Согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах, худалдах, түүгээр үйлчлэх ажилд 18 нас хүрээгүй хүн авч ажиллуулах, 21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно гэсэн заалт Архидан согтуурахтай тэмцэх тухай Монгол Улсын хуульд бий. Харамсалтай нь хэрэгждэггүй.
Засгийн газрын “Шинэчилж шийдье-222” анхны уулзалтад 800 гаруй иргэн оролцож, 300 гаруй санал ирсэн. 30 хүн саналаа хэлсэн бөгөөд эдгээрээс эхний удаад тавыг нь ажил хэрэг болгож дараагийн уулзалтын үеэр тайлагнахаар болсон юм. Эдгээрийн нэг нь “Хүүхдэд архи худалдаалахыг хориглооч” гэсэн нэгэн ээжийн санал байлаа. Энэ хүрээнд архи, тамхины зохисгүй хэрэглээг хязгаарлах, насанд хүрээгүй хүнд архи, тамхи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон хуулийн заалтын биелэлтийг хангуулах болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан юм.
Ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Энэ хурлаар 21 насанд хүрээгүй хүүхдэд архи худалдаалсан дэлгүүр, үйлчилгээний газрын тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг ирэх сарын 1-ээс авна. Ингэхдээ энэ хугацаанаас өмнө ийм зөвшөөрөл бүхий үйлчилгээ эрхэлдэг хүмүүстэй уулзаж анхааруулах нь зөв гэж шийдвэрлэлээ. Мөн 21 нас хүрээгүй буюу архи хэрэглэдэггүй залууст зориулсан бүжгийн хэд хэдэн клуб байгуулах санал энэ үеэр мөн гарсан бөгөөд албан бус судалгаагаар оюутнуудын 80 хувь нь архи дарс хэрэглэдэггүй клубийг дэмждэг гэсэн мэдээллийг албаны хүмүүс хэлж байлаа. Мөн 21 нас гэдгийг ийм төрлийн хориглосон арга хэмжээний “бай” болгож болохгүй, кино театрт хүүхдийн тасалбараар үйлчлүүлдэг байх зэрэг олон боломжийг эрэлхийлэх, 21 нас хүрээгүй гэдэг нь олон зүйлд давуу тал болох учиртай гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвлөж байлаа.
Нийслэлийн хэмжээнд архи худалдаалдаг 2664 дэлгүүр, түүгээр үйлчилдэг мөн 2000 орчим үйлчилгээний газар байдаг ажээ. Эдгээрээр үйлчлүүлж эрүүлжүүлэгдсэн хүүхдийн тоо жилээс жилд өссөн үзүүлэлттэй байгаа юм. харагдаж байгаа юм. Тухайлбал, эрүүлжүүлэгдсэн 18 нас хүртлэх хүүхдийн тоо 2006 онд 175, 2007 онд 231, 2008 онд 264, 2009 онд 288, 2010 онд 956, 2011 онд 1416 болж тасралтгүй өссөн. Архи хэрэглэж эхлэх нас залуужих тусам архинд донтох эмгэг нэмэгддэг гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг нь олон хүнийг эмзэглүүлж байгаа юм.
Тиймээс Архидан согтуурахтай тэмцэх тухай Монгол Улсын хуульд заасан 21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно хэмээсэн заалтын хэрэгжилтийг мөрдлөг болгож, хэрэгжилтэд нь хатуу хяналт тавих шаардлагатай байгаа талаар ажлын хэсгийн хурлын үеэр ярьж байлаа. Ажлын хэсгийн хурал ирэх долоо хоногт дахин хуралдана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.