Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН 2010 ОНЫ 7 ДУГААР САРЫН 20-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.07.20 /
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

“Монгол Улсын иргэнд  хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 3 дугаар тогтоолын 3 дахь заалтад дор дурдсан өөрчлөлт оруулав. Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийн эхний ээлжийн 70,0 мянган /далан мянга/ төгрөгийг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс, үлдэх хөрөнгийг 2010 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн ногдох хэмжээгээр нь хуваан олгох ажлыг зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид, уг арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг тухай бүрт нь санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод Засгийн газрын хуралдаанаас даалгав.

ХӨГЖЛИЙН БАНК БАЙГУУЛНА

Монгол Улсын Хөгжлийн банк байгуулж, дүрмийг нь хавсралт ёсоор батлав. Хөгжлийн банкны ажлыг 2010 оны 3 дугаар улиралд багтаан эхлүүлж, банкны гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулсны үндсэн дээр туршлагатай, чадварлаг, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэхийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт даалгав.

Хөгжлийн банк нь стратегийн ач холбогдол бүхий салбаруудад санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Тухайн салбарыг дунд болон урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрээр хангах, олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дотоод, гадаадын хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд татан оролцуулах үндсэн зорилготой юм. 

Засгийн газрын хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлснээр 100.0 тэрбум төгрөг тутам эдийн засгийн өсөлтийг 1 хувиар нэмэгдүүлэх боломжтой болно. Банкны санхүүжилтээр байгуулах дэд бүтэц, хүнд аж үйлдвэрийн обьектууд улсын хөгжлийг түргэтгэж, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, импортыг орлуулах, Дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг боловсронгуй болгоход  чухал ач холбогдолтой юм. 

Хөгжлийн банкны менежментийг анхнаас нь зөв хийж, ойлгомжтой, нээлттэй байлган, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн, өндөр чадвартай багаар удирдуулах ёстой гэдгийг Ерөнхий сайд С.Батболд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон Төрийн өмчийн хорооны удирдлагад анхаарууллаа.

АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах бэлтгэл ажлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Аж үйлдвэрийн цогцолборын төслийн ерөнхий зөвлөх, хуулийн зөвлөхийг сонгон шалгаруулах ажлыг зарлахыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо /Ч.Хашчулуун/-нд даалгав. 

Мөн “Сайншанд” болон бусад бүс нутагт байгуулах аж үйлдвэрийн паркуудыг хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих нөхцлийг бүрдүүлэхийн тулд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах, төсөлд үндэсний аж ахуйн нэгжүүдийг оролцох боломжоор хангах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, хяналт тавьж ажиллахыг “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг /Ч.Хүрэлбаатар/-т даалгав. 

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборт дэвшилтэт техник, өндөр технологи бүхий кокс, хар төмөрлөг, нүүрс хийжүүлэх, зэс хайлуулах, барилгын материалын, газрын тос боловсруулах үйлдвэрийг хувийн хөрөнгө оруулалтыг татах замаар барина. Ингэснээр боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, цемент, төмөр эдлэхүүний хэрэгцээг дотооддоо ханган, импортын хэмжээ буурч, нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн шатахууны үнийг тогтвортой барих боломж бүрдэнэ.

Олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай аж үйлдвэрийн цогцолбор, дэд бүтэц, инженерийн болон нийгмийн хангамжтай, байгаль орчинд ээлтэй, хот төлөвлөлтийн шаардлагыг бүх талаар хангасан орчин үеийн хот байгуулах юм.  “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд 5-аас дээш жилийн хугацаанд 10 гаруй тэрбум ам долларын хөрөнгө шаардлагатай. Иймээс төслийг санхүүжүүлэх хөрөнгийг санхүүгийн олон эх үүсвэрээс, үе шаттайгаар бүрдүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзэж байна. 

Байгуулагдах үйлдвэрүүдийг түүхий эдийн нөөц, дотоод, гадаадын зах зээл, ажиллах боловсон хүчний нөөц бэлтгэх, төмөр зам болон бусад дэд бүтэц барих ажилтай нягт уялдуулах нь чухал байгаа юм. Энэ дагуу техник, эдийн засгийн судалгааг үндэслэл сайтай хийж барьж байгуулах, хөрөнгө оруулагчдыг татах нөхцлийг бүрдүүлэхийн тулд олон улсын хэмжээнд нэр хүндтэй, туршлагатай зөвлөхийг нээлттэй шалгаруулалтаар сонгон авах нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. 

“ЗӨГИЙН ҮҮР” ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “Эх орынхоо хөгжилд бидний оролцоо” сэдэвт чуулга уулзалт болж хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын төлөөлөл болох 350 гаруй хүн оролцсон юм. Энэ чуулга уулзалтаар яригдсан “Зөгийн үүр” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ хөтөлбөр нь хилийн чанадад байгаа иргэдээ эх орондоо ирж ажиллаж, амьдрахад шаардлагатай бодит мэдээллээр хангах, тэдний боловсрол, мэргэжлийн туршлага, ур чадварын талаар мэдээллийн сан үүсгэх, аж ахуйн нэгж, байгууллагуудын талаархи мэдээллийг гадаадад байгаа монгол иргэддээ хүргэх зорилготой.

Мөн : 
- Монгол Улсын иргэд хилийн чанадаас эргэн ирж хөдөлмөр эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэх болон хилийн чанадад байгаа иргэд, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах таатай эрх зүйн орчин бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэх, бизнес эхлүүлэх, хамтран ажиллахад зуучлах, бизнесийн зөвлөх үйлчилгээ хэлбэрээр дэмжлэг үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх

- Хилийн чанад дахь Монгол Улсын иргэд эдийн засаг, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, бүтээн байгуулалтын тэргүүлэх салбар, чиглэлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн зах зээлд онц шаардлагатай ажлын байранд ирж ажиллавал үзүүлэх цалин хөлс, урамшууллын тогтолцоо бий болгоно.  

Өнөөдрийн байдлаар манай улсын 200 хүртэл мянган иргэн хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа гэсэн албан бус тоо байдаг бөгөөд энэ нь манай улсын нийт ажиллах хүчний 9.3-18.6 хувь юм. Эдгээр иргэнийхээ мэдлэг, ур чадвар, нөөц бололцоог улсынхаа хөгжлийн төлөө ашиглахад татан оролцуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. 

Манай улс ойрын жилүүдэд эдийн засаг, нийгмийн олон салбарт бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөр, төслийг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдон 2010-2015 онд 40 гаруй мянган ажлын байр шинээр бий болно. Үүний 6 мянга гаруй нь инженер, техникийн ажилтан байх шаардлагатай. Мөн өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт ажиллах хүчний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэхээр байгаа юм. 

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

Монгол  Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао 2010 оны 6 дугаар сарын 1-2-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр 9 баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээ юм. Энэ дагуу Монгол, Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 1988 оны гэрээг шинэчилэн байгуулсан. 

Гэрээ байгуулагдсанаар Монгол Улсын хилийг хамгаалах, улсын хилийн халдашгүй байдлыг хангах, хил орчмын нутаг дэвсгэрт мөрдөх хилийн дэглэм, түүнийг сахин хамгаалах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг таслан зогсоох эрх зүйн орчин 1988 оны гэрээнээс илүү боловсронгуй болно.  

Түүнчлэн хоёр улсын, тэр дундаа хил орчмын орон нутгийн худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын харилцааг төрийн нэгдсэн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд хөгжүүлэх, хил орчмын нутаг дэвсгэр дээрх төрөл бүрийн үйл ажиллагаанд тавих хяналт сайжрах, байгаль орчныг хамгаалах, хилийн усыг зүй зохистой, илүү үр ашигтай байдлаар ашиглаж хамгаалах, зах зээлийн эдийн засгийн шаардлагаас үүдэн гарч буй хил дамнасан байгууламжийг шинээр барьж байгуулах, ашиглах, хилийн боомтыг бүрэн хүчин чадлаар ашиглах үүднээс үйл ажиллагааг нь сайжруулах зэрэг олон талт асуудлаар хоёр улсын Засгийн газар хамтран ажиллах эрх зүйн үндэс бүрдэж байна. 

Хилийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын гэрээ нь 11 бүлэг, 50 зүйл, 14 хавсралттай юм. Гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцэн Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

ТОВЧХОН

- Улсын Их хурлын гишүүн Э.Бат-Үүл, П.Алтангэрэл нарын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг дэмжих боломжгүй гэж үзэн хууль санаачлагчдад уламжлахаар тогтов.

- Концессийн зүйлийн жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжив. Гэхдээ төр, засгийн бодлого маш тодорхой, олон нийтэд ил тод байх ёстой гэж Засгийн газар үзэн гишүүдийн саналыг тусгаж 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр болов. 

- Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн 2011 оны төсвийн хязгаар болон 2012-2013 оны төсвийн хязгаарын төсөөллийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн саналыг тусган хавсралт ёсоор баталлаа. Батлагдсан төсвийн хязгаарт багтаан 2011 оны төсвөө боловсруулахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Төсвийн бүх ерөнхийлөн захирагч нарын зарлагыг урсгал, хөрөнгийн зардал, эргэж төлөгдөх цэвэр зээл гэсэн 3 үзүүлэлтээр гаргажээ.

- Иргэдээс 2010 оны эхний хагаст Засгийн газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын мэдээллийн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Эхний хагас жилд иргэдээс 1180 санал, өргөдөл, гомдол ирүүлснээс 1070-ыг нь нь шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, энэ тухай иргэдэд мэдэгджээ. 110 өргөдөл, гомдол, саналыг судлаж шийдвэрлэх гэж байна.

- Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын 2010 оны 6 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг сайшааж,  айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайдад даалгав.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Эв нэгдлийн их баяр наадам
АЛТАРГАНА НААДМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 7 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
МОНГОЛ ОРОСЫН ЗГХК-ЫН XIV ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Ерөнхий сайдад ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчид бараалхав
Ж.Стэйнберг: Монгол Улс нь ардчиллын загвар улс юм
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан