Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТАЛААР ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭ АВНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.11.16 /

Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр болов. Хуралдаанаар мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах арга хэмжээ, “Шинэ төмөр зам” төслийн явцын талаар хэлэлцэв.  

“Мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г ирэх оны эхний хагаст багтаан боловсруулахыг Засгийн газрын хуралдаанаас сайд Ё.Отгонбаярт даалгалаа. Багш бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургаж чадваржуулахад чиглэсэн арга хэмжээг 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн дэс дараатай авч хэрэгжүүлэхээр боллоо. Мөн ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгын залгамж холбоог хангаж, Мэргэжлийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрт суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрийн сахилга, хариуцлага, харилцааны соёл төлөвшүүлэх, ачаалал даах, эрсдэлийг давах чадвартай, амьдрах ухаанд сургахад чиглэсэн агуулгыг тусгах юм байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтад ажил олгогчийн оролцоо, хариуцлагыг өндөржүүлэх, эрэлтэд нийцсэн ажиллах хүч бэлтгэхэд салбарын хөрөнгө, хүний нөөцийг харилцан үр ашигтай зохицуулах, суралцагч, төгсөгчийг дадлагын болон ажлын байртай холбох зорилгоор салбарын яам хоорондын гэрээ байгуулж нягт хамтран ажиллах, өргөн хүрээнд бодлого барьж ажиллах нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзлээ. Сургалтын чанарыг дээшлүүлэх, суралцагсдын тоог нэмэх, дадлагын сургалтын техник, технологийг шинэчлэх зорилгоор холбогдох сайд нарт мөн үүрэг өгсөн байна.

Энэ дагуу дадлагын сургалтыг байгууллагадаа чанартай зохион байгуулсан, өндөр мэргэшилтэй ажилтныг дадлагын багшаар ажиллуулах боломжоор хангасан аж ахуйн нэгжийг дэмжих, хуульд заасан хөнгөлөлт үзүүлэх, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн төсөлд хамруулах юм. Мөн мэргэжлийн өөрийн өртөг, боловсрол, сургалтын стандартад суурилсан төсвийн тогтолцоо бий болгож нэвтрүүлэхийг судлан, ирэх оны эхний хагаст багтаан шийдвэрлүүлэхийг сайд нарт даалгажээ.

Сургалтын байгууллагын хичээлийн болон дотуур байр, дадлагын газрыг өргөтгөх, дадлагын сургалтын бааз, лабораторийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгө оруулалтыг нэмэх болсон байна. “Оюутолгой”, “Тавантолгой” болон бүтээн байгуулалтын бусад хөтөлбөр, төслийн хүрээнд мэргэжилтэй ажилчин бэлтгэх, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв төгссөн хүмүүсийг ажлын байраар хангах тухай хуралдаанаар яригдлаа.

Энэ чиглэлээр холбогдох байгууллага, аж ахуйн нэгжтэй зөвшилцөн, нэгдсэн  төлөвлөгөө гарган үйл ажиллагаагаа уялдуулах, төлөвлөгөөний хэрэгжилтийг жил бүр Засгийн газарт танилцуулж байхыг холбогдох сайд нарт даалгав. Түүнчлэн цэргийн алба хааж байгаа иргэдэд мэргэжлийн чадамж эзэмшүүлэх, тэднийг цэргээс халагдсаны дараа ажилтай болгоход анхаарахыг ч үүрэг болгожээ.

Хуралдаанаас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хэд хэдэн ажил хийхийг даалгалаа.

Засаг дарга нар орон нутагтаа хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг судалж, холбогдох байгууллагуудыг үнэн зөв мэдээллээр хангах, ажилгүй иргэдээ мэргэжлийн боловсрол, сургалтад хамруулах, мэргэжилтэй ажилтны нөөцөө бүрэн ашиглах бодлого, зорилт дэвшүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрийг энэ онд багтаан боловсруулж, батлуулах юм.

Мөн аймаг, нийслэлийн мэргэжлийн боловсрол, сургалтын болон хөдөлмөрийн байгууллага, нийгмийн түншийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулж зохицуулах, Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн салбар зөвлөлийг тогтмол, үр өгөөжтэй ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээжээ. Шинээр бий болгосон ажлын байрны тоо, хэдэн хүнийг ажилтай болгосноор нь Засаг дарга нарын ажлыг дүгнэх гол үзүүлэлт болгон холбогдох журамд өөрчлөлт оруулж хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгав.

Аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтнуудаа мэргэшүүлж чадваржуулах сонирхлыг дэмжих, ажлын байрны эрэлт, захиалгыг бодитой гаргаж, сургалтын байгууллагуудыг үнэн зөв мэдээллээр хангах, мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, хөтөлбөрийг боловсруулах, чанарын үнэлгээ хийхэд идэвхтэй оролцохыг Ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд зөвлөв. Мөн үйлдвэрлэлийн болон дадлагын сургалтыг чанартай зохион байгуулах талаар захирал, инженер, техникийн ажилтнуудын санаачилга, хариуцлагыг өндөржүүлэхийг зөвлөжээ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцаж байгаа хүний тоо энэ онд 67 мянгад хүрсэн байна. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан суралцагсдын тоог 90 мянгад хүргэх зорилтын хэрэгжилт 75 хувьтай байна гэсэн үг юм. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг 2010-2011 оны хичээлийн жилд 18 мянга гаруй хүн төгссөн бөгөөд 55 хувь нь 6 сарын дотор ажлын байртай болжээ.                      

БУУДАЙ, ТӨМСИЙГ 100 ХУВЬ, ХҮНСИЙ НОГООНЫ 62,6ХУВИЙГ ДОТООДЫН УРГАЦААР ХАНГАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

2011 онд манай улс 448,1 мянган тонн үр тариа, үүнээс 437,9 мянган тонн буудай,199,2 мянган тонн төмс, 105,2 мянган тонн ногоо, 4,5 мянган тонн арвай, 4,3 мянган тонн овъёос, 624 тонн хөх тариа, 568 тонн гурвалжин будаа, 4,5 мянган тонн тосны ургамал,34,3 мянган тонн тэжээлийн ургамал хураан авчээ.

Ингэснээр жилийн хэрэгцээт буудай төмсийг 100,0 хувь, хүнсний ногооны 62,6 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой болж байна.

Ургац хураалтын дүнг  2010 оны ургацтай харьцуулахад үр тариа 81,8 мянган тонн, төмс 30,2 мянган тонн, хүнсний ногоо 14,9 мянган тонноор тус тус ахиу ургац хураан авчээ. Газар тариалангийн салбарт олсон ололтыг бататган тогтворжуулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн нутагшуулах, үрийн чанарыг сайжруулах, ургацын хэмжээ ялангуяа хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тариалангийн салбарын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой санал боловсруулан ирэх оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт оруулахыг сайд Т.Бадамжунайд даалгажээ. Мөн тариалангийн үйлдвэр эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд энэ оны ургацаас Тариаланг дэмжих сан, улсын нөөц болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн хүнсний буудайн нэг тонн тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал олгох боллоо.

ШИНЭ ТӨМӨР ЗАМ” ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ

“Шинэ төмөр зам” төслийн явц, эхний ээлжинд шаардлагатай байгаа санхүүжилтийн талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан төслийн хүрээнд хийсэн техник, эдийн засгийн үндэслэл, геологи, геодези, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, хөрс хуулалтын төлбөрт шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хуульд заасан журмын дагуу хянан энэ сард багтаан санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Тавантолгой-Сайншанд чиглэлд 468 км, Сайншанд-Хөөт 450, Хөөт-Чойбалсан 155, Хөөт-Нөмрөг 380, Тавантолгой-Гашуунсухайт 267, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 46 км зам тавих юм. Нэг км төмөр замын суурь бүтцийг 2.5-2.8 сая ам.доллараар барина гэсэн тооцоо гарчээ. Төмөр зам тавьснаар 2020 он гэхэд жилд 66 сая тонн нүүрс тээвэрлэх юм.

УНГАР УЛСТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улс хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн барихаар тогтов. Өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар манай 2 мянга орчим иргэн Бүгд Найрамдах Унгар Улсад албан ёсоор сурч, ажиллаж, амьдарч байна. Үүнээс 800 хүн нь тус улсын хууль, тогтоомжийн дагуу хөдөлмөрийн гэрээгээр ажиллж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа юм.

Хэлэлцээр байгуулснаар тухайн иргэн тэтгэвэр тогтоолгох нөхцөл, болзол хангасан үедээ Монгол, Унгар Улсад тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, тэтгэвэртээ гарч 2 талаас ногдох хэсгээ шилжүүлэн авах боломж бүрдэнэ. Мөн Унгар Улсад ажиллаж, нийгмийн даатгалд хамрагдаж байсан болно хамрагдаж байгаа манай иргэдийн нийгмийн баталгаа сайжрах бөгөөд иргэдийнхээ талаар албан ёсны нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай ч  болох юм.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООВ

Ирэх онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сар тутам төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь байхаар тогтоолоо. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг даатгуулагч, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.11-д заасан иргэний сарын шимтгэлийн хэмжээг тус бүр 670 төгрөгөөр, гадаадын иргэн, харъяалалгүй хүний сарын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 хувь байхаар боллоо. Тогтоолыг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх юм байна. 

ЭЛЧИН САЙДУУДЫГ ТОМИЛОХ, ЭГҮҮЛЭН ТАТАХ САНАЛАА ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

Отгонбаярын Даваасамбууг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Мөн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Санжаасүрэнгийн Баярааг, Япон Улсад Содовжамцын Хүрэлбаатарыг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад Түвдэндоржийн Жанабазарыг, Бүгд Найрамдах Сингапур Улсад Банзрагчийн Дэлгэрмааг томилох саналаа өргөн мэдүүлэв. Мөн хуралдаанаас Нямдоржийн Анхбаярыг АНУ-ын Сан Франциско хотод, Дамбадаржаагийн Батжаргалыг  Япон Улсын Осака хотод суух Ерөнхий консулаар томилсон байна. 

ТОВЧ МЭДЭЭ

  • Энэ оны 5-7 дугаар сард гарсан байгалийн аюулт үзэгдэл, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээ болон Онцгой байдлын албаны аврагч, алба хаагчдын гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсний томилолтын зардалд шаардагдах 289 сая 62 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
  • Төр, засгийн үйлчилгээний авто бааз, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,Эрчим хүчний зохицуулах газар, “Дулааны 3 дугаар цахилгаан станц”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компанийн эзэмшлийн 51 орон сууцыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь хувьчлахаар шийдвэрлэлээ.
  • “Үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай” Засгийн газрын энэ оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар тогтоолд өөрчлөлт орууллаа. Ингэснээр “800 тэрбум төгрөгийн” гэснийг “600 сая ам.доллар хүртэлх буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн” гэж өөрчиллөө. Мөн Хөгжлийн банкны 600 сая ам.долларын Дунд хугацааны евро өрийн бичгийн хөтөлбөр боловсруулахыг Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрсөн байна.
  • Бүгд Найрамдах Турк Улсад болсон газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын үлэмж хэмжээний хохирол учирсантай холбогдуулан 50 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний тусламж үзүүлэхээр боллоо. 2010 онд манай улсад болсон зудын үеэр Бүгд Найрамдах Турк Улс манайд 50 мянган ам.доллар хандивласнаас гадна 84 мянган ам.долларын үнэ бүхий аяны хөнжил, хүнсний зүйлийг өөрийнхөө онгоцоор ирүүлж байсан юм.
  • Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар манай улсад 97 орны 24 500 орчим хүн хөдөлмөр эрхэлж байна. Харин Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн дагуу зуучлалаар 30 гаруй мянган иргэн БНСУ, Япон, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Унгар Улсад ажиллаж, үйлдвэрлэлийн дадлага хийжээ.
  • Жендерийн үндэсний хорооны бүрэлдэхүүн болон дүрмийг шинэчлэн баталж, Ажлын албаны 4 орон тоог 8 болгосон байна.


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Дэлхийн 140 гаруй улстай 10-аад тэрбум ам.долларын худалдаа хийдэг болжээ
Худалдааны салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдлээ
Кувейтын Сангийн сайдыг хүлээн авч уулзлаа
Ядуурлыг бууруулахад ядуу, эмзэг хэсгийг дэмжих нь нэн чухал гэж Засгийн газрын тэргүүн С.Батболд үзэж байна
Энхийн төлөө цогцолбор төв үүдээ нээлээ
2012 онд Япон монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохионо
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан