Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд
Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан ард иргэдийнхээ аюулгүй байдал, энх амгаланг сахиулах үйлсэд мэдлэг чадвар, бие сэтгэлээ зориулж, хүчин зүтгэж ирсэн цагдаагийн байгууллагын үе үеийн ахмадууд, залгамж халаа нийт алба хаагчид, тэдгээрийн гэр бүлийнхэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.
1921 онд Ардын хувьсгал ялж Засгийн газрын шийдвэрээр “Сэргийлэх цэргийн салаа” нэртэй анх тулгын чулуугаа тулсан Монголын цагдаагийн байгууллага иргэдийнхээ халдашгүй эрх, эрх чөлөө, өмч хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах ээлж халаагүй манаанд зогсож, үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна. Монголын цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний дотроос эрдэм боловсрол, мэргэжлийн авъяас, чадвараараа нэр алдраа дуурсгасан алдар цуутнууд олноор төрөн гарсанд төр, засаг, ард түмэн бахархаж байдаг.
Цагдаагийн байгууллага цаашид олсон амжилтаа бататган, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан өөрт хамаарах ажил, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хангаж, үйл ажиллагаа, эрх зүйн орчноо боловсронгуй болгон, нийгмийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн ажил, үйлчилгээний стандартыг хэвшүүлж ажиллах нь чухал юм.
Монгол Улсын Засгийн газраас цагдаагийн байгууллагыг бэхжүүлэх, техник хэрэгслээр хангах, зарим ажил, үйлчилгээ, хангалтыг олон улсын жишигт хүргэх, алба хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг дээшлүүлэх, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэс дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Цагдаагийн байгууллага төр, засгийн бодлого шийдвэр, хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ хэрэгжүүлж, ард иргэдээ амар тайван байлгахын төлөө улам их идэвх, санаачилга гарган ажиллана гэдэгт Монгол Улсын Засгийн газар итгэж байна. Ард иргэдийнхээ энх амгалангийн төлөө хүчин зүтгэж буй Монгол төрийн цагдаагийн суу алдар, сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СҮХБААТАРЫН БАТБОЛД
Улаанбаатар хот
2011 оны 7 дугаар сарын 15-ны өдөр