Ерөнхий cайд
|
Тэргүүн шадар сайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Герман улс нь Монгол улсын сайн, найдвартай, тогтвортой түнш байж чадна гэдгээ илэрхийллээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.10.13 /

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар  2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.  Хэлэлцээний эхэнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  эрхэм зочноо Монгол улсад айлчлан ирсэнд талархал илэрхийлээд, тавтай зочлохыг  хүслээ. ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүн Монгол улсад анх удаа айлчлал хийж байгаа нь хоёр орны харилцааны  түүхэнд шинэ хуудас нээж, хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд томоохон түлхэц болно гэдгийг тэмдэглэлээ.

ХБНГУ нь Монгол улсын гуравдагч хөрш юм, Европ дахь хамгийн гол түнш орон гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцлоод, ЕХ-ны төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт хотод нээх нь цагаа олсон чухал алхам  гэдгийг дурьдаад, үүнд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Монгол орон нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага( ЕАБХАБ)-д  оролцогч орноор элсэх сонирхолтой байна гэдгээ илэрхийлж, энэ оны 12 дугаар сард Вильнюс хотноо болох ЕАБХАБ-ын гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр эл асуудал яригдахад германы талаас  дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Түүнчлэн Монгол улс нь уул уурхайн түүхий эдийг шууд экспортлох биш эх орондоо боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цаашлаад экспортлох зорилттой байна гэдгээ илэрхийлж, байгаль орчинд ээлтэй орчин үеийн боловсруулах үйлдвэрийн техник, технологи, ноу-хауг Монгол улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна гэдгээ дурьдаж, нүүрс шингэрүүлэх,хийжүүлэх технологийг нэвтрүүлэх чиглэлээр Монгол Германы компаниудын хамтын ажиллагааг Засгийн газруудын зүгээс дэмжиж, санхүүжүүлэх нөхцөлийн талаар санал солилцох хүсэлтээ ч тавив.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага ( ОЕСД)-аас гаргадаг зээлжих эрхийн эрсдлийн зэрэглэлийг ахиулах асуудалд ХБНГУ дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд, улмаар манай улс шат ахин 4 дүгээр түвшинд орох эрмэлзэлтэй байгааг анхаарч үзэхийг хүслээ. Мөн Монгол улсын Засгийн газрын тэргүүн ХБНГУ-ын Канцлерт хандан  дэд бүтэц, орон сууц, хот байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, тухайлбал, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалт, ”100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамтран ажиллахыг санал болгож, германы зах зээлд түүхий эд экспортлоход төмөр замын тээврийн нөхцөл тарифыг бууруулах, хөнгөвчлөх, Хятад- Монгол- ОХУ-Украйн- Польш- Германыг холбосон төмөр замын сүлжээг боловсронгуй  болгох боломжийн талаар судалж үзэхийг санал болгоод, монголд нар салхины эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой хэмээн үзэж байгаагаа ч илэрхийлэв.

Монгол улсад ашигт малтмалын ( нүүрсний )иж бүрэн хүрээлэн, лабортори байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг санал болголоо. Мөн мал аж ахуйн салбарт  малын гаралтай түүхий эдийг боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр техник, технологи нийлүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих боломжийг эрэлхийлж байгааг дурьдлаа. Мөн монгол улсын БСШУЯ, ХБНГУ-ын боловсрол судалгааны яам хооронд 2003 онд байгуулсан “ Шинжлэх ухаан, технологи, боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн дагуу хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үйл ажиллагааг тогтмолжуулах зорилгоор хоёр яамны хамтарсан ажлын хэсэг байгуулах саналтай байгаагаа ч хэллээ. Харин ХБНГУ-ын Канцлер  Ангела Меркелийн хувьд анх удаа монгол улсад айлчилж байгаадаа баяртай гэдгээ дурьдаад Монгол улс нь энэ 20 жилд ардчиллын суурь үндсийг тавьж, амжилттай хөгжүүлж чадсан орон болсонд баяр хүргэлээ. Энэ бол тийм амархан хэрэг биш гэдгийг ч онцолж байв.

Түүнчлэн Монгол улсын эдийн засгийн өсөлтийн тоон үзүүлэлт намайг гайхшруулж байна хэмээгээд энэ өндөр үзүүлэлтээ алдахгүй, урт хугацаанд тогтвортой байлгах нь чухал гэдгийг онцолж, Монгол улсад ардчиллын суурь институцууд бүрэн бүрдсэн байна, үүнд ухаалаг бодлого явуулж ирсэн Монгол улсын төр засгийн удирдлагуудад баяр хүргэлээ. Түүнчлэн ЕХ-ны төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээхээ эрхэмсэг хатагтай Ангела Меркель амаллаа. Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын түнш орон болоход нь дэмжлэг үзүүлэх болно гэдгийг дурьдаад, эрх зүй  эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллах Ерөнхий сайд С.Батболдын саналыг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Тухайлбал , ХБНГУ-ын эмийн үйлдвэрлэгчдээс хүүхдийн цусны өмөн үүгийн эмчилгээний протоколд ордог өндөр чанарын ховор эмүүдийг шууд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах,  Монгол улсын цэргийн бие бүрэлдэхүүнийг орчин үеийн зэвсэг, техникээр хангахад материаллаг тусламж үргэлжлүүлэн үзүүлнэ гэдгээ амаллаа.  Эцэст нь тэрбээр  Герман улс нь Монгол улсын сайн, найдвартай, тогтвортой түнш байж чадна гэдгээ илэрхийллээ.

 

Түүхэн айлчлал боллоо гэдгийг хоёр улсын Засгийн тэргүүн нар онцоллоо

Албан ёсны хэлэлцээний дараа Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар Монгол, Германы харилцаа хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцож, дараа нь хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Ерөнхий сайд С.Батболд ХБНГУ-ын Канцлер Эрхэмсэг хатагтай Ангела Меркелийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал амжилттай болж байна гэдгийг тэмдэглээд, энэхүү айлчлал нь ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүний хэмжээнд Монгол Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн бөгөөд манай хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг илтгэн харуулсан үйл явдал юм гэдгийг тэмдэглэн хэлэв.

“ Европ дахь Монгол Улсын гол түнш болох Герман Улстай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг билээ. Засгийн газрын тэргүүн нарын албан ёсны хэлэлцээ сая өндөрлөлөө. Монгол–Германы хамтын ажиллагааны өнөөгийн байдал болоод хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлоо.Эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийгхамтран  хэрэгжүүлэх, ашигт малтмалыг германы тэргүүний технологиор боловсруулахталаар Канцлертай санал солилцсон маань үр дүнтэй боллоо.

Монгол Улсын Засгийн газар уул уурхайн түүхий эдийг шууд экспортлох биш харин аль болох эх орондоо боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох зорилтыг тавьж байгаа. Германы байгаль орчинд ээлтэй боловсруулах орчин үеийн үйлдвэрийн техник, технологи, ноу-хау-г Монгол Улсад нэвтрүүлэхчиглэлээр хоёр орны Засгийн газар хамтран ажиллахаар тохиролцож, “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. 

Тэрчлэн, Улаанбаатар хотын ус ашиглалтын болон усны хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах тухай баримт бичиг, Эрдэнэс МГЛ Төрийн өмчит компани Сийменс компани, Дойче банк болон ББМ-Оперта компанитай хамтран ажиллах тухай гэрээнүүд, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Дюссельдорф хот дахь Герда Хенкелийн Сан хоорондын Археологийн салбарын шинжлэх ухааны хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг баримт бичгүүдэд гарын үсэг зурсан нь Монгол–Германы хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэн чухал алхам боллоо.. 

Энэхүү айлчлал нь Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлсэн, хамтын ажиллагааны асуудлуудыг урагшлуулахад ач холбогдолтой айлчлал болж байна” хэмээн тэмдэглэн хэлэв. Харин эрхэм зочин ХБНГУ-ын Канцлер А.Меркель Канцлерийн хувьд анх удаа Монголд айлчлал хийж байгаадаа баяртай байна хэмээн онцоллоо. Монгол Улсын сүүлийн хоёр жил даван туулсан ардчилалыг хөгжүүлэх, зах зээлийн системд шилжих замыг бид байнга анхааралтай ажиглаж сайшааж байсан. Түүнчлэн Монгол Улсын Их хуралд үг хэлэх завшаан тохиолдсонд их баяртай байна. Бид хэлэлцээрийн үеэр сонгуулийн системийг илүү боловсронгуй болгох талаар санал солилцож, энэ тал дээр Монгол улстай тушршлагаасаа хуваалцахад бэлэн байна  гэдгээ илэрхийлсэн. 

Ашигт малтмалын салбарт хамтран ажиллахаар гарын үсэг зурсан гэрээг ажил хэрэгч, бодит болгох талаар анхаарах болно. Миний бие ХБНГУ-ын Канцлерийн хувьд  өөрийн зүгээс Герман улс нь Монгол улсын сайн, найдвартай, тогтвортой түнш байж чадна гэдгээ илэрхийлж байна. Герман нь өдөр технологи, эдийн засгийн үр ашигтай цогц шийдэл бүхий  байгальд ээлтэй техниологи хэрэгжүүлж байгаа, энэ тал дээр хамтран ажиллах төдийгүй   боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх асуудалд  анхаарлаа хандуулах болно гэдгээ хэлэлцээрийн үеэр тохиролцож чадлаа. Тиймээс Монгол Германы хооронд боловсролын салбар дахь ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Манай хоёр орон батлан хамгаалах салбарт хамтран ажиллаж байна. Хойд Афганистанд манай 2 дайчид мөр зэрэгцэн өндөр хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байгаа. ХБНГУ-ын зүгээс Монголыг Европын холбоонд ойр дотно хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд, мөн Европын холбооны аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын гишүүнээр элсүүлэх саналыг Германы тал дэмжиж байна.Өнөөдөр бидний хийсэн хэлэлцээр хоёр орны харилцаа хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. Цаадид бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх болно гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.

Дараа нь тэд хоёр орны сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд Хенри Рамсфелдтэй уулзлаа
Тэргүүн шадар сайд Багануурт ажилалаа
Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилагыг эрчимжүүлнэ
Ерөнхий сайд С.Батболд эрхэмсэг зочноо хүндэтгэн үдийн зоог барилаа
Айлчлалын хүрээнд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Эрхэмсэг хатагтай Ангела Меркелийг албан ёсоор угтан авлаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан