~ Засгийн газрын хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр болов. УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэн баталсантай холбогдуулан төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ, доод жишгийг тогтоон, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны жагсаалтыг баталсан, нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг өөрчилж нэмсэн зэрэг нь онцлох шийдвэр байлаа ~
Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн баталлаа. Хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэмэх хугацааг наашлуулж энэ оны 02 дугаар сарын 01, 05 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон нэмэхээр тохиролцсон юм. УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан билээ.
Энэ дагуу төрийн албан хаагчдын цалинг 02 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон эхний ээлжинд 80 мянган төгрөгөөр, 05 дугаар сарын 01-ний өдрөөс 23 хувиар нэмэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 630 мянган төгрөгт хүрч байна. Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллаганы мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу төрийн албан хаагчдын цалинг 2008 онд 20 хувиар, 2010 онд 30 хувиар нэмсэн бөгөөд өнгөрсөн оны байдлаар дундаж цалин 410 мянган төгрөг байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨВ
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс сард 70 мянган төгрөгөөр, 05 дугаар сарын 01-ний өдрөөс 103 мянга 600 төгрөгөөр тогтоон мөрдөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 2008 оныхоос 2,5 дахин нэмэгдэж байна. Түүнчлэн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг энэ оны 02 дугаар сарын 01-нээс сард 40 мянга, 05 дугаар сарын 01-нээс сард 48 мянган төгрөгөөр тогтоон мөрдөх болов.
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ одоогоор 53 мянга 800 төгрөг байгаа нь бүсүүдийн дундаж хүн амын амьжиргааны доод түвшнээс 50 орчим хувиар бага байгаа юм. Энэ тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд гээд 52 мянга орчим хүн авдаг байна.
Тэгвэл байнгын асаргаатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 27 мянга орчим иргэнд олгодог 31 мянга 200 төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг 05 дугаар сарын 01-нээс 48 мянган төгрөгт хүргэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙГ 35 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЛЭЭ
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг 35 мянган төгрөгөөр нэмэн энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож олгохыг Засгийн газрын хуралдаанаас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон Сангийн сайд нарт даалгалаа. Ингэснээр 318,2 мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр нэмэгдэж байгаа бөгөөд дундаж тэтгэвэр 27,8 хувиар нэмэгдэж 162 мянган төгрөг болж байна. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 140 мянга 300 төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 105 мянга 200 төгрөгөөр шинэчлэн тогтоож 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр болсон байна.
Харин 05 дугаар сарын 01-нээс дахин нэмснээр тэтгэвэр энэ онд 53,8 хувиар, 2008 оныхоос 2 дахин нэмэгдэнэ. Гэхдээ тэтгэврийг 5 дугаар сарын 01-нээс нэмэх үед эрх зүйн зарим өөрчлөлт гарч болзошгүй байгаа юм. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг НХХЯ дахин оруулж хэлэлцүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
“100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БАРИГДАХ ОРОН СУУЦНЫ ЖАГСААЛТЫГ БАТАЛЛАА
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын хоёрдахь ээлжийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Нэгдэх жагсаалтад 79 мянган орон сууцны барилга байсныг 44 мянга 700-гаар нэмж 124 мянга орчим болголоо. Ингэснээр иргэд одоо баригдаж байгаа эдгээр орон сууцнаас сонголт хийх боломжийг Засгийн газар олгож байна. Жагсаалтад өнөөдөр нэмж орсон 44 мянга 700 орон сууцны 50 гаруй хувь нь Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилгоор гаргасан журамд заасны дагуу 55 метр.квадрат хүртэл талбайтай орон сууц юм.
Жилийн 6 хувийн хүүтэй зээлээр иргэдийг орон сууцтай болгох энэ хөтөлбөр 2016 он хүртэл хэрэгжинэ. Хоёрдахь жагсаалтад орсон орон сууцны барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
БНХАУ-ЫН БАНКНААС 200 САЯ ХҮРТЭЛ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВНА
Төрийн албан хаагчдын орон сууцны хороолол барихад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын “Экспорт, импорт” банктай 200 сая ам.доллар хүртэлх дүнгээр зээлийн гэрээ байгуулахыг Хөгжлийн банкинд зөвшөөрөв. Зээлийн хөрөнгөөр төрийн албан хаагчдын орон сууцны хороолол, хотхон байгуулах барих ажлыг зохион байгуулж, гэрээний хэрэгжилт, барилгын ажлын явцыг улирал тутам Засгийн газарт танилцуулж байхыг салбарын сайд, банкны удирдлагад даалгалаа. Түүнчлэн зээлийн нийт дүнгийн 15 хувьтай тэнцэх хөрөнгийн санхүүжилтийг барилгажилтын хугацаанд төсөвт жил бүр тусган шийдвэрлэж байх боллоо.
Энэ зээл нь 15 жилийн хугацаатай, жилд лебор+1 хувийн хүүтэй, эхний 3 жилд зээл, зээлийн хүүгийн төлбөр хийгдэхгүй бөгөөд зээлд хамрагдахаар БСШУЯ, БХЯ, ХЗДХЯ-наас 6285 айлын орон сууцны захиалга ирүүлээд байна. Монгол Улсын Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үеэр БСШУЯ, Сангийн яам болон БНХАУ-ын “Экспорт, импорт” банк хооронд “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл” болон ”Багш нарыг хямд өртөгтэй орон сууцаар хангах” төслийг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр “Хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ТОВЧ МЭДЭЭ
- Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан байна. Төсөлд “Зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч болно” гэж тусгасан нь Үндсэн хуульд заасан “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасныг хэт явцууруулсан шинжтэй байна гэж үзлээ. Мөн энэ асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачилсан бөгөөд төслийг хэлэлцэх явцад Ерөнхийлөгчийн саналыг хамтад нь авч үзэх боломжтой гэдгийг уламжлахаар боллоо.
- Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байсан болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах тухай УИХ-ын гишүүн Х.Баттулга нар хуулийн төсөл санаачилсан. Энэ нь “Хүнийг үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн Үндсэн хуулийн заалттай нийцэхгүй байна гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Түүнчлэн УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх 6 сарын дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах буюу нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох хуультай тул дэмжих боломжгүй хэмээн хууль санаачлагч нарт уламжлахаар боллоо.
- УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэв. Нийгмийн даатгалыг сангууд, үүний дотор тэтгэврийн сан нь иргэн өөрийн ирээдүйн нийгмийн баталгаанд зориулан урьдчилан төлсөн шимтгэлээс бүрддэг бөгөөд тухайн үедээ төлж чадаагүй шимтгэлийг нөхөн төлүүлэх нь даатгалын үндсэн зарчимтай нийцэхгүй байгаа тухай хууль санаачлагчид уламжлахаар боллоо. Түүнчлэн холбогдох хуульд заасны дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй 60 ба түүнээс дээш насны эрэгтэй, 55 ба түүнээс дээш насны эмэгтэйд нийгмийн халамжийн тэтгэвэр олгох хууль 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Энэ хуулийн дагуу тэтгэврийн насны бүх өндөр настан тэтгэвэр авах эрх зүйн орчин бүрдэж байгааг анхаарахыг ч уламжилсан байна.
- “Орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлсэн дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Үүнтэй холбогдуулан орон нутагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө иргэдээр урьдчилан хэлэлцүүлж сонголт хийж байх журам, аргачлал батлан хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөж, Засаг дарга нарт үүрэг болголоо. .
- Энэ сарын 06-ны байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 28 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Эдгээрээс А-80 автобензин 30, АИ-92 автобензин 36, дизелийн түлш 16 хоногийн нөөцтэй байгаа тухай мэдээ гарчээ. Урд саруудын байдлаас харахад үлдэгдэл нөөцийн хэмжээ дунджаар 15 хоногоор илүү байгаа бөгөөд энэ нь газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангалттай гэсэн үг юм. Шатахууны үнэ 1 дүгээр сартай харьцуулахад 120-140 төгрөгөөр буурсан байна.