Авъяас билэг, авхаалж самбаа, оюун ухаан, нийгмийн амьдралд бусдыгаа манлайлан оролцож, олон улсын болон үндэсний хэмжээнд амжилт гаргасан нэр бүхий 20 хүүхэд 2011 оны шилдэгээр шалгарлаа. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн С.Батболд 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүүхдүүдийг Төрийн ордонд хүлээн авч Батламж, шагналыг нь гардуулав. Энэ онд 21 аймаг, 7 дүүргийн 53 хүүхэд “Оны шилдэг хүүхэд”-ийн 9 номинацид нэр дэвшсэн байна.
Эдгээрээс:
Сурлагын амжилт, танин мэдэхүйн номинацид:
- Батбаярын Баатархүү. Нийслэлийн СБД-ийн лаборатори 1 дүгээр сургуулийн 11д ангийн сурагч
- Шагдарын Золбаяр. Нийслэлийн СБД-ийн “Орчлон” сургуулийн 9 дүгээр ангийн сурагч
- Эрдэнэбаатарын Оргил-Эрдэнэ. Нийслэлийн СБД-ийн лаборатори 1 дүгээр сургуулийн 11д ангийн сурагч
- Батбилэгийн Хуншагай. Дархан-Уул аймгийн 19 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч
Урлаг, уран бүтээлийн номинацид:
- Сүхбаатарын Алтан-Эрдэнэ. Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” цогцолбор сургуулийн 8в ангийн сурагч
- Гантөмөрийн Болормаа. Хөгжим бүжгийн коллежийн 9а ангийн сурагч
Биеийн тамир, спортын номинацид:
- Баяржаргалын Баярмаа. Нийслэлийн СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн II ахлах сургуулийн 11б ангийн сурагч
- Балдоржийн Мөнгөнчимэг. Нийслэлийн БЗД-ийн 21 дүгээр сургуулийн 11д ангийн сурагч
- Баасанжавын Самданжамц. Төв аймгийн Бүрэн сумын харъяат, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” клубын тамирчин
- Самаандагвын Ханбүргэд. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч
- Ганбатын Ундармаа. Дорнод аймгийн Баян-Уул сумын 11а ангийн сурагч
Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, хөдөлгөөн номинацид:
- Серикийн Асланбек. Баян-Өлгий аймгийн Монгол-Туркийн хамтарсан сургуулийн 11а ангийн сурагч
- Нацагийн Долгор. Дархан-Уул аймгийн 24 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч
- Дашдоржийн Лхагвадорж. Булган аймгийн Булган сумын 1 дүгээр сургуулийн 10д ангийн сурагч
- Батын Намуунцэцэг. Нийслэлийн БЗД-ийн 33 дугаар сургуулийн 11д ангийн сурагч
Бүтээлч, мэргэжлийн чиг баримжаа номинацид:
- Сайнбилэгийн Ариунбилэг. Нийслэлийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн 10б ангийн сурагч
- Пүрэвхүүгийн Мөнхгэрэл. Нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр сургуулийн 11г ангийн сурагч
Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс номинацид:
- Бямбажавын Шүрээ. Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургуулийн 7г ангийн сурагч
- Энхжаргалын Элбэрэлт. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч
Байгаль хамгаалал номинацид:
- Баярцэцэгийн Марал. Говьсүмбэр аймгийн 1 дүгээр сургуулийн 9г ангийн сурагч шалгарчээ.
Оны шилдэг хүүхдийн Батламжид “Цог золбоо, хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүүхэд ахуй насандаа эрдэм боловсролд шамдаж, авъяас чадвараа хөгжүүлэн, амьдрах арга ухаанд суралцаж үеийн нөхдөө хошуучилсан тул 2011 оны шилдэг хүүхдээр шалгаруулав” хэмээн бичсэн байна.Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн С.Батболд хүүхдүүдэд баяр хүргэж сайн сайныг хүсэн ерөөв. Тэрээр хэлэхдээ “Монголын ирээдүй, үеийнхнийхээ үлгэр дууриал болсон Та бүхнээр бахархаж байна. Энэ бол нэг талаас итгэл боловч нөгөө талаас асар их хариуцлага хүлээлгэж байна гэсэн үг. Манай улс эрчимтэй хөгжлийн гараан дээр ирлээ. Хөгжил хүн рүү чиглэж, монгол хүн бүрийг боловсролтой, ажилтай, орлоготой болгон хөгжилд хүрэх суурийг бид тавьж чадлаа.
Ирэх жилүүд энэ зорилтоо хэрэгжүүлэх их хичээл, зүтгэлийн жилүүд байх болно. Энэ том зорилтоо биелүүлэх нь монгол хүний хичээл зүтгэл, авъяас чадвар, манлайллаас хамаарна. Манлайлагчдын төлөөлөл нь энд зогсож байгаа Та бүхэн юм. Өөрийн болон улсынхаа ирээдүйн төлөө урлаг, спорт, сурлага, нийгэм, хүмүүнлэг зэрэг олон салбарт гаргасан Та бүхний манлайлал бүх салбарт түгж, ирээдүйн лидер болохыг Монгол Улсын Ерөнхий сайд, ахын хувиар хүсэн ерөөе. Та бүхнээр дамжуулан Монголынхоо бүх хүүхдэд шинэ жилийн баярын мэнд хүргэе“ гэв.
Оны шилдэг хүүхдийг 1991 оноос эхлэн шалгаруулж ирсэн бөгөөд 272 хүүхэд шилдэгээр шалгараад байна. Шилдэг хүүхдүүдийг аймаг, нийслэл, сургууль, хүүхдийн байгууллага, хамт олон санал болгож, тухайн орон нутгийнхаа хүүхдийн байгууллагаар дамжуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө газарт уламжилдаг юм. Тус газар болон хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, олон улсын хүүхдийн Найрамдал төв, Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, Хүүхдийн ордны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг “Оны шилдэг хүүхдүүд”-ийг шалгаруулжээ. “Петровис” компани 10 гаруй жил энэ арга хэмжээг, сүүлийн хоёр жил “Говь-Гео” компани ивээн тэтгэж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.