Энд хүрэлцэн ирсэн Батлан хамгаалахын сайд, удирдлагууд, генерал, офицерууд та бүхний амгаланг айлтгая. Эх орноо хамгаалах төрийн нэр хүндтэй, хариуцлагатай албыг хашиж буй Та бүхэнтэй шинэ оны босгон дээр уулзаж байна. Төр, засгийн зүгээс улс орны батлан хамгаалах тогтолцоо, Зэвсэгт хүчний салбарт ихээхэн анхаарал тавьж ирлээ. Үүний үр дүнд батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж, Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгох зорилт дэс дараатай хэрэгжиж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахины аюулгүй байдал, цэрэг-стратегийн орчинд зарчмын чанартай олон өөрчлөлтүүд орлоо. Өнгөрсөн зууны аюулгүй байдлын орчныг тодорхойлсон орон нутгийн шинжтэй дайн, байлдаан, угсаатан, ястан, шашин хоорондын зэвсэгт мөргөлдөөн, цөмийн зэвсгийн тархалт, зэвсэглэлээр хөөцөлдөх зэрэг уламжлалт аюул, заналхийлэл өнөөдөр ч амь бөхтэй оршсоор байна. Үүний зэрэгцээ олон улсын терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын худалдаа, амьдрах орчны бохирдол, байгалийн гамшигт үзэгдэл, дэлхийн цаг уурын дулаарал, нэн халдварт өвчний тархалт, олныг хамарсан хууль бус цагаачлал, дүрвэгсдийн эмх замбраагүй байдал гэх мэт уламжлалт бус шинэ аюулын хүрээ өргөжих хандлагатай боллоо.
Энэ бүхэн дэлхий дахины аюулгүй байдлын шинэ орчныг үндсэнд нь тодорхойлж байна. Аюулгүй байдлын ийм шинэ орчинд нийцүүлэн батлан хамгаалах бодлогыг зайлшгүй тодотгох учиртай. Энэ ажлыг цаг хугацаа алдалгүй эхлүүлж, салбарынхаа гол хууль, бодлогын баримт бичгүүдэд өөрчлөлт хийж буй Та бүхний ажлыг дэмжих болно. Орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, уламжлалт болон уламжлалт бус аюулаас сэргийлэх, сэрэмжлэх, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад “Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” чухал ач холбогдолтой.
Монгол Улсын хувьд бүс нутаг, орон нутгийн нөөц бололцоо, ард иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурласан хамгаалалт нь батлан хамгаалах хамгийн оновчтой тогтолцоо билээ. Гэхдээ орон нутгийн хамгаалалтыг бүс нутгийн тогтвортой хөгжил, улс орны аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд авч үзэж, өргөн цараатай хэрэгжүүлэх цаг болсон. Аливаа улс оронд нийгэм, эдийн засгийн хямрал, эрсдэл гарах магадлал улам бүр ихэсч байна. Эдийн засгийн аливаа хямрал бий болсон нөхцөлд бодитой дүн шинжилгээ хийж, үр дүнг Улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөнд тусгаж байх нь батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гол үүрэг байх ёстой.
Орчин үед зэвсэгт хүчин цомхон бүтэцтэй болж, цэргийн насны залуусаар хугацаат цэргийн алба хаалгах хэрэгцээ, шаардлага багаслаа. Тиймээс албаа хаагаагүй залуучуудад цэргийн мэдлэг олгох нэг гол арга зам бол тэднийг дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтад орон нутагт нь хамруулах асуудал болж байна. Гэхдээ энэ нь орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаад та бүхэн хяналт тавьж ажиллах ёстой. Манай ард түмний үе үеийнхэнд эх оронч үзэл, хүмүүжил, үндэсний ухамсар, бахархалыг төлөвшүүлэн дархлаажуулахад цэргийн алба, цэрэгжлийн хичээл чухал үүрэг гүйцэтгэж, ирсэн. Даяаршлын өнөө үед энэ ажлын ач холбогдол улам бүр өслөө. Залуучуудад эх оронч үзлийг дархлаажуулахад Батлан хамгаалах яам чухал үүрэг гүйцэтгэж буйд Засгийн газар талархаж байна.
Нийгмийн шинэ орчинд оюутан, залууст цэргийн анхан шатны боловсрол олгох асуудлыг БСШУЯ-тай хамтран судалж, шийдвэрлэх нь зүйтэй.
Одоо ажиллаж буй офицеруудын 90,7 хувь нь цэргийн дээд, 4,2 хувь нь дунд, 5 хувь нь энгийн дээд, ахлагч нарын 4,1 хувь нь дээд, 12,8 хувь нь мэргэжлийн дунд, 63,2 хувь нь бүрэн дунд боловсролтой байгаа нь чамлахааргүй үзүүлэлт юм. Батлан хамгаалах салбарын мэргэжлийн боловсон хүчинг гадаадын өндөр хөгжилтэй оронд суралцуулах ажил эрчимжиж ирлээ. Сүүлийн 3 жилийн хугцаанд гадаадын 22 оронд 10 гаруй мэргэжлээр давхардсан тоогоор 1000 гаруй цэргийн албан хаагчийг хөнгөлттэй болон буцалтгүй тусламжаар сургасан байна.
Олон улсын хамтын нийгэмлэг, өөрийн оршин буй бүс нутаг, дэлхийн улс орнуудтай батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн харилцаа, харилцан итгэлцэл дээр тулгуурласан цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа эрч, далайцыг цаашид хадгалан шинэ хэлбэр, шинэ агуулгаар баяжуулах нь зүйтэй.
Үүний зэрэгцээ Ази, Номхон далайн бүс нутгийн нөлөө бүхий орнууд, Умард Америк, Баруун Европ, Баруун болон Өмнөд Ази, Булангийн орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж, цэргийн солилцоо, хамтарсан сургуулилт, боловсон хүчнийг бэлтгэх тал дээр ихээхэн ахиц гарсан нь өргөн утгаараа “гуравдагч хөрш”-үүдийн аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах сонирхол, бодит оролцоог бүрдүүлж буй чухал хувь нэмэр гэж үзэж байна. Түүнчлэн манай улстай уламжлалт, найрсаг харилцаа бүхий Төв ба Зүүн Европ, Зүүн хойд болон Зүүн өмнөд Азийн зарим оронтой ч батлан хамгаалах салбарын албан ёсны харилцааны эхлэлийг тавих нь энэхүү зорилтыг хэрэгжилтийг улам бататгасан алхам болно.
Дээр дурдсан бүс нутгийн хэд хэдэн оронд батлан хамгаалахын атташег томилон ажиллуулахыг Батлан хамгаалах яам дэвшүүлснийг Засгийн газар дэмжиж байгаа болно. Гадаад харилцааг эдийн засагжуулах Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд салбарынхаа эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, оюуны болон материаллаг нөөцийн хөгжил, зэвсэглэл, техникийн шинэчлэлд гадаад хамтын ажиллагааны оруулах хувь нэмэр урьд урьдынхаас илүү байхыг цаг үе шаардаж байна.
Цаашид зэвсэг, техникийн шинэчлэлийг зөвхөн эдийн засгийн өнөөгийн хязгаарлагдмал байдлын хүрээ, буцалтгүй тусламжийн хэмжээнд сэтгэх биш, Зэвсэгт хүчний бодит хэрэгцээ, шаардлага, улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв хандлагыг харгалзан үзсэний тооцоо, судалгаатай урьдчилан төлөвлөж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр Монгол цэрэг дэлхий нийтийн энхийн үйлсийн төлөө халуун цэгүүдэд бусад улсын цэргийн албан хаагчидтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа нь эх орныхоо нэр хүнд, байр суурийг олон улсын тавцанд өргөөд зогсохгүй улс үндэснийхээ аюулгүй байдлыг бэхжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр болж байна.
Төр, засгаас ч энэ чиглэлд онцгой анхаарал тавьж, дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал энэ онд УИХ-аар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдаж, “Зэвсэгт хүчний хөгжлийн сан” байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Энэ нь үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна. Энэ санд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагааны нөхөн төлбөр, хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн ашиглах нь төсөв мөнгө хүрэлцээ муутай өнөөгийн нөхцөлд Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлого, түүний дотор “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нэг үндсэн нөхцөл болох учиртай.
Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг энэ хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургалтын төв” болгох асуудлыг Засгийн газар бүх талаар дэмжиж ажиллана. Батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагааг идэвхжүүлэх, НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаа, олон улсын бусад ажиллагаанд оролцох бодлого, чиглэлээ тодорхойлохдоо дараах хоёр зарчмыг мөрдлөг болгож байх нь зүйтэй гэж үзэж байна.
Нэгдүгээрт: Монгол Улс нь аливаа улсын нэгэн адил нэгдмэл гадаад бодлоготой учир түүнийг хэрэгжүүлэгч гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй,
Хоёрдугаарт: Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцохдоо улс төр, эдийн засгийн ач холбогдлыг зүй ёсоор харгалзан үзэхийн зэрэгцээ аюулгүй байдлын эрсдэлийн хүчин зүйлийг ул суурьтай, нягт нямбай тооцсны үндсэнд шийдвэр гаргах шаардлагатай.
Үүний зэрэгцээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх дотоод хүчин зүйлүүд ч үлэмж өөрчлөгдөн нэмэгдэж байгааг та бүхэн сайтар анхаарч байх учиртай.
Ийм цаг үед иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, улс орныхоо тогтвортой хөгжлийн таатай орчныг бүрдүүлэх явдал нь орчин цагийн төрийн батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны нэн чухал чиглэл байх ёстой. Цас зуд, гал түймэр зэрэг байгалийн гамшгийг даван туулахад иргэддээ туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ томоохон бүтээн байгуулалт, экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх ажиллагаанд оруулах хувь нэмрээ нэмэгдүүлж, улс орныхоо хөгжлийн дотоод таатай нөхцлийг бүрдүүлэхэд батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны далайцыг нэмэгдүүлэх өнөө үеийн шаардлага байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх зэрэг ажил үүрэг биелүүлэхэд цэргийн дүйцүүлэх албаны оролцоог нэмэгдүүлэх, энэ ажилд цэргийн зарим салбарыг томилгоожуулах замаар дэмжлэг үзүүлэх”-ээр тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх илүү далайцтай, үр дүнтэй үйл ажиллагаа явуулж, нийгэм, иргэдэд үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэйг онцлон дурдаж байна.
Энэ зорилтын хүрээнд эхний ээлжинд Богд хан уулын дархан цаазат газрын ойг хамгаалах, Туул голын сав газрын ногоон байгууламжийг сэргээхэд цэргийн ангиас зохих бүрэлдэхүүнийг томилж холбогдох яам, байгууллагатай хамтран ажиллахыг зөвлөж байна. Цэргийн анги, байгууллагууд нутаг дэвсгэртээ ногоон байгууламжтай байх стандарт хэмжээг бий болгон мөрдвөл иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үлгэр үзүүлсэн чухал арга хэмжээ болно гэж бодож байна.
Өнөө үед дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй экологийн сүйрлээс сэрэмжлэх, түүнтэй тэмцэх нь манай батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний бас нэг шинэ үүрэг боллоо. Цөлжилттэй тэмцэх зориулалт бүхий тусгай бүтцийн байгууллага танай салбарт бий болгох асуудлыг Засгийн газар ирэх онд шийдвэрлэнэ. Үүнтэй уялдан ЗХЖШ, аймаг, нийслэлийн цэргийн штабт энэ чиглэлээр ажил үүрэг гүйцэтгэх ажилтны орон тоог бий болгох асуудлыг ч одооноос судалж үзэхэд илүүдэхгүй.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд бүс нутагуудад барилга-инженерийн батальоныг шинээр байгуулж, “Мянганы зам”-ын бүтээн байгуулалтын болон ашигт малтмалын орд газруудад үүрэг гүйцэтгүүлэх бэлтгэлийг хангах тухай асуудал тусгагдсан. Энэ нь хүч, хөрөнгө, зохион байгуулалт шаардсан том ажил төдийгүй манай цэргийн албан хаагчдын хувьд улс эх орныхоо хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулах том боломж гэж ойлгох учиртай.
Зэвсэгт хүчний барилгын цэргийн ангийг түшиглэн хугацаат цэргийн алба хаагчдад албаа хааж байх хугацаанд нь барилгын төрөл бүрийн мэргэжил эзэмшүүлж байсан хуучин уламжлалаа сэргээх эхлэл энд онд тавигджээ. Цаашид энэ ажлаа эрчимжүүлэх, мэргэжлийн хүрээг өргөжүүлэхэд анхаарах нь зүйтэй. Тайван цагт Зэвсэгт хүчин олон талт чиг үүрэг гүйцэтгэх болсон нь түүний эх орноо хамгаалах үндсэн үүргийг орхигдуулж, багасгаж байгаа хэрэг биш. Харин ч тэргүүн зэргийн үүрэг хэвээр байх ёстой.
Сая Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага-ЗХЖШ олон улсын цэргийн төлөвлөлтийн багийн “G” бүтцэд шилжсэн тухай танилцууллаа. Цаашид Зэвсэгт хүчний цэргийн ангиудын штабыг төлөвлөлтийн холбогдох бүтцэд шилжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авах нь зүйтэй. Цэргийн байгууллагуудад мэргэжлийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах, цэргийн болон “цэрэгжсэн” гэх байгууллагын зааг ялгааг хоёрдмол агуулгагүйгээр хуульчлан тогтоох замаар зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, мэргэжлийн бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг олон улсын түвшинд хүргэх, шинэчлэлийг гүнзгийрүүлэх нөхлийг бүрдүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллах болно.
Өнөөдөр “хүчний”, “цэрэгжсэн” гэх тодотголтой байгууллагууд олноор бий болж, тэдгээрт алба хааж буй төрийн тусгай албан хаагчдын эрх зүйн байдал харилцан адилгүй атлаа нийгмийн хамгаалал, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн асуудал цэргийн жинхэнэ албан хаагчийн нэгэн адил шийдвэрлэгддэг байдал бий болсон байна. Иймд тэдгээр байгууллагуудад ажиллаж буй төрийн тусгай албан хаагчийн албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг тэдний эрх зүйн байдал, албаны онцлогт нийцүүлэн цогц байдлаар оновчтой тогтооход анхаарах цаг болсон гэж үзэж байна. Зэвсэгт хүчний хөгжлийн орчин цагийн хандлага, улс орны эрх ашиг, шаардлагад нийцүүлэн цэргийн “нэгдмэл стандарт”-тай зэвсэгт хүчний тогтолцоог бүрдүүлэх нь түүнийг чадваржуулах нэг чухал нөхцөл мөн.
Зөвхөн сургалтын стандартын хувьд л гэхэд, Батлан хамгаалахын их сургууль, Хилийн цэргийн дээд сургууль, Цагдаагийн академи гээд офицер бэлтгэдэг олон сургууль байна. Цэргийн эдгээр сургуулиудад анхан шатны мэдлэг олгох, офицер бэлтгэх нэгдсэн стандартгүй байгаагаас цэргийн бие бялдрын болон сэтгэл зүйн харилцан адилгүй бэлтгэлжилттэй офицерууд бэлтгэгдэж иржээ. Саяхан хилийн цэргийн отряд дээр монгол түмнийг цочирдуулсан аймшигт хэрэг явдал гарсныг энэ яриад байгаа “стандарт”-тай холбож үзэж, дүгнэлт хийхэд илүүдэхгүй байхаа.
Харин цэргийн болон бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийн талаар тавих шаардлагыг өндөржүүлж, цэргийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дэлхийн түвшинд хүргэх нь цэргийн мэргэжлийн удирдлагын гол үүрэг байх учиртай. Бид үүнийг ЗХЖШ-аас хатуутай шаардах ёстой. Төрийн цэргийн байгууллагуудын хэмжээнд цэргийн сургалт, бэлтгэл, албаны стандартыг тогтоож, мөрдүүлэх нь Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын нэг үндсэн үүрэг гэж би ойлгож байгаа.
Улс орны эдийн засаг хямралтай, төсөв мөнгө хүрэлцээ муу өнөө үед өөртөө байгаа хүн хүч, материал хэрэгсэл, хөрөнгө санхүүгийн нөөцийг оновчтой захиран зарцуулах замаар өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэх асуудал чухал юм. Зэвсэгт хүчний шинэчлэлийн тулгамдсан зорилтуудын нэг нь зэвсэглэл, техникийн шинэчлэл мөн. Гэвч Батлан хамгаалахын төсөв өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг хангахуйц түвшинд батлагдаж чадахгүй байгааг бид бүхэн сайн мэднэ. Сая ч энэ талаар удирдлагууд нь танилцууллаа.
Ийм нөхцөлд Зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаан дахь Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх, цэргийн анги, салбаруудыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулж, тэдгээрийн үр өгөөжийг Зэвсэгт хүчний шинэчлэлд зарцуулах, цэргийн аж ахуйг хөгжүүлж өөрийн хэрэгцээт хүнсний болон материаллаг нөөцийн зарим хэсгийг бүрдүүлэх зэргээр зохион байгуулалтын арга хэмжээг дотооддоо авч хэрэгжүүлэхэд манай цэргийн бүх шатны удирдлага анхаарвал зохино.
Батлан хамгаалах төсөв хөрөнгийн хомсдолтой байдал Зэвсэгт хүчний байнгын бүрэлдэхүүний хувцас хэрэгслийн хангалтанд ч сөрөг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, Батлан хамгаалахын сайдын төсвийн багц дахь энэ чиглэлийн зардал жил дараалан буурч 2009 онд нийт офицер, ахлагч нарыг нормт хувцсаар огт хангаагүй. Одоо батлагдсан төсвөөс харахад энэ байдал ирэх онд ч дахин давтагдахаар байна. Зэвсэгт хүчний бүх төрлийн хангалтыг төр хариуцах ёстой, энэ тухай хуулийн заалт ч бий. Манай Засгийн газар Монгол төрийн сүр хүчний илэрхийлэл болсон цэрэг эрсээ хуучирч гандсан, урагдаж ноорсон хувцастай байлгах учиргүй. Иймд Засгийн газар цэргийн албан хаагчдаа үндэсний үйлдвэрийн чанар сайтай хувцсаар хангах шийдвэртэй арга хэмжээ авна.
Батлан хамгаалах төсвийн бүтцийг олон улсын жишигт хүргэх, өөрөөр хэлбэл, төсвийн бүтэц дотор зэвсэглэл техникийн шинэчлэлд зарцуулах хувь хэмжээг ч үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын түвшинд тавьж шийдвэрлүүлэх цаг болсон. Энэ талаар санаачлагатай ажиллахыг та бүхэнд анхааруулж байна. Засгийн газраас ч анхаарч ажиллана. Цэргийн жинхэнэ албыг хуулийн дагуу хаасан байх нь төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх нэг болзол болгон Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлт нь эх орноо хайрлах, хамгаалах үзэл, хүмүүжлийг төлөвшүүлж, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужил суулгадаг цэргийн албаны ач холбогдол, нийгмээс түүнд хүлээлгэж байдаг итгэл, хариуцлагын тусгал боллоо.
Үүнтэй уялдуулан хуулиар хүлээсэн цэргийн жинхэнэ алба хаах үүргээ иргэд биелүүлэх адил тэгш нөхцлөөр хангахад төр засгаас анхаарах болно. Харин энэ талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тэргүүлэх үүрэгтэйгээр оролцох ёстой. Батлан хамгаалах нь улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг төдийгүй шинэ зууны Монгол Улсын хөгжлийг дэмжих нэг хүчин зүйл болох учиртай. Батлан хамгаалах салбарын өмнө тулгамдсан асуудлууд, цаашдын урт хугцааны зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллана. Бид энэ бүхнийг хамтдаа шийдвэрлэж чадна.
Монгол Улсынхаа төлөө хамтдаа зүтгэцгээе.
Анхаарал тавьсанд баярлалаа.