Засгийн газрын хуралдаан 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болов. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд автозамын болон эрчим хүчний талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай болон мал өвөлжилтийн бэлтгэлээ хэр хангасан талаар хэлэлцсэн нь онцлох сэдэв байв.
Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулах замаар гэрээ байгуулан гүйцэтгүүлэх автозамын барилгын ажлын жагсаалтыг хуралдаанаар баталлаа. Ингэснээр тухайн замын ажлыг гүйцэтгэх тендерт олон аж ахуйн нэгж өрсөлдөж, улмаар ажлыг чанартай хийх боломжийг нээж өгч байна.
Дээрх жагсаалтын дагуу олон улс, улсын чанартай 1376,9 км, Улаанбаатар хотын 48,7 км, замын ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх юм. Тухайлбал Улаанбаатар-Мандалговь, Өндөрхаан-Чойбалсан, Тосонцэнгэл-Улиастай, Өндөрхаан-Мөнххаан - Баруун-Урт, Алтай-Дарви, Тариалан-Мөрөн, Шаамар-Цагааннуур-Түшиг сум зэрэг чиглэлд хатуу хучилттай зам тавьж, Улаанбаатар хотноо Зүүн 4 замын уулзварт олон түвшний огтлолцол хийж, Хасбаатарын гудамжны автозамыг өргөтгөн, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрээс Энхтайвны гүүр хүртэлх автозам зэргийг шинэчлэхээр төлөвлөөд байгаа юм.
Мөн хуралдаанаар автозамын барилгын ажлын технологийн хяналт хийж гүйцэтгэх зөвлөхийн ажлын жагсаалтыг баталжээ. Хийгдэх ажлуудыг санхүүжүүлэхэд Хөгжлийн банкны үйл ажиллагааны зардалд зориулан гэрээт ажил бүрийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг төсөвт өртгөөс тусад нь тооцож, тухай бүр нь санхүүжүүлж байх болсон байна.
Засгийн газрын хуралдаанаар мөн тогтоолд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Энэ дагуу Засгийн газрын энэ оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 149 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “Шууд гэрээ байгуулан гүйцэтгэх дулаан хангамжийн түгээх шугам сүлжээний угсралтын ажлыг 1 дүгээр” гэсний дараа “нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” хэмээн нэмж, 2 дугаар хавсралтын нэрийг “Нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахилгаан, дулааны эх үүсвэр, дамжуулах сүлжээний барилга байгууламжийн ажил” гэж өөрчиллөө.
МАЛ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ 89.6 ХУВЬТАЙ БАЙНА
Улсын хэмжээнд мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 89.6 хувьтай байна. Дорноговь /74.9 хувь/ аймгаас бусад бүх аймаг бэлтгэлээ 80-аас дээш хувиар хангасан тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Энэ жил улсын хэмжээнд 180 мянган өрхөд нийт 37.1 сая мал, хонин толгойд шилжүүлснээр 59.9 сая мөл өвөлжинө. Үүнээс 19.1 мянган өрхийн 5.3 сая мал отроор өвөлжих мэдээ гарчээ.
Энэ жил улсын хэмжээнд 1181.2 мянган тонн өвс, 18.2 мянган тонн сүрэл, 34.3 мянган тонн ногоон тэжээл, 47.1 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 46.3 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. Энэ нь өнгөрсөн жилээс 8.3 хувиар илүү гэсэн үг юм. Нийт малд шаардагдах өвс, тэжээлийн бэлтгэл улсын хэмжээнд дунджаар 81.3 хувь байгаа бөгөөд Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймаг 24-47.7 хувь буюу буюу хангалтгүй биелүүлсэн байна.
Засгийн газрын тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн бэлтгэсэн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээний дүн ч гарчээ. Аймаг, нийслэлийн нөөц 62.8, сум, дүүргийнх 78.6 хувьтай байгаа нь өмнөх жилээс 10 хувиар илүү гэсэн үг юм. Хөдөө орон нутгийн хүн ам, мал аж ахуйг усаар хангах 42 419 худгийн 36 672 буюу 87 гаруй хувь ашиглахад бэлэн байгаа тухай салбарын сайд танилцуулгадаа дурдлаа. Аймгуудын мэдээнээс үзвэл одоо ашиглаж байгаа бэлчээрийн хангамж 78 хувьтай байгаа бөгөөд Орхон /12 хувь/, Дорноговь /17.2/ аймаг хамгийн хүндрэлтэй байна.
Энэ жилийн хувьд бэлчээрийн даац харьцангуй сайн байгаа учир отроор өвөлжилж, хаваржих малын тоо өнгөрсөн жилээс 3.6 саяар буурчээ. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд хөнөөлт шавьж, мэрэгчтэй тэмцэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээг төлөвлөсний дагуу хийж байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ 81,3 ХУВЬТАЙ БАЙНА
Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн энэ оны III улирлын хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тайлант хугацаанд Засгийн газрын 3917 шийдвэрийн 5921 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авснаас 1840 заалт буюу 31.1 хувь нь биелж, 3982 нь хэрэгжих шатанд, 100 нь биелэлтийг тооцох хугацаа болоогүй байна. Харин 18 арга хэмжээ тасарсан болон хэрэгжилтийн явц удаашралтай байгаа дүн гарчээ.
УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл зэрэг 4050 шийдвэрийн 6190 заалтыг хяналтад авч ажилласан нь 80.4 хувийн биелэлттэй байна. Засгийн газар УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж зэрэг 133 шийдвэрийн 266 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авчээ. Эдгээрээс 60 заалт буюу 22.6 хувь нь биелж, 201 нь хэрэгжих шатанд байгаа бол 5-ынх нь биелэлтийг тооцох хугацаа болоогүй, 3 арга хэмжээний хэрэгжилтийн явц удаашралтай байна.
Танилцуулгатай холбогдуулан тогтоол, зарлиг, шийдвэрийн зааот, арга хэмжээ бүрийг хяналтад бүрэн авч хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, тасарсан, хэрэгжилт нь удааширч байгаа заалтуудыг хэрэгжүүлэхийг сайд, агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Мөн хуралдаанаар Засгийн газрын 10 дугаар сарын үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцав. Өнгөрсөн сард Засгийн газар 4 удаа хуралдаж, 53 асуудал хэлэлцэн 22-той танилцсан байна.
7 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 4-ийг хууль санаачлагчид уламжлахаар, 2 асуудлыг Байнгын хороотой зөвшилцөхөөр, 1 асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 3 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болж, 7 асуудлыг хойшлуулжээ. Танилцуулгаас үзвэл Засгийн газар ирэх оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулсан байна. Нэгдсэн төсвийн орлого эхний 9 сарын гүйцэтгэлээр нийт орлого 3100.3 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгөө 767.7 тэрбумаар буюу 32.9 хувиар давжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1041.7 тэрбум төгрөг буюу 50.6 хувиар өссөн гэсэн үг юм. “Хүний хөгжил сан”-д эхний 9 сарын гүйцэтгэлээр /өссөн дүнгээр/ нийт орлого 286.4 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 24.4 хувиар буюу 56.1 тэрбум төгрөгөөр давж биелжээ.
ТОВЧ МЭДЭЭ
- Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх талаар төрөөс баримтлах бодлого, зарчмыг тодорхойлох, сэтгэцийн эмгэгтэй хүний эрхийг хамгаалах, нийгэм, эдийн засгийн харилцаанд оролцох, бие даасан байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйн тусламж авах нөхцөлийг хангахад иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох нь хуулийн зорилт юм. Манай улсад 2010 оны байдлаар 112.9 мянган хүн сэтгэц, зан үйлийн эмгэгтэй бөгөөд 22 мянга гаруй хүн идэвхтэй хяналтад эмчлэгдэж байгаа бол хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүний 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүн эзэлж байна.
- Усны нөөцийн менежментийг хийх, төрийн эзэмшлийн болон төсвийн хөрөнгөөр баригдсан усны барилга байгууламж, түүний дотор толгойн байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцах үүрэг бүхий “Ус-МГЛ” төрийн өмчит, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулахаар болов. Дүрмийг нь баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Төрийн өмчийн хорооны даргад даалгалаа.
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Малави Улс, Өмнөд Судан Улс, Самоагийн Тусгаар Улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов.
- Улс орны эдийн засгийн онц чухал мэдээлэл хадгалагддаг Татварын ерөнхий газрын төв байрыг Дотоодын цэргийн хамгаалалтад авлаа. Мөн Ховд, Орхон, Өмнөговь аймгийн усан хангамжийн эх үүсвэр, Дөргөний усан цахилгаан станц, Дулааны III, IVцахилгаан станцыг Дотоодын цэргийн хамгаалалтад авахаар болов. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний төвлөрсөн төв болох “Нарантуул”, “Хархорин”, “Да хүрээ”, “Хүчит шонхор” захаас гадна Тавантолгойн нүүрсний уурхай, Оюутолгойн зэс, алтны орд газар, “Эрдэнэт” үйлдвэрт цагдаагийн гэрээт хамгаалалт ажиллуулахаар шийдвэрлэлээ.