ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ
Засгийн газрын хуралдаанаар 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслөөс харвал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнд нийтдээ 264.7тэрбум төгрөгийг тусгаж, нийт 892.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар нийт 627.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсан. Тодотголын төсөлд ноос, ноолуур үйлдвэрлэгчдийг дэмжих 300 тэрбум төгрөг, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад тэргүүн ээлжинд шаардагдах 34.0 тэрбум, газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад 3.3 тэрбум, 100 мянган тонн улаанбуудай худалдан авч нөөцлөхөд 35 тэрбум төгрөг гээд санхүүжилт зайлшгүй шаардлагатай хөрөнгийг тусгажээ.
Төсвийн орлогын эхний 7 сарын гүйцэтгэл, эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэн, нэмэгдэх боломжит орлогыг бүрэн тооцон энэ оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцоход нэгдсэн төсвийн нийт орлого 611.1тэрбум төгрөгөөр, “Тогтворжуулалтын сан”-гийн орлого 35.8 тэрбум төгрөгөөр, тэнцвэржүүлсэн орлого 572.3тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Төсвийн орлогын нэмэлт эх үүсвэр бий болж байгаатай холбогдуулан 2011 оны батлагдсан төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж Засгийн газар үзлээ. Тодотголын төсөлд тэнцвэржүүлсэн төсвийн орлогыг 572.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна.
2011 оны эхний 7 сарын дунджаар нэг тонн цэвэр зэсийн дундаж үнэ дэлхийн зах зээл дээр 9,418.7 ам.долларт, нэг тонн боловсруулсан нүүрсний үнэ 186.5 ам.долларт хүрчээ. Үнийн өсөлттэй холбоотойгоор “Тогтворжуулалтын сан”-д энэ онд 218.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байна.
Нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлт:
2011оны төсвийн тодотголын өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 572.3тэрбум төгрөгөөр нэмэгдэж3,876.9тэрбум төгрөг, нийт зарлага 765.8 тэрбум төгрөгөөрнэмэгдэн 4,849.9 тэрбум төгрөг болж,төсвийн тэнцэл 193.5тэрбум төгрөгөөрөсөн, нэгдсэн төсвийн нийт алдагдал 973.0тэрбум төгрөгт хүрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 9.6 хувь болохоор байна.
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
“Журам батлах тухай” Засгийн газрын 2011 оны 211 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад өөрчлөлт орууллаа.
Энэ дагуу “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай” журмын 3.6 дахь заалтын “...шаардагдах мөнгөн дүнд вексель бичиж...” гэснийг “дүн бүхий албан бичгийг зээл олгох шийдвэрийн хамт” гэж, 3.7 дахь заалтын “...гаргасан векселийг...” гэснийг “ирүүлсэн албан бичиг зээл олгох шийдвэрийг” гэж, 3.9 дэх заалтын “Векселийн...” гэснийг “Зээлийн” гэж өөрчиллөө.
Хавсралтад өөрчлөлт оруулсантай холбогдуулан ноолуурын үйлдвэрүүд, арилжааны банкуудыг мэдээллээр шуурхай хангаж, хамтран ажиллахыг холбогдох сайд нарт даалгасан байна. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгохоор болсон юм.
Энэ дагуу зээл олгоход зориулан 100 тэрбум төгрөгийн, хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд энэ онд төрөөс олгох мөнгөн урамшуулалд болон ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдэд 50 тэрбум төгрөгийн, жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулан 150 тэрбум, нийт 300 тэрбум төгрөгийн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаас гарган үе шаттай арилжаалж байна.
ЕВРОПЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ ТӨСЛИЙГ ДЭМЖИВ
“Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, өргөн мэдүүлэхээр боллоо. Манай улс зах зээлийн эдийн засагт шилжээд 20 гаруй жил болсон боловч чанар, стандартын тогтолцоогоо нийцүүлэн шинэчлэхээ хангалттай хийж ирсэнгүй. Үүний улмаас үндэсний стандартын тогтолцоо олон улсынхаас хоцрох хандлагатай болсон байна. Тухайлбал манайд албан ёсоор мөрдөж байгаа 5900 орчим стандартын 40 орчим хувь нь л олон улсын стандартад нийцдэг гэсэн судалгаа гарчээ.
Түүнчлэн нийт стандартын 40 орчим хувь нь заавал мөрдөх хэм хэмжээ бүхий стандарт бөгөөд иргэн, хуулийн этгээд өөрийн үйл ажиллагаандаа зайлшгүй шаардлагатай эсэхээс үл хамаарч тэдгээрийг дагаж мөрдөж байна. Гэтэл дэлхий дахинаа үйлдвэрлэл, худалдааг зохицуулах тарифийн бус арга болох стандартчилал, тохирлын үнэлгээ нь зарчмын хувьд өөрчлөгдөж, үндэсний стандартыг зөвхөн сайн дурын буюу сонгон хэрэглэх хэлбэрээр батлан гаргах болжээ.
Ялангуяа шилжилтийн эдийн засагтай орнууд болон Европын Холбоонд гишүүнээр элссэн Зүүн Европын улсууд үүнийг хуульчлан хэрэгжүүлж байна. Мөн Дэлхийн худалдааны байгууллагын хэмжээнд техникийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрч, харин стандартаар худалдаанд саад тотгор учруулахгүй байхаар тохиролцжээ. Иймээс манай улс худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд хатуу тогтоосон стандартыг заавал мөрдөхийг шаардаж ажилд нь саад учруулахгүй байх, олон улсын дэвшилтэт техник, технологи, үйлчилгээг стандартаар дамжуулан нэвтрүүлэхэд чөлөөтэй нөхцөл бий болгох шаардлагатай болоод байна.
Энэ үүднээс Европын Холбооны туршлагаар стандартыг сайн дурын буюу сонгон хэрэглэх хэлбэрт шилжүүлэхийг зорьж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
УКРАЙН УЛСТАЙ ХАМТРАН ОНЦГОЙ БАЙДЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ
“Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар, Украйн Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хэлэлцээрт энэ оны 6 дугаар сарын 29-ний өдөр талууд гарын үсэг зурсан юм.
Хэлэлцээрт онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, үр дагаврыг арилгах чиглэлээр хамтран ажиллах тогтолцоо бий болгох, онцгой байдлын үед мэдээлэл солилцох, харилцан туслах, гамшгийн хор уршгийг арилгахад харилцан тусламж үзүүлэх, боловсон хүчин бэлтгэх, гамшгийн аюулаас болж хүрээлэн байгаа орчин, иргэдийн эрүүл мэндэд учруулж болзошгүй эрсдлийг үнэлэх зэрэг олон асуудлыг тусгасан байна.
- “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын зарим ажилд шаардагдах санхүүжилтийг Хөгжлийн банкны эх үүсвэрээр шийдвэрлэхээр зорьж байна. Асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хот байгуулалт, барилгын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд нэмэлт оруулахаар тогтлоо. Дээрх төслүүд хэрэгжсэнээр 23600 гаруй айлын хувийн болон нийтийн орон сууц баригдах юм.
- Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийг татан буулгаж, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг орон тоо, төсвийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа Дотоод хэргийн их сургуульд шилжүүлэхээр болов.