Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн нэгдсэн байгууллагын Гүйцэтгэх зөвлөл /ОАНА/-ийн ээлжит 33 дугаар хурал Улаанбаатар хотноо 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр эхэллээ. Хуралдаанаар ОАНА-гийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж байгаа мэдээ, мэдээллийн агуулга, чанарыг сайжруулах, мультимеда чиглэлээр мэдээлэл солилцоогоо улам өргөжүүлэх, техник, технологийн хамтран шинэчлэх талаар хэлэлцэж байна. Гүйцэтгэх зөвлөлийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон үг хэлэв.
Тэрээр ашигт малтмалын томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, уул уурхайн баялагтаа тулгуурлан улс орноо хөгжүүлэх, их бүтээн байгуулалт өрнүүлэх зорилт тавьж байгааг хурлын төлөөлөгчдөд дуулгаад үүний дүнд өнгөрсөн онд 6 хувьтай байсан эдийн засгийн өсөлт энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 9,7 хувьд хүрснийг тэмдэглэв.
Гэхдээ эдийн засгийн үйлдвэрлэлийн салбарын зэрэгцээ мэдээллийн эдийн засгийг хөгжүүлэх бодлого баримталж, энэ хэрээр мэдээллийн технологи улс орны амьдралд маш эрчимтэй нэвтэрч байгааг онцоллоо. “13-14 дүгээр зуунд өнөөгийн БНХАУ, ОХУ, Европын улсуудыг хамарсан 15 мянга гаруй км үргэлжилсэн өртөө, улаа нь мэдээллийн технологийн хүн төрөлхтөний түүхэнд гарсан 3 том хувьсгалын нэг. Чингисийн их гүрэнд өргөн уудам Евроазийг нэгэн нетворкийн сүлжээнд холбож байсан харилцаа, холбооны арга зарчим нь энэ өртөө юм” гэж нэрт судлаач Ким Жон Ре дүгнэсэн байдгийг ч Ерөнхий сайд С.Батболд жишээ болгов.
Мөн тэрээр монголчууд энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгааг хэлээд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилж, зорьж ирсэнээ бүтээж, зорилгоо хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэн ерөөв. Ази, Номхон далайн бүс нутагт дэлхийн нийт бүтээгдэхүүний 56, худалдааны эргэлтийн 50, далайн тээврийн 60, агаарын тээврийн 25 орчим хувь нь ногдож байна. Үүнийг дагаад дэлхийн санхүү, шинжлэх ухаан, технологийн хамгийн том нөөц бүхий энэ бүс нутгийн мэдээллийн байгууллагуудын үүрэг, ач холбогдол, нэр хүнд, нөлөө ч асар их байдаг.
Эгнээндээ Ази, Номхон далайн бүс нутгийн 33 орны мэдээллийн 42 агентлагийг эгнээндээ нэгтгэсэн ОАНА-д МОНЦАМЭ агентлаг 1981 онд гишүүнээр элссэн байна. Тус агентлагаас ОАНА-гийн мэдээллийн нэгдсэн санд өдөр тутам англи хэлээр 15 мэдээ нийлүүлж, улсынхаа хөгжил дэвшил, өнөөгийн нөхцөл, байдлыг бүс нутагтаа таниулан сурталчилж, мэдээлдэг юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.