Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Эдийн засгийн өсөлтийг ард түмэндээ хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.03.05 /

- Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2012 оны Эдийн засгийн чуулга уулзалтад хэлсэн үг -

Монголын эдийн засгийн чуулга уулзалтын хүндэт оролцогчид оо,

Эрхэм зочид төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Та бүхэндээ хаврын тэргүүн сарын өлзий билэгтэй энэ өдрийн мэндийг хүргэж, улс орныхоо хөгжлийн төлөө үзэл бодол байр сууриа илэрхийлэхээр хуран цугларсанд Засгийн газрын тэргүүний хувьд талархал илэрхийлье. Өнөөдөр хаврын урь орж, ирж яваа цагийн шинж дохио тодорч, эдийн засгийн хөгжилд ханш нээгдэж буй цагт Та бид хуран цугларч, хөгжил дэвшлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ өнгөрсөн жилийн чуулганаас гарсан зөвлөмж, санал санаачилгын хэрэгжилтийг дүгнэн ярилцах гэж байгаа нь билэгшээлтэй юм.  

Монгол Улсын эдийн засгийн чуулга уулзалт сэдэвт энэхүү хэлэлцүүлэг, санаачилгын арга хэмжээг Та бид хамтдаа 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Бид өнгөрсөн жилд Эдийн засгийн чуулга уулзалтаа “ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, Дэд бүтэц, Засаглал зэрэг тулгамдсан асуудлын хүрээнд эрдэмтэн мэргэд, улс төрчид,  бизнес эрхлэгчид, иргэний нийгмийнхэн, гадаадын түншүүдтэйгээ хамтран нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж олон чухал санаачилгыг дэвшүүлж, шийдвэрүүдийг гаргасан. Харин бид өнөөдөрЭдийн засгийн хөгжил: Хүртээмжтэй өсөлт, Нийгмийн бодлого: Тэнцвэртэй өсөлт, Өрсөлдөх чадвар: Инноваци ба Ногоон өсөлтсэдвийн хүрээнд 11 салбар хуралдаан, хоёр тусгай хэлэлцүүлгийг өрнүүлэх гэж байна.

Өнгөрсөн жилийн чуулга уулзалтаар хэлэлцсэн асуудлуудаар зарим нааштай хандлага гарлаа. Төсвийн шинэ хуультай болж, төсвийн төвлөрлийг сааруулж, 20 жилээр хөгжлөө төсөөлж, тооцдог тогтолцоог хэвшүүлэх алхмууд хийгдэж эхэлж байна. Мөн засгийн газар дунд хугацааны тэргүүлэх чиглэлийн хөгжлийн бодлогын төслийг бэлтгэж, хөгжлийн бодлогыг хуулиар баталдаг системтэй болох гэж байна. Засаглалыг сайжруулах хүрээнд иргэний цахим үнэмлэхийг бэлтгэх, хүн амын тооллого, бүртгэлийг сайжруулах, сонгуульд иргэд саналаа цахим технологиор өгдөг тогтолцоонд шилжих бодлогыг баримталж байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Vцахилгаан станцын төслийг бэлтгэж, Могойн голын станцын ажлыг эхлүүллээ. Өмнийн говийн бүс нутагт 300 км засмал замыг тавьсан нь дээрх түншлэлийн үр дүн болсон томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг юм. Инновацийн хуулийн төслийг Их Хурал хэлэлцээд батлахад бэлэн боллоо. Уул уурхай, ноос, ноолуур, мах, арьс ширний кластерийн үйлвэржилтийн хөгжлийн бодлогыг хэлэлцэж гадаад дотоодын санхүүжилтээр хөдөө орон нутагт мах, сүү, хүнсний олон үйлдвэр байгуулах суурийг тавьсан.  

Ногоон эдийн засгийн хүрээнд 100 мянган айлыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах ажил дуусах шатандаа орж, шинээр 50 мвт-ын чадалтай орчин үеийн технологи бүхий салхин паркийг энэ жил ашиглалтад оруулна. Хүний хөгжлийн бодлогын хүрээнд мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд ихээхэн анхаарч ирлээ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн системийг үндсэндээ цоо шинээр сэргээн хөгжүүлж, ур чадвартай олон мянган залуучуудыг бэлтгэж аж амьдралыг нь дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах чиглэл рүү явж байна. Үүнээс гадна чуулганаар хэлэлцэгдээд бэлтгэл ажил нь ундарч байгаа бусад олон ажлууд бий. 

Энэ жилийн чуулга уулзалтыг ач холбогдолтой, хариуцлагатай, үр дүнтэй болно гэж зохион байгуулагчдын зүгээс хүсэн хүлээж байгаа билээ. Учир нь Та бид хамтдаа өнгөрсөн хугацаанд эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн ахиц дэвшлийг бий болгож чадсан, ирэх жилүүдэд үүнээс илүүг бүтээж, эдийн засгийнхаа өсөлтийг ард түмэндээ хүргэх зорилтоо хэрэгжүүлнэ. Эдийн засгийн чуулга уулзалт нь тодорхой тулгамдсан асуудлаар зөвшилцөж, иргэдийнхээ санал бодолд тулгуурлаж, улс орны хөгжлийг бодлого, төлөвлөгөөтэйгээр хөгжүүлэх, учирч болзошгүй эрсдлийг урьдчилан тооцоолж, түүний сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн томоохон арга хэмжээ юм. 

Өнгөрсөн 2 удаагийн чуулга уулзалтын үр дүнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудаа түшиглэн эдийн засгийн эрчимтэй өсөлт, хөгжлийг бий болгохоор Та бид хамтдаа хичээж, ажиллаж ирснийг энд зориуд тэмдэглэе. Үр дүнд нь 2011 онд манай улсын эдийн засаг 17.3 хувиар өслөө.  Энэ бол дэлхийд нэлээд өндөр өсөлттэйд тооцогдож байна. Цаашид ч үүнээс дутуугүй өндөр өсөх тооцоо, төсөөлөл гарч байна. Тэгвэл Та бид нэг талаас энэхүү эдийн засгийн өсөлтийг бодит хөгжил болгож, түүний үр шимийг Монгол Улсын иргэн бүрт хүргэх, иргэдийн оролцоог тэгш хангах асуудлыг энэ удаагийн чуулга уулзалтаар төвлөрч ярилцах болно.

Эдийн засгийн өсөлтөөс дутахааргүй нэг чухал асуудал бол хөгжлийн хөдөлгүүрийн хүчийг алдагдуулалгүй, найдвартай ажиллах санхүүгийн салбар юм. Тиймээс санхүүгийн салбарыг хэрхэн хөгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрэн хангах аргачлал, манай улсын санхүүгийн салбарын ойрын жилүүдийн хэрэгцээ, шаардлагын талаар дэлгэрэнгүй ярилцах нь зүйтэй. Өнөөдрийн энэхүү хуралдаанаар эрдэмтэн, судлаач, бодлого тодорхойлогчид, салбарын мэргэжилтнүүд, гадаад түншүүд Та бүхэн эдийн засгийн өсөлтийг хангах санхүүгийн салбарын чадавхийг бүрдүүлэх, бэхжүүлэх асуудлаар үнэтэй санал зөвлөмж өгнө гэдэгт итгэж байна.

Санхүүгийн салбарын хүрээнд бидний анхаарлаа хандуулах хэд хэдэн асуудал бий. Их хэмжээний экспортын орлого манай эдийн засагт орж ирэхэд эрсдлээс урьдчилан сэргийлэх даатгалын салбар ихээхэн үүрэг гүйцэтгэх учиртай. Иргэдэд найдвартай, түргэн шуурхай үйлчилгээг хүргэж байх арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод бизнесээ өргөжүүлэхэд туслах зорилготой. Энэ бүх санхүү даатгалын салбарт бодлогын ямар дэмжлэг хэрэгтэй байгааг тогтож ярилцацгаая.

Бид дээрх салбар бүрийн хувьд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл бий болгох замаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх, тогтолцоог олон улсын жишиг стандартад нийцэх эрх зүйн орчинг бий болгох, төр засгийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх арга замыг тодорхойлох шаардлага байна.

Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн эхэн үе буюу 1990-ээд онд манай улсын хүн амын бүтцэд хөдөлмөрийн насны хүн ам цөөн буюу дийлэнх нь өсвөр насныхан байсан. Харин өнөөдөр залуу насны бүтэцээс идэрших бүтэц рүү шилжлээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн насны хүн ам 2005-2008 онд жилд дунджаар 22.8 мянгаар нэмэгдэж байсан бол 2010 онд даруй 159 мянгаар нэмэгдсэн. Энэ нь хүн амын өсөлтөөс түрүүлж, хөдөлмөрийн насны хүн амын эрчимтэй өсөлт сүүлийн 50 гаруй жилд хамгийн өндөр түвшинд хүрээд байна гэсэн үг юм.

Эдийн засаг эрчимтэй өсөхийн хэрээр ажлын байр нэмэгдсээр байгаа боловч ажилгүйдэл, ядуурал өндөр хувьтай байсаар байна. Энэ нь манай улсын нийт хүн амд эзлэх хөдөлмөрийн насны хүн ам хамгийн өндөр түвшиндээ хүрээд байгаатай бас холбоотой юм. Гэвч  бид эдийн засгийн өсөлтдөө тулгуурлан ядуурлыг арилгах, ажлын байраар хангах бодлого зорилтоо хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ хүнийг хөгжүүлэх, эрүүл байлгах, амьдрах аюулгүй орчинг бий болгоход ч онцгойлон анхаарна.

Улс орны хувьд төдийгүй иргэн болгон хуримтлалтай болох нь нэн чухал болж байгаа юм. Түүнийг бий болгодог даатгал, хуримтлалын тогтолцоог боловсронгуй болгож, хүний хөгжилтэй холбоход, гадаадын тэргүүн туршлага хэрэгтэй. Тухайлбал, Сингапур улсад иргэн болгон өөрийн нийгмийн даатгалын дансанд зайлшгүй хуримтлал үүсгэдэг. Энэхүү хуримтлалд зах зээлийн үнээс доогуургүй хүү авч, хэрэгцээтэй үедээ боловсрол, эрүүл мэнд, орон сууц худалдаж авах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлдэг. Энэ тогтолцооны зарим зарчим, ололттой талуудыг манайд нэвтрүүлэх нь иргэдийн өөрсдийн санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хуримтлалыг үүсгэж, цаашид уул уурхайн орлоготой холбоход чухал гэж үзэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сангууд, ер нь энэ салбар бүхэлдээ хөгжихөд засаглалыг сайжруулах, ил тод байдал, итгэлийг эрхэмлэн ажиллах хэрэгтэй.

Засаглалын хувьд улс орны хөгжлийн үндсэн нөхцөл нь сайн засаглал мөн. Иймээс чуулганы үеэр засаглалыг үндэсний хэмжээнд сайжруулах, боловсронгүй болгох талаар хэлэлцүүлгийг зохион байгуулах болно. Үүнд засаглалыг сайжруулах, шийдвэр гаргах механизмыг шинжлэх ухаанч, стратегид тулгуурласан, ил тод тунгалаг, авилгаас ангид байлгах нь манай цаашдын хөгжлийн суурь гэж үзэж байна.

Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж экспортын хэмжээ нэмэгдсээр байгаа хэдий ч экспортын бүтээгдэхүүний дийлэнх нь өндөр технологийг шингээсэн бүтээгдэхүүн биш байна. Стратегийн гол бүтээгдэхүүн болох хүнсний зарим бүтээгдэхүүний тодорхой хувийг, газрын тосны дийлэнхийг гадаад улс орноос импортлон улсынхаа хэрэгцээг хангаж буй эрсдэлт байдлаас бид гарахын төлөө ажиллах ёстой. Тиймээс эдийн засгийнхаа аюулгүй байдлыг хангахын тулд нүүрснээс газрын тосны бүтээгдэхүүн гарган авах үйлдвэрийг барьж байгуулахыг нийтээрээ дэмжиж ажил болгоцгооё. Мөн  эрдэс баялгийг байгаль орчинд халгүй, хариуцлагатай уул уурхайн зарчмаар ашиглах, орлогын хувиарлалт удирдлагыг зохистой болгох асуудалд анхаарч, эдийн засгийг олон тулгуурт болгох нь бидний гол зорилт байх болно.

Энэ талаар ч манай Засгийн газар анхааран ажиллаж байна. Байгалийн баялаг, түүхий эдийн нөөцөд суурилан орчин үеийн дэвшилтэт техник, технологийн ололтыг нэвтрүүлсэн дотоодын эрэлт хэрэгцээг хангаж чадах, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлдвэрлэл бий болгох, өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх нь манай тулгамдсан асуудал мөн. Энэ зорилгоор “Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг  Засгийн газар өнгөрсөн онд баталсан.

Эрдэс баялгийн орлогыг хүний хөгжилд зориулах асуудлыг эдийн засаг, нийгмийн салбарын бүхий л хүрээний харилцан уялдаа холбоог нь ойлгож, судалгаа, төлөвлөлт дүн шинжилгээнд тулгуурлан шийдвэрлэх ёстой.  Учир нь одоогоор манай улсын хүн амын бүтцэд залуучууд дийлэнхийг эзэлж байгаа. Харин нэлээд хугацааны дараа ахмадууд дийлэнх хувийг эзлэх магадлал өндөр байгаа учир одооноос тэтгэврийн зөв тогтолцоог бүрдүүлэх шаардлагыг бидэнд бий болгож байна. Энэ мэт урт хугацааны төлөвлөлтийн асуудлыг ч өнөөдрөөс ярьж, суурийг нь зөв тавих учиртай.

Чуулганы эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Та бүхнийг эдийн засгийнхаа чуулга уулзалтад идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулж, үзэл бодлоо илэрхийлж, хөгжлийн хөшүүрэг болсон олон чухал санал, санаачилга гаргана гэдэгт итгэж байна. Эдийн засгийн энэ чуулганаар хэлэлцсэн асуудлууд гарсан санал зөвлөмжийг манай Засгийн газар хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Мөн цаашдын үйл ажиллагаа, бодлого хөтөлбөртөө ч тусган хэрэгжүүлэх талаар чармайлт гарган ажиллах болно. Сайхан монгол орныхоо хөгжлийг эзний ёсоор харж, тодорхойлцгооё. Иргэн бүрийг ирээдүйдээ итгэлтэй амьдардаг болгохын төлөө хичээл зүтгэл гаргаж буй Та бүхнийхээ ажил үйлсэд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

2012.03.05. Төрийн ордон



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
С.Батболд: Инээж буй энэ хүүхдүүд Монголын хөгжлийн ирээдүй
Эдийн засгийн өсөлтийг ногоон эдийн засагжуулж, мэдлэгт суурилсан болгох вэ гэдгийг ярилцаж байна
Аргачлалаа зөв гаргаж байж гэмээнэ улс орон хөгждөг учраас бид энэ чиглэлийг зорилгоо болгоно
ЕРӨНХИЙ САЙД СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЛАА
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛБАНААС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА
МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ САЛБАРУУДЫН БҮРЭН МЭДЭЭЛЭЛ ГАРЧЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан