Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.08.06 /
2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр

Ховд хот

Ховд аймгийн ард иргэд ээ!
Хүндэт нөхөд өө!
Монгол Алтайн мөнх цаст сүрлэг өндөр уулс, их нуурын хотгорын уудам хөндий, Алтайн өмнөх говийн байгалийн үзэсгэлэн хосолсон, олон үндэстэн ястны өлгий нутаг Ховд аймгийн хөдөлмөрч, бүтээлч ард иргэд Та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье. Миний бие танай сайхан нутагт анх удаа ирж Та бүхэнтэйгээ нүүр учирч байгаадаа олзуурхаж байна.

Ховдчуудынхаа ажил хөдөлмөр, амьдрал ахуй, амжилт бүтээлийн тухай байнга сонсож, зохих мэдээлэлтэй байдаг ч Ховдчуудын түүх нэн эртнээс эхлэдэг гэдгийг хотын гудамжинд сүндэрлэн ургасан моднууд болон домогт “Баатар хайрхан” уулаа өөрийн нүдээр хараад бахархах сэтгэл төрж байна. Та бүхэнтэйгээ уулзаж байгаа энэ завшааныг ашиглан улс орны болон аймаг, орон нутгийн хөгжлийн зарим асуудлыг хөндөн ярьж, санал бодлоо солилцохыг хүсэж байна.

Эрхэм хүндэт Ховдчууд аа!
Миний бие Эв нэгдлийг эрхэмлэсэн Монгол Улсын хамтарсан Засгийн газрын Ерөнхий сайдаар томилогдон  улс орныхоо хөгжлийн байдалд  дүн шинжилгээ хийж, ард олныхоо аж амьдралыг судлан үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилттой ажиллаж эхэлснээс хойш 9 сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд олон жил яригдаад шийдэж чадаагүй томоохон асуудлуудыг эхнээс нь шийдвэрлэж улс  орныхоо хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн томоохон алхам хийж, хүний хөгжлийн болон үйлдвэрлэгч, бизнесийн илүү тааламжтай нөхцөл бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг холбогдох талтай байгуулсан. Ингэснээр хөрөнгө оруулалтын эхний хэсэг орж ирж, үйл явц ам ярианаас ажил хэрэг болох эхлэл тавигдсан. Одоо Оюу толгойд бүтээн байгуулалтын ажил өрнөж, 2200 гаруй монгол залуу шинэ ажлын байраар хангагдаж, орчин үеийн техник, технологи ашиглан гадаадын мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчидтай мөр зэргэцэн ажиллаж байна. Ажлын байр цаашид нэмэгдэн нийтдээ 5700 гаруйд хүрэх юм.  Таван толгойн орд газрыг ашиглах эрх зүйн орчинг бий болгож, Монголын ард иргэд, үндэсний компаниуд давуу эрхийн хувьцаа эзэмших боломжийг бүрдүүллээ.

Монгол Улсын иргэн бүр өөрийн гэсэн өмчтэй болох, байгалийн баялагтаа эзэн нь байх  түүхэн шийдвэрийг хамтдаа гаргаж чадлаа.
Уул уурхайн салбарын үр шимийг хүртэхийн тулд зөвхөн орд газруудыг ашиглалтанд оруулснаар хязгаарлагдахгүй, олборлосон ашигт малтмалыг тээвэрлэх дэд бүтцийг хөгжүүлэх, ашигт малтмалыг эцэслэн боловсруулах, олон улсын зах зээлд үнэ хүргэн арилжаалах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх гэх мэт хийвэл зохих олон ажлыг бид эхлүүлээд байна. Иймд энэ арга хэмжээний нэг болох Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын төслийг Засгийн газраас боловсруулан Улсын Их хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.

Энэхүү бодлогын зорилго нь одоо байгаа төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ирээдүйд өсөн нэмэгдэх тээвэрлэлтийн эргэлт хэрэгцээг үр дүнтэй, найдвартай хангахад чиглэгдсэн үр ашигтай үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг бий болгох, салбарын эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, ашигт малтмалын томоохон орд газруудыг ашиглах, тэдгээрийн бүтээгдэхүүнийг экспортолж улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдэж байгаа юм.

“Төмөр зам” төслийн хүрээнд ойрын 4 жилд 1000 гаруй км зам барина. Энэ бол асар их хөрөнгө шаардах, ажлын байр олныг бий болгох, алсдаа хөгжил дэвшил авч ирэх аварга том бүтээн байгуулалтын нэг байх болно. Энэ төмөр зам ирээдүйд бас Ховдчуудад хөгжил дэвшил авч ирэх нь дамжиггүй. Уул уурхайн олборлолтыг дагалдаад боловсруулах үйлдвэрүүд зайлшгүй шаардагдаж байна. Иймд эхний ээлжинд нүүрс угаах, хийжүүлэх, кокс гаргах, зэс хайлуулах, боловсруулах, газрын тос, төмрийн хүдэр боловсруулах тооцоо судалгаа, бэлтгэл ажлыг хийгээд байна. Цогцолборыг барьж байгуулах ажлыг ирэх оноос эхлүүлэхээр зорьж байна.

Цогцолбор байгуулагдсанаар уул уурхайн нөөц баялгаа түүхийгээр биш боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн экспортолдог орон болох юм.
Ингэснээр эдийн засагт өсөлт гарч, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2015 оноос 2-3 дахин нэмэгдэнэ. Дагалдаад иргэдийн амьдралд эерэг нааштай өөрчлөлт гарна гэсэн өөдрөг сэтгэлтэйгээр, зориг итгэлтэйгээр ажиллаж байна. Уул уурхай, аж үйлдвэржүүлэлтийн салбарын их бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд орчин үеийн техник технологи эзэмшсэн оюунлаг бүтээлч үндэсний мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчид нэн чухал байна.

Боловсролын  шинэчлэлийг эрчимжүүлж, олон улсад өрсөлдөх чадвартай дэлхийн жишигт нийцсэн тогтолцоог бий болгох, олон улсын түвшний  ерөнхий боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан өрсөлдөх чадвартай цөөн сургуулийг буй болгох зорилтыг хэрэгжүүлэхдээ бүтцийн өөрчлөлтийг төр өөрөөсөө эхлэх ёстой гэсэн чиглэлийг удирдлага болгож байна.  Энэ шийдвэр хэрэгжсэнээр төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын тоо 42 байсан бол 16 болж цөөрлөө.

Мөн Засгийн газраас “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх” төлөвлөгөө боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна. Эхний ээлжинд ШУТИС-ийг Налайхын ойролцоо байгуулахаар төсөл боловсруулсан. Хотхон байгуулах хөрөнгө босгох анхны алхам хийгдэж эхэллээ. БНХАУ-аас олгох 270 сая юаны буцалтгүй тусламжийг ШУТИС-ийн хотхоны бүтээн байгуулалтад зарцуулахаар санхүүжүүлэгч талтай тохироод байна.
 Манай орны эдийн засгийн нэг үндсэн тулгуур болсон хөдөө аж ахуйн салбарт ч хөрөнгө, хүч зарцуулж буй. Эх орны газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлж, хураан авч байгаа үр тарианы чанар, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангахуйц түвшинд хүргэхээр ажиллаж  байна.

“Атрын III аяны” үр дүнд өнгөрөгч 2009 онд Тариаланч, механикжуулагчдын хүчин зүтгэлээр хэрэгцээт үр тарианы 97.0 хувь, төмсний 100.0 хувь, хүнсний ногооны 50.0 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ онд улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60.0 хувийг дотоодын ургацаас хангахыг зорьж байна. Энэ нь зүгээр нэг үйлдвэрлэлийг өргөтгөж тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилт төдий биш иргэдээ эх орны эрүүл, аюулгүй хүнсээр хангах хүнсний аюулгүй байдлын утга агуулгатай том зорилт юм. Энд Ховдчууд Та бүхний хувь нэмэр нэн чухал. Ирэх жилийн бэлтгэл болгож энэ онд 274,3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулаад байна.

Бид цаашдаа усалгаатай газар тариаланг эрчимжүүлэх замаар хүн амаа хүнсний ногоогоор, хөнгөн үйлдвэрээ түүхий эдээр, мал аж ахуйгаа өвс тэжээлээр хангах зорилтыг цогцоор шийдвэрлэхийг эрмэлзэж зорьж байгаа. Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурын дулаарал, өөрчлөлтөөс шалтгаалж олон оронд усны үер, ган, зуд, хүчтэй салхи гарч, хүний амь нас эрсдэх болон эд материалын нөхөж баршгүй  хохирол учруулах боллоо. Өнгөрсөн өвлийн улиралд цочмог хүйтрэн, манай оронд байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл учирч, мал аж ахуйн салбар, малчдын аж амьдралд ихээхэн хүндрэл хохирол учруулсан. Энэ зудын улмаас 44,0 сая толгойд хүрч байсан мал сүрэг 8,1 сая толгойгоор хорогдож 550 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан. 8200 гаруй өрх малгүй болж, амьжиргааны үндсэн хэрэгслээсээ хагацсан нь иргэдийн амьдралд хүнд цохилт болсон.

Зудын гамшиг, хохирлыг даван туулахын тулд Засгийн газраас 6,8 тэрбум төгрөг, иргэд, аж ахуйн нэгж, гадаад, дотоодын байгууллагын хандив тусламж 26,6 тэрбум төгрөг, олон улсын төсөл, хөтөлбөрөөс 12,3 тэрбум төгрөг, нийтдээ 45,7 тэрбум төгрөгийг зарцуулсан. Энэ нь учирсан хохиролтой харьцуулахад бага боловч эдийн засаг, нийгмийн салбарт зарцуулсан бол томоохон хөрөнгө оруулалт болох байлаа. Засгийн газар “Зудын хохирлыг арилгах арга хэмжээний тухай” тогтоол гарган, нэгдсэн төлөвлөгөө боловсруулан  хэрэгжүүлж байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд амьжиргааны эх үүсвэрээ алдсан малчдыг малжуулахад зориулж 3.0 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусган батлуулсан. Үүнээс 264 сая нь танай аймагт оногдож байгаа юм.

Мал аж ахуйг цаашид уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экпортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг өнгөрөгч 5 дугаар сард Улсын Их Хурлаас батлан гаргасныг Засгийн газар үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Малыг малчдад өгсөн нь нэг талаар сайн болсон ч, нөгөө талаар мал аж ахуй амиа аргацаасан шинжтэй байгаа нь хоцрогдол сул тал юм. Үүнээс гарахын тулд нийгмийн зохион байгуулалтанд орж хоршоо, нөхөрлөл хамтын хүчээр аж ахуйгаа эрхлэх шаардлага байна. Мал сүргийнхээ тоо толгойг өсгөхийн зэрэгцээ чанаржуулах, таваарлаг болгох, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж жинхэнэ үр ашигтай, өгөөжтэй үйлдвэрлэл болгох арга ухаанд суралцах хэрэгтэй болжээ.

Нөгөө талаар малын ашиг шим, түүхий эдийг бүрэн боловсруулж бүтээгдэхүүн болгох жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь чухал. Ингэж мал, малчдыг зах зээл, үйлдвэрлэлтэй холбох талаар орон нутаг, холбогдох яам газар, бизнесменүүд онцгой анхаарвал зохино. Эдийн засаг, нийгмийн томоохон зорилтуудаа хэрэгжүүлэх, их бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн тулд Засгийн газар аж ахуйг эрхлэх арга менежемент, төрийн захиргааны удирдлагадаа өөрчлөлт хийхийг эрмэлзэж байна. Үүний тулд Засгийн газраас эдийн засгийн салбарт хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, улсын үйлдвэрийн салбарын удирдлагыг үр ашигтай, нээлттэй болгох болон 2010 оныг "Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, олон асуудлыг ажил хэрэг болгохоор зорин ажиллаж байгаа.

Энэ зорилтын хүрээнд төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлээд байна. Засгийн газраас орон нутагт олгож байгаа төсвийн шилжүүлгийг тухайн орон нутгийн хөгжлийн индекст тулгуурлан тодорхойлж байх зарчимд шилжинэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, орон нутгийн чанартай ажил, үйлчилгээг үнийн дүнгээс үл хамааран тухайн орон нутгийн удирдлага худалдан авдаг байх журам тогтооно. Боловсон хүчний босоо тогтолцоог өөрчлөн аймаг, нийслэлд ажиллаж байгаа төрийн онцгой чиг үүргийн болон мэргэжлийн хяналтын агентлагаас бусад агентлагийн дарга нарыг томилох, чөлөөлөх эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлнэ. Энэ бүхний үр дүнд манай ажилд өөрчлөлт гарна гэж бодож байна.

Хүний хөгжлийг хангах нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх нэг чиглэл болно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1,5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлнэ” гэсэн зорилт хэрэгжих хууль эрх зүйн орчин бүрдүүллээ. “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийг УИХ-аар батлуулан байгалийн баялгаас олсон орлогыг иргэддээ тэгш, шударгаар хүргэх ажлыг эхлүүлж,  эхний ээлжинд 70,000 төгрөгийг иргэддээ олгосон билээ.

“Хүний хөгжлийн сан”-гаас иргэдэд бэлэн мөнгө олгож буй хугацаанд өөрчлөлт оруулж 2010 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн сар бүр иргэн бүрт 10,000 төгрөг олгож байх, цаашид 2011 оны 01 дүгээр сараас сар бүр олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэн 21,000-аас доошгүй төгрөгт хүргэх санал, шийдвэрийг Засгийн газар саяхан гаргасан. Энэ нь бэлэн мөнгө бөөнөөр өгснөөр инфляци өсөж, юмны үнэ нэмэгдэн, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа байдлыг саармагжуулахад чиглэсэн арга хэмжээ гэдгийг Та бүхэн ойлгож байгаа гэдэгт итгэж байна.

Иргэн бүрт олгох 1,0 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох зэрэг хэлбэрээс нь сонголт хийх саналыг иргэдээс авах ажлыг зохион байгуулсан. Хүний хэрэгцээ олон талтай тул иргэдийн санал янз бүр байна. Ховдчуудын 40 орчим хувь зээлийн төлбөрт, 30 шахам хувь нь боловсролын үйлчилгээнд үлдсэн хувь нь эрүүл мэнд, тэтгэвэрийн даатгалын шимтгэлд зориулах санал гаргажээ.

Хамтарсан Засгийн газар иргэддээ амалсан 1,5 сая төгрөгийг бэлэн ба бэлэн бус хэлбэрээр заавал олгох болно. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар өсгөхийн зэрэгцээгээр төрийн албан хаагчдийг орон сууцжуулах үүднээс 4 мянган хүнийг хөнгөлттэй зээлд хамруулах шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж  эхлээд байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн олон орныг хамарсан эдийн засгийн хямрал үргэлжилж, улс, орнуудын эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэлийн хэмжээ буурч, ажлын байр хомсдож, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байсан боловч өнгөрсөн оны сүүлчээс тогтворжих хандлагатай боллоо.

Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд ойрын 5 жилд 40.000 ажлын байр бий болох төлөв байдал ажиглагдаж байна. Энэ бол хүний хөгжлийн чухал нөхцөл бөгөөд ажлын байраар дамжиж орлогожино гэдэг амьжиргааны эх үүсвэр баталгаа болох буюу хүн өөрөө хөдөлмөрлөх явцдаа улам хөгжинө. Энэ оны эхний 5 сарын байдлаар зөвхөн уул уурхайн салбарт  ажиллагчдын тоо 1100 гаруй хүнээр нэмэгджээ. Цаашид мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх материаллаг баазыг бэхжүүлэх, шинээр бий болгох, залуучуудад мэргэжил, ур чадвар  эзэмшүүлэх ажилд чанарын ахиц гаргах зайлшгүй шаардлага бий болж байна. Үүний үр дүнд боловсронгуй, оюунлаг иргэн төлөвшинө.

Ховдчуудаа !

Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах, үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх зорилгоор Монгол Улс бүсчилсэн хөгжлийн стратеги, үзэл баримтлалыг боловсруулан батлан хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах, авто замын сүлжээг өргөтгөх, холбоо, мэдээллийн орчин үеийн техник хэрэгслэлийг нэвтрүүлэх, эрүүл мэнд, боловсрол, соёлын материаллаг баазыг бэхжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхийг эрмэлзэж ирлээ.

Энэ хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Баруун босоо тэнхлэгийн хатуу хучилттай Манхан-Ховдын чиглэлийн 85,3 км хатуу авто замыг барихаар гүйцэтгэгч компанитай хэлэлцээр хийж, 2 хоногийн өмнө гэрээнд гарын үсэг зурсан. Мөн ойрын хугацаанд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар баригдах Баруун босоо тэнхлэгийн автозамын ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр ажиллаж байна. Эдгээр нь Ховд аймгийн иргэдийн амьдрах орчин бололцоог сайжруулах, барааны өртгийг бууруулах, амьжиргааг дээшлүүлэхэд тус дөхөм болох болно.

Ховд аймаг нийгмийн салбарынхаа талаар онцгой анхаарч хөгжлийг буй болгогч, үр шимийг нь хүртэгч хувь хүн, иргэдээ оюунжуулан хөгжүүлэхээр “Оюунлиг Ховд” хөтөлбөрийг санаачлан боловсруулж, ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн баталж, мөрдөн,  хэрэгжүүлж байгаа нь тэмдэглүүштэй. Хөтөлбөрийн хүрээнд 2009 онд “Хөдөлгөөн-эрүүл мэнд”. “Амны хөндийн эрүүл мэнд” аяныг өрнүүлэн, оюунлиг гэр бүл, багш, эмч, оюутан, сурагч шалгаруулан алдаршуулах, орон нутагт нэн шаардлагатай мэргэжилтнийг гэрээгээр сургах журмыг батлан мөрдсөн.

Ховдын их сургууль, ХААИС-ийн салбар сургуулийг  хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-ын сургуулиудтай хамтран ажиллах төслийг хэрэгжүүлж, “Хөгжил” Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн дадлагын тоног төхөөрөмжийг шинэтгэн өргөжүүлж, суралцагчдын тоог 13,4 хувиар нэмэгдүүлсэн. Эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын  материаллаг бааз, ажлын байрны ажиллах нөхцлийг дээшлүүлэхэд 2009 оны аймгийн нийт /15,8 тэрбум/ хөрөнгө оруулалтын 43,0 хувь буюу 6,8 тэрбум төгрөгийг зарцуулсан зэрэг нааштай эхлэл, хийсэн ажил багагүй байна.

Гэвч дээрх арга хэмжээний үр дүн тайлан мэдээнээс үзэхэд төдий л мэдрэгдэхгүй байна. Тухайлбал аймгийн хэмжээнд эхийн эндэгдэл, бага насны хүүхдийн эндэгдэл, сургуулийн насны хүүхдийн завсардалт 2009 онд өмнөх жилүүдийнхээс буураагүйгээр барахгүй зарим үзүүлэлт хуучнаасаа өсчээ. Иймд хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохион байгуулалтаа улам эрчимжүүлэн цаасан дээрээс ажил хэрэг болгох шаардлага тулгарч байгааг аймгийн удирдлага, холбогдох хүмүүс анхаарах хэрэгтэй байна.

Жил ирэх тутам өөрчлөгдөж байгаа байгаль цаг уурын байдал, хуурайшилт, байгалийн нөхөн сэргэх хэмнэл, зүй тогтол алдагдсан, бэлчээрийн цөлжилт нэмэгдэж байгаа зэрэг хүний үйл ажиллагаанаас үл хамаарах байгаль орчны экосистем нь эдийн засгийн гол салбар болох мал аж ахуй, газар тариалангийн салбарт сөргөөр нөлөөлж зуншлага, намаржилт төдийлөн сайнгүй болж, мал сүргийн тоо толгойн өсөлт, хураан авах ургацын хэмжээнд муу нөлөө үзүүлэх болжээ.

Баруун бүс нутаг болон Ховдчуудын нэн түрүүнд анхаарах асуудал бол яах аргагүй мал аж ахуй, газар тариаланг хослуулан эрхлэх. Танай аймгийн малчин иргэдийн шаргуу хөдөлмөр, мал аж ахуйн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсч байсан боловч өнгөрсөн өвлийн харьцангуй хүйтрэлт, олон удаа орсон их хэмжээний цас, байгаль, цаг уурын аюултай үзэгдлээс үүдэн мал өвөлжилт, хаваржилт, төл хүлээн авч бойжуулах ажилд үлэмж хүндрэл, бэрхшээл учирч, оны эхний малын 20,6 хувь буюу 466,9 мянган толгой мал хорогдож, гарсан төлийн 163,3 мянга нь хорогджээ.

Цаг агаарын эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг оронд монголчуудын амьдралын баталгааны эх үүсвэрийн нэг болсон мал сүрэг хэдийгээр хувийн өмч ч гэсэн улс орны хөгжил, ард иргэдийн маань амьжиргаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа  билээ. Иймд мал сүргээ өсгөх, ашиг шим, бүтээгдэхүүнийг  бүрэн гүйцэд ашиглах, мал сүргийн үржил, селекцийн ажлыг сайжруулах, сүргийн бүтэц, таваарлаг байдалд анхаарч, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх малын тарилга, туулгыг цаг хугацаанд нь хийх, малдаа шаардагдах хадлан тэжээл, худаг ус, хашаа хороо зэрэг материаллаг нөхцлийг бүрдүүлж, цаг агаарын тааламжгүй ямарч бэрхшээлийг даван туулж чадах эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.

Малгүй буюу цөөн малтай малчдыг малжуулах, нөхөрлөл, хоршоо, түрээс зэрэг хамтын хүчийг өрнүүлэн малчдын нийгмийн асуудалд төр, засгаас дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Бүс нутгийн хөгжилд мал аж ахуй чухал үүрэг гүйцэтгэхээс гадна газар тариалан эрхлэн, аймаг, бүс нутгийнхаа үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэний хэрэгцээгээ өөрсдөө бэлтгэн авах нь чухал юм. Ховдын шийгуа, тингуа, гэхээр Монголчуудын арааны шүлс асгардаг. Аймаг, бүс нутгаа төдийгүй улсаа хангаж чадах хүч нөөц, дадлага туршлага, мэдлэг чадвар, арга барилтай ард түмэн билээ.

Хэдийгээр гантай, хур бороо багатай ч танай аймаг 2009 онд 2796,0 га талбайд тариалалт хийж, үр тариа, төмс, хүнсний ногоо /6985,2 тн/, тэжээлийн ургамал /1657,5 тн/, нийтдээ 18748,1 тн ургац хураан авснаас, үр тариа тариалалтаар Булган, Дарви, Үенч сум, хүнсний ногоо тариалалтаар Ховд, Буянт, Мянгад сум бусдыгаа хошуучлан ажиллажээ. 2010 онд аймгийн дүнгээр 2654,4 мянган га-д тариалалт хийж, үр тариа, хүнсний ногоо, тэжээлийн болон техникийн ургамал тариалалтыг урд оныхоос 78,4-363,8 га-гаар нэмэгдүүлсэн нь сайшаалтай.

Цаашид усалгаатай газар тариаланг сэргээж үр тарианы болон малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чанар сайтай гурил, тэжээл, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг дотоодын экологийн цэвэр бүтээгдэхүүнээр аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангах төдийгүй бүсийн аймгуудад нийлүүлэх талаар улам санаачлагатай ажиллана гэж итгэж байна. Монгол Улсын Засгийн газар, Монгол банкнаас авч хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын бодлогоор орон нутгийн эдийн засаг, үйлдвэрлэлийг дэмжих, түүний бие даасан үйл ажиллагааг хангахыг зорьсон нь зарим нааштай үр дүн өгснийг танай аймгийн бүтээн байгуулалтаас харж байна.

Баруун Монголын бурхан шашны төв болохуйц 108 суврага бүхий Ганданпунцагчойлон хийдийн цогцолбор, Усан спорт сургалтын төв, “Шинэ Ховд” нэртэй хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн зэрэг томоохон барилга байгууламж болон, төрийн албан хаагчийн 68, хувийн хэвшлийн 69 орон сууцыг барьж  ашиглалтанд оруулжээ. Ховд аймаг баруун бүсийн тулгуур төв бөгөөд нөлөө бүхий аймгийн хувьд баруун бүс нутгийн хөгжлийн бодлого, зорилго зорилтод ихээхэн нөлөөлөх нь дамжиггүй.

Баруун бүс нутаг ОХУ, БНХАУ, Казакстан улстай шууд харилцах олон гарцтай, тэдгээрээр дамжин бусад улстай ч харилцаж, түншлэлээ өргөтгөх өргөн боломжоо ашиглан гадаад харилцаагаа өргөжүүлж байгаа нь хөгжлийн нэг гарц мөн. 2009 оныг гадаад харилцааны хувьд онцлох жил болгон зарлаж, ОХУ-ын болон БНАСАУ-ын Элчин сайд нар, БНУнгар, Халимагийн БНУ-ын улс төр, шашны нэр хүнд бүхий төлөөлөгчдийг хүлээн авч аймгийнхаа ирээдүйн хөгжил цэцэглэлтийн талаар үнэтэй санал зөвлөгөө авч хамтын ажиллагааны эхлэлийг тавьжээ.

“Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөл, “Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын хэрэг эрхлэх газар” зэрэг байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, Алтайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал, байгаль хамгаалал, экологи, хөрөнгө оруулалтын асуудлаар хамтран ажиллах зорилгоор тус зөвлөлийн 7 дугаар хуралдааныг анх удаа Ховд хотод зохион байгуулж, гадаад, дотоодын 350 гаруй төлөөлөгч оролцсон нь бүсийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүсийн гадаад харилцааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон байна.

Төрийн ажилтнуудаас иргэдэд үзүүлэх үйлчилгээг хүнд суртал чирэгдэлгүй нээлттэй, ил тод, шударга болгох шаардлага өнөө үед тун чухлаар тавигдаж байна. Төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг дээд зэргээр сахиулж, төрийн албан хаагчид ёс зүйн зөрчил гаргах, хууль тогтоомж зөрчиж ажлын хариуцлага алдах, ажлаа цалгардуулж  зөрчил дутагдал гаргавал зохих зэм, хариуцлагыг тухай бүрд нь хүлээлгэдэг байх ёстой. Танай аймгийн нутгийн захиргааны байгууллагууд төрийн албан хаагчийн өдөр тутам мөрдөх 9 зарчмыг боловсруулан бүх сум, байгууллагад хүргүүлж, төрийн байгууллага, ажилтны албан тасалгаанд ил тод байрлуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, иргэдээс төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж үнэлэлт дүгнэлт өгөх, оршиж байгаа дутагдлыг засаж залруулах нөхцлийг бүрдүүлсэн нь төрийн ажил, үйлчилгээний хүртээмж, чанарт эерэгээр  нөлөөлөх ажлын эхлэл болжээ. Цаашид улам чанаржуулан шинэ шинэ хэлбэрээр баяжуулж ажиллах хэрэгтэй.

Манай улсад сахилга журамгүй байдал, архидан согтуурах, цалгар назгай хариуцлагагүй явдал нэлээдгүй байгаагаас гэмт хэрэг ихсэж, урд өмнө сонсогдож байгаагүй хэрэг зөрчил гарч иргэдийн амгалан тайван амьдрах баталгаа хангагдахгүй байна. Энэ нь төрийн ажил төв, орон нутагт цалгар назгай байгаатай холбоотой. Мөн хууль хяналтын байгууллагууд, иргэд, хамт олон, гэр бүл бүгд хүчээ нэгтгэж, төр захиргааны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж тасралтгүй, байнгын ажил болгож чадахгүй байгаагийн илрэл гэж үзэхээс өөр аргагүй.

Архидан согтуурахтай хийх тэмцлийн арга хэлбэрийг өөрчилж, хамгийн гол нь нийгмийн сэтгэл зүйг гэгээрүүлэн ухаалаг зөв хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ховд аймгийн хэмжээнд 2009 онд өмнөх онтой харьцуулахад малын хулгай болон согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт буурсан ба  2010 оны эхний хагас жилд бүх гэмт хэргийн гаралт буурсан мэдээтэй байгаа нь сайшаалтай байна. Цаашид энэ чиглэлийн ажлаа улам эрчимжүүлж, бататгаж ажиллах хэрэгтэй.

Танай аймгийн удирдлагаас тавьсан хүсэлтийн дагуу өвөлдөө -40 градус хүртэл хүйтэрдэг цаг уурын эрс уур амьсгалтай манай орны хувьд аймгийн инженерийн ба төвийн дулааны шугам сүлжээ, урсгал болон их засвар, тэдгээрийн шинэчлэлийн асуудлыг онцгой анхаарч, санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсвийн хуульд үе шаттайгаар тусган шийдвэрлэж байхаар Засгийн газар шийдвэрлэсэн. Мөн Ховд хотод дулааны 2 дахь эх үүсвэрийг шинээр барих асуудлыг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд үүрэг болгосон.

Засгийн газраас авч явуулж байгаа арга хэмжээ болон нутгийн захиргааны байгууллагуудын ажлын ололт амжилт, дутагдал доголдол, цаашид анхаарах асуудлын талаар товч дурдахад ийм байна. Энэ сайхан бахархал уламжлал, ололт амжилтаа улам бататгаж, хүн бүр эрүүл энх байж, идэвх чармайлттай хөдөлмөрлөж, эх орныхоо болон орон нутгийнхаа бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.

 Эрхэм хүндэт иргэдээ
 
 Олон ястны өлгий болсон Ховд нутгийн зон олон Та бүхэн хэзээнээс нааш эвийг эрхэмлэж ирсэн эвсэг найрсаг ард түмэн.
 Ховдчууд эртнээс нааш олон төрлийн аж ахуй эрхлэн, амьдрал ахуйгаа өөд татаж ирсэн ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч ард түмэн.
 Ховдчууд эх болсон газар нутгаа хамгаалж тэмцэж, хайралж ирсэн эх оронч, баатарлаг эрсээрээ бахархдаг ард түмэн.
 Ховдчууд Та бүхэн байгаль дэлхийгээ шүтэж, төр засгаа хүндэтгэж, Өндөр Хөхийдөө залбирахдаа ч төвшин төрөө даатгаж байдаг төр ёсны нандин уламжлал соёлтой. Тийм ч учраас тулх түшигтэй, эрч хүчтэй төрийн түшээд, Улсын Ерөнхийлөгчийг төрүүлсэн ард түмэн.
 Ховдчууд язгуур урлаг соёл, уламжлал ёс заншлаа ямагт хүндэтгэн дээдэлж, хөгжүүлж баяжуулж ирсэн авъяаслаг ард түмэн.
 Ховдчууд эрдэм ухааныг эрхэмлэж, орчин үеийн боловсролд тэмүүлсэн оюунлаг, эрдэмлэг сэхээтэн олныг төрүүлсэн ард түмэн билээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА
ХОВД ХОТЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ
ЦЭРГИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН ГАРДУУЛАВ
Казак малчин айлд зочиллоо
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ
ЕРӨНХИЙ САЙД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан