Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын ахалсан 2009-2010 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг зохицуулж, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг 12 дугаар сарын 3-нд хуралдав. Ажлын хэсгийн өмнөх хуралдаанаас мал аж ахуйн салбарын байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, үр дүн, цаг үеийн тулгамдсан асуудлын тухай хэлэлцээд өгсөн үүргийн биелэлт, өвөлжилт хүндэрсэн Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймагт ажилласан Засгийн газрын ажлын хэсгийн дүгнэлт, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцлээ.
Өвөлжилт хүндэрсэн дээрх аймгууд Засгийн газрын өвөлжилтийн бэлтгэл хангах тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан даалгаврыг хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх, цаг үеийн ажилтай холбогдсон мэдээ, судалгаа, санал хүсэлтийг судлан шийдвэрлэх талаар хангалтгүй ажиллажээ гэж ажлын хэсэг үзлээ. Дээрх аймгуудад нутгийнх нь 80-90 хувь гантай, 10,11 дүгээр сард 5-12 удаа цас орж, 5-40 см цасан бүрхүүл тогтсон нь мал билчээрлэх аргагүй болгож, зүй бусын хорогдол гарч эхэлжээ гэж дүгнэв.
Ажлын хэсэг улсын нөөцөөс өвс тэжээл олгох, орлогоос нь эргэн нөөц бүрдүүлэх, чанар, стандартын шаардлага хангасан мах, махан
бүтээгдэхүүнийг борлуулах, отор нүүдэл хийж яваа малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон машин, эм, био бэлдмэл, бусад нэмэлт зардлуудыг тодорхой тусгаж, Засгийн газрын хуралдаанд оруулан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар ажлын хэсгийн хэлэлцсэн асуудлаар Засгийн газрын шийдвэр ойрын хугацаанд гарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд түүнд тусгах арга хэмжээ, хөрөнгө зардлын тоо хэмжээг нягтлан бэлэн болгох үүрэг гишүүддээ өгөв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Тодруулга: Ажлын хэсгийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврууд
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих, орон нутгаас тавьсан санал хүсэлтийг судалж, шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг ажиллуулан үйл ажиллагааг эрчимжүүлж холбогдох арга хэмжээг шуурхай шийдвэрлэж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд, ажлын хэсгийн орлогч дарга Т.Бадамжунайд,
Цаг хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн цэг, салбарт нэмж байршуулах өвс, тэжээлийн хэмжээ болон түүнийг тээвэрлэх зардлын асуудлыг судалж санал боловсруулж зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг Сангийн дэд сайд, ажлын хэсгийн гишүүн Т.Очирхүү, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, ажлын хэсгийн гишүүн Ц.Амгаланбаяр нарт,
Цаг хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн болон түр цэгт өвс, тэжээл байршуулах ажлыг шуурхай зохион байгуулан, өвс, тэжээлийг бэлтгэсэн үнээр нь малчид, иргэдэд худалдан борлуулах арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, ажлын хэсгийн гишүүн Ц.Амгаланбаярт,
Малын өвөлжилт, хаваржилттай холбогдуулан отрын бүс нутгуудад “Отрын штаб” байгуулан ажиллуулах, отроор яваа малчдад төрийн үйлчилгээ үзүүлэх, байнгын эмнэлгийн үйлчилгээний цэг ажиллуулах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, ажлын хэсгийн орлогч дарга Т.Бадамжунай, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар нарт,
Цаг хүндрэх төлөвтэй аймаг, орон нутгуудаас гарсан санал хүсэлтүүдийг судлан үзэж холбогдох тооцоо, судалгаа хийж, шийдвэрлэх талаар асуудал боловсруулж танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, ажлын хэсгийн орлогч дарга Т.Бадамжунайд,
Цаг хүндэрч мал өвөлжилтөд бэрхшээл учирч болзошгүй аймгуудад авах дээрх арга хэмжээний талаар санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд ойрын үед хэлэлцүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, ажлын хэсгийн орлогч дарга Т.Бадамжунайд үүрэг болгосон юм.
Түлш, эрчим хүчний салбарын 2009-2010 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, явц, үр дүнгийн тухай хэлэлцээд дараахь арга хэмжээ авч ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, ажлын хэсгийн орлогч дарга Д.Зоригт, Сангийн дэд сайд, ажлын хэсгийн гишүүн Т.Очирхүү, Эрчим хүчний газрын дарга, ажлын хэсгийн гишүүн Ц.Баярбаатар нарт,
2009-2010 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Засгийн газраас гаргасан тогтоол /6 тогтоол, 3 тэмдэглэл/, шийдвэрийн биелэлт, ялангуяа хөрөнгөтэй холбогдолтой асуудлыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн шуурхай зохион байгуулж, эцсийн үр дүнд хяналт тавьж ажиллахыг ажлын хэсгийн нийт гишүүдэд,
2009-2010 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг зохицуулж, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаанд түлш, эрчим хүч, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн явцыг 2 сар тутам танилцуулж байх, өвөлжилтийн явцад хүндрэл гарсан болон тулгамдсан асуудал гарвал тухай бүр нь цаг алдалгүй танилцуулж байхыг ажлын хэсгийн орлогч дарга болон нийт гишүүдэд үүрэг болгосон байна.