~ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Улаанбаатар хотын авто замын сүлжээнд 2008-2011 онд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авах арга хэмжээний талаар УИХ-ын чуулганы хуралдаанд хийсэн мэдээлэл ~
УИХ-ын дарга,
Эрхэм гишүүд ээ,
Та бүхэнд Улаанбаатар хотын авто замын сүлжээнд 2008-2011 онд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авах зарим арга хэмжээний талаар товч мэдээлэл хийе. Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг нийслэл хотын эдийн засаг, нийгэм, соёлын хөгжилд авто замын сүлжээ чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс үе үеийн Засгийн газар нийслэл Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын асуудалд ихээхэн анхаарч ирлээ. Үр дүнд нь өнөөдрийн байдлаар хатуу хучилттай авто замын урт нь 650.4 км болоод байна.
Үүний 70 орчим хувийг ашиглалтад ороод 20-иос дээш жилийн насжилттай болсон, их засвар, шинэчлэлт хийгдээгүй авто зам эзэлж байгааг дурдах нь зүйтэй юм. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотын барилгажилтын хэмжээ 1980 оноос 3.5 дахин нэмэгдсэн. Гэвч авто замын үндсэн сүлжээ бараг хэвээрээ байгаа нь бидний гарцаагүй анхаарлаа хандуулах асуудал болж байгаа юм.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийслэл хотын авто замын салбарт Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Нарны зам” төсөл, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн Энхтайвны гүүрийн их засвараас өөр дорвитой ажлууд хийгдээгүй. Сүүлийн 16 жилийн хугацаанд жилд 162 саяас 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь тухайн үед шинээр зам барих, шинэчлэх боломжгүй, зөвхөн засвар, арчлалтад зарцуулагдаж байжээ. Энэ нь Монгол улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжин, эдийн засгийн чадавхи сул байсантай холбоотойгоор Улаанбаатар хотын дэд бүтэц, ялангуяа авто замын салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгээгүйгээс үүдэлтэй юм.
Манай хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд улс, нийслэлийн төсвөөс Нийслэлийн авто замын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг жил бүр нэмэгдүүлж ирлээ. Мөн 2010 онд хөрөнгө оруулалтын шинэ хэлбэр болох өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцлөөр анх удаа 50 км авто зам барих ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар дуусах шатандаа явж байна.
2008 оноос хойш нийслэлд 42.5 км авто замыг шинээр барьж, 67.9 км авто замыг өргөтгөн шинэчилж, нийтдээ 110.4 км авто замын барилгын ажлыг холбогдох байгууллагууд хийж гүйцэтгэлээ. Үүнийг задалж үзвэл 2008 онд шинээр 7.69 км зам барьж, 1.74 км замыг өргөтгөж сайжруулсан. 2009 онд шинээр 3.1 км зам барьж, 10.5 км замыг өргөтгөж шинэчилсэн. 2010 онд шинээр 11.8 км зам барьж, 14.0 км замыг өргөтгөж шинэчиллээ. Харин 2011 онд шинээр 19.9 км зам барьж, 41.7 км замыг өргөтгөн сайжруулсан. Эдгээр тоон үзүүлэлт нь жил ирэх бүр Улаанбаатар хотын авто замыг сайжруулахад хөрөнгө оруулалтыг боломжоороо нэмэгдүүлж байгааг харуулж байна. Энэ хугацаанд нийт 169.1 метр урт төмөрбетон гүүрийг шинээр барьж, 1406.6 метр урт гүүрийг өргөтгөн шинэчилж, явган хүнд зориулсан болон автомашин явах нүхэн гарцуудыг тус бүр нэгийг барьж ашиглалтад оруулсан.
Дээрх зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд улсын төсвийн хөрөнгөөс 61.0 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгөөс 16.8 тэрбум төгрөг, “Монгол улсыг хөгжүүлэх сан”-гаас 3.9 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 0.8 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжийн хүрээнд 37.3 сая доллар, 4.7 тэрбум төгрөг зарцуулсан.
Эдгээрээс гадна хотын авто зам, замын байгууламжийн арчлалт, урсгал засвар, орон сууцны хороолол доторх замын шинэчлэлтийг Нийслэлийн Авто замын санд төвлөрсөн хөрөнгөөр хийж байна. Нийслэлийн замын санд 2008 онд 4.4 тэрбум төгрөг, 2009 онд 5.6 тэрбум төгрөг, 2010 онд 7.2 тэрбум төгрөг, 2011 онд 9.5 тэрбум төгрөг, нийт 26.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, орон нутгийн чанартай зам ашигласны төлбөр зэрэг эх үүсвэрүүдээс төвлөрүүлж, хотын гол гудамж замуудын арчлалт, урсгал засвар, хорооллын доторх авто замуудыг шинэчлэх зэрэг ажлуудад зарцуулсан байна.
Цаашид төлбөртэй зогсоолын үйлчилгээ болон төлбөртэй зам барьж хураамжийн шинэ эх үүсвэрийг бий болгох арга хэмжээг авна. Энэ зорилгоор “Төлбөртэй зогсоолын журам”-ыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2009 онд батлан мөрдүүлж эхэлсэн. Хамтарсан Засгийн газар нийслэл Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулахын тулд дотоод эх үүсвэрээс гадна гадаадын зээл тусламжийг ч гэсэн боломжоороо төвлөрүүлэн ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар Нийслэл Улаанбаатар хотод гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр дараах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд:
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Чингэлтэй дүүргийн Хайлаастын 1.1 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны 4.1 км авто зам, Орбит-Тахилтын 7.1 км авто зам, Баянзүрх дүүргийн Ботаник Шархадны 6.5 км авто зам барих ажлыг эхлүүлсэн. Хайлаастын 1.1 км авто замыг 2011 онд, бусад замуудыг 2012 онд ашиглалтанд оруулна. Японы улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Нарны гүүр” гүүрэн гарц барих ажил өнөөдрийн байдлаар 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд 2012 оны 6 сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Мянганы Сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар Улиастайн салаа замын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто зам, Баянзүрхийн товчооноос Налайх-Тэрэлжийн уулзвар хүртэлх 15.9 км авто замыг өргөтгөж шинэчлэх төслүүдийг 2011-2013 онд хэрэгжүүлж дуусгана. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжин хотын нэрэмжит гудамжны шинэчлэлт хийхээр зураг төслийн ажлыг эхлүүлсэн. Бээжингийн гудамжны шинэчлэлтийг 2012-2013 онд хэрэгжүүлнэ. Дээрх төслүүдийн хүрээнд ойрын хугацаанд буюу 2012-2013 онд 18.7 км авто зам, 386 метр урт гүүрийг шинээр, 19.3 км авто зам, 75 метр гүүрийг өргөтгөн шинэчилж, төмөр зам дээгүүр шинээр 1 гүүрэн, 1 нүхэн гарцыг барьж ашиглалтад оруулна.
Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр
- Баруун 4 замын уулзвар дээрх олон түвшний огтлолцол барих,
- Яармагийн гүүрийг хос болгон өргөтгөж шинэчлэх,
- Толгойт Сонсголонгийн замын уулзварт гүүрэн гарц барих,
- Олимпийн гудамжнаас Нарны зам ба төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух гүүрэн гарц барих,
- Саппорогийн аюулгүйн тойрог дээрх олон түвшний огтлолцол барих,
- Баянбүрдийн аюулгүйн тойрог дээрх олон түвшний огтлолцол барих
зэрэг 6 томоохон төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийг Улсын Их Хурлын тогтоолоор батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрт нийслэлийн авто замыг сайжруулах ажил нэг томоохон хэсэг нь болон тусгагдсан. Уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод нийт 350 км авто замыг өргөтгөж шинэчлэхээр, 212 км авто зам, 7 гүүрэн гарц, огтлолцлыг шинээр барихаар төлөвлөсөн.
2011 онд Засгийн газрын 105 тоот тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх 17 төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталж, ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна. Эдгээр 17 төсөл, арга хэмжээний хүрээнд олон түвшний огтлолцол 1-ийг, 48.7 км авто замыг шинээр барих буюу өргөтгөнө.
Тус хөтөлбөрийн хүрээнд 2012-2013 онд хэрэгжүүлэх 120.4 км авто зам, замын байгууламжуудын зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт тусгагдсан “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлд Буянт Ухаа, Шинэ Яармаг, 7, 14, Радио Телевиз, Баянголын ам зэрэг 6 шинэ хорооллыг нэн түрүүнд барихаар төлөвлөсөн. Эдгээр хорооллын доторх гол болон туслах нийт 83 км авто замыг цогцоор нь барина. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр хэрэгжсэнээр 2017 он гэхэд Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын сүлжээний нийт урт 925 км болж, хотын хөдөлгөөний түгжрэл ихтэй гол гудамж замуудын уулзварт олон түвшний огтлолцол, гүүрэн гарцууд баригдсан байх болно.
Авто тээврийн хэрэгслийн үзлэг тооллогын дүнгээр 2008 онд 106.8 мянга, 2009 онд 131.4 мянга, 2010 онд 152.1 мянга, 2011 оны 9 сарын байдлаар 177.9 мянган тээврийн хэрэгсэл тоологдсон. Өөрөөр хэлбэл 2008-2011 онд Улаанбаатар хотод зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 71 хувиар нэмэгдлээ. Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирж зорчиж буй тээврийн хэрэгслүүдийг тооцвол энэ тоо илүү их нэмэгдэнэ. Эдгээр тоон үзүүлэлт нь авто замыг шинээр барих, засварлах хэрэгцээг эрс ихэсгэлээ. Гэвч тээврийн хэрэгслийн энэхүү өсөлттэй хамааралтай хөрөнгө оруулалтыг нийслэлийн авто замын салбарт оруулж чадахгүй байна. Улаанбаатар хотын авто машин, хүн амын өсөлттэй шууд хамааралтайгаар хотын авто замуудын нэвтрүүлэх чадавх хүрэлцэхгүй болж, хөдөлгөөний түгжрэл үүсч, агаарын бохирдлыг нэмэгдүүлж, нийгэм болон эдийн засагт сөргөөр нөлөөлөх болсон.
Иймд хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдрах ая тухтай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээг шинэчлэн өргөтгөж, хоёр түвшний уулзвар, гүүрэн болон нүхэн гарц, авто зогсоол барихаар тусган үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ мэтээр хамтарсан Засгийн газар Улаанбаатар хотын авто замын асуудалд анхаарч олон бүтээлч ажлуудыг хийж хэрэгжүүлж ирлээ. Гэвч хийж гүйцэтгэхийн зэрэгцээ хотын авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд олон хүндрэл бэрхшээлүүд тулгарч байна. Үүнд:
- Хотын төвийн авто замыг шинэчлэхэд инженерийн шугам сүлжээг хүчитгэх, шилжүүлэхэд ихээхэн хөрөнгө шаардлагатай боллоо,
- Зам барилгын ажлын талбайг чөлөөлөхөд одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар “тухайн газрын өмчлөгчтэй нөхөн олговрын хэмжээг тохиролцоно” гэсэн заалт байдаг нь зам барилгын ажлыг явуулахад нэг гол бэрхшээл үүсгэлээ,
- Олон түвшний огтлолцол, гүүрэн гарц, нүхэн гарцууд баригдаж буйтай холбоотойгоор мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ нэмэгдлээ,
- Барилгажилт эрс нэмэгдэж, тусгай зориулалтын машин, механизм, хүнд даацын ачааны тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох болсонтой холбоотойгоор зам, замын байгууламжийг эвдэх явдал ихэслээ. Эдгээр тулгамдсан асуудлыг бид цогцоор нь шийдвэрлэх ёстой.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, менежментийг сайжруулах, зам барилгын ажлын чанарыг дээшлүүлэх, авто замаар саадгүй зорчих нөхцлийг хангахын тулд дараах арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
- Тээврийн хэрэгслийн ил, далд, олон давхар болон төлбөртэй зогсоолыг олноор байгуулах,
- Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудын уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд олон түвшний огтлолцол барих, явган хүнд зориулсан гүүрэн болон нүхэн гарц барих,
- Их багтаамжийн нийтийн тээврийн төрлийг нэвтрүүлэх,
- Хотын чанартай хурдны замыг барих,
- “Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудал хүртэлх авто замыг шинээр барьж байгуулах,
- Нэгт төвтэй одоогийн Улаанбаатар хотыг олон төвтэй болон дагавар хот, тосгон бүхий жигд тархсан суурьшилтай болгож өөрчлөх,
- Нийслэлийн Авто замын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх,
- Нийслэлийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын тогтолцоог боловсронгуй болгож, бүх замыг төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн аж ахуйн нэгжүүдэд хариуцуулан гүйцэтгүүлэх,
- Ашиглагдаж байгаа гүүр, замын байгууламжуудад газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөтэй авч хэрэгжүүлэх,
- Зам барилга, засварын шинэ техник, технологийг өргөнөөр нэвтрүүлэх,
- Зам барилга, засварын ажлын хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, хөндлөнгийн зөвлөх компаниар технологийн хяналтыг гүйцэтгүүлэх,
- Мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх талаар тодорхой бодлого гаргаж хэрэгжүүлэх зэрэг болно.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Манай улсын хүн амын тал хувь амьдарч, тээврийн хэрэгслийн 60-70 хувь зорчдог, нийт газар нутгийн 0.3 хувийг эзлэн орших Улаанбаатар хотын авто замын сүлжээнд Засгийн газраас 2008-2011 онд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авах зарим арга хэмжээний талаар танилцуулахад ийм байна. УИХ-ын эрхэм гишүүд Та бүхнийг Улаанбаатар хотын авто замтай холбоотой асуудлаар санал бодлоо илэрхийлэхийг хүсье. Та бүгдийн саналыг Засгийн газар, нийслэл цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.
Анхаарлаа хандуулсанд баярлалаа.
2011 оны 11 дүгээр сарын 18. УИХ-ын чуулганы танхим