Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монгол Улсын анхны таван яамныхан түүхээ дурсаж, ирээдүйн зорилтоо төлөвлөж байна
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.12.17 /

Монголын шинэхэн түүхийн эхлэл болсон нэгэн зууны тэртээх үйл явдлыг үндэснийхээ ой санамжид нэхэн сэргээж, үеийн үед үл мартуулахын тулд туурга тусгаар Монгол Улсаа тунхаглан зарласан, төрийн тулгуур таван яам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг Монгол Улсын Засгийн газар энэ өдөр тэмдэглэж байна.

Монгол Улсын анхны 5 яам байгуулагдсаны 100 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт энэ өдөр Төрийн ордонд болж Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үе үеийн удирдагууд,  ажилтан албан хаагчид оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ 100 жилийн тэртээх энэ өдрүүдэд Монголчууд улс гэрийнхээ жаврыг үргээж, туурга тусгаар Монгол Улсаа төвхнүүлэх үйл хэргийг өрнүүлж байсан гэдгийг тодотгож байлаа.     

Олноо өргөгдсөн Богд Хаант Монгол Улсын Засгийн газрын таван яам нь Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яам, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Сангийн хамаг хэрэг бүгд захиран шийтгэгч яам, Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам нэртэйгээр анхлан байгуулагдсан түүхтэй. Монгол Улс сүүлийн 100 жилийн хөгжлийн түүхэндээ Засгийн газрын бодлого, хэрэгжүүлэх зорилтоос хамааран 5-20 гаруй яамтай ажиллаж ирсэн. Харин 2008 онд байгуулагдсан өнөөгийн хамтарсан Засгийн газар 11 яамтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа билээ.  

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Энэ зуунд бидний улс харь орны хараат, зах хязгаар муж байснаа тусгаар тогтносон, бүрэн эрхт улс шиг улс болж, төрт ёсоо сэргээн хөгжүүлж чадсан юм.Нэгэн зууны тэртээ үндэстний хувьд мөхөх сэхэхийн дэнсэн дээр байсан монголчууд бид эрх чөлөөнийхөө ачаар дахин сэргэж хүн амын тоо тав дахин өсч, эрүүлжиж  боловсорсон, соёлжиж иргэншсэн, хөгжиж буй үндэстэн болж байна.Дундад зууны мухар сүсэг, оюун санааны хоцрогдлыг даван туулж, бүх нийтээр бичиг үсэгтэй, орчин цагийн боловсрол, шинжлэх ухаан, урлаг, спорт, соёл мэдээллийг хөгжүүлэн, дэлхий дахинаа хөл нийлүүлэн алхах түвшинд хүрчээ. Нүүдлийн мал аж ахуйгаас хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай, аж үйлдвэр хослон хөгжиж байгаа, өмчийн олон хэвшил бүхий, эдийн засгийн түргэн өсөлттэй хөгжиж буй орон болж чадсан.

Монгол Улс, монгол үндэстэн хөгжлийн ийм бахархам ололт амжилтад хүрэхэд үе үеийн Засгийн газар, тэр дундаа анхны таван яамны гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр нэн чухал болохыг тэмдэглэн хэлэхэд таатай байна“ гэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 399 дүгээр зарлигийн 2 дугаар зүйлд “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад шинэ цагийн Хууль зүй, дотоод хэргийн алба, Засгийн газрын ажлын алба /Шүүх яам, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам/, Батлан хамгаалах алба /Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам/, Санхүү, эдийн засгийн алба /Сангийн хамаг хэрэг бүгд захиран шийтгэгч яам/, Дипломат алба /Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яам/ байгууллагдсаны 100 жилийн ойг тус тус тэмдэглэх нь зүйтэй хэмээн үзсүгэй” гэсэн нь анхны таван яамны түүхэн үүргийг тодотгосон хэрэг юмгэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тодотгоод эдгээр яамдын үйл ажиллагаа амжилт ололтыг тэмдэглэж, үе үеийн албан хаагч нарт нь баяр хүргэж, амжилт хүслээ.

Хэдхэн хоногийн дараа 2012 он гарах гэж байна. Манай хамтарсан Засгийн газрын хувьд 2012 он бол үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлж дуусгах сүүлийн жил. Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бодлого, арга хэмжээний эцсийн үр дүнг баталгаажуулах, дутуу байгаа ажлыг гүйцээх, улс орныхоо цаашдын хөгжилд нөлөөлөх шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлнэ. Мөн манай Засгийн газраас хэрэгжүүлэхээр эхэлсэн шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрт тусгагдсан төмөр зам, орон сууц, өмнийн говийн хөгжлийн талаар төлөвлөсөн бүтээлч ажлуудыг амжилттай хэрэгжүүлэх гарааг эрчимжүүлэх болногэдгийг Засгийн газрын тэргүүн С.Батболд дурдаад үүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын удирдлага, ажилтнуудын манлайлал нэн чухал гэдгийг онцлон санууллаа.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд 100 жилийнх нь ой тохиож буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Сангийн сайд С.Баярцогт, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар мөн баяр хүргэж үг хэлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэл нарын мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Батттулга, УИХ-ын дэд дарга Н.Энхболд нар уншиж танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээндээ ...таван яамаар түшиг тулгуур хийн өндийн боссон Монголын тусгаар төрийн туулж өнгөрүүлсэн 100 жил тэр бүр дардан шулуун байгаагүйг бид мэднэ. Хуудас бүрт нь Монголчуудын алдаа, оноо шингэсэн мянга мянган боть бидний түүхэнд үлдэж хоцорсон. Тусгаар орших бүрэн эрхээ эдэлж, хэрэгжүүлэхийн төлөө 50 оныг үдэж энэ хугацаанд их гүрнүүдийн эрх ашгийн золиос болгон олон мянган хүнийхээ амь насыг алдаж, газар нутгаа огтлуулан, харь гүрний эрхшээл нөлөөнд орж явсан гашуун үе байхад, шинэ цагийн соёл боловсрол, эдийн засгийн хөгжлийн шав суурийг тавьж улс орноо дэлхийн нийтийн хөгжлийн чиг гольдрол руу оруулах эхний алхмуудыг хийн, тусгаар тогтнолоо дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлж, НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болсон бахархам үе бас бий. Улмаар цагаан морин жил ард нийтээр түрхэрэн хөдөлж дагуул орны хэмжээнд бусдын удирдлага жолоодлого дор төр улсаа засаж явсан гунигт үеийг халж жинхэнэ ардчиллыг тугаа болгосон эрх чөлөөт Монголыг бид бас бий болгож чадсан.

1911 оны Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалаас хойш үндэс язгуур тасрахгүй явсаар эдүгээ цагтай золгов гээд тусгаар бүрэн эрхт Монгол төрийн тулгар таван яамны 100 жилийн ойг тэмдэглэхээр хуран чуулсан Та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж төрийн минь өлмий бат, мэлмий тунгалаг эгнэгт оршихуйн өлзийтэй ерөөлийг өргөн айлтгая гэжээ.

УИХын дарга Д.Дэмбэрэл мэндчилгээндээ...Анхны таван яам нь улс гэрээ төвхнүүлэхийн тулд ард түмнийхээ аж ахуйн санаачилгыг тэтгэх, ардын доторх эрдэм чадалтай хүмүүсийг язгуур угсаа харгалзахгүйгээр улс төрийн үйл ажиллагаанд оролцуулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, өөрийн цэрэг, цагдаатай болох, иргэний сургууль, соёлын ажлыг хөгжүүлэх зэрэг шинэчлэлийн олон зүйлийг эхлүүлж чадсан байна гэжээ. Мөн монголчууд төрт ёс, төрийн хуулийг дээдлэх түүхэн уламжлалтай бөгөөд энэхүү уламжлалаар өнөөгийн төрийн яамд, түүний албан хаагчид эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хуулийг чанд, албан үүргээ нэр төртэй, шударгаар биелүүлж байна.

Цаашдаа ч төрийн яамдын ажилд соёл, дэг журам, ёс зүйг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, төрийн бодлого боловсруулах, иргэддээ үзүүлэх төрийн үйлчилгээг улам боловсронгуй болгон ажиллана гэдэгт итгэлтэй байна гэсэн байна. Анхны таван яам байгуулагдсаны 100 жилийн ойн баярын нэгдсэн хурлыг хааж,  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар үг хэлэхдээ,

-Бид түүхт ойгоо тэмдэглэх ажлын хүрээнд хуулиар хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Монгол төрийн шинэ үеийн Төрийн албаны түүхэнд холбогдох түүхийн дурсгал, соёлын өвийг сэргээн зөвсөрлөх, хамгаалалтад авах, судалгаа шинжилгээний ажлыг гүнзгийрүүлэх, урлаг, соёлын бүтээлүүд туурвих, баримтат-уран сайхны кино бүтээх, үндсэний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх зэрэг олон тодорхой ажлыг тус тусын чиглэлээр санаачлан хэрэгжүүлснийг өнөөдрийн энэхүү хуралд баяр хүргэж үг хэлсэн хүмүүс онцлон тэмдэглэлээ. Мөн бидний хийж бүтээсэн ажлыг дүгнэн, цаашдын зорилтын талаар үнэтэй санал, зөвлөгөө өгч, урам хайрлалаа. Цаашид улам хичээн ажиллах болно гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ДАВАА ГАРИГААС ЭХЛЭН БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТ ЗОГСОНО
Тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан халамжийн тэтгэвэр авах тогтолцоог бий болгохыг Засгийн газар зорьж байна
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД ХХААХҮЯ, НХХЯ ХАМГИЙН САЙН АЖИЛЛАЖЭЭ
Төрийн одон медалиар шагналаа
С.Батболд: 100 жилийн тэртээх энэ өдрүүдэд Монголчууд улс гэрийнхээ жаврыг үргээж туурга тусгаар Монгол улсаа төвхнүүлэх их үйл хэргийг өрнүүлж байжээ
Засгийн газрын ажлын албаныхан 100 жилдээ зориулан марк гаргалаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан