Ерөнхий cайд
|
Тэргүүн шадар сайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
2012 ОНЫГ "ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАЖ БУЙГАА ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ХЭНТИЙ АЙМГААС ЗАРЛАЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.01.03 /

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шинэ оны ажлын эхний өдөр наран ургах зүг, их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт ажиллалаа. Албан тасалгаанд сууж асуудлыг шийдэхээс илүүтэй хөдөө орон нутгаар яван, иргэдийнхээ дотор нь орж, амьдрал ахуйг бодитоор харах нь энэ жилийн анхны томилолтын зорилго гэж Засгийн газрын тэргүүн хэлж байна.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байр бий болгон иргэдээ байнгын ажилтай, орлоготой байлгахад түлхүү анхаарсан. Тэгвэл энэ онд бага орлоготой өрх, гэр бүлийг дэмжихэд онцгой анхаарах зорилт тавьж байгаа юм. Иймээс Ерөнхий сайд С.Батболд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод байх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөр орлоо.

Товч мэдээлэл сонссоны дараа тэрээр хэдэн хүнийг ажлын байртай болгосон, төгсөгчдийн хэдэн хувь нь ажилд орсон тухай эхэлж асуулаа. Төвийн захирлын хэлснээс үзвэл өнгөрсөн онд 600 гаруй залуу  15 мэргэжлээр суралцаж төгссөний 72 хувь нь ажлын байртай болжээ. Фермер, гагнуур, сантехникийн мэргэжил эзэмшигчид хамгийн түрүүнд ажилтай болсон тоо гарчээ.

Мөн суралцагчдын хичээл зүтгэл, идэвх ч өндөр байгаа юм байна. Хүүхэд, залуус 1-2,5 жил суралцаж мэргэжил, бүрэн дунд боловсрол эзэмшихдээ үнэгүй дотуур байранд амьдарч, сард 45 мянган төгрөгийн тэтгэлэг авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Хэнтий аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу байгуулагдсан бөгөөд зүүн бүсийн аймгуудын залуус голдуу суралцдаг. Мөн Оюутолгой төслийн захиалгаар ч мэргэжилтэн бэлтгэж байна. Өнгөрсөн онд энэ төслийн хүрээнд 90 хүн бэлтгэсний 60 нь ажилтай болжээ. Гэхдээ Оюутолгой компани 6 хүнийг л ажилд авсан байна.

Цаашид захиалгын дагуу мэргэжилтнээ бэлтгэж, төгсөгчдийг бүгдийг нь ажлын байртай болгохын төлөө илүү хариуцлагатай ажиллах, сургалтын чанарыг дээшлүүлэхийг Ерөнхий сайд анхаарууллаа. Хэнтий аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь сургалт, дадлагын техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Ирэх есдүгээр сард өргөтгөлөө ашиглалтад оруулснаар 1200 хүүхэд суралцах боломж бүрдэх юм. Энэ нь Зүүн бүсийн сургалтын төвийг Хэнтий аймагт байгуулах Засгийн газрын зорилт бүрэн утгаараа хэрэгжинэ гэсэн үг.

20 хувь өссөн эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах шаардлага, боломжийг алдалгүй ашиглахын тулд мэргэжилтэй, чадвартай боловсон хүчнээ бэлтгэж, ажилтай болгох ёстой. Хэнтий аймаг өнгөрсөн жил шинээр 2 мянга орчим ажлын байр бий болгосон. Орон нутгийн ажил боломжийн байгаа хэдий ч улам сайн ажиллахыг Ерөнхий сайд хэлж байлаа. Ажлын байр байгаа боловч шаардлага хангасан, мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай энэ үед Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн үүрэг, оролцоо маш их. Төр, засгаас ажиллах хүчээ сургах, бэлтгэх нөхцлийг нь бүрдүүлж, бүх талаар дэмжинэ.

Харин хүүхэд, залуус өөрсдөө хичээж, мэргэжилдээ эзэн болох, улмаар ажилтай болж, амьдралаа авч явахын төлөө хичээн суралцах, өөрсдийгөө бэлдэх нь чухал. Ажил сайн байж амьдрал сайн байна, эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг ямагт санаж явахыг захин, ажил сайтай улс орны хөгжил ч сайн байдаг гэдгийг Ерөнхий сайд сануулж байв. Уулзалтын үеэр тус төвийн сурагч н.Пүрэвдорж хэлэхдээ “Төр, засгаас биднийг мэргэжилтэй, ажилтай болгохын төлөө бүхий л нөхцөл, боломжоор хангаж, дэмжиж байхад суралцагчид зүтгэл гаргалгүй, хичээлээ таслан, баар, цэнгээний газраар хэсч, цаг алдаж байна” гэж шүүмжлэлтэй хандсан юм.

Ерөнхий сайд С.Батболд шударга үнэнийг хэлж, асуудалд хариуцлага, ухамсартай хандаж, найз нөхдөдөө үлгэр дууриал үзүүлж байгаа энэ хүүд талархал илэрхийлээд, бид хоёрын санаа нэг байна. Бид хамтын хариуцлага, хамтын зүтгэлээр л өмнөө тавьсан зорилгоо биелүүлж, өөрийгөө болон улс орноо хөгжүүлж чадна гэж танхимд цугласан хүүхдүүдэд хэллээ.     

2012 онд Засгийн газар бага орлоготой өрхийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг бизнесийг дэмжихэд голлон анхаарах юм. Өнгөрсөн жил гэхэд л жижиг бизнесийн салбарт 2 тэрбум төгрөг зарцуулсанд талархаж байгаагаа Ерөнхий сайдыг дагалдан явсан УИХ-ын гишүүн Н.Ганбямба энэ үеэр хэлэв. Жижиг бизнесийг дэмжих чиглэлээр гишүүн Н.Ганбямба хөрөнгө хүч, сэтгэл гаргаж байгааг Хэнтий аймгийн иргэд ч нэг бус удаа хэлж байлаа.

Засгийн газар энэ онд Хэнтий аймагт 47 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Дулааны цахилгаан станц, Нэгдсэн эмнэлэг зэрэг томоохон барилга, байгууламж барина. Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд тус аймагт 218 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад байгааг эрхэм гишүүн хэлснийг хүүхэд, залуус талархан хүлээж авсан байна.  

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЗЭЭЛ ТОМ АЖ АХУЙН НЭГЖИД ОЧИЖ БАЙГААГ ТАСЛАН ЗОГСООНО

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа хүүхэд, залуустай уулзсаныхаа дараа “Өндөрхаан-Уул” ХХК-ийн байранд лангуу түрээслэн худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзлаа. Бага орлоготой өрх, жижиг бизнесийг дэмжих зорилтын хүрээнд энэ салбарт ажиллаж байгаа хүмүүстэй газар дээр нь уулзаж, санаа бодлыг сонсохоор ирсэн. Гэхдээ урьдчилан хэлж, бэлтгүүлсэн газраар орохыг хүсээгүй гэдгээ гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлж байлаа. Лангуу түрээслэгчдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй, сонсголгүй гэр бүлийн хоёр залуу байлаа. Тэд 10 гаруй жил ийм бизнес эрхэлж буй бөгөөд “Өндөрхаан-Уул“ ХХК тэдний түрээсийг 30 хувь хөнгөлдөг байна.

Ийм хүмүүст гар сунган тусалж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, ёс зүйтэй ажиллаж байгаа “Өндөрхаан-Уул” ХХК-ийн удирдлагад Ерөнхий сайд талархал илэрхийлээд, хөгжлийн бэрхшээлтэй гэж хойш суулгүй, амьдралаа авч явахын төлөө зүтгэж байгаа гэр бүлийн хоёрт баяр хүргэж амжилт хүсэв. Энэ гэр бүлийн эрхэлж байгаа бизнесийг бүх талаар дэмжиж, туслалцаа үзүүлэхийг ч тэрээр “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гийн тэргүүн Ц.Ням-Осор болон аймгийн удирдлагуудад үүрэг болгож, “Өндөрхаан-Уул” ХХК-ийн жишээг бусад аж ахуйн нэгж ч нэвтрүүлэхийг уриалав.  

Худалдаа эрхлэгчид Засгийн газрын тэргүүнд хандан санал, бодлоо чөлөөтэй илэрхийлж, харилцан ярилцлаа. Гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, Замын-Үүдэд гаальтай гэгдэх машинууд баяр ёслолын үеэр үнээ нэмдэг, зээл авъя гэхээр хүү өндөр, барьцаа хөрөнгө шаарддаг нь гол бэрхшээл гэж худалдаа эрхлэгчид хэлж байлаа. Тэд мөн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т жижиг бизнес эрхлэгчид, малчдыг хамруулах боломж байгаа эсэхийг ч тодруулав.

Иргэдийнхээ санал, хүсэлтийг сонссоны дараагаар Ерөнхий сайд С.Батболд “Монгол Улсын Засгийн газар энэ онд бага орлоготой өрх, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихэд онцгой анхаарна. Зээлийн батлан даалтын тухай хууль гаргах, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн тухай хуулинд нэн даруй өөрчлөлт оруулах, жижиг бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх шаардлага гарч байна. Үүнд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, тухайлбал гишүүн Н.Ганбямба анхаарал тавьж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ. Өгч байгаа зээл жинхэнэ эздэдээ, бор зүрхээрээ зүтгэж байгаа иргэдэд хүрэлгүй, хэдхэн том компанид очоод байгаа нь аудитын шалгалтаар тогтоогдсонд Ерөнхий сайд С.Батболд шүүмжлэлтэй хандлаа. 

Энэ байдлыг таслан зогсоож, цаашид нэг аж ахуйн нэгжид өгөх зээлийн хэмжээний дээд хязгаарыг тогтоох, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гийн ажлын хоорондын уялдааг сайжруулахад Ерөнхий  сайдын хувьд хатуу хяналт тавих болно. Энэ талаар асуудал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, гаальтай машин, баяр ёслол болохоор хураамж нэмэгддэг зэрэг зохисгүй үйлдлийг нэн даруй цэгцлэхийг тэрээр холбогдох албаны хүмүүст хатуу анхааруулж, үүрэг болгов. Энэ мэт зөрчил гаргасан тохиолдолд шууд хариуцлага тооцно гэдгээ ч мэдэгдлээ.  

“100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд анх удаагаа, 50 ам.метр талбай бүхий орон сууц худалдан авах иргэдэд энэ жилээс 6 хувийн зээл өгөхөөр төлөвлөсөн. Ингэхдээ зөвхөн төрийн албан хаагч гэсэн ангилал зааг гаргахгүй, бүх иргэнээ хамруулна. Шаардагдах хөрөнгийг “Хөгжлийн банк” болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Хэнтий аймагт барихаар төлөвлөсөн 128 айлын орон сууц бүх хүнд зориулсан орон сууц гэж Ерөнхий сайд хэлснийг худалдаа эрхлэгчид талархан хүлээж авлаа. Төр, засаг хууль, эрх зүйн орчин гээд өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ, харин иргэд маань үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, өмнөх ажлаа сайн хийж, эрчимтэй хөгжлийн гараанд ирсэн энэ үеийг алдалгүй ашиглахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уриаллаа.

ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД МАЛЧНЫ ХОТОНД ЗОЧИЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөр орж, жижиг бизнес эрхлэгчидтэй уулзсаныхаа дараа Баянхутаг сумын нутагт өвөлжилж байгаа Хэрлэн сумын III багийн малчин Г.Нарангэрэлийн хот айлыг зорилоо. Хэнтий аймагт энэ жил өнтэй сайхан өвөл болж, малын зоо тэнийж, малчдын сэтгэл санаа ч өөдрөг байна. Он солигдох мөчид нэг үнээ нь тугаллаж эр хөх тугал гаргасны дараахан Засгийн газрын тэргүүн хүрэлцэн ирсэнд Сайн малчин Г.Нарангэрэл ихэд бэлэгшээн, зочдоо шинэхэн уурагаар дайлж угтлаа.

Гэрийн эзэн болон Ерөнхий сайдыг ирэх сургаар эднийд ирсэн ойр орчмын малчидтай гүйцэтгэх засаглалын тэргүүн ахуй амьдрал, малын тарга тэвээрэг, өвөлжөө, цаг агаарын байдал зэргийн талаар энгийн яриа хөөрөө өрнүүлэв. Баян хангай ивээж, дээр нь төр, засгаас малчдынхаа талаар ихээхэн арга хэмжээ авч, төрөл бүрээр туслаж, дэмжиж байгаад Г.Нарангэрэл талархаж явдагаа илэрхийлээд, одоо малчид өөрсдөө хичээж, зүтгэх хэрэгтэй гэж боддогоо хэллээ.

Г.Нарангэрэл 2 500 гаруй малтай. Малаа төллөх, сувай гэж ангилан тусад нь хариулдаг. Энэ нь бэлчээр талхлахгүй байх бас нэг арга. Энэ жил газрын гарц сайн байгаа, дээр нь дөрвөн мянган боодол өвс бэлдсэн учир өвлийн хэцүү цагийг ажралгүй давж, урин цагтай золгочихно гэж ярилаа. Тэрээр 4 малчинтай. Тэднийгээ сард тус бүр 300 мянган төгрөгөөр цалинжуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж, түлээ түлш, хоол хүнс гээд хэрэгцээтэй бүхнийг нь бэлдэж өгдөгөө ч Ерөнхий сайдад дуулгалаа. 

Төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”, Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль, “Монгол мал” хөтөлбөр, “Таван эрдэнэ” арга хэмжээний талаар Засгийн газрын тэргүүн товч танилцуулав. Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Засгийн газар энэ оноос малчин бол мэргэжил гэдгийг баталгаажуулж, малчин өрх бүрийг жижиг, дунд үйлдвэрлэгч гэж үздэг болж байгаа. Малчин хүн ажил олгогч, жижиг, дунд үйлдвэрлэгч гэдгийг Сайн малчин Г.Нарангэрэл мэргэжлийн түвшинд харуулж байна. Энэ мэт олон сайхан жишээ улс орны өнцөг булан бүрт түгэж, энэ хэрээрээ иргэдийн ахуй амьдралд тус нэмэр болохын ерөөл өргөе” гэлээ.  

Төр, засгаас малчид, малчин өрхөө санхүү, үйлдвэрлэл, зах зээл гээд бүх талаар дэмжинэ. Гагцхүү малчид үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малынхаа үүлдэр, угсааг сайжруулах, чанартай  бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд борлуулан, ашиг орлого олж байхын төлөө зүтгэх хэрэгтэй гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байв.

Ажил хийвэл ам тосдоно гэдгийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын IIIбагийн малчин Г.Нарангэрэл харуулж байна. Тэрээр нэг хүү, гурван охинтой. Том хүү нь аймгийн төвд талх, нарийн боовны цех ажиллуулдаг бол өөрөө сүү, цагаан идээгээ аймгийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлдэг байна. Охидууд нь удам дамжсан малчид болжээ. Чанарын шаардлага хангасан ноосоо үндэсний үйлдвэрт тушаавал урамшуулал олгож байгаа нь амьдралд ихээхэн нэмэр болж байгаа тухай малчид ам уралдан ярьж байлаа.  

Өмнө нь ченжүүдийн аманд багтан хэлсэн үнээр нь ноосоо өгдөг байсан бол одоо өөрсдийн байгуулсан хоршоогоороо дамжуулан ноосоо тушааж, үр шимийг нь хүртэж байгаадаа баяртай байна гэж Ерөнхий сайдад хэлэх малчин олон байна. Г.Нарангэрэл гэхэд л энэ жил ноосоо тушаасны урамшуулалд хоёр сая гаруй төгрөг авчээ. Шинэ оны ажлын эхний өдөр Улаанбаатар хотоос 410 километрийн зайд өвөлжиж байгаа гэрт нь хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Сайн малчин Г.Нарангэрэл талархал илэрхийлж, Баянхутаг сумын наадамд торгон жолоо өргүүлсэн хээр алаг соёлон морио бэлэглэлээ.

ЗАСГИЙН ГАЗАР ХЭНТИЙ АЙМАГТ ЭЗЭН ЧИНГИС ХААНААР ОВОГЛОСОН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА

Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүрээнд Хэнтий аймагт эзэн Чингис хааны нэрээр овоглосон цогцолбор байгуулна гэж Ерөнхий сайд С.Батболд албан ёсоор зарлалаа. Орон нутагтай хамтран байгуулах аялал жуулчлалын энэ цогцолбороор дамжуулан эх түүх, соёл, уламжлалаа сурталчлах, байгаль дэлхийгээ хамгаалах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Ерөнхий сайдыг Хэнтий аймагт ажиллах үеэр баялагаа ашиглах нэрээр байгаль орчноо сүйдэлж байгаа тухай Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн сурагч хэлж байсан. Хүүхэд, залуус байгаль орчиндоо ингэж санаа зовниж байгаад гүйцэтгэх засаглалын тэргүүн олзуурхаж, Засгийн газар байгалиа хамгаалах чиглэлээр онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээ авч байгаа, цаашид хаа хаанаа хариуцлагатай байх хэрэгтэй гэж байлаа.

Харин аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал саяхан тогтоол гарган шинээр хайгуулын лиценз олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ шийдвэрт Ерөнхий сайд баяр хүргээд төр, засаг, салбарын яамнаас гадна аймаг, орон нутгийн захиргаа иргэдийнхээ  оролцоонд тулгуурлан байгаль орчноо хамгаалах чиглэлээр илүү үр бүтээлтэй ажиллах нь чухал гэдгийг захилаа.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шинэ оны ажлын эхний өдөр ийнхүү наран ургах зүг, их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт ажиллалаа. Хэдийгээр энэ жилийн анхны томилолт богино хугацаатай байсан ч Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагсад, жижиг худалдаа эрхлэгчид, малчдынхаа дунд нь орж, сурлага, хөдөлмөр, ахуй амьдралтай нь танилцан, амжилт бүтээлийг нь үнэлж, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг нь ч сонслоо. Тэдний хэлсэн ярьсан зүйлс, санал бодол Засгийн газраас цаашид авч хэрэгжүүлэх ажилд тусгалаа олох болно гэж Ерөнхий сайд С.Батболд хэлж байлаа.   

  



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
2012 ОНЫГ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОН ЗАСГИЙН ГАЗРААС ЗАРЛАЛАА
Ардчилсан нам Засгаас гарах болсонд Ерөнхий сайд харамсал илэрхийллээ
Сайжруулсан зуух хэрэглэж байгаа айлуудын гудамжинд утаа байхгүй болжээ
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл том бизнес рүү орж байгааг таслан зогсооно
Ерөнхий сайд С.Батболд Хэнтий аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХИЛИЙН ЧАНАДАД БУЙ МОНГОЛЧУУДДАА ИЛГЭЭСЭН МЭНДЧИЛГЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан