Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байр бий болгон иргэдээ байнгын ажилтай, орлоготой байлгахад түлхүү анхаарсан. Зорилтод жилийн ажлын дүнд 72 мянган иргэн байнгын ажлын байртай болсон. Аливаа өрх гэр ажилтай, орлоготой гэмээ нь амьдарсан шиг амьдарна. Тиймээс ч Ерөнхий сайд С.Батболд шинэ гарч буй 2012 оныг өрх, гэр бүлийг дэмжих жил болгож энэ зорилтын хүрээнд бага орлоготой өрх, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихэд онцгой анхаарна гэж хэлсэн. Тэрбээр шинэ оны ажлын анхны өдрөө хөдөө орон нутагт очиж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид, иргэдийн санаа бодлыг дунд нь орж сонссоноор эхэлсэн.
Засгийн газрын тэргүүн С.Батболд өнгөрсөн мягмар гаригт буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр Ерөнхий сайд болон МАН-ын даргын хувиар “Хархорин”, “Нарантуул” зэрэг худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг худалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийхдээ ч мөн зорилтод жилийн талаар танилцуулж, тэдний байр суурийг сонссон. Энэ бүхний баталгаа болж нэгдүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жилээр зарлаж ”Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталсан юм.
Мөн Засгийн газрын шинэ оны анхны тогтоолоор “Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэйгээр байгуулан ажиллаж эхлээд байгаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд даргалж байгаа бөгөөд тэрбээр өнөөдөр анхны хуралдаанаа Төрийн ордонд хийлгэлээ.
Өрхийг өөрсдийнх нь оролцоо, санаачилгад тулгуурлан боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний зэрэг багц үйлчилгээгээр дэмжиж өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллахад үйл ажиллагаагаа чиглүүлэх учиртай. Энэ хүрээнд өрхийг дэмжих, ялангуяа бага орлоготой иргэдийнхээ амьжиргааг дундаж хэмжээнд хүргэх, амьжиргаагаа дээшлүүлэх талаар санаачилгатай ажиллаж байгаа өрхийг урамшуулах бодлого хэрэгжүүлнэ гэдгээ Үндэсний хорооны дарга С.Батболд хуралдааны үеэр хэллээ.
Ингэхдээ дан ганц санхүүгийн дэмжлэг үзүүлэх бус хөдөлмөрийн чадвартай гишүүдийг нь байнгын ажлын байраар хангаж, амьжиргааны эх үүсвэртэй болгох нь чухал. Зорилтод жилийн үйл ажиллагааны гол цөм нь иргэдийн идэвх санаачилгатай ажиллах, амьжиргаагаа өөд нь татах амьдралын арга хэлбэрийг илүүтэй урамшуулахад түлхүү анхаарах зарчим байх болно гээд эзэн хичээвэл заяа хичээнэ хэмээн Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Эндээс залхуурлыг арилгах, амьдрах арга ухаанаа олоход ашиг тустай олон арга хэлбэрийг олж харна гэдгийг ч тэрбээр тодотгоод өрх, иргэдийн аж амьдралд бодитой, нааштай үр дүн, ахиц гаргахыг шат шатандаа зорьж, хүн хүч, төсөв хөрөнгийг дайчлан ажиллахыг чухалчиллаа.
Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлыг зохион байгуулахтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын гишүүд болон аймаг нийслэлийн Засагт дарга нарт албан даалгавар хүргүүлж, тодорхой үүрэг даалгавар өглөө. Өнгөрсөн жил орон нутгийн удирдлагуудын ажлыг дүгнэх гол үзүүлэлт нь хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжив, хэчнээн хүн ажлын байртай болов гэдгээр хэмжигдэж байсан бол энэ жил өрх, иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэгдсэн арга хэмжээ, үр дүнгээр үнэлэх болно. Манай улсын 742 мянган өрх, түүний дотор нийгмийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгаа өрхүүдийн амьдрал ахуйд бодитой өөрчлөлт, ахиц гаргахад Үндэсний хорооны нийт гишүүдийн хүчин чармайлт, хамтын ажиллагаа чиглэгдэх учиртай гэдгийг Засгийн газрын тэргүүн С.Батболд үндэсний хорооныхоо гишүүдэд онцлон хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.