|
|
ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ЗАРИМ ТЭТГЭМЖИЙГ 2 ДУГААР САРД НЭМЭХ ТУХАЙ ТӨСЛӨӨ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.01.30 /
|
~ Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр болов. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сайд нарт хандаж хэлэхдээ “Энэ Засгийн газрыг богино хугацаанд их юм хийгээсэй гэж хүн бүхэн харж, хүлээж байна. Бид хамтдаа бодитой, үр дүнтэй, шуурхай ажилллах ёстой” гэлээ.
Өнөөдрийн хуралдаанаар цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг нэмэгдүүлэх хугацааг наашлуулан 2 дугаар сард багтаах төслөө УИХ-д өргөн барихаар болж, газрын тос, хүнсний зарим бүтээгдэхүүн, ялангуяа махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах чиглэлээр хийж байгаа ажилтай танилцлаа. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос гаргасан саналыг судалж хэрэгжүүлэх арга хэмжээ авах болсон байна. Мөн хуралдаанаар Улсын сайн малчин, улсын тэргүүний фермер, тэргүүний малчдын бүлэг, тэргүүний тариаланч хамт олон, тэргүүний тариаланч нарыг шалгарууллаа. ~
ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ЗАРИМ ТЭТГЭМЖИЙГ 2 ДУГААР САРД НЭМЭХ ТУХАЙ ТӨСЛӨӨ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
Засгийн газрын хуралдаанаар төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг нэмэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан гишүүдээс гаргасан саналыг тусган төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. Тогтоолын төсөлд тусгаснаар төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг энэ оны 2 дугаар сарын 1-ний болон 5 дугаар сарын 1-ний өдрөөр тооцож үе шаттай нэмэх юм.
Мөн үүнд шаардагдах 172 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2012 оны Төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүртэлх хугацаанд батлагдсан төсвийн хэмжээнд зохицуулан шийдвэрлэхээр тусгажээ. Түүнчлэн 2012 оны төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулж хаврын чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Төрийн байгууллагын албан хаагчдын цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг нэмэх хугацааг наашлуулснаар өргөн хэрэглээний барааны өсөлт, төгрөгийн бодит ханшийн уналт зэргээс иргэдийг хамгаалахын зэрэгцээ бодит орлого нь нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байна.
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ҮНИЙГ ТОГВОРТОЙ БАРИХЫГ ЗОРЬЖ БАЙНА
Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах чиглэлээр хийж байгаа ажлынхаа талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан автобензин, дизель түлшний дотоодын жижиглэнгийн үнийг тогтворжуулах зорилгоор НӨАТ-ыг бууруулах арга хэмжээг 2 дугаар сарын хилийн үнэ тодорхой болсоны дараа гаалийн болон онцгой албан татвартай уялдуулан судалж, санал боловсруулан Засгийн газарт оруулахыг салбарын сайдад даалгав.
Мөн энэ оны улсын төсөвт газрын тосны нөөц бүрдүүлэхээр тусгагдсан 16.3 тэрбум төгрөгөөр нөөцийн шатахууныг шууд гэрээ байгуулан худалдан авах асуудлыг зохих хууль тогтоомжийн хүрээнд судалсны үндсэн дээр шийдвэрлэхээр боллоо. Түүнчлэн автобензин, дизель түлшний доод тал нь 30 хоногийн улсын нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгө, нөөцийн агуулах барихад эхний ээлжинд шаардлагатай 22 тэрбум төгрөгийн асуудлыг Засгийн газар, Улсын Их Хуралд зохих журмын дагуу тавьж шийдвэрлүүлэхийг холбогдох сайд нарт даалгав хэмээн Засгийн газрын Хэвэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
МАХНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРЧ БАЙНА
Хүнсний зарим нэрийн бүтээгдэхүүн, түүний дотор махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаар ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай танилцууллаа. Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан нөөцийн махыг 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргасан. Үхрийн махыг 3700 төгрөг, хонины махыг 3200 төгрөг, ямааны махыг 2600 төгрөгөөр худалдаж байна. Улаанбаатар хотод 202 цэгээр дамжуулан нийт 1,002 тн мах худалдсан бөгөөд энэ нь өдөрт дунджаар 45 тонн нөөцийн мах худалдаанд гаргасан гэсэн үг юм.
Махны өргөтгөсөн худалдааг Улаанбаатар хотод 1 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд нийт 19 худалдааны төвд зохион байгуулав. Уг өргөтгөсөн худалдаанд 14 махны үйлдвэр оролцож, 373.4 тн мах худалдан борлуулжээ. Сайдын хийсэн мэдээллээс харахад 1-р сарын 26-30-ны хоорондох 4 хоногт нийт 380,4 тн мах буюу хоногт дунджаар 95,1 тн мах орж ирсэн нь хөдөө орон нутгаас нийлүүлэгдэж буй махны хэмжээ нэмэгдэх хандлагатай байна гэсэн үг юм.
Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу салбарын яам, холбогдох бусад хяналтын байгууллага хамтран махны хууль бус экспортыг таслан зогсоох, хяналт, шалгалтыг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Засгийн газар нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж, махны нөөцийг 10 мянган тонноор нэмж бүрдүүлэхээр төлөвлөлөө. Цаашид махны хангамж, худалдаанд гаргах хэмжээг нэмэхэд онцгой анхаарч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас холбогдох газруудад үүрэг болголоо.
ГУРВАН ТАЛТ ҮНДЭСНИЙ ХОРООНООС ГАРГАСАН САНАЛЫГ СУДАЛЖ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төгрөг, валютын ханшийг тогтворжуулах, автобензин, дизель түлш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, зарим төрлийн ажил үйлчилгээний үнийн өөрчлөлтийг судалж, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос гаргасан саналыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди танилцуулав. Үүнтэй холбогдуулан Үндэсний хорооноос гаргасан саналыг судалж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт үүрэг болголоо.
Үндэсний хорооноос Улсын Их Хуралд:
- Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаагүй Монгол банкны ажилд дүгнэлт өгч, холбогдох арга хэмжээ авах
- Гадаад худалдааны голлох валютын ханшны долоо хоногийн хэлбэлзэл хоёр хувиас дээш гарах тохиолдолд Монгол банк нь Засгийн газар, /Ерөнхий сайд/-тай зөвшилцөж, авах арга хэмжээг шийдвэрлэдэг байх, Монгол банкны Ерөнхийлөгчийн дэргэд Мөнгөний бодлогын зөвлөл байгуулж төр, үйлдвэрчний эвлэл, ажил олгогч, хэрэглэгчийн байгууллагын төлөөллийг оруулах
- Ам.доллартай харьцах төгрөгийн ханшийг огцом өсөлтийн өмнөх түвшинд хүргэх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх үүргийг Монгол банкинд өгөх
- Төсвийн байгууллагад ажиллагсдын цалинг 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх
- Улсын Их Хуралд өргөн бариад байгаа Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Худалдааны тухай хуулийг хугацаа алдалгүй батлах санал хүргүүлжээ.
- Харин Засгийн газарт :
- Автобензин, дизель түлшний дотоодын жижиглэнгийн үнийг өсөлтийн өмнөх түвшинд хүртэл бууруулах талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны шаардлагыг хэрэгжүүлэх арга хэмжээг 2 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн шийдвэрлэх
- Шатахууны хангамжид доголдол үүсэхээс сэргийлэх зорилгоор улсын нөөцийн шатахуун бүрдүүлэх хөрөнгийг шийдвэрлэж, улирлын хэрэглээний нөөц бүрдүүлэх ажлыг түргэвчлэх
- Аймаг, нийслэлийн Засаг дарга нар иргэд, аж ахуйн нэгжүүдэд байгаа махны нөөцийн судалгаа гаргаж, томоохон хот, суурин газруудад махны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
- Цаашид махны нөөцийг баталгаатай байлгахын тулд “Эргэлтийн сан” байгуулж, дотоодын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээр дэмжих
- Жижиг, дунд үйлдвэр, бичил бизнес болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор орлогын татварыг тодорхой хугацаанд тэглэх, НӨАТ ногдох орлогын босгыг өсгөх, бага, дунд орлоготой иргэдийн Хүн амын орлогын албан татварын хувь хэмжээг бууруулах буюу чөлөөлөх, банкны зээлийн хүүг бууруулах зэрэг тодорхой арга санал боловсруулж УИХ-д оруулах
- Өрсөлдөөний тухай хуулийн дагуу зах зээлийн өрсөлдөөнийг хянан зохицуулах үүрэгтэй, хамтын удирдлага бүхий зөвлөлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэргэд байгуулан ажиллуулахыг санал болгосон байна.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны гаргасан саналд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Нямсамбуу, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар нар гарын үсэг зуржээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
УЛСЫН САЙЧУУД ТОДОРЛОО
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний фермер”, “Улсын тэргүүний малчдын бүлэг”, “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, “Улсын тэргүүний тариаланч”-дыг шалгаруулаа.
“Улсын сайн малчин”-аар :
- Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн малчин Дарамжавын Бямбарагчаа, Батцэнгэл сумын Баян-Уул багийн малчин Самбуугийн Лхагважав, Хашаат сумын Цайдам багийн малчин Сосорын Очирболд, Ихтамир сумын Хан-Өндөр багийн малчин Хадын Эрдэнэбаатар
- Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 4 дүгээр багийн малчин Динханы Терехан, Баяннуур сумын 4 дүгээр багийн малчин Байтаны Хадай, Улаанхус сумын 6 дугаар багийн малчин Жанатын Шалатай
- Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Цорьж багийн малчин Доржийн Бямбасүрэн, Баян-Овоо сумын Асгамба багийн малчин Шанзангийн Дамдинсүрэн, Эрдэнэцогт сумын Жанжины багийн малчин Доржготовын Батболд, Баянбулаг сумын 3 дугаар багийн малчин Баасанжавын Батдэлгэр
- Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Далхын Эрдэнэбат, Сайхан сумын Угалз багийн малчин Даваасүрэнгийн Баярсайхан, Баян-Агт сумын Баянзүрх багийн малчин Намнангийн Жаргалсайхан, Гурванбулаг сумын Тогоо багийн малчин Очирын Ширбазар
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багийн малчин Жамъяншаравын Дандар, Тайшир сумын Галуут багийн малчин Чулууны Нямбуу, Төгрөг сумын Тунгалаг багийн малчин Хувцагааны Түмбаатар
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Дорлигийн Зоригтсайхан
- Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн малчин Дашдондогийн Ганболд
- Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Аманшанд багийн малчин Равдангийн Пүрэвдаш, Алтанширээ сумын Хаяа багийн малчин Бэгзийн Бөхбат
- Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн малчин Нямдаваагийн Даваасүрэн, Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн малчин Өлзийнбатын Өлзий
- Дундговь аймгийн Хулд сумын Бүлээн багийн малчин Руламын Ойровдорж, Гурвансайхан сумын Элгэн багийн малчин Донторын Дүгэр, Цагаандэлгэр сумын 2 дугаар багийн малчин Самбуугийн Оюунтуяа
- Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн малчин Гомбосүрэнгийн Батбаяр, Түдэвтэй сумын Баянцагаан багийн малчин Уламбаярын Алтанхундага, Эрдэнэхайрхан сумын Алтан багийн малчин Сэдхүүгийн Сэсээр, Тосонцэнгэл сумын Идэр багийн малчин Жамъяны Цэвээн.
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Булганы Уламбаяр
- Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн малчин Чойсүрэнгийн Отгонбаатар, Бүрд сумын 1 дүгээр багийн малчин Мэндийн Раднаа
- Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн малчин Цэвэлийн Валя
- Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн малчин Цэндийн Эрдэнэбат, Халзан сумын 2 дугаар багийн малчин Рагчаагийн Энх-Амгалан, Түвшинширээ сумын Дэлгэрхаан багийн малчин Цэгмидийн Мижиддорж
- Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн малчин Дамчаагийн Жамсран
- Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багийн малчин Жунайн Пүрэв, Эрдэнэсант сумын 3 дугаар багийн малчин Базаррагчаагийн Төрболд, Лүн сумын Өгөөмөр багийн малчин Лэгцэгийн Очирбат, Мөнгөнморьт сумын Байдлаг багийн малчин Магсарын Лхамсүрэн
- Увс аймгийн Давст сумын Торхилог багийн малчин Цэрэнгийн Баатар, Наранбулаг сумын Алдар багийн малчин Гэндэнгийн Батаа, Зүүнхангай сумын Жаргалант багийн малчин Хөрстийн Хавтгай, Түргэн сумын Баянхайрхан багийн малчин Охидоогийн Отгонбаяр
- Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн малчин Дугаржавын Даваа, Манхан сумын Улаанхүрээ багийн малчин Өлзийнбатын Сэсээр
- Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн малчин Жавзангийн Дэмбэрэл, Цагаан-Уул сумын Тосон багийн малчин Пүрэвийн Бямбаа, Түнэл сумын Навчилтай багийн малчин Аюурзанын Дашжамц
- Хэнтий аймгийн Галшар сумын Арвин багийн малчин Цэндийн Батболд, Дэлгэрхаан сумын Долоод багийн малчин Өвгөнхүүгийн Балдандугар, Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Дарьсүрэнгийн Оюун, Хэрлэн сумын Баярнмөнх багийн малчин Галсангийн Нарангэрэл
“Улсын тэргүүний фермер”-ээр :
- Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд багийн иргэн Бэхбатын Бэххуяг
- Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн иргэн Рэнцэнгийн Цогтбуян
- “Улсын тэргүүний малчдын бүлэг”-ээр:
- Говь-Алтай аймгийн Бугат сумын 2 дугаар багийн “Шимт хадлан”
- Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шарга багийн “Улиаст”
- Төв аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн “Монгол эсгийн” малчдын бүлгийг “Улсын тэргүүний малчдын бүлэг”
- “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор :
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Ургац хангай” ХХК, Тэгш сум “Шинэ амжилт” ХХК, Хутаг-Өндөр сумын “Хонгор-Арго” ХХК.
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Цайдам Өгөөж” ХХК
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Ургацын хишиг” ХХК, Түшиг сумын “Гацуурт” ХХК, Хушаат сумын “Өгөөж Мандал-Уул” ХХК, Ерөө сумын “Доолт” ХХК
- Төв аймгийн Эрдэнэсант сумын “Нарт монгол” ХХК, Жаргалант сумын “Алтан залаа” ХХК
- Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Идэр Онон” ХХК
- Хөвсгөл аймгийн Тариалан сумын “ЭТҮ” ХХК
- “Улсын тэргүүний тариаланч”-аар :
- Архангай аймгин Эрдэнэбулган сумын “Хаус мандал” ХХК-ийн ногоочин Батсамбуугийн Алагмаа
- Баян-Өлгийн аймгийн Сагсай сумын ногоочин Буркитханы Хайрым
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ногоочин Дүүрэнгийн Ганбаатар, Булган сумын ногоочин Цэвээний Бат-Өлзий
- Говь-Алтай аймгийн Чандмань сумын ногоочин Банзрагчийн Оросоо, Есөнбулаг сумын ногоочин Пунцагийн Гансүх
- Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочин Отгонсүрэнгийн Батпүрэв
- Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын ногоочин Дашзэвэгийн Эрдэнэсүрэн
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХК-ийн тракторчин, комбайнч Баатарын Нямпүрэв, Цагааннуур сумын “Атар трейд” ХХК-ийн механикжуулагч Уранчимэгийн Хишигжаргал, Орхонтуул сумын “Суварган тамир” ХХК-ийн тракторчин, комбайнч Бүдээгийн Буянбат, Шаамар сумын ногоочин Дагвын Баатарцоож
- Төв аймгийн Угтаалцайдам сумын “Чандмань дөл” ХХК-ийн механикжуулагч Дамдинсүрэнгийн Баатаржав, Жаргалант сумын “Хөх Баянбулаг” ХХК-ийн тракторч, комбайнч Нацагдоржийн Намнандорж, Угтаалцайдам сумын “Элсэн цагаан” ХХК-ийн механикжуулагч Доржбадамын Үржин, Борнуур сумын ногоочин Түвдэнгийн Балдангомбо
- Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хөвсгөл Алтандуулга” ХХК-ийн механикжуулагч Дарьмаасүрэнгийн Мөнхтогтох
- Увс аймгийн Баруунтуруун сумын ногоочин Монголын Долгор
- Ховд аймгийн Жаргалант сумын ногоочин Самбуугийн Лхагважав, Буянт сумын ногоочин Акийн Үлдэрхан нарыг “Улсын тэргүүний тариаланч”-аар тус тус шалгарсан байна.
ТОВЧ МЭДЭЭ
- Өнгөрсөн оны 12 дугаар сард Засгийн газар 5 удаа хуралдаж, 49 асуудал хэлэлцэн 12 асуудалтай танилцжээ. 13 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 7 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 2 асуудлыг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр, 2 асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 1 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болж 4 асуудлыг хойшлуулсан байна. Засгийн газар тайлант хугацаанд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг эрчимжүүлэх ажлын явцтай танилцаж, Хөдлөмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн тухай хэлэлцэн, төсвийн байгууллагын ажилчдын цалинг 2, 5 дугаар сард нэмэх тухай төсөл боловсруулсан гээд олон томоохон ажил хийж гүйцэтгэжээ. Нэгдсэн төсвийн 2011 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр нийт орлого 3721.9 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 477.9 тэрбум төгрөгөөр буюу 14.7 хувиар давсан байна. Харин төлөвлөсөн нэгдсэн төсвийн зарлагын 82.6 хувийг санхүүжүүлжээ.
- Хяналт шалгалтын обьектыг эрсдлийн ангилалд хамруулах шалгуур, үзүүлэлтийг хавсралт ёсоор баталлаа. Шалгуур, үзүүлэлтийг үндэслэн эрсдлийн ангилалд хамаарах обьектын жагсаалт, шалгалтад хамруулах давтамжийн хугацааг хяналтын чиглэл бүрээр баталж, мөрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгав. Улсын хэмжээнд 93643 обьектод эрсдлийн үнэлгээ хийхэд 19140 нь эрсдэл ихтэй, 44831 нь эрсдэл дунд, 29672 нь эрсдэл багатай гэж үнэлэгдсэн бол 372-т нь үнэлгээ хийгдээгүй байна.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ
|
|
Бага орлоготой өрхийн амьжиргааг дундаж хэмжээнд хүргэхийн төлөө Засгийн газар ажиллана
|
|
|
ШИНЭЭР ТОМИЛОГДСОН САЙД НАР ТАМГАА ХҮЛЭЭН АВЧ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
|
|
САЙД НАРЫГ ТОМИЛСНООР ЗАСГИЙН ГАЗАР БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
|
|
С.Батболд: Чинээлэг нь өндөр татвар төлдөг, бага дунд орлоготой нь татуу татвар төлдөг тогтолцоог бүрдүүлнэ
|
|
|
|
|
|
|
|
|