Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2010 оны 12 сарын 29-ний өдөр Богд хааны ордон музейд “1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хийж энэхүү түүхт ойг тэмдэглэх ажлын нээлтийг хийж байлаа. Тэгвэл өнөөдөр бүтэн жилд хийсэн ажлаа тайлагнах хурлыг Үндэсний түүхийн музейд зохион байгууллаа. Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга М.Энхболд энэхүү тайлангийн хурлыг нээж үг хэлэхдээ “Өнөөдөр та бид Монгол төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан түүхт 100 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэн хүндэтгэл үзүүлж байна.
Одоогоос 100 жилийн тэртээ бидний өвөг дээдэс шашин үндэс, язгуур угсаа, газар нутгаа харь улсаас чөлөөлж, дэлхий нийтэд өөрийн тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, төрт ёсны уламжлалаа сэргээж, эрх чөлөөгөө олж авсан билээ гээд “Энэ түүхт ойг Монгол Улсын Засгийн газраас байгуулсан Үндэсний хороо 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг баяр ёслолын гэхээсээ илүү тухайн үеийн түүхэн бодит байдлыг олон нийтэд дэлгэрэнгүй сурталчлан таниулах, түүхийг шинэлэг байдлаар авч үзэх, үлдэцтэй оюуны бүтээл туурвихыг дэмжих, гадаад дахь монгол судлалыг өргөжүүлэх, түүхийн өргөн үе, олон сэдвийг хамарсан эрдэм шинжилгээний хурал, симпозиум зохион байгуулах, түүхт газруудаар залуу эрдэмтэд, түүх сонирхогчдыг аялуулах, архив, музейн сан хөмрөгт буй ховор түүхэн баримтыг дэлгэн үзүүлэх, дурсгалын марк бүтээх олон талд арга хэмжээнүүдийг зохион байгууллаа” гэж онцоллоо.
Тэрбээр мөн ой тэмдэглэх хүрээнд төлөвлөсөн ажилд Монголын төрийн болон төрийн бус олон байгууллагын ажилтан албан хаагчид чин сэтгэлээсээ хандаж, идэвх зүтгэл гаргаж өмнөө тавьсан зорилгоо биелүүлж чадсаныг тэмдэглэн, талархсанаа илэрхийлээд энэ удаагийн түүхэн тэмдэглэлт ой бол сургамж ухаарал, түүхээ үнэн зөвөөр нэхэн сэргээх боломж хэмээн үзэж, эрдэм судлал, оюуны бүтээлийг илтэд дэмжин ажилласан гэдгийг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН ХААЛТЫН ХУРАЛД ОЙ ТЭМДЭГЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.НЯМЖАВ ДАРААХ ИЛТГЭЛИЙГ ТАВИЛАА
Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд аа !
Эрдэмтэн судлаачид, хүндэт зочид төлөөлөгчид өө !
Бидний урилгыг хүлээн авч, түүхт их ойн хаалтын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм Та бүхэндээ 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын Үндэсний хорооны нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.
Тэртээ XIX зууны сүүлчээр Монгол Улсыг хоёр зууныг дамжин ноёрхсон Манж чин улсын төрийн бодлого нь гадаад, дотоод шалтгааны улмаас аажмаар хувьсаж, монгол дахь хятад худалдаачид, тариачид, цагаачдын талаар гаргасан хориг хязгаарлалтаа цуцлан улмаар 1880 онд тэднийг зохион байгуулалтай бөөнөөр оруулах албан ёсны шийдвэр гаргаж, энэхүү ажлыг эрхлэх товчоо байгуулснаар манай орныг шууд колончлох бодлого нь ил тод болж, энэ нь монгол үндэстэн газар нутаг, улс төр, эдийн засаг, соёлын хувьд бүр мөсөн мөхөж, их гүрэнд уусан устах бодит аюулыг бий болгосон нэн ээдрээтэй цаг үе байлаа.
Цаашид монгол үндэстэн орших эсэх нь эргэлзээтэй энэ үе нь Монголд Үндэсний эрх чөлөөний хувьсгал гарах урьдчилсан нөхцөл бүрэлдэхэд томоохон түлхэц үзүүлж, Монголын үндэсний ухамсар бүхий ноёд, лам нараас үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцлийг шинэ шатанд гарган Хаант Орос Улсын тусламжтайгаар туурга тусгаар Монгол Улсаа сэргээн байгуулахад хүргэжээ. Бидний өвөг дээдэс монголчууд эрх чөлөө газар нутгаа хариас хамгаалах, үндэс угсаа, шашин ахуйгаа аюулаас гаргах зорилгоор нэгдэн тэмцэж чадсан юм. Ингэж XX зууны эхэнд Монгол Улс Манжийн ноёрхлыг эцэс болгон,бүрэн эрхт Монголтөрөөсэргээн байгуулж, 1911 ондҮндэсний эрх чөлөөний хувьсгал хийсэн ньтөрт ёсны өнө эртний уламжлалбүхийМонголын ард түмний түүхийн онцгой хуудсын нэг бөгөөд залгамжхойч үе нь бахархан дурсах түүхтүйл явдал мөн.
1911оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, VIII Богд Жавзандамба хутагтыг шашин, төрийг хослон барьсан наран гэрэлт, түмэн наст богд эзэн хаанд өргөмжлөн хаан ширээнд нь ёслол төгөлдөр залж, түүнд төрийн тамга, далбааолгож, улмаар Богдын зарлигаар Дотоод, Гадаад, Цэрэг, Сан, Шүүх таван яам бүхий Засгийн газрыг байгуулсантүүхэн шийдвэр гаргаснаас хойш бүтэн 100 жил өнгөрч түүхт тэр өдөр ойрын өдрүүдэд тохиогоод байна.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын тусгаар тогтнолын буухиаг 1921 оны ардчилсан хувьсгалаар нөхцөлдөж, 1990 оны цагаан морин жилийн хувьсгал залгамжлан өртөөлж, эдүгээ НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, тусгаар тогтносон Монгол Улс оршин тогтнож байгаа нь тэрхүү гурван хувьсгалын анхдагч болсон 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалтын шууд үр дагавар, ач гавъяа билээ. Анхдагч хувьсгалын гол хөдөлгөгч хүчин Чингис хааны алтан ургын ноёд, язгууртнууд, шашин, соёлын нөлөө бүхий зүтгэлтнүүд байсан төдийгүй олон мянган ардын итгэл, сэтгэл, зүтгэл байсан гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулж Монгол Улсын тусгаар тогтнолыг даяар олноо тунхаглан зарласан түүхэн үйл явдлыг тохиолдууланМонгол Улсад Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөсний 100 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 399 дүгээр зарлиг 2008 онд гарсан билээ. Энэхүү зарлигыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 180 дугаар тогтоол гарч, ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороог Шадар сайд М.Энхболдоор ахлуулан байгуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг нийтээр тэмдэглэх “Баярын өдөр” болгон хуульчилсныг Та бүхэн мэдэх билээ. Иймд түүхт 100 жилийн ойг тэмдэглэх Засгийн газрын Үндэсний хороо маргааш болох “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын өдөр”-ийн өмнө өнгөрсөн нэг жилийн хугацаанд зохиосон ажлынхаа тайланг уг арга хэмжээг хамтран зохион байгуулсан байгууллага, хамт олонд илтгэж, ажлаа дүгнэх нь зүйтэй гэж үзэн өнөөдрийн ойн арга хэмжээний хаалтыг зохион байгуулж байна.
Ер нь энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороо Ерөнхийлөгч, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу ойд зориулсан арга хэмжээг баяр, ёслолын гэхээсээ шинжлэх ухааны болон архивын бодит баримтад түшиглэн тухайн үеийн түүхийг шинэлэг байдлаар авч үзэх, тэр үеийн зарим томоохон зүтгэлтнүүдийн талаар үнэн зөв мэдээлэл олон нийтэд өгөх, өнөө болон хойч үеийнхэнд үлдэцтэй оюуны суурь бүтээл туурвих, гадаад дахь монгол судлалыг өргөжүүлэх, тухайн үед хамаарах түүхийн өргөн сэдвийн хүрээнд үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, симпозиум зохион байгуулах, тухайн цаг үед холбогдох түүхт газруудаар залуу эрдэмтэн, судлаачдын сургалтад хамруулах, дурсгалт газруудтай танилцах, хүндэтгэл үзүүлэх аялал зохион байгуулах, баримтад болон уран сайхны цуврал кино, нэвтрүүлэг бүтээх, их дээд сургуулиудын дунд эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж шалгаруулах зэрэг олон хэлбэрийн бүтээлч ажлууд зохион байгуулсныг зориуд тэмдэглэж байна.
Засгийн газар Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн 30 орчим томоохон арга хэмжээний зардалд 690 сая төгрөг төсөвлөн зарцуулав. Үндэсний хороо оны эхэнд 100 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны төлөвлөгөөг календарчилсан хэлбэрт оруулж, тухайн арга хэмжээг хариуцан зохион байгуулах байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажилласан нь төлөвлөсөн ажлын хэрэгжилтэд сайн нөлөө үзүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Үндэсний хороо энэхүү ойд холбогдох асуудлыг Засгийн газрын хуралдаанд хоёр удаа оруулж, зохих шийдвэр гаргуулсны дээр Монгол Улсын Ерөнхийлөгчид ажлын явц, байдлын талаар танилцуулж үүрэг, чиглэл авч ажилласан болно. Түүнчлэн ойн бүх арга хэмжээг тухайн гүйцэтгэгч байгууллагатай талууд харилцан үүрэг, хариуцлага хүлээсэн “Гэрээ” байгуулж, эцсийн үр дүнг харгалзан санхүүжүүлэх зарчим мөрдөж ажиллаа.
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн түүхт ойн нээлтийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-ний өдөр Богд хааны ордон музейд эрдэмтэн, судлаачид хорооны гишүүд оролцсон “1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал хийж эхлүүлсэн бөгөөд энэ арга хэмжээнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Үндэсний хорооны дарга, Шадар сайд М.Энхболд нар оролцож үг хэлэв. Энэ үеэр Богд хааны ордон музей “Монголын тусгаар тогтнол” гэсэн тэр бүрий нийтэд хүрч байгаагүй ховор үзмэрүүдээр үзэсгэлэн гаргалаа.
Нэг. Ойн хүрээнд туурвисан эрдэм шинжилгээний ном, бүтээл.
Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хорооны төлөвлөгөөнд нийтдээ10 орчим ном, бүтээл туурвин гаргахаар тусгагдсан нь үндсэндээ бүрэн хэрэгжив. Тухайлбал,
Ойг тэмдэглэх Үндэсний хороо түүхч О.Батсайханы “1911 оны Үндэсний хувьсгал ба VIII Богд Жибзундамба” нэгэн сэдэвт зохиол, академич Ж.Болдбаатарын “Монголын 1911 оны Үндэсний хувьсгалын зүтгэлтнүүд” ном, “Монголын төр эрх зүйн түүхэн уламжлал” ном, “Монголын тусгаар тогтнол улс ба нийгэм” гэсэн хамтын бүтээл, “Сибирь ба Монгол”, “Орос-Монголын худалдааны хээрийн шинжилгээний тайлан” орчуулгын ном, “Монголын үндэсний хувьсгал” нэвтэрхий толь, Н.Хишигтийн “Монголын хувьсгал-1921 он”, нийтлэлч Б.Батбаяр буюу Баабарын ”Зуун жил-Зуун хүн” цомог, доктор Д.Батсүхийн “Тусгаар тогтнол” сэтгүүл зэрэг далайцтай шинэлэг бүтээлүүдийг тусгайлан захиалга өгч, санхүүжүүлэн дэмжиж нийтийн хүртээл болгон номонд дуртай монгол ард түмэндээ бэлэг болгон барилаа.
Дээрх зохиол бүтээлүүдээс түүхч Оохнойн Батсайханы “1911 оны Үндэсний хувьсгал ба VIII Богд Жибзундамба” нэгэн сэдэвт зохиол нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртсэнийг Та бүхэнд дуулгаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Төрийн соёрхол хүртсэн түүхч эрдэмтэн О.Батсайханд Үндэсний хорооны нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын нөр их ажилд өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна.
Хоёр. Ойн хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал
Түүхт их ойн хүрээнд гадаад, дотоодод хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд, нөлөө бүхий томоохон эрдэмтэд, залуу судлаачид болон эрдэм шинжилгээний ажилтан 200 орчим түүхчид оролцсон “Монголын сэргэлт ба Үндэсний эрх чөлөөний хувьсгал”, “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, төрийн сайд Г.Цэдэнсономын мэндэлсний 130 жил”, “Монголын тусгаар тогтнол ба шашны зүтгэлтнүүд”, “Нийслэл хүрээ”, “Монголын тусгаар тогтнол ба монголчууд” (гадаадын 14 орны 30 эрдэмтэд оролцсон) сэдэвт эрдэм шинжилгээний 5 удаагийн хурал амжилттай хийсэн бөгөөд тэдгээрт давхардсан тоогоор 120 гаруй сэдвээр илтгэл хэлэлцсэн нь чамлахааргүй чанарын болон тоон үзүүлэлт гэж үзэж байна.
Дээрх эрдэм шинжилгээний бага хурлуудыг ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороо, ШУА, түүхийн хүрээлэн, Архивын ерөнхий газар, Олон улсын монгол судлалын холбоо, МУИС, МУБИС, БХИС-иудын түүхийн тэнхимүүд, Богд хааны ордон, Монголын Үндэсний болон Цэргийн түүхийн музей, “Хоргын дөл” ХХК зэрэг олон байгууллагууд хамтран зохион байгуулсныг тэмдэглэхэд таатай байна.
Эдгээрээс хамарсан хүрээ, жин далайц, ач холбогдол, хүч хөрөнгө, цаг хугацаа, бэлтгэл зохион байгуулалт хамгийн их шаардсан хурал бол өнгөрөгч наймдугаар сарын 9-13-нд Улаанбаатар хотноо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулагдсан Олон улсын Монголч эрдэмтдийн X их хурал мөн. Үндэсний хороо Их хурлын үйл ажиллагаанд 410 сая төгрөг буюу нийт зардлынхаа гуравны хоёрыг зарцуулсан. Тус хурлын 5 дугаар салбар нь Монголын тусгаар тогтнол ба хувьсгал сэдэвтэй явагдаж олон судлаачид сонирхолтой хурал болж өндөрлөсөн юм.
Энэхүү Монголч эрдэмтдийн Их хуралд Австри, Азейрбайджан, Англи, АНУ, Балба, Герман, Голланди, Дани, Испиани, Итали, Казакстан, Канад, Монгол, Норвег, ОХУ, Польш, Солонгос, Тайвань, Турк, Унгар, Франц, Хятад, Чех, Швед, Швейцарь, Энэтхэг, Япон тэргүүтэй 30-аад орны 300 гаруй монголч эрдэмтэд 5 салбар хуралдаанд нийтдээ 352 илтгэл тавьсан бөгөөд энэ үеэр Ерөнхийлөгчийн зарлиг гарч, зарим гадаадын эрдэмтдийг төрийн дээд шагналаар шагнасан.
Энэ удаагийн ОУМЭ-ийн ээлжит X Их хурал нь Монголын гадаад харилцааны түүхэн уламжлал, ҮЭЧХ, тусгаар тогтнол, эрт, эдүгээгийн Монголын түүх, нийгэм, эдийн засаг, улс төр, хэл бичиг, утга зохиол, соёлын судалгаа зэрэг асуудлыг ихэд анхаарсны дээр Монголын төрийн уламжлалыг Их Монгол Улсаас өмнөх үеийн монгол, түрэг аймгуудын нүүдэлчин ард түмэнтэй салшгүй холбоотойг шинжлэх ухааны баримт, нотолгоонд тулгуурлан гаргаж ирсэнд түүхэн онцгой ач холбогдол нь оршино. Түүнчлэн өмнө нь Их хуралд оролцож байгаагүй 50 гаруй гадаадын монголч залуу эрдэмтэд илтгэл тавьсан нь нэрт монголч эрдэмтдийн шинэ халаа өсөн бойжиж байгааг харууллаа.
Гурав. Зохион байгуулсан үзэсгэлэн, дотоод, гадаад сурталчилгаа
Үндэсний хороо ойн жилийн хүрээнд гаргасан төлөвлөгөөний дагуу 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, түүнтэй холбоотой түүх, архивын ховор үзмэрүүд, гэрэл зураг зэрэг тэр бүрий урьд өмнө гарч байгаагүй үзмэрүүдийг ашиглан үе шаттай хэд хэдэн үзэсгэлэн зохион байгуулж, иргэд олон нийтийн хүртээл болголоо.
Жишээлбэл, Богд хааны ордон музей “Тусгаар тогтнол”, “Дэвжсэн төрийн дээл”, “Монгол төрийн хатан эрдэнэ-Эх дагина”, “Богд хааны сонин содон цуглуулгын зүйлс”, “Эрдэнэ зуу ба Богдууд”, “Эрх сүрийн бэлгэдэл-тамга”, “Үндэсний эрх чөлөөний хувьсгал-100”, “Богд хаан болон түүний шадрууд” сэдэвт найман удаагийн үзэсгэлэнд 400 ширхэг дахин давтагдашгүй сонин үзмэр, үзүүллэгийг гаргаж, сонирхсон эрдэмтэд, иргэд, олон нийтийн дунд хэлэлцүүлэг, ярилцлага тогтмол зохион байгуулж ирснийг зориуд сайшаан тэмдэглэж, Үндэсний хорооны даргын хувьд музейн хамт олонд талархал илэрхийлье.
Саяхан буюу энэ сарын 12-нд төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Үндэсний хорооны санхүүжилтээр Архивын ерөнхий газар, Үндэсний музей хамтран “Үндэсний эрх чөлөөний хувьсгал 100” сэдэвт Богд хаант Монгол Улсын үеийн төрийн бодлого, яамд, түүний тэргүүлэх зүтгэлтнүүдийн тухай үзмэрийг дэлгэн харуулсанд олон нийт ихээхэн талархалтай хандаж байна. Үндэсний хороо 12 дугаар 29-нд Төрийн ордонд 1911 оны ҮЭЧХ-тай холбоотой түүхэн болон ой тэмдэглэх нэг жилийн хугацаанд зохион байгуулсан ажлын талаар фото зургийн үзэсгэлэн гаргахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороо 100 жилийн ойн дотоод сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслэлүүд болох өдөр тутмын сонин, МҮОНРТ, арилжааны телевизүүдтэй гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж хийснийг онцлон тэмдэглэж байна. Тухайлбал, ТВ 25, ТВ 5, Монгол ТВ зэрэг арилжааны телевизүүд 100 жилийн ойд зориулан 40 гаруй удаагийн дагнасан нэвтрүүлгийг түүх судлаачдыг оролцуулан явуулсан. Түүнчлэн МҮОНРТ “Үндэсний хувьсгал 100” штрок явуулж, “Цагийн хүрд”-ээр түүхчидтэй хэд хэдэн удаагийн цуврал ярилцлагууд явууллаа. Өнгөрөгч зуны монголч эрдэмтдийн X их хурлын нэг салбар хуралдааныг дагнан 1911 оны ҮЭЧХ-ын ойд зориулан зохион байгуулж ММ агентлаг, UBS, TV-5, MN-25,SBN, NTV, Эх орон ТВтелевизээр сурвалжилж, сонин хэвлэлд өргөн сурталчилгаа хийсэнийг Та бүхэн мэднэ.
Өдрийн сонин, Монголын үнэн, Өнөөдөр, Соёмбо сонинууд болон ТҮ зоне, Монголия сэтгүүлд зэрэгт “Үндэсний хувьсгалын зүтгэлтнүүд”, “Элэг нэгтэн”, “Түүхийн жимээр”, “Мартах учиргүй гавъяа”, “Үндэсний хувьсгал-100” зэрэг тогтмол булан нээж, түүнийг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс эрхлэн явуулж 1911 оны түүхэн үйл явдлын талаар 70 гаруй хялбаршуулсан өгүүлэл, мэдээ материал нийтлүүлж олон нийтэд бодит үнэнийг хүргэхэд анхаарч ажиллаа.
Гадаад сурталчилгааг ГХЯ хариуцан Монгол Улсыг төлөөлөн тухайн оронд суугаа ДТГ-дад үүрэг, чиглэл өгч ажилласан. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг дагнан судалдаг түүхчид АНУ, Швед, ОХУ-д зохиогдсон олон улсын эрдэм шинжилгээний томоохон хуралд оролцож 10-аад илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.
МҮОНТ ШУА-ын Түүхийн хүрээлэн болон бусад судлаач мэргэжлийн багтай хамтран Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулж “XXзуун-100 жил” төсөл хэрэгжүүлэхэд Үндэсний хороо санхүүгийн зохих дэмжлэг үзүүлэв. Үүний үр дүнд “Сэрсэн зууны түүх” хоёр боть ном, 100 жилийн түүхийн 25 цуврал баримтат кино, “Богд хаан” уран сайхны кино, мөн түүхэн видео календарь бүтээгдэн номын худалдаанд гараад байна. Эдгээрийг бүтээхэд Улсын гэрэл зураг, дүрс дуу бичлэгийн төв архив, ҮТА, МҮОНТ-ийн Алтан сан хөмрөг, Үндэсний түүхийн музей, ТЕГ, Төв номын сан, Богд хаан, Чойжин лам, Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа эх хэрэглэгдэхүүнийг ашигласан байна.
Дөрөв. Анхны таван яам байгуулагдсаны ой тэмдэглэх хүрээнд.
Үндэсний хорооноос өгсөн зөвлөмжийн хүрээнд Үндэсний архивын газар, ШУА-ийн Түүхийн хүрээлэн өөрийн сан хөмрөгөө ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 399 дүгээр зарлигт заасан анхны 5 яамны үүсэл, хөгжлийн тоймыг эмхэтгэн ном болгон гаргаж гадаад, дотоодын судлаачид болон олон нийтэд хүргэв. Үүний зэрэгцээ Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Богд хааны зарлигаар анх үүсэн байгуулагдсан таван яамд тусгай төлөвлөгөө гаргаж, хамтдаа болон тус тусдаа цөөнгүй ажлыг бүтэн жилийн турш зохион байгууллаа.
Шинэ үеийн Монголын төрийн захиргааны төв байгууллагын анхны тулгын чулуу болсон 5 яамд түүхт ойгоо тэмдэглэх ажлын хүрээнд хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ Үндэсний эрх чөлөөний хувьсгал, байгууллагынхаа түүхэнд холбогдох түүх дурсгал, соёлын өвийг сэргээн засварлах, хамгаалалтанд авах, өөр өөрийн яам, хамт олны түүхийн ном, бүтээл туурвих, баримтат уран сайхны кино бүтээх, үзэсгэлэн гаргах, онол практикийн бага хурал хийх, анхны сайд, төрийн түшээдийн дурсгалын хөшөө босгох, хамтарсан сурталчилгааны нээлттэй өдөрлөг зохиох, спортын тэмцээн зохиох зэрэг олон бүтээлч ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн.
Тав. Ой тэмдэглэх хүрээнд гаргасан марк, бусад ажлын тухайд.
Үндэсний хороо санаачлан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн Логотой болсоны дээр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг мөнхжүүлэх зорилгын үүднээс түүний онцлогыг харуулсан үнэт цаас болох марк хэвлүүлэн гаргалаа.
Түүнчлэн Үндэсний хорооны санхүүжилт, өгсөн үүрэг чиглэлийн дагуу ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Нийгмийн шинжлэх ухааны залуу эрдэмтдийн холбоо хамтран энэ оны 7, 8 дугаар сард Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймаг, Эрдэнэт, Дархан хот гэсэн маршрутаар “Монголын тусгаар тогтнол 100” эрдэм шинжилгээ танин мэдэхүйн аялалыг зохион байгууллаа. Тэд нийтдээ 3000 гаруй км зам туулсан бөгөөд энэхүү аялалын тухай MN 25 суваг телевиз 5 удаагийн цуврал нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд үзүүлсэн байна.
Тус аялалд БСШУЯ, ШУА, Их, дээд сургуулиуд, МЗХ, МХГ, ЮНЕСКО-гийн Үндэсний комисс, Цөмийн энергийн газар, MN 25 суваг телевиз, хувийн хэвшлийн эмнэлэг зэрэг 20 гаруй байгууллагын 65 багш судлаач, сонирхогч иргэд оролцож, түүхийн дурсгалт газруудтай танилцан Үндэсний эрх чөлөөний хувьсгалд оролцогсодын амьдарч, ажиллаж байсан түүхийг өгүүлсэн ахмад эрдэмтэдийн 7 удаагийн лекц сонсож, санал бодлоо солилцсон байна.
100 жилийн ойн Үндэсний хороо монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхэн уламжлал, төр ёсны залгамж чанар, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн эх оронч үзлийг залуу хойч үед өвлөн залгамжлуулах, тэдний баатарлаг үйлсээр бахархах, үндэсний үзлийг төлөвшүүлэх үүднээс Их, дээд сургуулиудын оюутны дунд “1911 оны ҮЭЧХ ба Монголын тусгаар тогтнол” сэдэвт эссе бичлэгийн уралдаан зарлаж дүгнэлээ. 100 жилийн ойг тохиолдуулан Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч 31 агентлагын 600 гаруй тамирчид оролцсон “Тусгаар тогтнол 100“ тэмцээнийг анх удаа спортын 3 төрлөөр зохион явууллаа.
Тэмцээнд багийн дүнгээр ЦЕГ, ШШГЕГ, ОБЕГ-ын баг тамирчид эхний байр эзэлжээ. Цаашид энэ тэмцээнийг уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар оролцогч талууд тохиролцсон нь гол үр дүн байлаа. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монголын киноны урлагийн зарим уран бүтээлчид хувийн хөрөнгө хүчийг дайчлан “VIII Богд Жибзундамба” гэсэн уран сайхны кино хийсэнд Үндэсний хороо талархалтай байна.
Монголын Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Үндэсний хороо ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтэн нэг жилийн хугацаанд хийсэн ажлын тайланг илтгэхэд ийм байна. Үндэсний хорооны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын биелэлт 98 хувьтай байна. Төлөвлөгдсөн ажлаас Монгол банкны эрдэнэсийн санд байгаа Богд эзэн хааны тамгануудын (хаш, мөнгөн, алтан)хуулбарыг үйлдэн музейд залж, байнгын үзмэр болгох ажил холбогдох байгууллагуудын зөвшөөрөл авах шатанд байгаа цаашид үргэлжлүүлэн гүйцээх бүрэн боломж бий. Харин төлөвлөсөн ажлуудаас тасарсан ганцхан заалт байна. Энэ бол дурсгалын зоос гаргах ажил бөгөөд үүнийг Үндэсний хороо онцын ач холбогдолгүй гэж үзсэн. Үндэсний хорооноос төлөвлөсөн дээрх 30 ажил бүхэлдээ 190 орчим сая төгрөгт багтсан болно.Энэ нь бага мөнгөөр дорвитой олон ажлыг богино цаг хугацаанд гүйцэтгэж болдогийг илтгэнэ.
Маргааш буюу 12 дугаар сарын 29-нд Үндэсний хорооны санаачилгаар Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн чуулган болох бөгөөд энэ үеэр тус ойн түүхийн болон ой тэмдэглэх хүрээнд зохион байгуулсан ажлын фото үзэсгэлэн, “VIIIБогд Жибзундамба хаан” уран сайхны кино, ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдна.
Засгийн газраас байгуулагдсан Үндэсний хороо 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг тодорхой бодлого, зорилго, чиглэлийн хүрээнд Та бүхний идэвхтэй оролцоо, дэмжлэгт тулгуурлан улс орон даяар бүтэн жилийн турш амжилттай зохион байгуулсан гэж үзэж байна. Энэхүү нөр их ажлыг зохион байгуулахад Төрийн анхны таван яам, ШУА, Түүхийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Архивын ерөнхий газар, Өдрийн сонин, Өнөөдөр болон Монголын үнэн зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд, МҮОНРТ, ТВ 25, ТВ 5 зэрэг телевиз, Үндэсний болон Богд хааны ордон музей, Биеийн тамир, спортын газар, МУИС, Монгол улсын Боловсролын Их сургууль, БХИС-ууд түүний харъяа эрдэм шинжилгээний байгууллагуудад Үндэсний хороо талархаж байгаагаа илэрхийлье.
Ингээд эрхэм эрдэмтэн мэргэд, зочид Та бүхний цаашдын ажилд амжилт хүсэж, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын баярын мэнд хүргэе.
Монгол Улсын тусгаар тогтнол үүрд мөнх орших болтугай.