Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ард иргэддээ дэвшүүлсэн шинэ жилийн мэндчилгээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.12.31 /
Монгол Улсын нийт ард иргэддээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. Манай Засгийн газар ард иргэд Та бүхэнтэйгээ хамт амжилт ололт, дурсамж, сургамж дүүрэн нэгэн оноо үдэж, шинэ оноо угтах гэж байна. Шинэ зууны эхний аравныг отголон өндөрлөж буй 2010 он ирээдүйн их хөгжлийн эх суурийг тавьсан олон чухал үйл явдлаар баялаг байлаа.

Эдийн засагт ахиц гарч дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2010 онд тавьсан зорилтоо хангахаар байна. Хөрөнгө оруулалт нэмэгдэж үйлдвэрлэл үйлчилгээ өргөжлөө. Цаг агаарын таатай биш байдлаас үүдэн мал аж ахуйдаа ихээхэн хохирол амссан ч газар тариалангийн салбарт амжилт ихтэй байлаа.

Энэ онд хураан авсан буудай, төмсөөр дотоодынхоо хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 53,7 хувийг хангаж чадсан. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг даах, олон улсын стандартад нийцсэн хөрөнгийн зах зээлийг жинхэнэ утгаар нь бий болгох эхлэлийг тавив. Шинэ төмөр зам, шинэ аж үйлдвэрийн цогцолборууд, орон сууцны хорооллууд, Тавантолгойн орд газрыг ашиглах зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлэх түүхэн чухал шийдвэрүүдийг гаргав. Энэ төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх Хөгжлийн банк байгуулахаар боллоо.

Эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ хүний хөгжилд онцгой анхаарсан жил байлаа. Боловсролын салбарт шинэчлэлийг иж бүрнээр эхлүүлж, төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэж, кампус хэлбэрээр хөгжүүлэх эх суурийг тавьсан. Ерөнхий боловсролын сургуулиудад Кембрижийн стандартыг анх удаа нэвтрүүллээ. Хүн амынхаа эрүүл мэндэд анхаарч хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, суурь өөрчлөлтүүдийг хийлээ.

“Хүний хөгжил сан”-г байгуулж, өвөг дээдсээс өвлүүлсэн байгалийн баялгаас ард иргэддээ анх удаа адил тэгш хэлбэрээр хишиг хувь хүртээж эхэллээ. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 46.800 ажлын байрыг шинээр бий болголоо.

Засгийн газар иргэд олондоо ойр байж орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх эхлэлийг тавьсан он болов. Би энэ онд Өмнийн шаргал говь, Өргөн Сэлэнгийн хөндий, Алтай, Хангайн ай сав газар гээд Монгол орныхоо 18 аймаг, орон нутагт ажиллаж ард иргэдтэйгээ уулзсан. Асуудал бэрхшээлийг газар дээр нь шийдвэрлэсний зэрэгцээ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, олон ажлыг амжуулсан. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдлээ.

Манай улсын гадаад харилцааны түүх ч хоёр талын ба олон талт харилцааг шинэ шатанд гаргасан айлчлалууд, онцлох үйл явдлаар  баяжигдлаа. Өнгөрсөн 20 жилд Монгол улс ардчилсан орон гэдэг тодотголоороо гадаадад ойлгогддог байлаа. Тэгвэл өнөө жилээс дэлхийн эдийн засаг бизнесийн харааны төвд орж ирлээ. Ийнхүү манай гадаад харилцаа эдийн засагжих замдаа эргэлт буцалтгүй орсон нь энэ жилийн онцлог байлаа. Дэлхийн хөгжилтэй улс орнуудтай хөл нийлүүлэхийн тулд Европын стандарт, Канадын технологийг нутагшуулах ажлыг бодитойгоор эхлүүлэв. Энэ мөчид бидэнтэй хамтран ажилладаг бүх улс орны Засгийн газар, ард иргэдэд шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

Ирэх 2011 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийн тэгш дүүрэн ойнууд давхцан тохионо. Түүхт энэ ойнуудыг монгол хүний омогшил баяр, эх оронч сэтгэлгээ, их түүхийн бахархал болгон тэмдэглэхэд Засгийн газар анхаарч ажиллах болно.

Засгийн газар 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”  болгон зарлаж байна. Шинэ мянганы хоёр дахь аравны анхдугаар ондоо хүн бүр хөдөлмөр эрхлэхийг хичээж, энэ зуунд дуурсагдах их бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг Засгийн газар ард иргэддээ уриалж байна.

Та бүхэн минь шинэ ондоо, шинэ шинэ амжилт ололтоор дүүрэн, аз хиймориор өөдрөг байх болтугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд
2010 оны 12 дугаар сар 29

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хэлсэн үг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД ХҮҮХДҮҮДИЙН ХАМТ ХАРШИЙН НААДМЫГ ҮЗЭЖ СОНИРХЛОО
МОНГОЛ ТҮМЭН ШИНЭ ЖИЛ, ШИНЭ САР, ШИНЭ ӨГЛӨӨНИЙ НАРТАЙ ЗОЛГОН МЭНДЧИЛЛЭЭ
НАЙМАН 1-ЭЭС БҮРДСЭН БИЛЭГТ ӨДӨР ХӨГЖЛИЙН ЗҮТГҮҮРИЙН ДОХИО ЦАНГИНАЛАА
Засгийн газар иргэний нийгэм, бизнес эрхлэгчдийн төлөөллүүдтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Улсын Онцгой комисс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр энэ оны отгон буюу 20 дахь хуралдаанаа хийж цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар хэлэлцлээ
Засгийн газрын хуралдаан 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр болж дараах асуудлуудыг шийдлээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан