Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
“НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.02.29 /

~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ ~

Засгийн газрын хуралдаанаар “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний дөрөвдэх хөтөлбөрийг  хэлэлцэн баталлаа. Гуравдахь хөтөлбөр 2007-2011 онд хэрэгжсэн бөгөөд хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэнд сайжирч манай улс эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэрэгтэй орны түвшид оржээ.

Хэдийгээр эх, нярайн эндэгдэл буурч байгаа ч эндэгдлийн түвшин хот, хөдөөд болон баян, ядуу хүмүүсийн хувьд ихээхэн ялгаатай байна. Шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны бүртгэлийн завсардалт, хүн амын хэт төвлөрөл, нэгдсэн мэдээлэл, бүртгэлийн тогтолцоо бүрдээгүй,  хүн амын өсөлт, ядуурал, уул уурхайн салбарын хөгжил, хувь хүмүүс байгалийн баялгийг хараа хяналтгүй олборлох болсон зэргээс нийгмийн нэн эмзэг бүлгийн иргэд нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна.

Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 46 хувь нь эрхтэн тогтолцооны ямар нэг суурь өвчтэй байгаа нь  жирэмсний болон төрөхийн хүндрэл үүсэх эрсдлийг ч нэмэгдүүлж байгаа нь тогтоогджээ. Түүнчлэн өсвөр үеийнхэнд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох ажил ч хангалтгүй байна. Жирэмсэн, төрөх, төрсний дараах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг төрөөс бүрэн хариуцаж байгаа боловч  иргэний бүртгэлгүй, түр оршин суугчид, эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, өсвөр үе, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүн амын цөөнх нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээнд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа зэргээс үүдэн хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

ЗАСГИЙН ГАЗАР ӨНГӨРСӨН САРД 6 УДАА ХУРАЛДЖЭЭ

Засгийн газрын нэгдүгээр сард 6 удаа хуралдаж, 32 асуудал хэлэлцэн, 15 асуудалтай танилцсан байна. 3 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 2 асуудлыг хууль санаачлагчдад уламжлахаар, 1 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэжээ. Өнгөрсөн сард Засгийн газар улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 300 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гарган арилжаалахаар УИХ-д асуудлыг өргөн мэдүүлсэн байна.

Түүнчлэн төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ. Мөн 2012 оныг ”Өрхийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласан гээд томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2011 оны 12 дугаар сарын гүйцэтгэлээр 4.159.6 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 118 тэрбумаар буюу 2.9 хувиар давжээ. Энэ нь 2010 оны мөн үеийнхээс 1.037.1 тэрбум төгрөгөөр буюу 33 хувиар өссөн гэсэн үг юм.

ТОВЧ МЭДЭЭ

  • УИХ-ын гишүүн Я.Батсуурийн санаачлан боловсруулсан “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар боллоо. Гишүүн Я.Батсуурь төрийн өмчийг нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах арга, хэлбэрийг өөрчилж, ил тод, нээлттэй, шударгаар гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хэн боловч хувьчлалд хамрагдах боломжтойгоор зохион байгуулах арга хэрэглэх цаг болсон гэж үзэн төсөл боловсруулсан байна. 
  • Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
  • “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнтэй танилцаад УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хяналт, шинжилгээ, үнэлгээг Хүний эрхийг хангах үндэсний механизмыг бэхжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилт,  хүний хувийн болон улс төрийн эрх, эрх чөлөө, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хэрэгжилт зэрэг төрлөөр хийсэн байна. 
  • “Ус ба ойн тогтвортой менежмент” сэдэвт Ази, Европын уулзалтын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний уулзалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. Манай улс энэ хурлаар Ус ба ойн менежментийн асуудлаар Засгийн газраас баримталж байгаа бодлого, байр суурийг сурталчлан таниулах, Зүүн хойд Азийн Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санаачилгаа урагшлуулах, энэ чиглэлээр бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ боломжийг нээж өгөхөд анхаарч байна.
  • Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын 2012 оны 01 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг сайшааж, айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг сайдад  даалгав.
  • Чойр-Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн 432 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 100 км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163 км болон бусад чиглэлд хатуу хучилттай зам тавих, “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орон сууц барих, хийн түлшний үйлдвэр байгуулах зэрэгт гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах нь зүйтэй гэж үзсэн байна.  
  • Монгол цэргийн гарамгай зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, Б.Цог нарын мэндэлсний 100 жилийн ойг гуравдугаар сард тэмдэглэхээр болов. Ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, арга хэмжээний төлөвлөгөөг баталж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярт даалгав.
  • “Бурхан багшийн шүд”-ийг Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулав. Бурханы Их эрдэнийн шүтээнийг нарийвчлан судлах, залах, хадгалж хамгаалах, олон нийтийн хүртээл болгон сурталчлах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Энэ шүд нь МЭӨ 624-544 онд хамаарах бөгөөд ясан суурьтай, цайвар шаргал өнгийн соёо хэлбэртэй юм. Бурхан багшийг тэнгэрт хальсны дараа чандарлах үед үлдсэн хэсгүүдийг найм хуваан авч тахин шүтэж ирсэн гэдэг түүхтэй. Одоогоор Бурхан багшийн эрдэнийн шүтээн нь Шри Ланка, Тайланд, БНХАУ зэрэг оронд хадгалагдаж байна.


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Дархан хот үйлдвэрлэлийн хөгжлийн загвар хот болно гэдгийг Ерөнхий сайд С.Батболд зарлалаа
МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ САЛБАРУУДЫН БҮРЭН МЭДЭЭЛЭЛ ГАРЧЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛБАНААС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА
ЕРӨНХИЙ САЙД ХОНГОР СУМЫН МАЛЧНЫД ЗОЧИЛЛОО
БНАЛАУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
САНАСАН БОДСОН БҮХЭН ЁСЧЛОН БИЕЛЭХИЙН ӨЛЗИЙТЭЙ ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан