Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Засгийн газрын хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.09.28 /

ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ

Засгийн газрын хуралдаанаар 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл, үүнтэй холбогдуулан бусад хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, Нийгмийн даатгалын сангийн болон Хүний хөгжил сангийн ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлд гишүүдээс гаргасан саналыг тусган дахин  хэлэлцэхээр боллоо. Мөн хуралдаанаар Монголбанкнаас боловсруулсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газраас тодорхой саналуудыг Улсын Их Хуралд уламжлахаар боллоо.

Засгийн газрын хувьд Төв банкны бодлогын зээлийн хүүг бууруулах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа бичил зээлийн баталгаатай холбоотой эрх зүйн орчинг бүрдүүлэх, орон сууцны моргейжийн зээлийн хүүг инфляцитай уялдуулж уян хатан байлгах нь зүйтэй хэмээн үзэж эдгээр саналыг Улсын Их Хуралд уламжлахаар болжээ.

Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг Сангийн сайд С.Баярцогт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив.        

“ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ХӨТӨЛБӨРИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Хөтөлбөрийн хүрээнд авто  замын зураг төсөл боловсруулах 41 ажлын 13.3 тэрбум төгрөгийн төслийн гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг салбарын яам сонгон шууд гэрээ байгуулахаар төлөвлөсөн. Энэ дагуу Хөгжлийн банк тухайн аж ахуйн нэгжүүдийн бичиг баримтын болон газар дээрх үнэлгээг дуусгаж гэрээний хэлцэл хийж эхэлжээ.

Мөн хатуу хучилттай замын 27 ажлын 713.3 тэрбум төгрөгийн төсөл байгаа бөгөөд гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг эхнээс нь сонгон шалгаруулж байгаа бол инженерийн шугам сүлжээний 62 төслийг 409 тэрбум төгрөгөөр  хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Буянт Ухаа хороолол төсөл I” төслийн барилгын угсралтын ажил төлөвлөсний дагуу хэрэгжиж байгаа мэдээлэлтэй байна. Орон сууцны санхүүжилтийн корпорацийн боловсруулсан бага, дунд орлоготой иргэдэд бага хүүтэй зээл олгох тухай журам батлагдах үед иргэдэд зээл олгох тухай яригдах юм байна. Үйлдвэржилтийг дэмжих зорилтын хүрээнд 24 төслийн барилгын материалын үйлдвэрийг 150 тэрбум төгрөгөөр барихаар тооцоолжээ.

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг БНХАУ-ын Хөгжлийн банкнаас шууд зээл авч санхүүжүүлэх, Кувейтийн хөрөнгө оруулалтын газартай хамтран ажиллах талаар ярилцаж байна. Хөтөлбөрийн санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх үүднээс Хөгжлийн банкны үйл ажиллагааг эрчимжүүлэх, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Сангийн яамны шууд харъяалалд тодорхой хугацаанд байх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзэж тогтоол гаргахаар болов. Мөн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайдад даалгалаа.  

ДАРХАН-СЭЛЭНГИЙН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАНГАМЖИД ДОГОЛДЖЭЭ

2011 оны 9 дүгээр сарын 27-28-нд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутагт байгалийн онц аюултай үзэгдэл болж, их хэмжээний хохирол учирсан байна. Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд үүссэн нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Асуудлыг ирэх баасан гарагт болох ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутагт их хэмжээний бороо, цас холилдон орж, шуурга шуурсны улмаас цахилгаан дамжуулагч утас тасарч, тулгуур шон хугарсан байна. Үүнээс болж Сэлэнгэ аймгийн Орхон, Хөтөл сум, Хар төмөрлөгийн үйлдвэр, Дарханы үйлдвэрийн район, Ерөө, Бугант, Толгойт, Баянгол, Хустай, “Болд төмөр ерөө гол” дэд станцын хэрэглэгчид эрчим хүчний хязгаарлалтад оржээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУД УЛСЫНХАА ХӨГЖИЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА

Энэ сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдөр ХБНГУ-ын Берлин хотноо “Эх орныхоо хөгжилд-бидний оролцоо” сэдэвт монголчуудын чуулга уулзалт болно. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болох энэ уулзалтад оролцох төр, засаг, хувийн хэвшлийн байгууллагын албан ёсны төлөөлөгчдийг сайд Ё.Отгонбаяр, Л.Болд нарыг ахлаж оролцохыг Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө. Чуулга уулзалтад Европын 17 орноос сонгон шалгаруулах журмын дагуу 150 төлөөлөгч оролцох бөгөөд хилийн чанадад өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн, мэдлэг, ур чадвартай иргэдээ улс орныхоо бүтээн байгуулалтад татан оролцуулах талаар ярилцана.

Мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд “Зөгийн үүр-Ажлын байр” сэдэвт ажлын байр зуучлалын нээлттэй өдөрлөг зохион, 2011-2012 онд дотоодын хөдөлмөрийн зах зээлд нарийн мэргэжил, өндөр ур чадвар шаардсан боловсон хүчний хэрэгцээ, ажлын байрны талаар танилцуулж, мэдээлэл өгөх юм. Түүнчлэн Европын улсад ажиллаж, амьдарч байгаа өндөр боловсрол, нарийн мэргэжилтэй иргэдийг эх орондоо ирж ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэдлэг дамжуулах, хөрөнгө оруулалт татах зэргээр харилцан үр ашигтай хамтран ажиллах, “Зөгийн үүр” хөтөлбөрийг эрчимжүүлэх тухай ч ярилцана гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Улсын онцгой комисс хуралдав
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар ахмадуудаа хүндэтгэн хүлээн авлаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болов
С.БАТБОЛД: ЭДИЙН ЗАСГИЙГ ТЭТГЭХ “МЭДЭЭЛЛИЙН ТОРГОНЫ ЗАМ” НЭЭГДЛЭЭ
Импортын хүнсний ногоо Монголын зах зээлээс шахагдаж байна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр болов
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан