~ Монгол Улсад орчин цагийн төрийн яамд үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын хуралд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг ~
УИХ, Засгийн газрын гишүүд ээ,
Төр захиргааны төв байгууллагын үе үеийн төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Төрийн ордныхоо их танхимд хуран цугларсан Та бүхэндээ, нийт ард иргэддээ Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ой, анхны таван яам байгуулагдсаны баярын мэндийг дэвшүүлж, Засгийн газрынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Зуун жилийн тэртээх тэсгим хүйтэн өвлийн энэ өдрүүдэд Монголчууд тэмцэл ялалтын хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж улирлын болоод улс гэрийнхээ жаврыг үргээж, туурга тусгаар Монгол Улсаа сэргээн, төр улсаа засан төвхнүүлэх их үйл хэргийг өрнүүлж байжээ.
Түүхээс үзэх юм бол Жибзундамба хутагтын дэмжлэгтэйгээр Их хүрээнд нөлөө бүхий ноёд, лам нар хуралдан улсын дотоод, гадаад цагийн байдлыг хэлэлцээд монголын тусгаар тогтнолыг сэргээх хэргийг шууд удирдан эрхлэх зорилго бүхий “Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар” хэмээх байгууллагыг 1911 оны 11 дүгээр сарын 30-нд байгуулжээ. Уг байгууллагыг Түшээт хан аймгийн чуулганы дарга, улсын түшээ гүн Д.Чагдаржаваар ахлуулан, чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд нарын долоон хүний бүрэлдэхүүнтэй байсан юм. Тус байгууллага нь монгол даяар үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Монгол Улсын төр, засгийг сэргээх явдлыг бэлтгэн зохион байгуулах түр Засгийн газрын шинжтэй байлаа. Энэ үүрэг зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бүх хэргийг түр Ерөнхийлөн шийтгэх газар нь Богдын лүндэн гаргуулж, бүх аймаг, хошуудаас цэрэг бэлтгэн ард олны тэмцлийг дэмжжээ.
Улмаар Их Хүрээн дэх Манж Чин улсын захиргааг түлхэн унагаж, монголын төрийг сэргээн мандуулах тунхаг гарган нийтэд зарлаж, Чин Улсын хэвт ёсны он тооллыг халж, монгол тоололд шилжих, аймгуудын хил хязгаар, боомтод цэрэг томилон суулгах, шаардлагагүй өртөө, харуулыг татан буулгах зэргээр үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтад хүргэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Ийнхүү улсынхаа тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулах гэсэн Монголчуудын олон үеийнхний хүсэл мөрөөдөл биелж, тэмцэл нь ялалтад хүрчээ.
Энэ үйл хэргийн оргил нь Жибзундамба хутагтыг Монгол Улсын шашин, төрийг хослон барьсан хаан ширээнд өргөмжлөн залах ёслол болж, олноо өргөгдсөн Монгол Улс байгуулсныг албан ёсоор дэлхий дахинаа тунхаглан зарласан түүхэн үйл явдал юм. Төрийн энэ их ёслол Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ний баасан гарагт Их хүрээнээ сүр жавхлантай, төгс төгөлдөр болсныг түүх шашдир болон тэр үеийн Монголд байсан гадаадын зочид, жуулчдын тэмдэглэл, дэлхий дахины сонин мэдээнд тодорхойлж тэмдэглэн үлдээжээ.
Үндэснийхээ эрх чөлөөг олж, өөртөө засах эрхтэй, сүслэн залбирах эзэн хаантай төр улсаа сэргээн тунхагласан энэ үйл явдал нь Монгол хүн бүрийн баяр бахархал, омогшил бишрэлийг төрүүлсэн байна. “Монголд газар сайгүй ...... их баяр ёслол болж байна”, “Олон Монголчууд Нийслэл хүрээний зүг харж мөргөн, цай сүүнийхээ дээжийг өргөн баярлаж байв” хэмээсэн түүх бичлэгийн төрлүүд үүнийг нотлоно. Шашин, төрийг хослон барьсан Богд хааны лүндэн зарлигаар Монгол Улсын Засгийн газрыг таван яамтайгаар байгуулж, тусгаар тогтнол, эрх чөлөөний хувьсгалыг ялуулахын төлөө идэвхтэй хүчин зүтгэгчдийг яамдын тэргүүн сайд, дэд сайд, түшмэлийн албан тушаалд томилж, зэрэг хэргэм олгож, ард олон, ахмад настнуудад хишиг хувь хүртээсэн байна.
Олноо өргөгдсөн Богд Хаант Монгол Улсын Засгийн газрын таван яам нь Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яам, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Сангийн хамаг хэрэг бүгд захиран шийтгэгч яам, Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам нэртэйгээр анхлан байгуулагджээ. Монголын шинэхэн түүхийн эхлэл болсон нэгэн зууны тэртээх энэхүү бахархалт үйл явдлыг үндэснийхээ ой санамжид нэхэн сэргээж, үеийн үед үл мартуулахын тулд туурга тусгаар Монгол Улсаа тунхаглан зарласан, төрийн тулгуур таван яам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг Монгол Улсын Засгийн газар энэ өдөр ёслон тэмдэглэж байна.
Эдгээр яамд нь шинээр Монгол Улсын төрийн албаны тогтолцоог бүрдүүлж, цаашид улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулах, эдийн засаг, аж ахуйг сэргээн босгох, соёл боловсролыг хөгжүүлэх бодлого үйл ажиллагааг эрхлэн явуулах анхны эхлэлийг тавьснаараа түүхэн гавъяатай, өргөн утга агуулгатай юм. Анхны таван яамд эхэн үедээ бараг ижил эрхтэй байсан тул сайд нар хоорондоо харьцах, улсын хэргийг уялдуулах шаардлагаар Богд хааны 1912 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн зарлиг гарчээ.
Уг зарлигт “Дотоод яам угаас тус улсын дотор тэргүүлэгч ахмад яам мөн. Гагцхүү манай улс гадаад лугаа найрамдахыг эрхэмлэн гадаадын хэргийг чухал болгох тул Гадаадын яамыг дэд болготугай. Бас улсыг хамгаалах үндэс цэрэгт буй тул Цэргийн яамыг гутгаарт болготугай. Сангийн яамыг дөтгөөрт болго. Шүүн таслах яамыг тавдугаарт болгон харилцан бичиглэхэд зэрэг дэвийг үзэж дээдэх яам доош бичихүй дор илгээв хэмээн бичиж, доорхи яам дээш бичихэд өргөн хэмээн бичиж, үүрд дагаж явагтүн” хэмээн тогтоожээ.
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын шууд үргэлжлэл болсон 1921 оны Ардын хувьсгал өөрчлөн байгуулалтын үр дагавар юм. 1990 оны ардчилсан өөрчлөлт нь улс төр, эдийн засаг, нийгмийн шинэчлэл хийж, төрийн захиргааны өөрчлөлтийг явуулж байсан ч анхны таван яамны чиг үүрэг, зохион байгуулалтын бүтэц уламжлагдан өнөөг хүртэл хадгалагдаж, орчин үеийн бодлогын яамд болон шинэчлэгдэж ирсэн. Монгол Улс сүүлийн 100 жилийн хөгжлийн түүхэндээ Засгийн газрын бодлого, хэрэгжүүлэх зорилтоос хамааран 5-аас 20 гаруй яамтай ажиллаж ирсэн. Харин 2008 онд байгуулагдсан өнөөгийн хамтарсан Засгийн газар 11 яамтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Сэргэн мандсан шинэ Монгол Улсын сүүлийн 100 жилийн түүх бол үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын сэргэлт бэхжилт, улсын эдийн засаг, нийгэм соёл, их бүтээн байгуулалт, монгол хүний хөгжил дэвшлийн бахархам түүх болохыг хэзээ ч, хэн ч үгүйсгэх аргагүй ээ. Энэ зуунд бидний улс харь орны хараат, зах хязгаар муж байснаа тусгаар тогтносон, бүрэн эрхт улс шиг улс болж, төрт ёсоо сэргээн хөгжүүлж чадсан юм. Нэгэн зууны тэртээ үндэстний хувьд мөхөх сэхэхийн дэнсэн дээр байсан монголчууд бид эрх чөлөөнийхөө ачаар дахин сэргэж хүн амын тоо тав дахин өсч , эрүүлжиж боловсорсон, соёлжиж иргэншсэн, хөгжиж буй үндэстэн болж байна.
Дундад зууны мухар сүсэг, оюун санааны хоцрогдлыг даван туулж, бүх нийтээр бичиг үсэгтэй, орчин цагийн боловсрол, шинжлэх ухаан, урлаг, спорт, соёл мэдээллийг хөгжүүлэн, дэлхий дахинаа хөл нийлүүлэн алхах түвшинд хүрчээ. Нүүдлийн мал аж ахуйгаас хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай, аж үйлдвэр хослон хөгжиж байгаа, өмчийн олон хэвшил бүхий, эдийн засгийн түргэн өсөлттэй хөгжиж буй орон болж чадсан. Монгол Улс, монгол үндэстэн хөгжлийн ийм бахархам ололт амжилтад хүрэхэд үе үеийн Засгийн газар, тэр дундаа анхны таван яамны гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр нэн чухал болохыг зориуд тэмдэглэн хэлэхэд таатай байна.
“Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 399 дүгээр зарлигийн 2 дугаар зүйлд “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад шинэ цагийн Хууль зүй, дотоод хэргийн алба, Засгийн газрын ажлын алба /Шүүх яам, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам/, Батлан хамгаалах алба /Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам/, Санхүү, эдийн засгийн алба /Сангийн хамаг хэрэг бүгд захиран шийтгэгч яам/, Дипломат алба /Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яам/ байгууллагдсаны 100 жилийн ойг тус тус тэмдэглэх нь зүйтэй хэмээн үзсүгэй” гэсэн нь анхны таван яамны түүхэн үүргийг тодотгосон хэрэг юм.
Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамнаас эхтэй монголын шинэ цагийн дипломат албаны 100 жилийн түүхэн замнал нь бахархам амжилтаар дүүрэн. Дэлхийн хоёр удаагийн их дайн, их гүрнүүдийн интервенци, геополитикийн сөргөлдөөн, хоёр системийн хуваагдал, хүйтэн дайны түгшүүр, цөмийн зэвсгийн өрсөлдөөн бүхий аюул эрсдэл дүүрэн ХХ зуунд улсынхаа тусгаар тогтнолыг хөрш болон бусад улс орноор хүлээн зөвшөөрүүлэх, хүнд бэрх үүргээ нэр төртэй гүйцэтгэж, түүхэн гавъяа байгуулсан үе үеийн дипломатчид гадаад харилцааны албаныхандаа Монгол Улсын Засгийн газар баяр талархал дэвшүүлж байна.
Тэдний маань хагас зууны нөр их зүтгэлийн үр дүнд Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж, эдүгээ 157 улстай дипломат харилцаатай болж, тэдгээрийн ихэнхтэй нь худалдаа эдийн засгийн харилцаа тогтоож, бүс нутаг, тив дэлхийн хэмжээний олон улсын нэр хүнд бүхий 60 гаруй байгууллагын гишүүн болж, Монгол Улсын гадаад нэр хүнд дээшилж монгол төрийн алтан аргамж улам бөхлөгдсөөр байна. Эдүгээгийн гадаад харилцааны яам нь төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх, гадаад улстай гэрээ, хэлэлцээр байгуулах талаархи засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон талт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий чиг үүргийн яам юм.
Монгол Улсын гадаад харилцаа улам өргөжиж, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаанд манай улсын оролцоо ихээхэн нэмэгдэж буйтай холбогдон тус яамны гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны хамрах хүрээ тэлсээр байна. Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам буюу эдүгээгийн Сангийн яам нь улсынхаа эдийн засгийг хөгжүүлэх, сан хөрөнгийг аривжуулах, эдийн засаг, нийгэм, соёлын зорилтуудыг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, төсөв санхүүгийн удирдлагаар хангах үндсэн чиг үүргээ нэгэн зууны туршид нэр төртэй гүйцэтгэж ирсэнийг тэмдэглэхэд нэн таатай байна.
Энэ үйл хэрэгт оюун ухаан, сэтгэл зүтгэлээ зориулсан тус яамны үе үеийн удирдлага, алдар хүндтэй ахмадууд төрийн санхүү, эдийн засгийн албаны нийт албан хаагчиддаа ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Сангийн яам нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлж, түүнээс гаргасан шийдвэрийг биелүүлэх талаархи чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон өргөжлөө.
Үндэсний эдийн засгийн тэлэлт, хүний хөгжлийн зорилт, дэлхийн эдийн засгийн эрсдэлтэй холбогдоод ерөнхий чиг үүргийн энэ яаманд төсвийн сахилга, тогтвортой байдал, төлөвлөлтийн шинжлэх ухааны хандлага, эрсдлийн менежмент, хүний нөөцийн чадавхийн асуудал хэзээ хэзээнээс илүү чухлаар тавигдаж байна. Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны чиг үүрэг нь өнгөрсөн 100 жилд тухайн үеийн төрийн хэлбэр, зорилт, үйл ажиллагааны онцлог, түүхэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор нэлээдгүй хувьсан өөрчлөгдөж иржээ. Богд хаант Монгол Улсын үед “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль цаазын бичиг”-ийг боловсруулан батлуулж мөрдүүлэх зэргээр шүүх, эрх зүйн шинэтгэлийн шинжтэй чухал алхмуудыг хийсэн.
Ардын засгийн жилүүдэд шүүхийн шинэ тогтолцоог төлөвшүүлэх, хуулийг сахиулахад үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн. Шинэ үндсэн хуулийн дагуу шүүх эрх мэдэл, засаглалын гүйцэтгэх эрх мэдлээс тусгаар болсноор түүний чиг үүрэгт өөрчлөлт орж, нийгмийн дэг журмыг хангах төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны төв байгууллага болж өөрчлөн байгуулагдсан. Ерөнхий чиг үүргийн яам болох эдүгээгийн Хууль зүй, дотоод хэргийн яам нь хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх талаарх Засгийн газрын үйл ажиллагааг дагнан эрхэлсэн байгууллага юм.
Хүн ардынхаа амгалан тайван, аюулгүй байдал, нийгмийн шударга ёсыг сахиулахын төлөө бие хайргүй зүтгэж ирсэн шүүх, цагдаа, хууль сахиулах байгууллагын үе үеийн төлөөлөл төрийн тусгай албаныхандаа ойн баярын мэнд дэвшүүлж, итгэл сэтгэлийн эрч хүч, урам зориг, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам буюу өнөөгийн Батлан хамгаалах яам нь эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсынхаа хилийн халдашгүй дархан байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн үндсэн чиг үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн.
Богд хаант Монгол Улсын үед байнгын цэргийг бий болгож, Хужирбуланд цэргийн сургууль байгуулснаас эхлээд, ардын журамт цэргийн хороо ардын арми болтлоо өргөжин бэхэжсэн. Монголын шинэ цагийн цэрэг армийн салбараас ардын Хатанбаатар Магсаржав, манлай ван Дамдинсүрэн, их жанжин Д.Сүхбаатар нарын халуун эх орончид, маршил Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, жанжин Ж.Лхагвасүрэн зэрэг цэргийн нэрт удирдагчид төрөн гарсан.
Харийн түрэмгийллийн эсрэг тэмцэл, Халх гол, чөлөөлөх дайн, баруун хил, Байтаг богдын тулааны талбараас олон арван баатар, алдар гавъяат, эр зоригт дайчид тодорсон. Тусгаар тогтнол, эрх чөлөө, эх орон, ард түмнийхээ төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан өнөөдрийн аз жаргалыг бидэнд өгсөн хатан зоригт баатрууд, ахмад дайчдынхаа гавъяаг нь дурсан, гүн хүндэтгэлээ илэрхийлье. Монгол зэвсэгт хүчний өнөөдрийн бие бүрэлдэхүүн өмнөх үеийнхнийхээ эх оронч, баатарлаг уламжлалыг залгамжлан өвлөж, орчин үеийн цэргийн урлагийг чадамгай эзэмшиж, олон улсын энхийг сахиулах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа нь бахархалтай.
Монгол Улсынхаа нэрийг олон улс, дэлхий дахинаа өргөж яваа Г.Аззаяа, Самбуу-Ёндон нарыг эгнээнээсээ төрүүлсэн үе үеийн энхийг сахиулагчиддаа, бүх цэрэг дайчид, офицер, ахлагч, сонсогч, нартаа Батлан хамгаалах алба үүсэн байгуулагдсны 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газрын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. Анхны таван яамны нэг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны зарим чиг үүргийг одоо Засгийн газрын ажлын алба буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газар хариуцан гүйцэтгэж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны харилцан уялдааг зохицуулах удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллага төдийгүй Засгийн газрын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хүний нөөц болон нийтлэг үйлчилгээгээр хангаж ажилладаг Засгийн газрын удирдлагын зөвлөх байгууллага юм. Үе үеийн Засгийн газрын ажлын алба энэ чиг үүргээ нэр төртэй биелүүлж, Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг хангаж, зөвлөгөө үйлчилгээгээр дэмжлэг үзүүлж ирснийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэж, энэ танхимд уригдан ирсэн хүндэт зочид болон бүх ахмадууддаа, хэрэг эрхлэх газрын одоогийн бие бүрэлдэхүүнд Ерөнхий сайдын хувьд гүн талархлаа илэрхийлье.
Төрийн захиргааны байгууллагад үнэнч сэтгэлээсээ, үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг 33 жил удирдан ажилласан гавъяат хуульч Б.Бадарч агсны үлгэр дууриаллыг зориуд дурдан хэлье. Нийгмийн олон талт зорилтыг хэрэгжүүлж, Засгийн газрын манлайллыг хангаж ажиллахад ажлын албаны мэргэжлийн шуурхай үйлчилгээ, ажилтнуудын мэдлэг, туршлага, ур чадвар, ёс зүйн, хариуцлагын өндөр шаардлага хэзээ хэзээнээс илүү тавигдаж байгааг бас тэмдэглэе.
Эрхэм хатагтай, ноёд оо,
ХХ зууны монголын түүхийн содон үйл явдал Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргаж, ойг тэмдэглэх Үндэсний хороо байгуулан, тодорхой ажлуудыг төлөвлөн гүйцэтгэж ирлээ. Ойн тунхаглал, Монгол Улсын шинэ үеийн төрийн албаны түүхэнд холбогдох түүхийн дурсгал, соёлын өвийг сэргээн засварлах, хамгаалалтад авах, судалгаа шинжилгээ, урлаг, соёлын суурь бүтээлүүд туурвих, баримтат-уран сайхны кино бүтээх, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, симпозиум зохион байгуулах, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх зэрэг олон бүтээлч ажлуудыг яамдууд тус бүртээ санаачлан зохион байгуулж, түүхт тэгш ойгоо угтлаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын санаачилгаар Анхны 5 яамны хамтарсан нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, Засгийн газар, яамдаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилсан нь иргэдэд хүрсэн ажил хэрэгч арга хэмжээ болсон. Ийнхүү 100 жилийн ойд манай яам, газрууд 2011 онд төлөвлөсөн ажил, тулгамдсан зорилтоо шуурхай шийдвэрлэж, ажлын амжилт дүүрэн байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Мөн үндэсний эрх чөлөөний хувьсгал, төрийн яамдын үүсэн байгуулагдсаны их ойг угтаж, үндэсний түүх, соёлоо бахархан дээдэлж, дэлгэрүүлэн хөгжүүлж, сурталчлах талаар тодорхой санаачилга, зүтгэл гаргаж, бодитой хувь нэмрээ оруулсан иргэд, уран бүтээлчид, судлаач шинжээчид, иргэний нийгмийн байгууллагад Засгийн газрын өмнөөс гүн талархал илэрхийлье.
Эрхэм хатагтай, ноёд оо,
Хэдхэн хоногийн дараа 2012 он гарах гэж байна. Манай хамтарсан Засгийн газрын хувьд 2012 он бол үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлж дуусгах сүүлийн жил. Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бодлого, арга хэмжээний эцсийн үр дүнг баталгаажуулах, дутуу байгаа ажлыг гүйцээх, улс орныхоо цаашдын хөгжилд нөлөөлөх шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлнэ. Мөн манай Засгийн газраас хэрэгжүүлэхээр эхэлсэн шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрт тусгагдсан төмөр зам, орон сууц, өмнийн говийн хөгжлийн талаар төлөвлөсөн бүтээлч ажлуудыг амжилттай хэрэгжүүлэх гарааг эрчимжүүлэх болно.
Ирж буй 2012 он бол сонгуулийн жил ээ. УИХ сонгуулийн хуулийг саяхан шинэчлэн баталлаа. Засгийн газрын өмнө тулгамдсан зорилтуудыг сонгуулийн их ажлын нүргээнд дарагдуулахгүйгээр зохион байгуулах шаардлага, үүрэг хариуцлага Та бидэнд бий. Иймд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дутууг гүйцээх, бүтээн байгуулалтын ажлыг эрч хүчтэй явуулах үүрэг 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын удирдлага, ажилтнуудын манлайлал нэн чухал гэдгийг онцлон сануулья. Ялангуяа орон нутагт ажлыг эрчимжүүлж, иргэд сонгогчдын идэвхийг санаачлагыг бүтээлч ажилд чиглүүлэх нь бүх шатны Засаг даргын онцгой анхаарвал зохих асуудал мөн.
Хууль зүй, дотоод хэргийн алба, Засгийн газрын ажлын алба, Батлан хамгаалах алба, Санхүү, эдийн засгийн алба, Дипломат алба байгууллагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан үе үеийн ахмадууд, тэдний залгамж болон ажиллаж байгаа өнөөгийн удирдлага, нийт ажилтнууд, тэдгээрийн гэр бүлд аз жаргал, эрүүл энх, ажлын амжилт, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, дахин баярын мэнд дэвшүүлье.
Анхаарлаа хандуулсанд баярлалаа
2011 оны 12 дугаар сар 17
Төрийн ордны их танхим