Өссөн гэр, төрсөн нутгаасаа алсад, өргөн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол ахан дүүс Та бүхнийхээ амар мэндийг айлтгаж, угтан ирэх шинэ оны мэндийг хүргэе.
НҮБ-ын хөгжиж буй болон далайд гарцгүй орнуудын бодлого, мониторингийн газрын дарга С.Эрдэнэбилэг, “Родман энд Рэншоу” хөрөнгө оруулалтын банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ж.Жамул, Москва дахь ЮНЕСКО-гийн төлөөлөгчийн газрын дарга Д.Бадарч, АНУ-ын Силикон Ваалий компанийн мэргэжилтэн Ш.Баатар, Финляндын Аабо их сургуулийн багш, доктор Ц.Цэрэн-Онолт,Yahoo-гийн инженерЧ.Ганболд, Google компанийн мэргэжилтэн Б.Сувдмаа, Майкрософт компанийн инженер Л.Бат-Өлзий, БНСУ-ын Инчоны “Дусан” электроник компьютерийн үйлдвэрийн ажилтан Д.Базаррагчаа, Японы сумогийн их аварга М.Даваажаргал, Английн Лондон коллежийн оюутан Э.Энхмөрөн, Бангалор хотын бизнесмэн Х.Ганбат гээд хувь заяаныхаа эзэн болж харьд яваа мянга мянган Монгол иргэддээ Засгийн газрынхаа нэрийн өмнөөс, халуун элгэн нутгаас тань Монгол Улсын Ерөнхий сайд мэндчилж байна.
Шинэ зууны эхний арван өндөрлөж, хоёр дахь арван эхлэх оны зааг дээр Засгийн газрынхаа нэрийн өмнөөс Та бүхэндээ хандаж байна.
Эх оронд тань өвлийн жавар хайруу ч хүмүүсийн сэтгэл халуун байна. Хорин жилийн тэртээх энэ л өдрүүдэд монголчууд шинэ амьдрал, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэсгим хүйтнийг үл ажран жагсан цуглаж, үгээ хэлж, эрх чөлөөтэй амьдралын замыг эргэлт буцалтгүй сонгож байсан билээ. Өнөөдөр Монгол улс өнгөрсөн 20 жилийн алдаа оноогоо цэгнэн дүгнэж, ирэх 20 жилийн зорилго зорилтоо тодорхойлон харж байгаа үе.
Улиран одож буй ондололт, амжилт, ахисан, алдсан нь юу байв гэдгээ дүгнэн хэлэлцдэг нь шинэ жилийн өмнөх энэ өдрүүд юм.
2010 онд эдийн засаг тогтворжлоо. Засгийн газар “Хүний хөгжил”-дөө анхаарч, ард олноороо анх удаа эцэг өвгөдөөсөө үлдээсэн байгалийнхаа баялгаас хишиг,хувь хүртэж эхэллээ. Монгол орон65.000иргэнээр бүл нэмж өнөр олуулаа боллоо. Сүүлийн 15 жилд байгаагүй арвин ургац авлаа. Шинэ бүтээн байгуулалт, шинэ төмөр зам, шинэ аж үйлдвэрийн цогцолборууд, шинэ орон сууцны хорооллууд баригдахаар боллоо.Европын стандарт, Канадын технологийг монголынхоо боломжтой салбаруудад нутагшуулахаар боллоо. Монгол хүний билэг, авъяас тодорч, спорт, урлагийн салбарт тив, дэлхийн олон аврагууд төрлөө.