УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилсноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах боломжтой боллоо. Ийнхүү шинээр томилогдсон сайд нар 2012 оны 1 дүгээр сарын 27-ын өдөр тамга тэмдгээ хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.
САНГИЙН САЙД АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА
УИХ-ын чуулганы хуралдаанаас Сангийн сайдаар томилогдсон Д.Хаянхярваа 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлаа хүлээн авлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар Сангийн яаманд хүрэлцэн очиж тамгыг нь гардуулж өгсөн байна. Ерөнхий сайд яамны хамт олонд Сангийн сайд Д.Хаянхярвааг товч танилцуулав. Орон нутагт, тэр дундаа төсөв, санхүүгийн салбарт анхан шатнаас нь ажлынхаа гарааг эхэлж аймгийн Засаг дарга, УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажилласан Д.Хаянхярвааг туршлагатай санхүүч, улстөрч гэж үнэлэн хариуцлагатай албан тушаалд нэрийг нь дэвшүүлж томилуулсан гэж Ерөнхий сайд хэллээ.
Мөн тэрээр Сангийн яамны хамт олонд хандаж хэлсэн үгэндээ “Сангийн яамны хамт олон хамгийн их ачаалал үүрч, хамгийн хариуцлагатай ажилладаг, чадварлаг баг. Өнгөрсөн гурван жилд төсөв, санхүүгийн бодлогод томоохон шинэчлэл хийгдсэн нь энэ хамт олны хүчин зүтгэл юм. Шинээр томилогдсон сайдаа дэмжин нэг баг болж, санхүү, эдийн засгийн бодлогыг ханган ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэж хэлэв.
Д.ЦОГТБААТАР САЙД ТАМГАА ГАРДАЖ АВЛАА
2012 оны 01 дүгээр сарын 27-ны баасан гариг, 20 цаг 45 минут. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хурлын танхимд тус яамны мэргэжилтнүүд, харьяа газар, агентлагийн удирдлагууд цугласан байлаа. Монгол Улсын Шадар сайд М.Энхболд УИХ-ын энэ өдрийн 09 тоот тогтоолоор тус яамны сайдаар томилогдсон Д.Цогтбаатарыг танилцууллаа. Энэхүү арга хэмжээнд тус яамны сайд асан, УИХ-ын гишүүн Л.Гансүх оролцож шинэ сайдад тамгаа хүлээлгэн өглөө.
Төрийн албанд 19 жил ажиллахдаа Монгол улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын зөвлөх зэрэг хариуцлагатай алба хашиж байгаад БОАЖ-ын сайдаар томилогдсон Д.Цогтбаатар туршлагатай, манай шилдэг кадруудын нэг. Түүнийг байгаль орчин, аялал жуулчлалын салбарт гадаад орнуудын болон олон улсын байгууллагын дэмжлэг туслалцааг нэвтрүүлж, өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд энэ үеэр илэрхийлж байлаа.
Ж.ЭНХБАЯР САЙД ТАМГАА ГАРДАЖ АВЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг Батлан хамгаалах яаманд очиход хүндэт харуулж жагсч төрийн дуулал эгшиглэн угтан авлаа. Батлан хамгаалах салбарын ажил хамгийн нэр хүндтэй, хариуцлагатай алба гэдгийг Засгийн газрын тэргүүн энэ үеэр онцлоод Хамтарсан засгийн газрын үед салбарын ажилд чамгүй ахиц гаргасан Батлан хамгаалахын сайд асан Л.Болд болон түүний хамт олны ажлыг Засгийн газрын тэргүүний хувьд өндрөөр үнэлж байгаагаа хэллээ.
Мөн тэрээр өмнө хийж ирсэн ололт амжилтаа улам бататган, алдаа оноо байгаа бол засаж залруулж, илүү санаачилгатай, хариуцлагатай ажиллахыг Батлан хамгаалахын сайд болон тус яамны удирдлагууд, зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүнд анхааруулаад Ж.Энхбаяр сайдад болон салбарын нийт хамт олонд амжилт хүслээ. Ингээд Батлан хамгаалах яамны тамга тэмдгийг сайдын үүргийг орлон гүйцэтгэгч Гадаад харилцааны сайд Г.Занданшатар шинэ сайд Ж.Энхбаярт гардуулан өглөө. Ажил үүргээ хүлээн авсан Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр “Бид цаашид Монгол Улс, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, зэвсэгт хүчний орчин үеийн мэргэжлийн чадварлаг шилдэг арми зэвсэгт хүчин болохын төлөө зүтгэх болно” гэлээ.
ЗТБХБ-ЫН САЙД Ц.ДАШДОРЖ ТАМГА ТЭМДГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар томилогдсон Ц.Дашдоржид тамга тэмдгийг нь хүлээлгэж өгөх ёслол 2012 оны нэгдүгээр сарын 27-ны орой тус яаман дээр боллоо. ЗТБХБ-ны сайдын үүргийг гүйцэтгэж байсан ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт түүнд тамга тэмдгийг нь хүлээлгэн өгч, Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар шинэ сайдын ажилд нь амжилт хүслээ. Тамга тэмдэг хүлээлгэн өгөх ёслолд тус яамны газар хэлтсийн дарга нар болон албан хаагчид нь оролцлоо.
САЛБАРЫНХ НЬ ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧИН САЙДААР ТОМИЛОГДСОНД ЭМЧ АЖИЛТНУУД ТАЛАРХАЖ БАЙЛАА
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд дараа нь Эрүүл мэндийн яаманд очиж УИХ-ын гишүүдийн 71,7 хувийн саналаар тус яамны сайдаар томилогдсон Н.Хүрэлбаатарыг тамга тэмдгээ гардахад нь байлцлаа. Асрагчаас нь эхлээд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшиж ажилласан эрүүл мэндийн салбарын шилдэг, залуу боловсон хүчин сайдаар томилогдон ирж байгаад яамны мэргэжилтнүүд, эмч ажилтнууд сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа. Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн С.Ламбаа тамгаа хүлээлгэн өгөхдөө “Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 91,8 хувийн биелэлттэй байгаа. Хөтөлбөрөө 100 хувь биелүүлж тайлагнаарай.
Хуучнаа амжилттай гүйцээж шинээр олон ажил сэдэж хийгээрэй” гэж шинэ сайдад зөвлөөд Эрүүл мэндийн салбарын 2012 онд хийх ажлын төлөвлөгөөг гардуулан өглөө. Тэрбээр мөн эмч мэргэжилтнүүд маань 1000 өвчтөний 990-ийг нь авраад арвыг нь алдахад энэ хүмүүсийн тухай л нийгэм ярьж шүүмжилдэг, сэтгэл зүйн дарамтад байдаг хүмүүс. Тэднийхээ төлөө залуу хүний эрч хүчээр ихийг хийж бүтээгээрэй гэж захилаа. Залуу сайд Н.Хүрэлбаатар ч энэ үеэр С.Ламбаа сайдтай хамтарч 3 жил гарай ажилласан, нэгэн зорилгын төлөө зүтгэж явсан гээд хичээж ажиллах болно, надад итгэж дэмжиж ажиллаарай гэж салбарынхандаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.