Улаанбаатар , 2010 оны 3 сарын 2
Хатагтай, ноёд оо
Юуны өмнө энэ танхимд хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, үндэсний семинарын үйл ажиллагаанд амжилт хүсье. Эрүүл мэндийн даатгал нь нэг талаас даатгуулагчдад эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд байгууллага, иргэдээс хуулийн дагуу шимтгэл хураагаад тэдэнд эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэдэг өвөрмөц тогтолцоо, нөгөө талаас эрүүл мэндийн даатгалын санхүүжилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу өвчтөний эмчилгээний зардалд эрүүл хүмүүсийн даатгалын мөнгийг ашиглах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурладаг тогтолцоо юм.
Манай улс эрүүл мэндийн төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, эрүүл мэндээ хамгаалахад иргэн бүрийн ухамсартай оролцоог бий болгох зорилгоор эрүүл мэндийн даатгалыг 1994 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Бас хууль, тогтоомж холбогдох дүрэм, журам ч байнга өөрчлөгдөж ирлээ. Өнөөдрийн байдлаар манай орны хүн амын 80 гаруй хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байна.
Гэсэн хэдий ч хууль эрх зүйн орчны өөрчлөлтөөс болж 2005-2008 онд эрүүл мэндийн даатгалын сангийн эрүүл мэндийн нийт зардалд эзлэх хувь 26-аас 18 хувь болтлоо буурлаа. Бас дээрх хугацаанд төсвийн нийт зардалд эзлэх эрүүл мэндийн зардал 5-аас 3 хувь болтлоо буурсан байна. Энэ нь улс орны төсвийн нийт зардлын 6-гаас доошгүй хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулах тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж манай оронд хэрэгжихгүй байгааг харуулж байна.
Харин 2009 онд холбогдох сайд нарын тушаалаар эрүүл мэндийн даатгалд хамрагдах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүрээг өргөтгөж, 107 оношийн бүлгийн хамаарлаар санхүүжүүлэх, эрүүл мэндийн даатгалын хувьсах зардлын хэмжээг өөрчилсний дүнд 2010 онд эрүүл мэндийн даатгалын санхүүжилт 76 тэрбум төгрөгт хүрч, эрүүл мэндийн даатгалын сангаас оруулж байгаа хөрөнгийн хэмжээний эрүүл мэндийн салбарын нийт зардалд эзлэх хувь 28 болж өсөхөөр байна.
Өнөөдөр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын хэсэг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулагыг боловсруулж байна. Энэ үед улс төрчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид Төрийн ордонд цуглаж эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн асуудлаар санал солилцож байгаа нь чухал ач холбогдолтой юм. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд бид эрүүл мэндийн даатгалын үр ашгийг бууруулж байгаа цөөнгүй асуудалтай тулгарч байсан.
Тухайлбал, нэгдүгээрт, эрүүл мэндийн даатгалд оролцогч талууд болох Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн эрх үүрэг, хариуцлага тодорхой бус, байр суурь нь хуваагдмал, нэгдсэн бодлогогүй явж ирсэн байна. Хоёрдугаарт, 2004 оноос хойш боловсруулж эхэлсэн эрүүл мэндийн даатгалын бодлого, стратеги одоо хүртэл батлагдаагүй байгаагаас иргэний эрүүл мэндийн даатгалын хууль олон удаа өөрчлөгдөж, эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалтад улс төрийн шийдвэр давамгайлж ирсэн байна.
Гуравдугаарт, эрүүл мэндийн даатгал нийгмийн хамгааллын тогтолцоонд явж ирсэн 14 жилд даатгалын сангуудын нэгдсэн удирдлагын зардлыг бууруулж байсан сайн талтай ч эрүүл мэндийн даатгалын удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийн арга нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанартай уялдсан үр дүнтэй нэгдсэн тогтолцоо болж чадаагүй байна. Гэхдээ эрүүл мэндийн даатгал хэрэгтэй эсэх талаар өнөөдөр мэтгэлцэх шаардлага байхгүй. Эрүүл мэндийн даатгал янз бүрийн хэлбэр, агуулгаар дэлхийн улс орнуудад амжилттай хэрэгжиж баялаг туршлага хуримтлагдсан байна. Манай орны хувьд ч энэ чиглэлээр зарим нааштай алхмууд хийгдсэн гэдгийг Та бүхэн мэдэж байгаа.
Засгийн газар эрүүл мэндийн салбарын нийт зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас өгч байгаа хөрөнгийн эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн салбарын эдийн засаг эрүүлжиж, иргэдийн эрүүл мэндийнхээ төлөө тавих анхаарал, нийгмийн өмнө хүлээх хариуцлага дээшлэнэ гэж үзэж байна. Бид эрүүл мэндийн даатгалын бодлого, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд нэгдүгээрт, эрүүл мэндийн даатгалын дунд болон урт хугацааны бодлого, стратегийг тодорхойлох, хоёрдугаарт, эрүүл мэндийн даатгалын бие даасан тогтолцоог бүрдүүлэх, гуравдугаарт, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанартай уялдуулах, дөрөвдүгээрт, оролцогч талуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, тавдугаарт, даатгалтай иргэнд эмнэлэг, эмчээ сонгох бололцоог олгох, зургаадугаарт, эрүүл мэндийн даатгалыг нь төр хариуцаж байгаа иргэдийн бүтэц, төлбөрийн хэмжээг үндэслэлтэйгээр тогтоох зэрэг тодорхой зорилт тавин ажиллаж байна.
Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр эрүүл мэндийн даатгалын байгууллагын үүрэг, хариуцлага, чадавхи дээшилж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжирч, даатгуулагчдын сэтгэл ханамж дээшлэх болно. Засгийн газар эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас оруулж байгаа хөрөнгө, төлбөртэй тусламж, үйлчилгээний зохистой харьцааг бий болгох нь шинэчлэлийн гол зорилт гэж үзэж байна. Мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн дийлэнх хэсэг хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд бус эмчлэхэд чиглэгдэж байгааг өөрчлөхөд анхаарч ажиллах болно. Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр хувь хүнийг эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн эрсдлээс хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэн бүрт тэгш хүртээх, чанарыг сайжруулах тухай эрүүл мэндийн салбарын үндсэн зорилтыг хангах нөхцөл бүрдэнэ.
Сүүлийн үед эрүүл мэндийн даатгалын хамралт, даатгалын сан нэмэгдэх хандлага бодитой ажиглагдахгүй байна. Энэ нь малчид, ажилгүй иргэдийн хамралт муу, төрөөс хариуцаж байгаа даатгуулагчийн даатгалын төлбөрийн хувь хэмжээ бага байгаатай холбоотой юм. Саяхан Хүний хөгжил сангийн тухай хууль батлагдсанаар иргэн хишиг, хувиасаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх боломж бүрдүүлсэн нь цаашид эрүүл мэндийн хамрагдагсадын хүрээг өргөтгөх боломжийг бүрдүүлж байна. Иймд энэ асуудал дээр манай холбогдох байгууллагууд санаачлагатай ажиллах шаардлагатай байна. Нөгөө талаар Засгийн газар эрүүл мэндийн даатгалыг нь төр хариуцаж байгаа иргэдийн бүтэц, төлбөрийн хэмжээг үндэслэлтэйгээр тогтоох зорилгоор судалгаа хийж байна.
Эцэст нь хэлэхэд хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, эрүүл мэндийн даатгалын талаархи мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх нь эрүүл мэндийн даатгалын үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл болдог байна. Тийм учраас миний бие энэхүү уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж байна. Та бүхний гаргасан ажил хэрэгч, оновчтой санал бидний шинэчлэн боловсруулж, удахгүй УИХ-д өргөн барих гэж байгаа Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн төсөлд тусгалаа олох болно.
Уулзалтын ажиллагаанд дахин амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.