Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
АХМАД НАСТАН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД II УЛИРАЛД БАГТАН НЭГ САЯ ТӨГРӨГӨӨ АВНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.03.28 /

Засгийн газрын хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр боллоо. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 1 сая төгрөг, Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах зэргийг хэлэлцэн шийдвэр гаргасан нь онцлох сэдэв байв.

Засгийн газрын хуралдаанаар “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Тухайлбал “2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй “Хүний хөгжил сан”-гаас 1 сая хүртэлх төгрөгийн хишиг, хувь хүртэж болно” гэж заалаа.

Мөн эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссоор хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон 16 хүртэл насны хүүхэд, хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан нь эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор тогтоогдсон 16 нас хүрсэн иргэн хишиг, хувиа авч болох юм.

Хэрвээ өмнө нь бэлэн бусаар хишиг, хувь хүртсэн бол 1 сая төгрөгөөс үүнийг суутган тооцож, үлдэх хэсгийг энэ оны 2 дугаар улиралд сар бүрийн сүүлийн хагаст тэнцүү хувааж олгохоор журамд тусгажээ. Энэ талаар Сангийн сайд Д.Хаянхярваа Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний хэлснээс үзвэл ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хувааж 4,5,6 дугаар сард олгох юм байна. Санхүүгийн боломж, өдөр ирэх бүр нэмэгдэх гээд байгаа инфляцыг барихын тулд ийнхүү гурав хувааж өгөхөөр шийдвэрлэжээ.

Хишиг, хувиа авах хүсэлтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд бичгээр гаргаж өгөх ёстой. Хэрвээ өөрөө хүсэлт гаргах боломжгүй бол эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эхнэр, нөхөр нь өмнөөс нь гаргаж болох юм. Хүсэлтэд овог нэр, регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр, иргэний үнэмлэхний дугаар, оршин суугаа хаяг, өмнө нь бэлэн бусаар хишиг, хувь хүртсэн эсэх, 1 сая төгрөгийг бэлнээр авах хүсэлтэй байгаа болон өмнө нь бэлэн бусаар авсан хишиг, хувийг суутган тооцохыг зөвшөөрсөн тэмдэглэлийг заавал тусгах ёстойг журамд заажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд хөдөлмөр алдалтын хувь хэмжээ, 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй болохыг нотолсон баримт бичгийг хүсэлтэд хавсаргах юм байна. Хэрвээ тухайн хүн нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг бол нэмэлт баримт бичиг шаардахгүй, тэтгэвэр, тэтгэмж авдаг гэсэн тодорхойлолтыг холбогдох байгууллагуудаас авах юм. Сум, хорооны ажилтан иргэдийн хүсэлтийг сар бүрийн 15-ны өдрөөр тасалбар болгон нэгтгэж, мэдээллээ аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст тухайн сарын 25-ны дотор хүргүүлэх ёстой.

Аймаг, дүүргээс үүнийг нягталж, иргэдийн нэрсийн жагсаалтыг батлан сар бүрийн 30-ны дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх юм. Эндээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Сангийн яамны Төрийн сангийн газар гэсэн дарааллаар явж Төрийн сангийн газраас шаардагдах хөрөнгийг сар, улирлын хуваарийн дагуу “Хүний хөгжил сан”-д шилжүүлэхээр болжээ. Үүнээс гадна “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ын гуравдугаар бүлэгт нэмж заалт орууллаа. Энэ дагуу шинээр төрсөн хүүхэд болон нас барсан иргэнд тухайн онд хуваарилагдсан хишиг, хувийг бүрэн олгохоор болсон байна.

Түүнчлэн “2011-2012 оны хичээлийн жилд оюутны сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх хэмжээг 491960 төгрөг” гэж журамд тусгасан байсныг “500 мянган төгрөгөөс 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн хэмжээг хассан хэмжээтэй тэнцүү” хэмээн өөрчилжээ. Орон сууцны төлбөрөө хишиг, хувиар төлөх хүсэлтэй иргэдэд хамаатай заалтыг ч журамд өөрчлөн найруулсан байна.

Тухайлбал Орон сууцны санхүүжилтийн корпораци нь орон сууцны төлбөр хэлбэрээр хишиг, хувийг олгоход шаардагдах хөрөнгийг захиалга авсан байгууллага, иргэн, зээл олгосон банк, төлбөрөө бүрэн төлж орон сууцаа авсан иргэн, аймаг, дүүрэг тус бүрээр гаргаж, төлбөрийн дансны бүртгэлийг нэгтгэн, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байх болжээ.  Шат шатны байгууллагууд үүнийг хянан үзэж шийдвэр гаргасны дараа хишиг, хувийг шилжүүлэхээр болсон байна.

Мөн журамд “Монгол Улсын иргэн гадаад улсын харьяат болсон бол сүүлийн жилд түүний хүртэх хишиг, хувийн хэмжээг 3 дахин нэмж нэг удаа олгоно” гэж тусгасан байсан нь хуульд нийцэхгүй байгаа тул хаслаа. Засгийн газрын энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлэх урьдчилгаа төлбөр болох 312.5 тэрбум, ногдол ашиг 110 тэрбум төгрөгийг энэ оны 3-5 дугаар сард үе шаттайгаар, бүрэн төвлөрүүлэхийг Төрийн өмчийн хороо болон “Эрдэнэс МГЛ”, ”Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д даалгав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ, ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ТАТВАРЫН БОДЛОГООР ДЭМЖИНЭ

Засгийн газрын хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулийн төсөлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргагч аж ахуйн нэгж, иргэний татвар ногдох орлогын хэмжээ 10 сая төгрөг байвал татвар төлөгчөөр бүртгэгддэг бол үүнийг 50 сая төгрөг болгохоор тусгажээ. Мөн орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй бизнес эрхлэгчдээс авдаг татварын хувь, хэмжээг тодорхой хязгаарт өөрчлөх эрхийг орон нутагт олгохоор заасан байна.  

Түүнчлэн хэрэв тухайн аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн орлогын дүн  50 сая төгрөгөөс бага байвал “НЭГ” хувийн татвар төлж байхаар холбогдох хуулийн төсөлд тусгажээ. Мөн тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй боловч аль нэг үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 10 сая төгрөг хүрч, Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт, буцаан олголт хийх тохиолдол гарч байгаа учир татвар ногдох борлуулалт хийгээгүй бол хасалт хийхгүй байх зэрэг олон заалтыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулахаар төсөлд тусгаад байна.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хуулийн төсөлтэй холбогдуулан хэлэхдээ “Том аж ахуйн нэгжүүдэд татварын өршөөл нэг удаа үзүүлсэн нь үр дүнгээ өгсөн. Иймээс жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд ч мөн адил татварын өршөөл үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ татвартай холбоотойгоор том аж ахуйн нэгжүүд задарч жижиг болохгүй байх гарц олох, татварын энэ өөрчлөлтийг татвар төлөгчийн байр сууринаас хандаж хийх, хүнд суртал, ар өврийн хаалганаас хол байлгах нь зүйтэй” гэж хатуу сануулав.

Үүнээс гадна Ой, модны салбарын бүтээгдэхүүний үйлдвэрүүд түүхий эдээ хангалттай авч чадахгүй байгаа учир импортоор оруулж ирэх бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, дүнз, хагас боловсруулсан модон материалыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж Сангийн яам үзэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.            

ГАДААД ОРОНД ӨНДӨР ҮНЭ ТӨЛЖ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО

БНСУ-ын “Эксим” банкнаас зээл авч “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Д.Хаянхярваад олгосон байна. Зээл нь 0.1 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 10 жил байх юм. Зээлээр Клиникийн нэгдсэн II эмнэлэгийн дэргэд Үндэсний оношлогоо, эмчилгээний төвийн барилга барьж, орчин үеийн тоног, төхөөрөмж суурилуулахаар төлөвлөөд байна.

Төв байгуулагдсанаар манай иргэд үзлэг, оношлогоонд хамрагдах гэж их мөнгө төлөн гадаад орныг зорих шаардлагагүй болж байна. Өөрөөр хэлбэл БНСУ-д ашигладаг орчин үеийн тоног төхөөрөмжийг энэ төвд суурилуулснаар өвчтөний онош зөрөхгүй болохоос гадна оношлогооны алдаанаас үүдэн гардаг нас баралтыг бууруулах, орон нутгийн болон эрүүл мэндийн үйлчилгээ дутагдалтай газарт илүү хүртээмжтэй, онцгой үйлчилгээ бий болох зэрэг давуу тал бий болох юм. “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв”-ийг ашиглалтад оруулсны дараа БНСУ-аас эмч, мэргэжилтнүүдийг авчирч тодорхой хугацаанд ажиллуулах, дотоодын боловсон хүчнээ давтан сургах, ур чадварыг нь сайжруулах зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд С.Батболд салбарын сайдад чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

“ХӨДӨӨГ ХОРШООЛОХ АЯН” ӨРНҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо, иргэдээс гаргасан санаачилгыг Засгийн газар дэмжин “Хөдөөг хоршоолох аян”-ыг улсын хэмжээнд өрнүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ аян хөдөө орон нутагт үйлдвэрлэл эрхлэгчдийг хөдөлмөрөө сайн дурын үндсэн дээр суурилж хорших, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тогтолцоо бий болгох бэлтгэл ажлыг хангах зорилготой юм. Аян болон түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор жишиг хоршоодыг сумдад байгуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамруулах болж байна.

Тухайлбал аймаг, сумдад олгож байгаа жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээл, “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийг хоршоодод олгох зэрэг олон ажлыг аяны хүрээнд хийх юм. Аймгийн Засаг дарга нар тухайн орон нутагтаа “Хөдөөг хоршоолох аян”-ны төлөвлөгөө батлан, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн бол аяны хүрээнд хийх ажлыг Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо, бусад холбогдох хоршооллын холбоогоор гэрээгээр гүйцэтгүүлж, тэдэнд туслалцаа, дэмжлэг үзүүлэх болжээ. Манай улсын хүн амын 63.3 хувь нь хот, суурин газарт, 37.7 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг. Энэ нь эдийн засгийн өсөлт болон хөгжлийн түвшинг жигд хангах эх үндэс нь орон нутгийн хөгжлөөс шууд хамааралтай гэсэн үг юм.

Ялангуяа хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай, газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэл зонхилсон манай орны хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, орон нутгийн хөгжлийг хангах аж ахуй эрхлэх гол хэлбэр нь хамтын хөдөлмөрт тулгуурласан хоршооны бүтэц. Иймээс төрөөс үүнд ихээхэн ач холбогдол өгч бодлогын баримт бичиг, хууль, хөтөлбөр батлаад байна.

МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЖ ҮНЭ БУУРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА  

Махны нийлүүлэлт, үнэ болон махны нөөцийг нэмэгдүүлэх талаар авч байгаа арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан махны хангамжийг нэмэгдүүлэх, үнэ бууруулах талаар Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, явц, үр дүнг иргэдэд мэдээлж, Засгийн газарт танилцуулж байхыг салбарын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгалаа.

Сайдын танилцуулгаас үзвэл сүүлийн сард махны үнэ тогтвортой байсан байна. Сар шинийн баярын өмнө эрэлт хэрэгцээ эрс ихэсдэг учир бэлдсэн 12 мянган тонн нөөцийн махны 5 мянган тонныг борлуулжээ. Харин сар шинийн дараа эрэлт, хэрэгцээ буурснаас гадна иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн бэлдсэн махаа борлуулж эхэлсэн байна. Нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр үнэ тодорхой хэмжээгээр буурч, тогтвортой болох төлөв ажиглагдаж байна. Тухайлбал энэ 7 хоногт гэхэд 750 тонн мах хөдөө орон нутгаас ирнэ гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат хэллээ.

Түүний хэлснээр ямар дэлгүүр, худалдааны төвд зарж байгаагаас шалтгаалан махны үнэ харилцан адилгүй. Гэхдээ “Хүчит шонхор” зэрэг захад хонины ястай мах нэг кг нь дунджаар 6700 орчим, үхрийнх  6980, ямааных 47566 төгрөг байгаа юм байна. Цаашид салбарын яам, хотын захиргаа улсын баяр наадам хүртэл нийслэлчүүдийг махаар таслахгүй байх үүднээс нийлүүлэлтийг жигд байлгаж, үнийг одоогийнхоос өсгөхгүй байхыг зорьж байгаа тухай холбогдох албан тушаалтнууд хэлэв. Махны нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор төсвийн зээл хэлбэрээр 40 гаруй тэрбум төгрөгийг шийдэж өгсөн гэдгийг ч Сангийн сайд Д.Хаянхярваа тодотгож байлаа хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

СУРАЛЦАГСДЫН ДУНДАЖ НОРМАТИВЫГ БАТЛАВ

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байрны хувьсах зардал, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ дагуу сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 25.2 мянган төгрөг болголоо.

Мөн бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид зарцуулах хувьсах зардлын дундаж нормативыг 20.7 мянга, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байрны нэг хүүхдэд зарцуулах дундаж нормативыг 15 мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн байна. Тэгвэл мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид зарцуулах хувьсах зардлын дундаж нормативыг өнгөрсөн жилийнхээс 134 мянган төгрөг буюу 29.2 хувиар нэмж 595.1 мянган төгрөг байхаар тогтжээ. Энэ бүхэн нь инфляцийн өсөлт, цалингийн нэмэлт зэргийг харгалзан авсан арга хэмжээ юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

ҮНДСЭН ЧИГЛЭЛ 80 ГАРУЙ ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ БАЙНА

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Үүнтэй холбогдуулан үндсэн чиглэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 6 бүлэг 19 зорилтын хүрээнд 190 арга хэмжээтэйгээр батлан хэрэгжүүлсэн бөгөөд хэрэгжилт 2011 оны эцсийн байдлаар 80,1 хувьтай гарчээ. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 190 арга хэмжээнээс 62 нь бүрэн биелсэн, 53 нь 90 хувь,  46 нь 70 хувь, 16 нь 50 хувь, 7 нь 30 хувь, 1 нь 10 хувийн биелэлттэй байгаа бол хангалтгүй биелэлттэй 5 арга хэмжээ байна.

 ТОВЧ МЭДЭЭ

  • Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, түүнтэй холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • Стратегийн ач холбогдол бүхий зарим аюултай бараа, бүтээгдэхүүнд тавих хяналтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.
  • УИХ-ын гишүүн Я.Батсуурь Нийгмийн даатгалын болон Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан байна. Төсөлд “Аж ахуйн нэгж байгууллагын 2-3 хувийн орон тоонд 35-аас дээш насны эмэгтэй, 40-өөс дээш насны эрэгтэй хүнийг ажиллуулахаар тусгасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ”Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно” гэж заасантай зөрчилдөж байгаа учир дэмжих боломжгүй гэж үзлээ. Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуульд “35-аас дээш насны эмэгтэй, 40-өөс дээш насны эрэгтэй хүнийг үндсэн ажилтнаар авч ажиллуулбал ажил олгогчоос сар бүр төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцахаар заасан нь ажил олгогч шимтгэл төлөхгүйн тулд зөвхөн дээрх насны хүмүүсийг ажилд авах, ажилд авсан хүнээ 35-аас дээш насных хэмээн хуурамчаар мэдүүлэх зэрэг сөрөг үр дагавар үүсгэхээр байна” гэж Засгийн газар үзлээ.
  • УИХ-ын гишүүн А.Тлейхан, Ц.Цэнгэл нарын санаачлан боловсруулсан Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.
  • “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт 2012-2016 онд хамтран ажиллах хөтөлбөр”-ийн төслийг дэмжиж, хөтөлбөрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Бүгд найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Ганхуягт олгохоор боллоо. Хөтөлбөрийн хүрээнд талууд тус бүр нэг бакалавр, докторантыг тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр хамруулах юм. Мөн их, дээд сургуулийн багш нарыг солилцох, хоёр орны хэл, утга зохиол заах, сурталчлахад дэмжлэг үзүүлэх, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах чиглэлээр соёлын өдрүүд, үзэсгэлэн зохион байгуулах, зохиолчдын бүтээлийг орчуулах, хэвлэх, номын сан, музей, соёлын бусад байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжихээр болжээ.
  • Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тайлант хугацаанд Засгийн газар 9 удаа хуралдаж, 52 асуудлыг хэлэлцэн, 14 асуудалтай танилцаж холбогдох тогтоол, шийдвэр гаргажээ.
  • “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоол, бодлогын төслийг хэлэлцэн дэмжээд, Улсын Их Хуралд өргөн барих нь зүйтэй гэж үзлээ.
  • Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2011 оны худалдан авах ажиллагааны тайлан, хэрэгжилтэд хийсэн үнэлгээний дүнтэй танилцав. Үүнтэй холбогдуулан үнэлгээний явцад илэрсэн зөрчил, дутагдалд дүн шинжилгээ хийж, цаашид худалдан  авах ажиллагааг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журам, зааврыг чанд мөрдөж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.
  • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комисс байгуулах, түүний үүргийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколын төслийг дэмжиж, Протоколд гарын үсэг зурах эрх олгохоор болов. Засгийн газар хоорондын Комиссын хуралдаан зохион байгуулагч тал нь зөвхөн хуралдаан зохион байгуулахтай холбогдсон зардлыг, нөгөө тал өөрсдийн төлөөлөгчдийн зорчих тээвэр, зочид буудал, хоолны зардлыг хариуцаж байхаар нэмэлт, өөрчлөлтөд тусгасан байна.


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд С.Батболдын “Хөдөөг хоршоолох аян”, Хоршоологчдын III чуулганы нээлтэд хэлсэн үг
ЕРӨНХИЙ САЙД “ХӨДӨӨГ ХОРШООЛОХ АЯН”-ЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
МОНГОЛ УЛС, АНУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 25 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
“ҮНДЭСНИЙ ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ” КОМПАНИ БАЙГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
МЭДЭГДЭЛ
Кембрижийн хөтөлбөрийг нутагшуулахад “элитийн батальеонынхон” түүчээлэн оролцож байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан