Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
С.Батболд: Ардчиллыг дэмжих Монголын итгэмжлэгдсэн сан байгуулах санаачилгыг дэвшүүлж байна
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.03.09 /

~ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих талаарх төрийн үзэл баримтлал” үндэсний чуулганд хэлсэн үг ~

“Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих талаарх төрийн үзэл баримтлал”үндэсний чуулганы эрхэм хүндэт оролцогчид оо,

Олон улсын байгууллагын төлөөлөгчид өө,

Хатагтай ноёд оо,

“Баясгалант” хэмээх хүчит луу жилийн тэргүүн сард хуран чуулж, уулзан золгож буй иргэний нийгмийн төлөөлөл Та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье. Засгийн газрын зүгээс иргэний нийгмийн төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийдэг уламжлал 3 дахь жилдээ үргэлжилж байна. Энэ удаагийн уулзалтад оролцогчдын хүрээг өргөтгөж, үзэл бодол, итгэл үнэмшил, зорилго, чиглэлийн олон төрөл бүхий иргэний нийгмийн байгууллагууд, нийгмийн бүлгүүдийн болон хувь иргэдийн төлөөллийг өргөнөөр хамруулж, үндэсний хэмжээний чуулган болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Ардчилсан өөрчлөлтийн он жилүүдэд анх удаагаа өргөн хүрээтэйгээр болж буй тус чуулгандУлаанбаатар хот, 21 аймгийн 500 гаруй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлөөс гадна төрийн болон олон улсын байгууллагынхан оролцож байна. Та бүхэн энэ чуулганаараа “Иргэний нийгмийн хөгжлийн талаархи төрийн үзэл баримтлал” хэмээх бодлогын чухал баримт бичгийн төслийг тал бүрээс нь хэлэлцэн шүүн тунгааж гаргах ёстой. Энэхүү үзэл баримтлал цаашид Засгийн газраар хэлэлцэгдэж, Улсын их хурлаар батлагдаж төрийн бодлогын албан ёсны баримт бичиг болно. Мөн иргэний нийгмийн байгууллагын тогтвортой хөгжлийг хангах Засгийн газрын үйл ажиллагааны хууль ёсны баримтлал болох учиртай. Ингэснээр Монгол улсад “...иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх” тухай Үндсэн хуулиндаа эрхэм зорилго болгосон үйл хэрэгт шинэ түрлэг нэмэгдэх болно.

Чухам үүнд энэхүү үндэсний чуулганы онцлог ач холбогдол, нийгмийн үүрэг нь оршино хэмээн ойлгож байна.

Чуулганы эрхэм төлөөлөгчид өө,

Иргэний нийгмийн байгууллагын төлөвшил хөгжлийн тулгамдсан асуудлууд нь чуулганы хэлэлцүүлгийн нэг голлох сэдэв мөн. Ардчилсан нийгэмд иргэдийн оролцоог хангах гол механизм бол иргэний нийгмийн байгууллагууд билээ. Өнгөрсөн хугацаанд иргэний нийгмийн олон байгууллагууд үүсэн бий болж, үйл ажиллагаа явуулж байгаа нь Монгол дахь ардчиллын илэрхийлэл төдийгүй баталгаа нь юм. Ардчилал иргэний нийгмийг бид өнгөрсөн хорин жилд бий болгосон. Харин ирэх жилүүдэд баталгаажуулан бэхжүүлэх үйл явцыг нь хангах нь улс орны хөгжлийн баталгаа суурь болно. Гэхдээ нийгмийн хэрэгцээ шаардлагыг дагаад Иргэний нийгмийн байгууллагууд төлөвшин чадваржих, үзэл баримтлал, үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргах зорилттой тулгарч байна. Манай нийгэм ардчиллыг шинээр тогтоох биш, бүр гүнзгийрүүлэх үе шатанд орж, иргэний нийгмийн байгууллагууд хүн ардад үйлчилгээ хүргэх, төрийн чиг үүргийг гүйцэтгэх хандлага гарч ирч буй байдал нь үүнийг шаардах боллоо.  

Иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа бол иргэдийн өөрсдийн санаачлагаар, сайн дурын үндсэн дээр зохион байгуулагддаг, тэдний мэдлэг, чадвар, туршлага, авьяас, хүч чадал, зориг, тэвчээр зэрэг олон үнэт чанарт тулгуурлан санхүүгийн болон хүний нөөцийн аливаа бэрхшээлийг даван туулж явагддаг. Манай иргэний нийгмийн хөгжил, төлөвшлийн түүх ч ийм байж ирлээ.   

Монголын иргэний нийгмийн байгууллагууд өнгөрсөн хугацаанд өөрсдийн итгэл үнэмшил, идэвхи зүтгэлээрээ ардчилал, хүний эрхийг хамгаалан, дэмжихэд манлайланоролцож, тэдгээрийн үнэт зүйлсийг хамгаалах, хүний эрх, ардчиллын боловсролыг иргэд олон нийт, төрийн байгууллагуудад түгээн дэлгэрүүлэх, ялгаварлагдсан бүлгүүдийн эрх ашгийг хамгаалан тэмцэх, нийгмийн дорой буурай хэсэгт үйлчилгээ хүргэх зэрэг олон чухал ажил үүргийг гүйцэтгэж ирсэнд Засгийн газрын тэргүүний хувьд талархал илэрхийлье.  

Өнгөрсөн 20 гаран жилд олон улсын байгууллагуудын санхүү, техникийн туслалцааг эс тооцвол иргэний нийгмийг дэмжихдэд бүтэц нэн хязгаарлагдмал байлаа. Тэдгээрт үзүүлэх төрийн дэмжлэг өнөөг хүртэл тодорхой, тууштай биш хэвээр байна. Санхүүжилтийн тогтолцоо ойлгомжтой, ил тод биш байснаас төрийн өмнө ч, иргэний нийгмийн өмнө ч асуудал бий болж байна. Тиймээс иргэний нийгмийг бэхжүүлэх, чадваржуулахад хэдий хэмжээний хөрөнгө мөнгө хаана яаж зарцуулагдаад, ямар үр дүнд хүрч байгааг хэмжих, хянах, үнэлэх боломж хомс байна. Энэ асуудлын талаар байр сууриа илэрхийлж, бодлогыг нь тодорхойлох ёстой.

Иргэний нийгмийг бэхжүүлэн төлөвшүүлэх, өсөлт хөгжилд саад тотгор учруулж буй хүчин зүйлсийг арилгаж  таатай орчин бүрдүүлэх нь төр засгийн хүлээх үүргийн нэг мөн. Ингэхдээ төр өөрөө ч иргэний нийгмийг дэмжих, түүнтэй хамтран ажиллах асуудлын хүрээнд  хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан, ам ажлын нэгдэл, үйл ажиллагааныхаа тууштай чанарыг хангах нь чухал байна. Иймд иргэний нийгмийн хөгжлийг дэмжих тодорхой үзэл баримтлал, бодлого чухал гэж Засгийн газрын тэргүүний хувьд үзсэн. Ийм бодлого, зорилгын үүднээс төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого боловсруулахыг холбогдох хүмүүст үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу “Иргэний нийгмийн хөгжлийн талаарх төрийн үзэл баримтлал” гэсэн бодлогын баримт бичгийн төсөл бэлэн боллоо.

Энэхүү үзэл баримтлал нь өнгөрсөн 20 жилд анх удаа иргэний нийгмийн байгууллагын манлайлагчдын санаачлага, тэдний мэдлэг, чадвар, арга туршлага, зохион байгуулах хичээл зүтгэлийн үр дүнд ардчилал, хүний эрхийг дээдэлдэг улс орнуудын эрхзүйн туршлагад суурилан боловсруулагдсан юм. Мөн нийслэл төдийгүй аймгуудад үйл ажиллагаа явуулдаг 600 гаруй иргэний нийгмийн төлөөлөгчдийн өргөн оролцоотой хэлэлцсэн чухал баримт бичиг гэж үзэж байна. Өнөөдрийн чуулгандоролцожбайгааТа бүхэнч гэсэн иргэний нийгмийн хөгжлийгдэмжихтөрийнүзэлбаримтлалыгажилхэрэгчээрхэлэлцэндэмжинэгэдэгтитгэлтэйбайна. Та бүгдийн санал санаачилга, хичээл зүтгэлийн үр дүнд бэлэн болох энэхүү үзэл баримтлалыг Засгийн газар хурдан шуурхай хэлэлцэн Улсын их хурлаар батлуулахын төлөө ажиллах болно гэдгээ уламжилъя.

Цаашид бид Иргэний нийгмийн хөгжлийн талаарх  төрийн бодлогод тусгаж байгаа үзэл санаа, зарчмыг чандлан мөрдөхийн тулд үндэсний болон орон нутгийн хэмжээнд хууль, тогтоомж, хөтөлбөр, үйл ажиллагааны чиглэлийг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг төлөвлөн ажил хэрэг болгоно. Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ч гэсэн үзэл баримтлалаа цаашид бодит үйл ажиллагааны түвшинд үр дүнтэй хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих чадвартай амьд тогтолцоо, шинэ механизмийг боловсруулан гаргах шаардлага гарна гэж үзэж байна.

Төр засгийн зүгээс иргэний нийгмийг дэмжих бодлого, хууль эрх зүй, үйл ажиллагаа, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ хараат бус байдлыг нь эрхэмлэн дээдэлж байх нь чухал. Мөн иргэний нийгмээс засаг, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, нөлөөллийн болон үйлчилгээ үзүүлэх чиг үүргүүдийг хариуцлагатай, үр дүнтэй гүйцэтгэх таатай орчныг бүрдүүлэн ажиллах шаардлагатай гэж Засгийн газрын тэргүүний хувьд үзэж байна. Нөгөө талаас, нэгэнт баталсан хууль тогтоомж, бодлогынхоо хэрэгжилтийг хангах чадавхийг төрдөө бий болгохын чухлыг энд бас хэлье. Эн тэргүүнд иргэний нийгмийн асуудлыг эрхэлсэн чиг үүргийг засаг төрд бий болгох хэрэгтэй.

Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг төрөөс дэмжих чухал асуудлуудын нэг нь татвар, нийгмийн даатгалтай холбоотой асуудлууд байна. Бид иргэдийн санаачлага, сайн дурын үндсэн дээр, нийгмийн сайн сайхны төлөө, хүн ардын нийтлэг эрх ашгийн төлөө хийж гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны зардлаас авч байгаа зарим татвар, даатгалыг эргэн харж, зохих хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Нийгмийн төлөө санаа тавьж өөрийн өмч хөрөнгөөр иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлдэг өгөөмөр сэтгэлтэй иргэн хүн, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгжийг татварын зохицуулалтаар хөхиүлэн дэмжих явдал чухал гэж үзэж байна. Энэ нь нийгмийн эв эе, эв санааны нэгдэл, хүнлэг ёс гэгч бид бүхний сэтгэл зүрхэнд байдаг үнэт зүйлсийг бодитой болгох чухал хэрэгсэл юм.

 Чуулганы төлөөлөгчид өө,

Монгол улс ардчилал, өөрчлөлтийн шинэ түүхээ бичээд удаагүй байна. Нийгмийн өөрчлөлтийн энэ 20 гаруй жилийн нэг нааштай үр дүн бол Монголын нийгэм иргэншиж байгаа үйл явц юм. Нэг үгээр хэлбэл монголчууд бид улс орны иргэн, эзэн байхын утга учир, эрх, эрх чөлөөгөө улам бүр мэдэрч, ухамсарлах болсон хэрэг юм. Ийм итгэл үнэмшил, үзэл бодолд суурилсан, нийтлэг ашиг сонирхлоороо холбогдсон нийгмийн нэгдлийн олон төрөл хэлбэр болох иргэдийн сайн дурын холбоо, эвсэл, хөдөлгөөн, ашгийн бус, төрийн бус зэргээр нэрлэгддэг иргэний нийгмийн байгууллагууд үүсэн байгуулагдаж, унаж босож, төлөвшин цэгцэрч байгаа нь манай нийгмийн нэгэн содон  шинж төдийгүй, онцлон тэмдэглэх, ололтын нэг мөн.

Тэдгээр байгууллагуудын дийлэнх олонх нь өөрийн орны улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор  орон нутаг, салбар, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж ирснийг Засгийн газрын тэргүүний хувьд би онцлон тэмдэглэж байна. Тэр бүхний төлөөлөл болж энд хуран цугласан Та бүхнээрээ уламжлан иргэний нийгмийн байгууллагын гишүүд дэмжигчиддээ гүн талархал илэрхийлж, сэтгэлийн урам хайрлая.

Иргэн хүний өөрийгөө илэрхийлэх, нээх, хөгжүүлэх, үнэ цэнээ мэдрэх, эрх эрх чөлөөгөө ухамсарлах, ардчилал, шударга ёсыг туйлаас хүсэмжлэх, түүнийг хамгаалан хөгжүүлэх үзэл итгэл, зориг хүсэл бол манай нийгмийн хамгийн чухал үнэт зүйлсийн нэг гэдгийг бид хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Энэ бол иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжих шимт хөрс, бат үндэс, тулгын чулуу, тулгуур багана  мөн.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Иргэний ниймгийн тухай Та бидний ойлголт, төсөөлөл улам бүр шинэчлэгдэн баяжсаар байна. Ингэх ч учиртай. Иргэний нийгэм гэдэг иргэдийн оролцоот нийгэм мөн гэдэг нь улам тодорхой боллоо. Бид ардчилал, иргэний нийгмийн боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх ёстой. Мөн ардчилалын институцуудыг бэхжүүлэх болно. Түүний нэг илрэл нь иргэний нийгмийг төлөвшүүлэн хөгжүүлэх явдал юм.

Манай иргэдийн дунд дангаараа болон эвлэлдэн нэгдсэн байгууллагаараа дамжуулж, шууд болон дам, үйлдэл, үйл ажиллагаа ба санал санаачлагын олон хэлбэрээр орон нутаг, улс үндэстний хөгжилд оролцоогоо илэрхийлэх гэсэн хандлага нэмэгдлээ. Энэ бол зүй ёсны, эерэг үйл явц мөн. Төрийн зүгээс иргэдийн энэ идэвх оролцоог ухаалгаар тосон авч, хамтран  ажиллах зайлшгүй хэрэгцээ улам өсч байна. Ийм эхлэх үүсгэлийг бид өнгөрсөн жилүүдэд бий болгосон. Тухайлбал, 2008 онд Засгийн газар “Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах тухай” тогтоол гаргаж, Иргэний нийгмийн зөвлөлтэй гэрээ байгуулан ажиллах болсон. Үүний дагуу Засгийн газрын байгууллагууд өөр өөрсдийн салбар чиглэлээр Иргэний нийгмийн байгууллагуудтай тодорхой асуудлаар гэрээ байгуулан ажилласаар ирсэн.

Өнгөрсөн жил манай улсын эдийн засгийн бодит өсөлт 17,3 хувьд хүрч дэлхийн өндөр өсөлттэй орны тоонд орсон. Энэ өсөлтөд манай иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо ихээхэн хувь нэмэр болсон гэдгийг зориуд тэмдэглэн хэлэхэд таатай байна. Саяхан гурав дахь удаагаа зохион байгуулагдсан “Монголын эдийн засгийн чуулган” бол төр нийгмийн хөгжилд иргэдийн оролцооны болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагааны нэгэн тод илэрхийлэл боллоо. Эдийн засгийн чуулганд оролцож үг хэлсэн, санал бодлоо илэрхийлсэн олон хүний амнаас улс орон, иргэдийн сайн сайхны төлөө иргэний нийгмийн оролцоог чухалчлан дэмжих, нийгмийн хөгжлийн явцад өргөнөөр татан оролцуулахыг байнга дурдаж байсныг хэлэх ёстой. Иргэний нийгэм бол нийгмийн хөгжлийн төлөөх тэгш эрхтэй түншлэгч байхыг нийгэм өөрөө шаардах боллоо.   

Тийм учраас иргэний нийгмийн бүтээлч, тууштай, ил тод, хариуцлагатай, мэргэшлийн чанартай түвшиний идэвхи, санаачлагатай, ёс зүйтэй оролцоо чухал шаардлагатай болж байна. Орлогын тэгш хуваарилалтаас илүү оролцооны тэгш боломж, нөхцөл бүрдүүлэхийг иргэд хүсэж байгааг төр ухаалгаар олж харж угтан тосч, түншилж ажиллах нь өнөөгийн шаардлага төдийгүй сайн засаглалын нэг хэмжүүр болоод байна. Нийгмийн нөөц баялаг гэж үзэж буй иргэний нийгмийн харилцааны болон иргэдийн оролцооны өргөн боломжийг бүрэн дүүрэн ашиглах нь манай хөгжлийн бас нэг хөшүүрэг байх болно.

Ардчилсан үзэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, өрсөлдөх чадвартай, эх оронч, хөдөлмөрч иргэний нийгмийн оролцоо нь хөгжлийг тэтгэгч шавхагдашгүй ундрага мөн гэдэг нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудын туршлагаас илт байна. Бүх шатны төрийн байгууллагын бодлого, шийдвэр гаргахад, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавихад, мөн орон нутаг, бүс нутаг, үндэсний түвшинд хөгжлийн тодорхой зорилт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нөхцөл боломжийг хангах нь хэзээ хэзээнээс чухал боллоо.

Иргэний нийгэм, ардчилсан нийгэм гэдэг бол нэг зоосны хоёр тал юм. Иргэдийн оролцоо нь нийгмийн ардчилалтай шууд холбоотой. “Иргэдийн оролцоо бол ардчиллын оршин тогтнох сүүлийн тулах цэг” гэсэн судлаачдын үг үүнийг нотолно. Манай нийгмийн хөгжил, ардчиллын хөгжил эдүгээ шинэ шатанд шилжлээ гэдэгт би итгэж байна. Үүнийг шүүмжлэлт ардчиллаас оролцооны ардчилал руу, улс төрийн ардчиллаас эдийн засгийн ардчилал руу, үг ярианы хийсвэр ардчиллаас ажил хэргийн бодит ардчилал руу хийх шилжилт гэж тодорхойлж болно. Энэ зайлшгүй хэрэгцээ захиалга нь манай үндэсний чуулганыг хийхэд хүргэсэн. Та бүхэнд энэ цаг үе түүхэн хариуцлага оногдуулж байна.

Бид улс орныхоо ардчиллын хөгжлийн эгзэгтэй үед хуран чуулж байна. Эдийн засаг, нийгмийн хүндхэн сорилт бэрхшээлүүдтэй тулгарч байгаа ч бүхэлдээ уналтаас сэргэлт рүү, сэргэлтээс өсөлт рүү явж байгаа гэдэгтээ өнөөдөр Та бид эргэлзэх учиргүй ээ. Гэхдээ энэ өсөлт урт удаан хугацаанд тогтвортой, ард иргэдэд өгөөжтэй хүртээмжтэй, улс оронд бодит хөгжлийг авч ирэх өсөлт байж чадах уу гэдэгт хариулт нэхэж байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өнөөгийн тоон өсөлтийг бодит өсөлт, монгол хүний хөгжлийн өсөлт, айл өрх бүрийн амьдралын чанарын өсөлт, улс орон, иргэний хүний өрсөлдөх чадварын өсөлт болгох том зорилтын өмнө Та бид хамтдаа тулж ирлээ.

Иргэний нийгмийн бүтээлч оролцоогүй, хүний эрхийг дээдлэн хүндэтгэсэн хандлагаар төр засаг нь ажиллаж чадаагүй бол энэ нь жинхэнэ хөгжил болж чадахгүй. Тиймээс ардчиллыг бэхжүүлэх, нийгмийн баялгийг бүтээх, улс орныг хөгжүүлэхэд хүний эрх, тэгш байдал, ардчилал, шударга ёсны үнэт зүйлсэд тулгуурласан төр иргэний нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа нь хэзээ хэзээнээс чухал болоод байна. Төр иргэний нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг үр дүнтэйгээр хэрэгжүүлж байгаа улс орнууд үсрэнгүй хурдацаар хөгжиж буй нь үүнийг нотолно. Өөрөөр хэлбэл иргэдийн оролцоо, хяналт, санал бодол санаачилга нь хөгжлийг тэтгэх хүчин зүйлс юм. Бид ийм л үзэл баримтлалаар асуудалд хандах ёстой.

Төр, иргэний нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, идэвхжүүлэхэд  дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна.  Үүнд:

1.    Салбарын яамд, агентлагуудад иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтарсан ажлын хэсгүүдийг байгуулж, иргэний нийгмийн үйл ажиллагаа, бие даасан, хараат бус байхад саад, тотгор болж байгаа хууль, тогтоомжийг судлан өөрчлөлт оруулах ажиллагааг зохион байгуулах,

2.    Үндэсний болон орон нутгийн түвшинд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, нийгмийн зөвшилцөлийн хариуцлагатай, найдвартай, амьд тогтолцоог ил тод, нээлттэй байх зарчимд тулгуурлан баталгаажуулах,

3.    Иргэний нийгмийн байгууллагуудыг ардчилал, хүний эрх, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, нийгэм, эдийн засаг, соёлын асуудлаар мэргэшин, тогтвортой ажиллах чадвар, чадавхитай болгоход нь дэмжлэг үзүүлэх,

4.    Монгол улс 2011-2013 онд Ардчиллын хамтын нийгэмлэгүүдийн даргын үүргийг гүйцэтгэж байгаа энэ түүхэн чухал үед улс орондоо хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийг баталгаажуулах, улмаар тив, дэлхий, бүсийн хэмжээнд ардчилал, хүний эрхийг дээдлэн хүндлэж, үнэт зүйлсийг бодит амьдралд хэрэгжүүлэхэд манлайлан оролцох үүргээ нэр төртэй гүйцэтгэх шаардлагатай байна. Монгол Улсад төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээндхүний эрх, ардчиллын төлөө идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэх, эв нэгдэлийг хөгжүүлэх зэрэг үйл ажиллагааг дэмжихболно. Энэ зорилгоор “Ардчиллыг дэмжих Монголын Итгэмжлэгдсэн Сан”-г байгуулах санаачилгыг дэвшүүлж байгаагаа Та бүхэнд сонордуулж, дэмжин ажиллахыг уриалж байна.

Эцэст хэлэхэд иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих тогтолцоо чухал шаардлагатай байна. Чухам ямар тогтолцоо, стандартыг бий болгон хэрэгжүүлэхийг чуулганд оролцож байгаа Та бүхэн санаачлах ёстой. Уг санаачилгыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах нь аливаа төрийн үүрэг гэж үзэж байна. Иргэн хүнийг төлөвшүүлэхэд иргэний нийгмийн байгууллага голлох үүрэгтэй. Бид ямар иргэнтэй байна, тийм л иргэний нийгэмтэй байна. Ямар иргэний нийгэмтэй байна, тийм л төртэй байна. 

Хэлж ярьснаа нэгтгэн дүгнэхдээ Английн философч Жон Стюарт Миллийн “Эрх чөлөөний тухай” хэмээх улс төрийн сонгодог бүтээлээс иш татъя. Тэрбээр “Олон тохиолдолд хүмүүс аливаа юмыг засгийн түшмэдийн хэмжээнд хийж чадахгүй байж болох боловч засгийнхнаар бус, харин хүмүүсээр өөрсдөөр нь түүнийг хийлгэснээр тэдний чадавхи чадварыг нэмэгдүүлэх, тэдэнд цэгнэн дүгнэх дадал суулгах, улмаар амьдралд нь гарах асуудлуудаар тодорхой мэдлэгтэй болгох нь зүйтэй юм. Энэ нь эрх чөлөө гэгчтэй алсын хаялгаараа холбогдох бөгөөд мөн чанартаа хөгжиж дэвжих асуудал юм. Засаг төрийн үйл ажиллагаа хаана ч ижил байх хандлагатай. Харин хувь хүмүүс, тэдний сайн дурын байгууллагууд алив юмыг хийхдээ янз бүрээр оролдож хязгааргүй өргөн туршлага бий болгодог. Олон оролдлогоос үүсч гарсан энэхүү туршлагыг хуримтлуулдаг, идэвхтэй түгээн өрнүүлдэг цэг болж чадваас төр ашгаа сая өгнө. Өөрийнхөөсөө бусад эрлийг үл тэсвэрлэхийн оронд шинийг хайгч бүрт бусдын туршлагаас хүртэх бололцоо олгох нь засаг төрийн үүрэг мөн“ хэмээн бичиж байжээ.

Сайн засаглалын үнэт зүйлсийг оновчтой томъёолсон энэ үгсийн үнэн зөвийг ухамсарлаж үйл ажиллагаандаа баримтлахаа Засгийн газрын тэргүүн, парламентад олонхийн суудалтай Монгол ардын намын даргын хувьд дахин илтгэе.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

2012.03.09. Төрийн ордон

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Иргэний нийгмийн төлөөлөл төр засагтайгаа анх удаа өргөн хүрээтэйгээр хамтран хуралдаж байна
ЦАЛИН НЭМЖ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛСЭНД МҮЭХ-НЫХОН ЕРӨНХИЙ САЙДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Ерөнхий сайд Японд айлчилна
ЗАСГИЙН ГАЗАР АМЛАСАНДАА ХҮРЧ ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ЗАРИМ ТЭТГЭМЖИЙГ НЭМЛЭЭ
МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД ТОДОРЛОО
ХОВД АЙМГИЙН БАГА УЛААН ДАВАА-МАНХАН ЧИГЛЭЛД 103 КМ ЗАМ ТАВИНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан