Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Засгийн газрын хуралдаан 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.04.20 /
ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ КОНЦЕССЫН ГЭРЭЭГ ДЭМЖЛЭЭ

Төрийн өмчийн хороо, “Шинэ Азиа майнинг групп” ХХК хооронд “Могойн голын дулааны цахилгаан станц барих, ашиглах, төрийн өмчид шилжүүлэх онцгой эрх олгох концессын гэрээ” байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас дэмжлээ. Концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай цахилгаан станцын барилга, байгууламжийг угсрах болон барилгын ажлыг эхлүүлэх тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг холбогдох сайд нарт даалгав. Мөн цахилгаан станц барих газрыг эзэмшүүлэн ашиглуулах зөвшөөрөл олгох, орон нутгийн өмчит Могойн голын уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нүүрсээр хангах, дулааны цахилгаан станцын барилгын ажлын явцад орон нутгийн зүгээс шаардагдах арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэн, дэмжиж ажиллахыг Завхан, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Гэрээний төсөлд тусгагдсаны дагуу “Шинэ Азиа майнинг групп” ХХК нь 110 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг бүрэн гаргана. 2x30МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг 2 жилийн дотор барьж ашиглалтад оруулах бөгөөд 20 жил эзэмшиж, ашиглан гэрээний хугацаа дуусахад үнэ төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлэх юм. Дулааны станц ашиглалтад орсноор Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчид байнгын, найдвартай эрчим хүчээр хангагдана.   

Мөн дээрх хоёр аймагт жил бүр олгодог 12,7 тэрбум төгрөгийн дизель станцын алдагдлын татаас, эрчим хүчний төвлөрсөн системд холбогдоогүй сумдын дизель түлшний үнэ зэргийг өгөх шаардлагагүй болно. Станцыг барьж байгуулж, ашиглалтад оруулснаар эрчим хүчний салбарын үндэсний мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх, чадавхийг нь дээшлүүлэх, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахад чухал хувь нэмэртэйгээс гадна орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон үр нөлөө үзүүлэх бүтээн байгуулалт болох юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ҮНЭ НЭМЭГДСЭН Ч ШӨНИЙН ТАРИФ НЭМЭГДЭХГҮЙ

Эрчим хүчний зохицуулах газраас хэрэглэгчдэд борлуулах цахилгаан, дулааны үнэ, тарифт өөрчлөлт оруулсан тухай асуудлыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 49 м/кв талбайтай 2 өрөө байранд  амьдардаг, 4 ам бүлтэй өрх одоо сар бүр 21424 төгрөгийг халаалт, хэрэглээний халуун усандаа төлдөг бол 5 дугаар сарын 1-нээс сар бүр 2570 төгрөг илүү төлөх юм. Мөн сардаа 200 кв цахилгаан хэрэглэдэг гэж үзвэл  880 төгрөг илүү, нийт цахилгаан, халаалт, халуун усны төлбөр нь халаалт авдаг улиралд сард 3451 төгрөгөөр, халаалтын бус улиралд 1485 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг.  

Цахилгааны үнэ өссөнөөр иргэдийн өдөр тутам өргөн хэрэглэдэг “Атар” талхны үнэ 3-4 төгрөг, “Алтан тариа” компанийн 1 кг нэгдүгээр болон дээд гурил 4-6 төгрөгөөр нэмэгдэх магадлалтай гэж Эрчим хүчний зохицуулах газар үзжээ. Харин төсвийн байгууллагууд буюу зарим эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн зардлыг 2 дугаар эмнэлэг, 25 дугаар цэцэрлэг, ШУТИС, “Эрдмийн ундраа” сургуулиудаар жишээ болгож тооцоход нийт зардал нь 0.2-0.9 хувиар нэмэгдэхээр байна. Цахилгаан, дулааны үнэ нэмэх цаг нь мөн гэдэгт Засгийн газрын гишүүд эргэлзэж, шүүмжлэлтэй хандаж байгаагаа хуралдааны үеэр илэрхийллээ. Эрчим хүчний зохицуулах газар үнэ нэмэх талаар МҮЭХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг байгууллагатай цөөнгүй удаа зөвшилцсөний эцэст ийм шийдвэр гаргасан байна.

Гэхдээ үйлдвэр, аж ахуйн нэгж, айл өрх, нийтийн зориулалттай зам, талбай,  нийтийн зориулалттай орон сууцны байрны орцны гэрэлтүүлгийн шөнийн цагаар хэрэглэх тарифыг нэмээгүй гэж Эрчим хүчний зохицуулах газар тайлбарлалаа. Мөн “Цахилгаан тээвэр” компани, үйлдвэр, аж ахуйн нэгжийн халаалт, эмзэг өрхийн тарифыг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

 “ӨРХ БҮРТ ШУУДАН” ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

“Өрх бүрт шуудан” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн жилийн төсвийн төсөлд тусгах, хувийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.  

Шуудангийн салбарын хөгжлийг гадаадын орнуудын жишигт хүргэх, тэдэнтэй өрсөлдөхүйц болгох, өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангах үйлчилгээ, соёл бий болгоход мэдээллийн технологийн ололт, амжилтуудыг үр ашигтай, түргэн шуурхай нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгаа учир хөтөлбөрийг боловсруулсан байна. Хөтөлбөрийн хүрээнд айл өрхийг шуудангийн хайрцгаар хангахаас гадна алслагдсан аймаг, орон нутагт шууданг шуурхай хүргэх үүднээс шуудангийн салбаруудад автомашин, мотоцикль худалдан авах, мэдээллийн технологид суурилсан үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх, бүсийн төвд ялган боловсруулах цэг, салбар байгуулах юм.

Хөтөлбөрийг шуудангаар үйлчлэгч байгууллагууд өмчийн хэлбэр харгалзалгүй хэрэгжүүлэх боломжтой бөгөөд шуудангийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн дунд сонгон шалгаруулалт зарлан хариуцуулах боломжтой гэж үзэж байна. Мөн шаардлагатай тохиолдолд тэдгээрийг гадаад, дотоодын хөнгөлөлттэй зээл, хандивлагч орнуудын тусламж, харилцаа холбооны бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас санхүүжүүлэх боломжтой гэж Засгийн газар тооцоолжээ.

2020 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрийн дүнд манай улсад бие даасан, тогтсон сүлжээ бий болж, шуудангийн сүлжээгээр дамжих солилцоо өсөн, үйлчилгээний хамрах хүрээ сайжирч, шуудан хүргэлтийн хугацаа богиносч давтамж  нэмэгдэх, шуудангийн үйлчилгээний хүртээмж дээшлэх, өрх бүрт хүрч үйлчилснээр хэрэглэгчдийн шууданд итгэх итгэл өсөн, электрон болон захиалгат худалдаа, ачаа тээвэр зэрэг хүссэн үйлчилгээгээ авах боломж бүрдэнэ. Улаанбаатар хотын 274 мянган өрхийн 100 мянга нь орон сууцанд, үлдсэн нь гэр хороололд амьдардаг. Эдгээрийн 15 мянга нь л шуудангийн хайрцагтай бөгөөд 60 хувь нь сонин, хэвлэлээ хайрцгаараа дамжуулан авдаг гэсэн судалгаа гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

УУЛ УУРХАЙН АВРАХ АЛБАНЫ  ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛНЭ

Засгийн газрын хуралдаанаар уул уурхайн аврах албаны талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэн тогтоол гаргалаа. Манай улсад уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, борлуулалт, боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад гарч болох аливаа ослоос урьдчилан сэргийлэх нь чухал болоод байгаа юм. Иймээс аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангах, сургах, аюулгүй ажиллагаанд мэргэжлийн хяналт тавих, ослын үр дагаврыг шуурхай арилгах чиглэлээр Уул уурхайн албаны бүтэц, зохион байгуулалтыг одоогийн орон тоонд нь багтаан өөрчилж, чадавхийг нь бэхжүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад үүрэг болголоо.

Аврах албаны албан хаагчдад тавигдах шаардлага, эрх, үүрэг, үүргээ биелүүлэх баталгаа, тэтгэвэр, тэтгэмжийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу зохицуулах эрх зүйн орчин бүрдүүлэхийг холбогдох сайд нарт даалгав. Аврах албыг бэхжүүлэхийн тулд гадны байгууллагын туршлага судлах, ажилтнуудыг давтан сургах, мэдлэг, чадварыг нь сайжруулах, аврах ажиллагаанд зайлшгүй шаардлагатай техник, тоног төхөөрөмж худалдаж авах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт  тусган санхүүжүүлж байхаар боллоо.

Анх 1951 онд Уулын аврах команд нэртэйгээр байгуулагдсан энэ байгууллагыг 1995 онд Уул уурхайн аврах алба болгон өөрчилж, уулын ажлын аюул ослоос урьдчилан сэргийлэх, ослын үр дагаврыг арилгах үүрэг хүлээлгэсэн юм. 53 хүний бүрэлдэхүүнтэй энэ алба 1 салаа,  шуурхай ажлын 5 тасаг, эмнэлэг, химийн лаборатори, баг аппаратур, ган татлага шалгах станц, сургалт, мэдээллийн төвтэйгээр улсын хэмжээнд өмчийн хэлбэр, орон нутгийн харъяалал харгалзалгүй үүрэг гүйцэтгэж байна.

Тус алба 1997-2009 онд 325 удаагийн ослын дуудлагаар ажиллаж 282 хүний амийг аварч, 1000 гаруй цэгт хий, тоосны сорьцын шинжилгээ, 100 гаруй ган татлагад шалгалт хийн, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны 20 орчим мянган заавар, зөвлөмжийг  100 гаруй мянган хүнд хүргэсэн байна. 2010 оны эхний улиралд гэхэд л 13 удаагийн дуудлагаар ажиллан 19 хүний амь насыг аварчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.   

ЗАРИМ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧДОД ТӨР НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОНО

“Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, тогтоол гаргалаа. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, нөхөн төлбөр олгох ажлын явц, дүнг хагас жил тутам Засгийн газарт тайлагнах, нөхөн төлбөр олгоход шаардагдах хөрөнгийг ХЗДХ-ийн сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлж байхыг холбогдох сайд нарт даалгав. Энэ журам нь гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүний гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан”-гаас нөхөн төлбөр олгохтой холбогдсон харилцааг зохицуулах юм.

Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах, хүнийг санаатай алах, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, хүнийг хууль бусаар хорих, хүн хулгайлах, барьцаалах, худалдаалах, хүчиндэх, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, зандалчлах, терроризм, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид Сангийн хөрөнгөөс нөхөн төлбөр олгоно. Хохирогчийн нөхөн төлбөр хүсэх өргөдлийг нийслэлд Сангийн зөвлөлийн ажлын алба, аймагт шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан хүлээн авч шуурхай шийдвэрлэж байх юм.

Нөхөн төлбөр хүсэх өргөдлийн маягтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас авах бөгөөд хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон гүйцэтгэх хуудсын хуулбар, өргөдөл гаргагч иргэний баримт бичгийн хуулбар, хохирлыг ялтан буюу түүний хууль ёсны төлөөлөгч барагдуулаагүй, эсвэл дутуу барагдуулсныг нотлох баримтыг хавсаргах ёстой. Журам 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш үйлдэгдсэн хэргийн хохирогчид үйлчилнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Галт зэвсгийн хэв загварыг өөрчлөх, үйлдвэрийн бус аргаар хийх зэрэг хууль бус үйлдэл гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл бий болгохоор төсөлд тусгасан байна. Гадаадын иргэн, харъяалалгүй этгээд галт зэвсэг өмчлөх, ашиглахыг хориглож, харуул хамгаалалтын эрхтэй хуулийн этгээд, спорт-сургалтын үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага хязгаарлагдмал хүрээнд, хяналтын дор галт зэвсэг өмчлөх эрхтэй байх нь. Улсын хэмжээнд галт зэвсэг, сумыг нийслэлд Цагдаагийн байгууллагын харъяа нэг төвөөр л худалдаж байх зэрэг олон өөрчлөлтийг тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Бууны албан татварын тухай хуулийг Галт зэвсгийн албан татварын тухай хууль болгон шинэчлэн найруулсан байна. Энэ дагуу иргэд, аж ахуйн нэгжийн өмчлөлд байгаа галт зэвсгийн татвар жилд ойролцоогоор 4 мянган төгрөг байгааг нэмж 10-35 мянган төгрөг байхаар ялгавартай тогтоожээ. 2010 оны байдлаар манай улсын хэмжээнд 40894 галт зэвсэг бүртгэлтэй байна. Үүний 35652 нь ан агнах, 1901 нь харуул хамгаалалтын, 156 спорт сургалтын, 280 нь үзмэр, урлагийн, 59 нь цуглуулгын зориулалттай юм.  

БНСУ-Д ХИЙСЭН ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛЫН ДҮНТЭЙ ТАНИЛЦАВ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 3 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Айлчлалын дүнтэй Засгийн газрын гишүүд танилцаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд хэлэлцээ хийж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон юм. Харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд өргөжин хөгжиж байгааг Ерөнхий сайд нар тэмдэглээд, харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэн, хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг ойрын үед байгуулахаар тохиролцсон. 

Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хэлбэрээр хөгжүүлэх, энэ хүрээнд эрдэс баялаг, хүнд аж үйлдвэр, эрчим хүч, дэд бүтэц, барилга, далайн тээвэр, далайн боомт, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчны салбарт хамтран ажиллахаар болж, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлахаар болсон юм. Мөн эрүүл мэнд, анагаах ухаан, батлан хамгаалах салбар, энхийг сахиулах чиглэлээр хамтарч ажиллан, мал, амьтны гоц халдварт өвчний эсрэг тэмцэхээр тохирсон байна.

Хоёр тал иргэдийн зорчих нөхцлийг улам хөнгөвчлөх, БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд таатай орчин, нөхцөл бүрдүүлэхээр болсон юм. БНСУ-ын Засгийн газар манай эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг дэмжих зорилгоор эрүүл мэнд, агаарын бохирдлыг арилгах болон бусад тэргүүлэх ач холбогдолтой төсөлд урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох, 23 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх, цаашид хөгжлийн албан ёсны тусламжаа нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Мөн ногоон хөгжлийг дэмжихийн тулд энэ онд хамтарсан төсөл хэрэгжүүлэх болсон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсны айлчлалынхаа үеэр БНСУ-ын Ерөнхийлөгчид бараалхаж, эрх баригч Ханнара намын даргатай уулзан, “Солонгос дахь Монголын жил”-ийн нээлтэд оролцсон байна. Мөн Монгол, Солонгосын бизнесийн чуулга уулзалтад үг хэлж, БНСУ-ын бизнесийн гол 4 холбоо гэгддэг Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Аж үйлдвэрүүдийн холбоо, Олон улсын худалдааны нийгэмлэг, Жижиг, дунд бизнесийн холбооны удирдлагуудтай уулзжээ.

Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд БНСУ-ын их, дээд сургуулийн оюутны хотхон, эмийн үйлдвэрлэлийн компаний ажилтай танилцаж, нэр хүнд бүхий хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгсөн байна. Түүнчлэн БНСУ-д амьдарч, ажиллаж, сурч байгаа монгол иргэдтэйгээ уулзсанаас гадна тус улсад амьдарч байгаа иргэдээ иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг эхлүүлжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын талаар талууд хэвлэлийн хамтарсан мэдээ гаргасан бөгөөд айлчлалын үеэр хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна.

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ

Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн 2010 оны явцын тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Үүнтэй холбогдуулан салбар, орон нутгийн болон үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт, Үндэсний хөгжлийн цогц бодлогод суурилсан үндсэн чиглэл, стратеги, хөтөлбөр, мастер төлөвлөгөө зэрэг төр, засгийн бодлого, үзэл баримтлалын чанартай 403 баримт бичиг байна. Үүнээс 96 үндэсний хөтөлбөр 11 яаманд 76 хувь, төсвийн болон гадаад орны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд 111 төсөл 9 яаманд 82,4 хувийн биелэлттэй хэрэгжиж байна.

Цаашид салбарын болон төрийн бодлогын түвшинд боловсруулж хэрэгжүүлэх 10 гаруй томоохон бодлогын баримт бичиг, үндэсний хөтөлбөр, төслийг Улсын Их Хурал, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж батлуулах ажлын явц удаашралтай байгааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөр, Эрдэс баялаг, эрчим хүчний болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам анхаарах хэрэгтэйг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар санууллаа. 

БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛД ТАНИЛЦУУЛНА

“Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийн талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт  Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан баримт бичгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар тогтлоо. Бодлогын баримт бичиг нь бодлого, эрдэс баялгийн салбарыг 2021 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэж байна.

2021 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр шинээр олон орд газар нээгдэж, уурхай, үйлдвэр, аж ахуйн газар байгуулагдан, түүнийг дагасан дэд бүтэц, ажлын байр, хот суурин хөгжиж, Улаанбаатар хотын төвлөрөл саарах, хүнээ хөгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зэрэг олон эерэг өөрчлөлт гарна гэж Засгийн газар үзлээ. Иймээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, хүний нөөцийг бэлтгэхэд онцгой анхаарч байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.   

ТОВЧ МЭДЭЭ

  • Ази, Номхон далайн Хэмжил зүйн хөтөлбөрийн 2011 оны хагас жилийн хурлыг 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах болов. Энэ нь гадны улсын шинжээчдээс зөвлөгөө авч, туршлагыг нь судлах, улсынхаа хэмжил зүйн салбарын хөгжлийн түвшин, хэрэгцээ, шаардлага, бодит байдлаа танилцуулах, чадавхи, үйл ажиллагаагаа сайжруулах дэмжлэг хүсэх, манай мэргэжилтнүүд мэдээлэл авч холбоо тогтоох, мэргэшүүлэх сургалтад хамрагдах зэрэг олон талын ач холбогдолтой гэж Засгийн газар үзлээ.
  • 2011 оны 3 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комисс хуралдсан байна. Хуралдааны дүнг Засгийн газрын хуралдаанаас сайшааж, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, комиссын Монголын хэсгийн дарга Х.Баттулгад даалгалаа. Талууд уул уурхай, эрчим хүч, усны нөөц, байгаль хамгаалал, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, барилга, дэд бүтцийн салбар /тээвэр/-т хамтран ажиллахаар тохиролцсон юм.
  • “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Кипр Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ардчиллын төдийгүй байгалийн баялгаа зөв ашиглаж чадсан загвар улс болохыг ерөөлөө
М.Олбрайт: Маргаантай асуудлуудыг тайван замаар шийдэж чаддаг гайхалтай улс орон бол Монгол
Ерөнхий сайд гэр хороололд ажиллана
6 ГАЗАРТ ГАРСАН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЖЭЭ
Ерөнхий сайд уурхайчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ШАДАР САЙДЫН САНААЧИЛГЫГ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ДЭМЖИЖ БАЙНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан