Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЕРӨНХИЙ САЙД ХОНГОР НУТАГТ АЖИЛЛАЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.08.11 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд наймдугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн төвд  хүрэлцэн ирэв. Тэрээр ирсэн даруйдаа аймгийн эмнэлгээр орж ажилтай нь танилцлаа. Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд өрхийн болон амбулатори, сумдын эмнэлгээр 30 орчим мянган иргэн үйлчлүүлсэн байна. Аймагт төрөлт нэмэгдсэнээс төрөх эмнэлэг, тасгийн орны хүрэлцээ муутай болоод байсан бол одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг тэрбум гаруй төгрөгөөр 50 ортой төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн барилгыг барьж, энэ онд ашиглалтад оруулна. Мөн өнгөрсөн онд сүрьеэгийн эмнэлгийн барилгаа засварлан, өвчтөнүүд тохилог орчинд эмчлүүлэх боломж бүрдүүлжээ.

Ерөнхий сайд дараа нь аймгийн төвд баригдах “Хонгор-1000” орон сууцны хорооллын шав тавих ёслолд оролцлоо. Энэ хороолол нь Засгийн газрын “100 мянган айлын орон сууц”  хөтөлбөртэй салшгүй холбоотой юм. Хорооллыг бүрэн байгуулж дуусахад нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа тухай аймгийн удирдлага ярилаа. Ерөнхий сайд С.Батболд мөн Баруун бүсийн залуучуудын чуулга уулзалтын хүрээнд болсон  хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг нээж залууст амжилт хүсч,  аймгийн төвд байх хийдэд хүрэлцэн очиж ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө мандал өргөсөлөө.

Дараа нь Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж төр, засгаас явуулж байгаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааны цаашдын зорилт, хэрэгжилтийн талаар танилцуулан, сонирхсон асуултад нь хариулав. Арвайхээр-Баянхонгорын хоорондох хатуу хучилттай 107 км замыг 2011 онд багтаан ашиглалтад оруулах, аймаг дахь Улсын Архивын барилгыг ашиглалтад оруулахад шаардлагатай 750 сая төгрөгийн асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас шийдвэрлэх, аймгийн төвд мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан сумыг эрчим хүчтэй болгоход дэмжлэг үзүүлэхийг аймгийн удирдлага, иргэд Ерөнхий сайдаас хүсч байлаа.

Арвайхээр-Баянхонгорын замыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хатуу хучилттай болгоход Засгийн газар анхаарна. Мөн аймгийн удирдлагаас тавьсан хүсэлтийн дагуу Баянхонгор аймагт Халдвартын эмнэлэг шинээр барих хөрөнгийг 2011 оны төсөвт тусгана гэж Ерөнхий сайд хэлснийг Хонгор нутгийнхан талархан хүлээж авлаа. Баянхонгор аймгийн малчид малын индексжүүлсэн даатгалд сайн хамрагдсан байна. 2009-2010 оны өвөл, хавар малаа алдсан ч даатгалтай байсан учир нэр бүхий малчид долоо хүртэл сая төгрөгийг даатгалаас авах болжээ. Үүний батламжийг Ерөнхий сайд С.Батболд малчдад гардуулж, аймгийн Засаг даргын Тамгын газарт УАЗ-469 автомашин, Өлзийт сумын хүн эмнэлэгт иж бүрэн компьютер бэлэглэлээ.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ САЙТАР ХАНГАХЫГ АНХААРУУЛЛАА

2009-2010 оны гамшиг, зудын улмаас улсын хэмжээнд 9.1 сая толгой мал хорогдон 550 тэрбум гаруй төгрөгийн шууд хохирол учирч 8700 гаруй айл огт малгүй болсон юм. Хэдийгээр байгалийн гамшиг, цас зуд гээд давагдашгүй хүчин зүйл үүнд нөлөөлсөн ч  хариуцлагагүйн  гамшигт өртсөн гэдгийг хаа хаанаа бодох ёстой гэж Ерөнхий сайд С.Батболд Баянхонгор аймгийн иргэдтэй уулзахдаа хэлэв. Засгийн газар наадмын дараа өдөр хуралдан мал аж ахуй, түлш эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцэн салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгсөн. Энэ дагуу Баянхонгор аймаг энэ жил 400 тонн өвс, 300 тонн тэжээл, сум бүр 50 тонн өвс, 50 тонн тэжээл бэлтгэх үүрэг хүлээж, хадлангийн болон тэжээл үйлдвэрлэх техникийн үйлчилгээгээ тогтоосон хугацаанд нь дуусгаж хадландаа гарчээ.

Баянхонгор аймгийн хувьд өнгөрсөн өвлийн гамшиг, зуданд 430-аад мянган толгой малаа хорогдуулж 360 орчим өрх огт малгүй болсон юм.
Гамшиг, зуднаас сургамж авч бүх салбарт өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаах шаардлагатай байгааг Ерөнхий сайд хэлээд энэ чиглэлээр хийсэн ажлаа тайлагнах хугацаа ойртож байгааг сануулав.  Гэхдээ өвлийн бэлтгэлээ хэрхэн хангаснаа Засгийн газарт цаасаар тайлагнахаасаа илүү байгалийн шалгалтад бодитоор тайлагнахад бэлэн байх хэрэгтэй. Хариуцлагагүй байснаас хэд дахин ихийг алддаг. Нэгэнт зах зээлийн нийгэмд хэн нэгний хариуцлагагүйн улмаас учирсан хохирлыг өөр нэгэн хүлээх ёсгүй гэсэн хатуу хууль бий. Иймээс  хувь хүн, айл өрх, аж ахуйн нэгж, аймаг, сум бүр өөрөө өөрийгөө хариуцах ёстой гэдгийг Ерөнхий сайд онцгойлон анхаарууллаа.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ ТӨЛӨВШҮҮЛНЭ
БАЯНХОНГОР АЙМАГТ ХӨГЖИХ БОЛОМЖ БАЙНА
Монголын онцгой байдлын албаныхан хамтран ажиллахад бэлэн байна
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАХДАА ХЭЛСЭН ҮГ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ СУМЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ
ТӨР, ЗАСАГ ЗАВХАН АЙМГИЙН ХӨГЖИЛД АНХААРЧ БАЙНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан