын Ерөнхий газарт ирүүлэхийг мөн даалгалаа.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД МЭДЭЭЛЭЛ ХИЙВ
Монголын боловсрол дэлхийн стандартад хүрэх учиртай гэдгийг Ерөнхий сайд чухалчиллаа
Засгийн газрын хуралдаан 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар ахмадуудаа хүндэтгэн хүлээн авлаа
Улсын онцгой комисс хуралдав
Засгийн газрын хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан