ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ШИНЭЧЛЭЛИЙГ ЦОГЦООР НЬ ХИЙЦГЭЭЕ
Хүн эрүүл байвал бүхнийг хийнэ. Эрүүл мэндийн манаанд цаг наргүй ажиллаж байгаа та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна.
Орчин үед аливаа улсын дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг эрүүл иргэдээ хэрхэн хөгжүүлснээр нь тодорхойлдог боллоо. Тиймээс би “эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай Монгол хүнийг төлөвшүүлэх” талаар өөрийн үзэл бодол байр сууриа илэрхийлж байгаа билээ. Сая эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй олон зүйлүүдтэй танилцлаа. Өндөр технологийг ашиглаж, зайн оношилгоо хийх, теле медициний талаар сайн эхлэлүүд байна. Мөн эрүүл мэндийн салбарын интернет номын санг байгуулж сайхан үйл хэргийг эхлүүлж буйд баяр хүргэе. Эрүүл мэндийн салбар том модоор төсөөлвөл мөчир хэсгээрээ ургаж байгаа боловч үндэс суурь нь хир зөв тавигдсан бэ гэдэг нь эргэлзээтэй байна.
Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт олсон ололт, нааштай зүйл олон байна. Гэвч эмчилгээ оношилгооны чанарыг дээшлүүлэх, эмнэлгийн үйлчилгээнд иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй болгох гэх мэт олон тулгамдсан асуудлууд бидний өмнө бий. Тиймээс бид хийж амжаагүй зүйл, хүлээгдэж буй үр дүнд бодит дүгнэлт өгч, тулгарч буй бэрхшээл, түүнийг гэтлэх арга зам, салбараа хэрхэн хурдацтай шинэчлэх гарцыг тодорхойлох талаар ярилцах ёстой. Эрүүл мэндийн салбарт шинэчлэлийг цогцоор нь зорилготой, бүх шатанд хийж, уялдаа холбоотойгоор ахиц дэвшилд хүргэх шаардлага байна. Монголынхоо хүн амын тоог улам нэмэгдүүлэх, ард иргэдээ эрүүл байлгах үүднээс эрүүл мэндийн салбарт шинэчлэлийг дараах гурван чиглэлээр явуулах нь зүйтэй.Үүнд :
1. Хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс хэвшүүлэх,
2. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ давамгайлсан тогтоцлоог бий болгох,
3. Оношилгоо, эмчилгээний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох,
Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг иж бүрнээр өөрчлөхөөр боловсруулагдаж буй хууль, дүрэм, журам нь цаашид хийх цогц шинэчлэлийн үндэс суурь болох учиртай. Дээр дурдсан зорилтуудаа ойрын хугацаанд бодит ажил хэрэг болгохын тулд Эрүүл мэндийн салбарын байгууллага хоорондын уялдаа бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, санхүүжилтийг өөрчлөх, хүний нөөцийн хөгжилд онцгой анхаарч нэгдмэл нэг чадавхи, тогтолцоонд шилжих хэрэгтэй.
Эрүүл мэндийн салбарын байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр:
Өнөөгийн бүтэц зохион байгуулалтыг цаашид оновчтой болгон шинэчилж, салбарууд нь саланги задгай, бие биедээ саад тотгор болох биш, уялдаа холбоотой болох зорилт тавьж ажиллах учиртай. Тиймээс эрүүл мэндийн тухай хуульд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгүүд, төрөлжсөн мэргэжлийн төвүүдийн үйл ажиллагааны уялдааг хангах, холбогдох мэргэжлийн хүмүүсийн саналыг тусгаж Засгийн газраар хэлэлцүүлэн УИХ-аар батлуулахыг ЭМЯ-нд үүрэг болгож байна. Түүнчлэн Улаанбаатарын эмнэлгүүдийн тогтолцоог ч эргэж харах, боловсронгуй болгох шаардлага байгааг тэмдэглэх нь зүйтэй. Хүн хоорондын харилцааны чиглэлээр биш системийн өөрчлөлтөөр хангах нь чухал байна.
Хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс хэвшүүлэх, эрүүл орчин бүрдүүлэх чиглэлээр:
Монголчууд бид сэтгэлгээний том өвчтэй байна. Бид ард иргэдээ өвчилсөн хойно нь эмчлэх биш өвчлөхөөс нь өмнө сэргийлдэг тогтолцоог бий болгомоор байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулж, төсвийн хөрөнгийг энэ чиглэлд зарцуулдаг болох хэрэгтэй. Тиймээс дархлаажуулалтын томоохон хөтөлбөрийг энэ салбарт хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх хэрэгцээ, шаардлага ч бас байна. Мөн хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх талаар бүх нийтийг хамарсан кампанит ажлыг зохион байгуулах шаардлагатай.
Эрүүл аж төрөх ажил нь бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх энэ ажлаас эхлэнэ. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт эрүүл хүнс хэрэглэх, эрүүл ахуйн дэглэм сахих, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх цогц мэдлэг эзэмшүүлэх бодит алхам хийх хэрэгтэй. Орчин үеийн дэлхийн боловсролын тогтолцоонд хүүхэд багаасаа бие бялдараа хэрхэн хөгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах аргачлал Мичиганы загвар зэргийг боловсрол сургалтын хөтөлбөрт оруулсан байдаг. Энэ мэт бэлэн хэв загвар, хэм хэмжээг шууд нутагшуулан хэрэглэх хэрэгтэй. Ер нь бүх нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох асуудлыг иргэний боловсролын нэгдсэн тогтолцооны нэг гол асуудал болгон суулгаж өгөх талаар тодорхой хөтөлбөр боловсруулж Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Биеийн тамираар тогтмол хичээллэх зуршил мөн л бага наснаас төлөвшиж амьдралын нэг хэв маяг болдог. Манай иргэд биеийн тамираар тогтмол хичээллэх боломж хомсоос гадна тийм орчин нөхцөл бас үгүйлэгдэж байна. Энэ асуудалд шинэ хандлага, санаачилга чухал. Эрүүл хот, эрүүл ажлын байр, эрүүл сургууль санаачилгыг дэмжин тэтгэх талаар томоохон алхам хийх цаг болсон. Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх бодлогыг УИХ-аар саяхан баталлаа.
Үүнийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллах нь зөв болно. Бидний хувьд бодитой ажил болгох ёстой нэг ажил бол архи, тамхи үл хэрэглэх, осол гэмтлээс зайлсхийх зэргээр эрсдэлт зан үйлээс татгалзах нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэхэд онцлон анхаарах хэрэгтэй. Архидалттай тэмцэх ажил тодорхой үр дүнд хүрээгүй байтал шинээр мансуурах донгийн асуудал тавигдаж эхлэх боллоо. Үл тэвчих, үл хэрэглэх нийгмийн орчинг бүрдүүлэх талаар шинэлэг бодлогыг ажил хэрэг болгох шаардлагатай.
Орчин үед эмийн хэрэглээний асуудал зарим талаараа хорт зуршлын хэмжээнд хүрлээ. Эм, сүлжээний гэж нэрлэгддэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүний замбараагүй хэрэглээ иргэдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулаад зогсохгүй, айл гэрийн эдийн засагт ихээхэн дарамт болж байна. Иймээс хууль тогтоомжийг ягштал мөрдүүлэх, шаардлагатай бол эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх талаар санаачилгатай ажиллахыг мэргэжлийн хяналт эрхэлсэн байгууллага анхаарах хэрэгтэй. Мөн цар тахал, гамшгийн үед эмийн үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх талаар холбогдох хүмүүс бодлого боловсруулан мөрдлөг болгох арга хэмжээ авахыг үүрэг болгож байна. Үүнтэй холбогдуулан манай уламжлалт анагаах ухаанд суурилсан үндэсний эмийн үйлдвэрлэлийг ч гэсэн дэмжиж хөгжүүлэх нь зүйтэй.
Эрүүл мэндийн салбарын хувьд томоохон асуудал бол санхүүжилтийн тогтолцоог өөрчилж, олон улсын стандартад нийцүүлэх:
Эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулах олон шаардлага цаг үеэс урган гарч наад зах нь манай 30 гаруй мянган иргэд гадаад оронд оношилгоо, эмчилгээ хийлгэхээр явж, олон арван сая доллар зарцуулсан тухай мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл манай улсын эрүүл мэндийн салбарт зарцуулагдах учиртай ихээхэн хэмжээний мөнгө гадаад урсгалтай боллоо. Энэ нь иргэд маань гадаадын эмнэлгүүдийг хөгжихөд бус дотоодынхоо эмнэлгийг хөгжихөд хувь нэмрээ оруулдаг механизмыг бүрдүүлэхийг шаардаж байгаа хэрэг. Тийм учраас олон улсын стандарт шаардлагад нийцсэн оношилгоо, эмчилгээний төвийг аль нэг нэгдсэн эмнэлгийг түшиглэн гадаадын зээл тусламжийн хүрээнд төсөл болгон хэрэгжүүлэх шаардлагатай байна. Засгийн газрын зүгээс зохих дэмжлэгийг үзүүлэх болно.
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх, эрүүл мэндийн даатгалыг бэхжүүлэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх ажлын хэсэг байгуулж асуудлыг холбогдох газруудаар хэлэлцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй. Манай улсын эрүүл мэндийн зардалд төсвийн санхүүжилтийн эзлэх хувийн жин сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж 2008 онд 79 хувьд хүрсэн. Харин эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн эзлэх хувь эсэргээрээ буурч 18 хувь болсон явдал бол энэ салбарын санхүүжилтийн тогтолцооны нэг гажуудал юм.
Төрөөс эмнэлгийн тусламж үйлчилгээг шууд санхүүжүүлэх биш бүх нийтийг хамарсан, өрсөлдөөнт, хоёр шатлалтай даатгалын тогтолцооны хүрээнд шийдвэрлэдэг олон улсын стандарт байна. Эмнэлгийн үйлчилгээний өрсөлдөөнт орчинг бүрдүүлснээр эмнэлгийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж харагдаж байгааг манай хоёр хөрш орны туршлагаас харах ёстой. Монголын эмнэлгүүдийг ингэж хөгжих орчинг бүрдүүлэх нь бидний нэг зорилт байх учиртай.
Бодлогын энэхүү шинэ чиглэлийг хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн суурь үзэл баримтлалын баримт бичгийг боловсруулж шийдвэрлүүлэх талаар Эрүүл мэндийн яамны удирдлагууд анхаарч холбогдох бусад байгууллагуудтай хамтран шийдвэрлэхийг үүрэг болгож байна. Манай эрүүл мэндийн салбарт осол аваар, гэнэтийн болгоомжгүй зүйлээс үүдэлтэй төлөвлөгдөөгүй зардал их гарч түүнийг нь улс нуруун дээрээ үүрч байна. Тиймээс цаашид төлөвлөгдөөгүй зардлыг буруутай этгээдээр нь төлүүлэх хууль эрх зүйн орчинг нь бий болгох хэрэгтэй. Энд манай эрүүл мэндийн яам анхаарч ажиллах ёстой.
Төсвийн хөрөнгөөр эрүүл мэндийн салбарт бараа, үйлчилгээ нийлүүлэх сонгон шалгаруулалт шударга бус явагддаг тухай мэдээлэл их бий. Сонгон шалгаруулалтын дүнд авсан бараа бүтээгдэхүүн нь орчин үеийн техник технологийг тэтгэх бус тоног төхөөрөмжийн цуглуулга болсон цөөнгүй жишээ байна. Иймээс эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудлыг багцаар нь шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Тухайлбал орчин үеийн шаардлагад нийцсэн техник, найдвартай засвар үйлчилгээ, мэдээллийн нэгдсэн тогтолцооны цахим хувилбар, хүний нөөцийн сургалт гэсэн олон улсын жишиг байдлаар шийдвэрлэх нь зүйтэй. Тиймээс Засгийн газар аливаа тендер буюу бараа, үйлчилгээ худалдан авахыг зохицуулж буй хууль эрх зүйн орчинг өөрчлөх талаар холбогдох хүмүүст нь үүрэг даалгавар өгсөн.
Эрүүл мэндийн салбарын уялдаа холбоог сайжруулж, хүний нөөцийн хэрэгцээг хангах асуудал байна.
Сүүлийн жилүүдэд манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөц гүнзгий хямралд ороод байна. Тухайлбал хөдөө орон нутагт ялангуяа сум, сум дундын эмнэлэгт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эрс дутагдаж, хүн амын 40 орчим хувийг эзэлдэг хөдөөгийн иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хангалттай түвшинд авч чадахгүйд хүрлээ. Тиймээс ур чадвартай, ажиллах эрмэлзэлтэй хүний нөөцийг оновчтой төлөвлөх, сургаж чадавхийг нь дээшлүүлэх, тэнцвэртэй тоогоор байршуулан ажиллуулах байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа сул, хамтын ажиллагаа дутагдалтай байна. Уг нь иргэн бүр эрүүл мэндийн тэгш хүртээмжтэй, чанартай үйлчилгээг баталгаатай хүртэх эрх зүйн орчинтой байх ёстой.
Нийслэл, аймгийн төвүүдэд засаг захиргааны бүтцийг дагуулж бус харин иргэдийн чөлөөт сонголтыг хангасан байдлаар өрхийн эмнэлгийг хөгжүүлэх нь зүйтэй. Харин сум, багийн түвшинд өөр зарчим барих шаардлагатай. Сумын эмнэлгийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх төдийгүй нийгмийн эрүүл мэндийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлдэг гол бүтэц болгон шинэлэг байдлаар хөгжүүлэхийг цаг үе биднээс шаардаж байна.
Олон улсын хандивлагч байгууллагуудаас эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр оруулдаг хандив тусламжийг нэгдсэн нэг санд төвлөрүүлэн, нэг удирдлагаар хангаж, зориулалтаар нь зүй зохистой ашиглах хэрэгтэй. Эх үүсвэрийн зонхилох хэсгийг буцалтгүй тусламж, хандиваар бүрдүүлдэг, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах нь зөв.
Эдгээр зорилтуудаа ойрын хугцаанд бодитой ажил хэрэг болгохын тулд эрүүл мэндийн салбарын удирдлагууд идэвхи, санаачлагатай ажиллах шаардлагатай. Ард иргэд өөрийн орны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд итгэх итгэл буурах болсон хандлагыг өөрчилж, эрүүл мэндийн боловсрол олгох төгсөлтийн өмнөх, дараах сургалтын чанарт онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Сургалт явуулах орчин, дадлага хийх эмнэлгээр хангах нөхцлийг сайжруулж, олон улсын эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд ЭМЯ, БСШУЯ хамтран анхаарч ажиллахыг даалгаж байна.
Эрүүл мэндийн салбарын удирдлагууд,
Эмч, эмнэлгийн ажилтнууд аа,
Төр засаг хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож буй та бүхнийхээ цалин хангамж, ажиллах нөхцөл, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах болно. Ялангуяа алслагдсан хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад нэмэгдэл, урамшуулал олгохыг саяхан Эрүүл мэндийн хүний нөөцийн зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцэж уг асуудлыг боловсруулах чиглэл өгсөн. Мөн 4000 орон сууц хөтөлбөрт эрүүл мэндийн салбарт ажиллагсадаас 675 хүнд хөнгөлттэй нөхцлөөр орон сууц олгохоор квот тогтоож өглөө. Энэ мэтээр нийгмийн асуудалд бодитой хандах ёстой гэж бодож байна.
Хүний амьдрал, эрүүл явахтай холбоотой байдаг энэ салбартаа шинэчлэлийг цаг алдалгүй цогцоор нь хийх шаардлага байна. Өнөөгийн салбарынхаа бодит байдалдаа зөв дүгнэлт өгч, өөрчлөлтийг үр дүнтэй болгоё. Энэ салбарын өөрчлөлт шинэчлэлтээс ард түмний маань, Монголчууд бидний амьд явах, амьдралын баталгаа, эрүүл аж төрөх ёс зүй гээд олон зүйл шалтгаална. Шинэчлэлийг цогцоор нь бид хамтдаа хийж чадна. Засгийн газар та бүхэнтэйгээ хамтран ажиллах, бодлого зорилгоо хэрэгжүүлэхэд бэлэн байна.
Амжилт хүсье. Баярлалаа.