Алс хол хүний нутагт ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол ахан дүүс Та бүхнийхээ амар мэндийг айлтгаж, угтан ирж буй шинэ оны мэнд хүргэж, халуун элгэн нутгаас тань Монгол Улсын Ерөнхий сайд миний бие мэндчилж байгаадаа баяртай байна. Өнгөрөн одож буй 2011 он бол монгол өвөг дээдсийн маань анхлан үүсгэсэн төрт улс Хүннү гүрний 2220, Мянганы суут хүн Чингис хааны байгуулсан Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн тэмдэглэлт тэгш ойнууд тохиосон манай орны түүхэнд онцгой ач холбогдол бүхий жил байлаа.
Өнөөдрийн Монгол Улс даяаршлын эрин зуунд эх орныхоо тусгаар тогтнол, монгол үндэстнийхээ баялаг өв санг өнөө хүртэл хадгалж, улам баяжуулан хөгжүүлсээр байгаа маань бид бүхний зүй ёсны бахархал мөн. Манай улс эдийн засгийн эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа энэ түүхэн үед тэрхүү хөгжлийг жинхэнэ ёсоор бүтээгч нь гагцхүү хүн төрөлхтний жинхэнэ баялаг болох Монгол хүмүүн өөрөө байх нь дамжиггүй юм.
Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, ажлын байр бий болгох, иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд нийт 72 гаруй мянган хүн шинээр байнгын ажлын байртай болов. Ирэх онд энэ ажил үргэлжилж бага орлоготой гэр бүлийг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллах болно.
Хилийн чанадад суугаа иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлөөс Төрийн болон хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж байгууллагуудаас 2011-2012 онд дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөх боломжгүй байгаа нарийн мэргэжил, өндөр ур чадвар шаардсан ажлын байрны хэрэгцээ шаардлагын талаар авсан судалгааны дүнгээс үзэхэд Дэд бүтэц, барилгын салбарт- 6235, уул уурхай эрчим хүчний салбарт -165, эрүүл мэндийн салбарт-131, хөнгөн үйлдвэрийн салбарт –125, Хууль эрх зүй салбарт-61 ажлын байрны бодит хэрэгцээ байгаа ба нарийн мэргэжлийн тухайлбал, агаарын хөлгийн ашиглалтын инженер, уурхайн засвар үйлчилгээний инженер, биотехнологич, лабораторын эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, арьс боловсруулагч технологич инженер, банк, санхүү бизнес, маркетинг, программ хангамжийн инженер зэрэг өндөр боловсрол, ур чадвар шаардсан ажлын байрны хэрэгцээ их байна.
Түүнчлэн шинээр үүсгэн байгуулагдаж буй гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компаниудад гадаад хэлний зохих мэдлэг, орчин үеийн технологийн туршлага бүхий ажиллах хүчний хэрэгцээ ихээр бий болж, хүний нөөцийн бодлого шинэ, өндөр түвшинд тавигдаж эхэллээ. Монгол Улсын Засгийн газар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт шаардлагад нийцсэн боловсон хүчнийг бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой анхааран ажиллаж байгаа хэдий ч тухайн үйлдвэрлэл дээр ажиллах, шаардлага хангахуйц нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай хүний нөөц хангалттай бус, дотооддоо богино хугацаанд бэлтгэх боломж хязгаарлагдмал байна.
Тиймээс Засгийн газраас Хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол Улсын иргэдийг эх орондоо эргэн ирж ажиллах болон хилийн чанадаас мэдлэг, туршлага, боломжоо улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх асуудалд чиглүүлэн ажиллах эрх зүй, эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий “Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийг улс орны бүтээн байгуулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх Зөгийн үүр” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.
“Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гадаадад байгаа иргэдийнхээ боловсрол, чадавхи, ажлын туршлагын талаар судалгаа хийж, ажил олгогч байгууллагуудыг мэдээллээр хангах, хамтран ажиллах механизмыг бүрдүүлэх, тэдэнтэй биечлэн болон онлайнаар уулзаж, харилцан мэдээлэл солилцох, эрэлт хэрэгцээг бодитоор тодорхойлох, төр засгийн бодлого шийдвэр, улс оронд болж буй үйл явдлын талаарх мэдээллийг шуурхай, үнэн зөв хүргэх зорилгоор “Эх орныхоо хөгжилд бидний оролцоо” сэдэвт гадаадад суугаа Монголчуудын анхдугаар чуулга уулзалт, Европ дахь Монголчуудын “Берлин-2011” чуулга уулзалт, “Зөгийн үүр” цахим уулзалт зөвлөгөөн зэрэг олон талт арга хэмжээг Засгийн газрын Тэргүүний хувиар өөрийн ивээл дор зохион байгуулж Та бүхнийхээ санал бодлыг байнга сонсож байна.
Цаашид ч гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний эзэмшсэн эрдэм боловсрол, давуу тал, боломж, туршлагыг улс орны хөгжилд татан оролцуулах боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно. Гадаадад амьдарч буй иргэдийн иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил одоо 35 оронд суугаа ЭСЯ-нд явагдаж байна. Энэхүү бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Та бүхэн иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснээр эх орны хувь хишиг болон ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 хувийн хувьцааг иргэний нэрийн данс нээж эзэмших боломж бүрдэх юм.
Хилийн чанадад эрх ашиг нь хөндөгдсөн, гачигдал зовлон учирсан иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх зорилгоор “Иргэдэд туслах сан”-г байгуулан Гадаад харилцааны яам дээр ажиллуулж байна. Засгийн газраас гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалд хамруулах ажилд анхаарлаа хандуулж Солонгос, Унгар улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд нийгмийн даатгалд хамрагдах боломж бүрдсэн. Цаашид Европын холбооны хэд хэдэн улстай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гэрээ хэлэлцээр хийх ажлыг эрчимжүүлэн судалгаа, хэлэлцээр хийж эхлээд байна.
Түүнчлэн Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэд Улсын Их хурлын сонгуульд саналаа өгөх эрхтэй боллоо. Манай улс байгалийн баялгаа зөв зохистой эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг эрчимжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдацтай өсч 20 орчим хувьд хүрлээ. Цаашид ч өсөх хандлагатай байна.
Иймд эдийн засгийн эрчимтэй өсөлтөд тулгуурласан урт хугацааны стратегийн бодлогоор Монгол хүнийг хөгжүүлж, орлогын ялгаа багатай, байгаль орчноо хамгаалсан, бүс нутаг нь жигд хөгжсөн, бүтээлчээр хөдөлмөрлөх боломжийг хүн болгонд олгосон, ядуурлыг даван туулсан 21-р зууны Монгол Улсыг бий болгож, удирдах хариуцлагатай үүрэг бидэнд ноогдож байна. Зорьж байгаа их бүтээн байгуулалтаа монгол хүн бид л өөрсдөө хийнэ.
Угтан ирж буй шинэ жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байж, улс орныхоо их бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, Монгол Улсынхаа мандан бадралыг гардан бүтээгч нь болж хамтран ажиллахыг Ерөнхий сайдын хувиар Та бүхэндээ уриалж байна.
Эх орныхоо хөгжлийн түүчээ болж, нийт Монголчуудаа манлайлан хөгжил дэвшлийг хамтдаа бүтээцгээе.
Монгол Улс маань үүрд дэвжин мандаж,
Монгол хүний сүлд хийморь ямагт бадарч байх болтугай.
2011 оны 12 дугаар сарын 30
Хүндэтгэн ёсолсон:
Монгол Улсын Ерөнхий сайд,
Монгол Ардын Намын дарга Сүхбаатарын Батболд