Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг нээж хэлсэн үг
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.03.27 /
Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож буй инженер, техникийн ажилтанууд, барилгын материал үйлдвэрлэгчид, зураг төсөлчид, үе үеийн ахмад барилгачид Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, удирдах ажилтны зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье. 

Миний бие Та бүхэнтэй хэдхэн сарын өмнө уулзахдаа энэ салбарт баримтлах Засгийн газрын бодлого, чиглэлийн талаар байр сууриа илэрхийлсэн. Өгсөн үүрэг даалгавар ажил хэрэг болж буй гэдэгт итгэж байна. Өнөөдрийн зөвлөгөөний агуулга, тавигдах илтгэлүүд тулгамдсан асуудлуудыг хөндөж шийдвэрлэх гарцыг олоход чиглэгдэх учиртай. Учир нь манай улсын хот байгуулалт, дэд бүтцийн бодлогыг шинэчлэх, олон улсын стандартын түвшинд хүргэх, эрх зүйн тогтвортой орчин бий болгох зайлшгүй шаардлагатай.   

Монгол Улсын Засгийн газрын 2004-2008 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “40 000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийт 27555 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан дүн мэдээ байна. “40 000 орон сууц” хөтөлбөр нь тоо хэмжээний хувьд ийм байгаа ч, бага, дунд орлоготой иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх гэсэн үндсэн зорилтоо бүрэн биелүүлсэнгүй. Үүний зэрэгцээ өнгөрсөн жилүүдэд хот, хөдөөгийн ялгаа эрс нэмэгдэж, хөдөөгөөс хот руу шилжин ирэгсэд нийслэлийн хүн ам, гэр хорооллын тархалтыг улам нэмэгдүүлснээс Улаанбаатарын экологийн ачаалал хэрээс хэтэрч, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг бид байнга ярьдаг.

Засгийн газар бодит байдалд дүгнэлт хийж, нилээд ажлыг эхлүүллээ. Нийслэлд дэд бүтцээр хангах бололцоотой гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, хуучин орон сууцны хорооллыг шинэчлэх гээд ихээхэн ажлууд хийгдэнэ. Мөн Улсын болон хувийн их, дээд сургуулиудын “Оюутны хотхон”-ыг олон улсын жишиг стандартын дагуу барьж байгуулахыг судлах ажлын хэсгийг байгууллаа. Энэ талаар та бүхэн байр сууриа илэрхийлэх хэрэгтэй.  

Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 20 орчим хувь нь инженерийн хангамж бүхий орон сууцанд амьдарч байна. Тиймээс нийт хүн амынхаа 30-аас доошгүй хувийг инженерийн хангамж бүхий орон сууцаар хангахын тулд “100 мянган орон сууц” төслийг дэвшүүлж, Хамтарсан Засгийн газар өөрийн нэгэн чухал зорилт болгон хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан.

Орон сууцжуулалт нь агаар, хөрсний бохирдол, эрүүл мэнд, иргэдийн ая тух, нийгмийн бүлэг асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх зөв аргачлал юм. Зөвхөн утааг арилгахад хүч, хөрөнгөө зарцуулах нь ихээхэн өрөөсгөл болохыг өнгөрсөн жилүүд бидэнд хангалттай нотлон харууллаа. Ямар нэгэн хүчин зүтгэл, чармайлтаар утааг арилгачихдаг юм гэхэд цаана нь хөрсний бохирдол, цэвэр усны хангамж, эрүүл ахуй, ая тух гээд өчнөөн олон асуудал шийдлээ хүлээн үлдэх болно. Иймээс орон сууцжуулах ажлын ач холбогдлыг төр засаг, барилгын байгууллагууд төдийгүй ард иргэд ойлгож хамтран ажиллах хэрэгтэй.
 
Гэхдээ орон сууны хороолол барих ажлын ач холбогдлыг ойлгож хувийн эрх ашигаа илүүд үздэг, үнийг үндэслэлгүй өсгөдөг, богино хугацаанд их ашиг олохын тулд чанаргүй барилга барьдаг дутагдлуудыг давтахгүй байх ёстой. Монгол Улсын 1990, 2000, 2010 оны статистикийн тоо баримтуудыг харьцуулан үзэхэд орон сууц, дэд бүтцийн хангамж, ногоон байгууламж буурч, ажилгүйдэл, ядуурал, агаарын бохирдол, авто замын түгжрэл өсчээ. Барилгын салбарын удирдах ажилтнуудын хувьд энэ талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг, зорилготой гэж бодож байна.

“100 мянган орон сууц” төслийг хэрэгжүүлсний үр дүнд хүн амын орон сууц, дэд бүтцийн хангамж сайжирч, ногоон байгууламж нэмэгдэж, агаар, хөрс, усны бохирдол эрс буурч, авто замын сүлжээ нэмэгдэж, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдсэн байх ёстой. Энэ бол бидний зорьж, төлөвлөж буй үр дүн. Үүнийг бодит ажил болгоход шаардагдах эрх зүйн зохицуулалт, санхүүгийн механизмыг бүрдүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллана.
 
Сүүлийн үед Улаанбаатар хотын орон сууцны барилгуудын газар хөдлөлтөнд ямархуу тэсвэртэй вэ гэдэг асуудал олны анхаарлыг татах боллоо. Тиймээс барилгын салбарын удирдлагууд та бүхэн барилга барихдаа ая тух, үнэ өртгөөс илүү аюулгүй байдлыг найдвартай хангах асуудлыг тооцох хэрэгтэйг онцлон хэлье. Өнөөдөр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /Тендерийн/ хуулийн дагуу төсөл, арга хэмжээг гүйцэтгэхдээ хамгийн бага үнийн санал өгснийг сонгож байна. Энэ нь барилгын чанарт сөргөөр нөлөөлөх боллоо. Иймд бодит амьдралд нийцэхгүй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлүүлж, үндэсний үйлдвэрийг дэмжсэн нөхцөл бололцоог хангах санал, санаачлага гаргах ёстойг сануулж байна.

“100 мянган орон сууц” төслийг хэрэгжүүлэх явцад барилгын материалын үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах, дэд бүтэц, орон сууц, барилга байгууламжид шаардлагатай барилгын материалын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, тээврийн зардлыг багасгаж, өртгийг бууруулах боломжийг бүрдүүлнэ. Монгол хүн ажилтай, мэргэжилтэй болох асуудлыг хамтад нь шийдэх учиртай. Салбарын эрдэм шинжилгээ, судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх оновчтой хэлбэрийг бий болгож норм, дүрэм, стандарт, техник технологи, материал бүтээцийн талаарх тулгамдсан асуудлуудад чиглүүлэн тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхийг үүрэг болгож байна. 
 
Барилгын салбарын удирдлагууд Та бүхнийг Засгийн газартайгаа хамтран ажиллаж тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэж, ард иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх их үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг хүсье. Биднийг их ажил, бүтээн байгуулалт хүлээж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хэлсэн үг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
БНЧУ 4 САЯ КРОН, ХБНГУ 100.000 ЕВРОГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
С.Батболд: Боломжуудаа хослуулах нь амжилтад хүрэх үндэс болно
Ерөнхий сайдад Дэлхийн банкны төлөөлөгчид бараалхав
Зарлах, шалгах, дүгнэх аргаа ил тод болгоё
ШИЛДЭГ СУРАГЧДАД ЕРӨНХИЙ САЙДЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОВ
КЭМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРӨӨР ХИЧЭЭЛЛЭХ АНХНЫ СУРГУУЛЬ НЭЭГДЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан