Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
НӨӨЦИЙН МАХЫГ 10 МЯНГАН ТОННООР НЭМНЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.02.15 /

~ Засгийн газрын хуралдаан 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр болов. Хуралдаанаар шатахуун, нөөцийн махны хангамж, үнэ ханшийн өнөөгийн байдал, “Хүний хөгжил сан”-гийн энэ оны төсвийг хэлэлцэж, “100 мянган орон сууц” хөтөлбөр, “Дулааны 5 дугаар цахилгаан станц”, “Их сургуулиудын хотхон” зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцан холбогдох шийдвэр гаргалаа ~

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ долоо хоногийн эхний өдөр хотын захын хорооллын  хэд хэдэн дэлгүүрээр орж гэнэтийн шалгалт хийн, нөөцийн махны борлуулалттай танилцсан юм. Энэ шалгалтын үр дүн эхнээсээ гарч Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн зарим шийдвэр гаргалаа. Цагаан сарын баярын ширээнд тавих ууц, жигнэх бууз, баншаа хямд үнэтэй махаар хийх гэсэн хүмүүсийн эрэлт их байгаа нь үнэн. Нөөцийн махыг гулуузаар нь худалдаалж буй өргөтгөсөн худалдаатай танилцсан Ерөнхий сайд махны хангамж хангалттай байгаа ч ийм шуугиан, бухимдал үүсгэж байгаа нь зохион байгуулалт тааруутай холбоотой. 

Бяр чадалтай нь мах авдаг тэгш бус зарчим нөөцийн  махны борлуулалт дээр үйлчилж байна гэж тэрбээр шүүмжлээд ахмад настай хүмүүст нөөцийн махыг гэрээр нь хүргэж өгөх үүрэг, даалгавар өгсөн билээ. Энэ дагуу хотын удирдлагууд 80-аас дээш настай буурлуудад нөөцийн махыг гэрт нь хүргэж өгч эхэлжээ. Өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд энэ талаар дахин анхааруулж иргэд бяраа үзэж мах худалдаж авдаг байж болохгүй. Иймд мах худалдах зохион байгуулалтыг маш оновчтой хийж, иргэдийн дунд бухимдал үүсгэхгүй байхыг хатуу анхаарууллаа. Энэ ч үүднээс нийслэлийн хүн амын  хэрэгцээнд зориулан хөдөө орон нутгаас дахин нөөцийн мах татах үүрэг өгсөн байна.

Аймгуудын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн мэдээг нэгтгэн үзвэл энэ оны 6 дугаар сарыг дуустал махны нөөцийг одоо байгаа 9 тн нөөц дээр 10 мянган тн-оор  нэмж бүрдүүлэн, худалдахаар болж байна. Иймд аймаг, нийслэлийн Засаг дарга нар, аж ахуйн нэгжтэй мах нэмж нийлүүлэх гэрээ байгуулах, борлуулалтын оновчтой хэлбэрийг бий болгох, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Нөөцийн махыг өнгөрсөн сарын 15-наас нийслэлийн хороо бүрт 2-3 дэлгүүрээр буюу нийт 293 цэгээр худалдаж эхэлсэн. Үхрийн махыг нэг кг-ыг нь 3700, хониныхыг 3200, ямааны махыг 2600 төгрөгөөр худалдаж байгаа нь зах зээлийн үнээс дунджаар 2000 гаруй төгрөгөөр хямд байгаа юм.

ШАТАХУУНЫ ҮНИЙГ 100 ХҮРТЭЛ ТӨГРӨГӨӨР ДАХИН БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

“Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогторжуулах хөтөлбөрийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөл”-ийг Сангийн сайд Д.Хаянхярваа ахалдаг. Тус зөвлөл баасан гариг бүр хуралддаг бөгөөд ажлын үр дүнгээ лхагва гараг бүрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг юм. Энэ дагуу асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Шатахууны үнийг нэмсэн шалтгаанаа нефть импортлогчид валютын ханш өссөнтэй холбон тайлбарласан. Гэхдээ энэ нь ханшийн өсөлтийг хэт нэмэгдүүлэн тооцсон, үндэслэлгүй шийдвэр байсан нь Монгол банкны шалгалтаар тогтоогдсон бөгөөд банкныхан ч энэ тухай хэлж байсан.

Үүнээс гадна шатахууны үнэ нэмэгдсэнээс хойш ам.долларын ханш суларч төгрөг чангарч байгаа ч импортлогчид үнээ буулгахгүй байгаад Засгийн газрын гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Шатахууны үнийг ханшийн бууралт болон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжийн ашгийн түвшинтэй уялдуулан 100 хүртэл төгрөгөөр бууруулах боломжтой юм байна. Ханшийн өөрчлөлт, одоогийн хэрэглэж буй шатахууныг татан авсан бодит ханш зэрэгтэй холбоотойгоор Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран үнийг бууруулах шаардлагатай гэж Сангийн яам үзэж байна. Иймд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар авто бензин, дизелийн түлшний үнийг тогтвортой байлгах, бууруулах талаар арга хэмжээ авахыг сайд Д.Зоригт, Д.Хаянхярваа нарт үүрэг болголоо.

ОРОН СУУЦНЫ 6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ

Засгийн газар “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 м/2-аас дээшгүй талбайтай орон сууц авахаар анх удаа хүсэлт гаргасан иргэдэд жилийн 6 хүртэл хувийн хүүтэй зээл олгохыг зорьж байгаа юм. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн Орон сууцны зорилтын хэрэгжилтийн талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Энэ дагуу зээлийн санхүүжилтийг банкуудын дотоод эх үүсвэрээс бүрдүүлэх, Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад эх үүсвэр олгох, Хөгжлийн банкны эх үүсвэрт авсан хүү, арилжааны банкаар дамжуулан зээлдүүлэх хүүгийн зөрүү зэргийг жил бүрийн улсын төсөвт тусгах оновчтой хувилбар сонгох санал боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.

Түүнчлэн Улаанбаатар хотод баригдах эхний ээлжийн орон сууцны хотхон, хорооллын инженерийн шугам сүлжээ, эх үүсвэрийг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлаа шуурхайлахыг үүрэг болголоо. Дээрхээс гадна Буянт-Ухаа орон сууцны хороололд 1764 айлын орон сууц, МҮОНРТ-ийн орчим, YII, XIY хороололд гадна инженерийн шугам сүлжээ барих, орон сууц барих газрыг чөлөөлөхөд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр болжээ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод 75 мянга, хөдөө орон нутагт 25 мянган айлын орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлыг эрчимжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 9835 айлын орон сууц ашиглалтад оржээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

“ХҮНИЙ ХӨГЖИЛ САН”-Д ХӨРӨНГӨ ТӨВЛӨРҮҮЛНЭ

“Хүний хөгжил сан”-гийн 2012 оны төсөвт дутагдаж байгаа эх үүсвэрийн талаар Сангийн сайд Д.Хаянхярваа Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан “Хүний хөгжил сан”-гийн энэ оны зарлага, санхүүжилтийн хүндрэлийг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгав. Тухайлбал сангийн энэ оны эхний саруудын орлого, зарлагын зөрүүг зээл авч санхүүжүүлэх, хүүгийн зардлыг төсвийн тодотголд тусган шийдвэрлүүлэх санал бэлтгэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайдад үүрэг болгосон байна. Сайд нар мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөгийг улирал бүрийн сүүлийн саруудад тэнцүү хувааж хүртээхээр тооцон “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж танилцуулах үүрэг хүлээлээ.

Түүнчлэн “Хүний хөгжил сан”-гийн энэ оны Төсвийн тухай хуулиар батлагдсан урьдчилгаа төлбөрийг 2, 5 дугаар сард тэнцүү хэмжээгээр хуваан төвлөрүүлэх, ногдол ашгийн төлбөрийг мөн дээрх саруудад тус бүр 350 тэрбум, 8, 11 сард тус бүр 20 тэрбум төгрөг төвлөрүүлэхийг Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэт” ХХК-ийн удирдлагад даалгав. Сангийн сайдын танилцуулснаар “Хүний хөгжил сан”-гийн зарлагын дийлэнх хувь нь эхний хагас жилд гарах шаардлагатай байгаа бол орлогын дийлэнх нь сүүлийн хагас жилд төвлөрөхөөр байна. Энэ нь зарлагыг хэвийн санхүүжүүлэх боломжгүй байдалд хүргэжээ. Тухайлбал эхний улиралд нийт 227 тэрбум төгрөг, эхний хагас жилд нийт 440 тэрбум төгрөгийн эх үүсвэр дутагдаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

5 ДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
    
Засгийн газрын хуралдаанаар “Дулааны цахилгаан станц 5” төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Төслийг хэрэгжүүлэхдээ уралдаант шалгаруулалт явуулсны дараа Засгийн газраас концессын гэрээ байгуулах эрх олгох болон гэрээний төслийг нүүрс нийлүүлэлт, цахилгаан, дулааны эрчим хүч худалдан авах гэрээний төслийн хамт хуралдаанд танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нарт даалгав. Мөн станцыг ашиглалтад орох үед нүүрсний хангамж, үйлдвэрлэх дулаан, цахилгааны эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэхэд шаардлагатай инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг бэлэн байлгах үүднээс хэд хэдэн арга хэмжээ авахаар боллоо.

Тухайлбал Багануур, Шивээ-Овоогийн уурхайн нүүрс олборлолтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн өргөтгөл хийх техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, үүнтэй холбогдон гарах барилга угсралтын ажилд шаардагдах хөрөнгийг гадаадын зээл, тусламж болон ирэх оноос улсын төсвийн хөрөнгөөр бүрдүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн станцын үйлдвэрлэсэн дулаан, цахилгааны эрчим хүч дамжуулах, түгээх систем байгуулах, хотын дулаан хангамжийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох тооцоо хийх, үүнтэй холбогдсон бусад ажлын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, станцын усан хангамжийг баталгаажуулах, нүүрс тээвэрлэлтийн найдвартай байдлыг хангах, станцаас гарах үнсний байгаль орчин, хүн амд үзүүлэх нөлөөллийг гаргах зэрэг үүргийг холбогдох сайд нарт өглөө. “Дулааны цахилгаан станц 5” төслийн уралдаант шалгаруулалтад 34 компани оролцох хүсэлтээ илэрхийлснээс 11 санал ирээд байна. Үүнээс 4 оролцогч дараагийн шатанд оролцохоор шалгараад байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

6 АЙМГИЙН ТӨВИЙГ НИЙСЛЭЛ ХОТТОЙ ХОЛБОХ ЗАМЫН АЖИЛ 4 ДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭ

Засгийн газрын 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар авто замын салбарт авч хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцсан. Үүнтэй холбогдуулан нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй аймгийн төвөөс зам тавьж эхлэх, зам, гүүрийн ажлыг санхүүжүүлэх, гадаадаас ажиллах хүч оруулах зэрэг асуудлаар санал боловсруулж танилцуулахыг салбарын сайдад даалгасан юм. Энэ дагуу сайд Ц.Дашдорж саналаа өнөөдрийн хуралдаанд танилцуулав. Одоогоор Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Завхан, Хөвсгөл аймгийн төвийг нийслэл хоттой  холбох замын ажил эхлээгүй байна. Замын ажлыг эхлүүлэх шийдвэр гарсны дараа тендер зарлавал хугацаа алдах учир шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.    

Энэ дагуу авто замын барилгын ажил, барилгын ажлын технологийн хяналт хийж гүйцэтгэх зөвлөхийн ажлын жагсаалтыг хуралдаанаас баталсан байна. Замын ажилд шаардагдах 293 орчим тэрбум төгрөг, үүнээс эхний ээлжинд буюу энэ онд хэрэгтэй 88 орчим тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх, банкны үйл ажиллагааны зардалд зориулан гэрээт ажил бүрийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцүү хэмжээний хөрөнгийг төсөвт өртгөөс тусад нь тооцож байхаар болжээ. Түүнчлэн гадаадын зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгө болон “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих замын ажлуудыг гүйцэтгэхэд ажиллах гадаадын ажилчны тоо, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх асуудлыг тухай бүр хянаж, зөвшөөрөл олгож байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад зөвшөөрөв.

Одоогоор Архангай, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоод байна. Тэгвэл Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь аймгийн төвийг нийслэлтэй холбох замын ажлын явц 14-90 хувьд хүрчээ. Энэ онд нийт 2919.4 км хатуу хучилттай зам, 3465,3 у/м төмөр бетон гүүрийн ажил хийх бөгөөд гэрээний дагуу 880,8 км зам, 569,4 у/м төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулах юм. Салбарын сайдын танилцуулгаас үзвэл өнгөрсөн онд улсын төсөв, гадаадын зээл, тусламж болон бусад хөрөнгө оруулалтаар 1100 км зам, 414.3 у/м төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулсан байна. Харин улсын төсвийн хөрөнгөөр аймаг, нийслэлд эрх шилжүүлснээс бусад 346,4 км зам, 1269,3 у/м төмөр бетон гүүр, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барьж байгаа зургаан чиглэлийн 741 км замын ажил он дамжин хийгдэнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

ИХ СУРГУУЛИУДЫН ХОТХОН 100 МЯНГА ОРЧИМ ОЮУТАНТАЙ, НИЙТ 150 МЯНГАН ХҮН АМТАЙ БАЙНА

Засгийн газрын хуралдаанаар Их сургуулиудын хотхон байгуулах ажлын явцтай танилцаж, энэ онд хийхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөөг дэмжлээ. Хотхоныг Налайх дүүргийн нутаг дэвсгэр, “Шивээтийн хөндий”-д байгуулах шийдвэр анх гарсан ч тухайн газар мөнх цэвдэгтэй, барилга барих нөхцөл хүнд, барилга барьж болох хэдий ч эрсдэл ихтэй, өртөг нь 2 дахин нэмэгдэх учир байршлыг Багануур дүүрэгт шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлээд байгаа юм. Иймээс шинээр товлосон газарт инженер-геологийн болон бусад судалгааг яаралтай хийх, хотхоны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан засвар өөрчлөлт оруулах, хэсэгчилсэн төлөвлөгөөнүүдийг боловсруулж дуусгахаар ажиллаж байна.

Нэгдсэн хотхонд МУИС, ШУТИС, ЭМШУИС, МУБИС, СУИС гэсэн төрийн өмчийн 5 сургууль, шинжлэх ухааны хүрээлэнгүүд, бизнесийн инкубаторт байрлах мэдээллийн болон шинэ технологийн аж ахуйн нэгжүүдийн ажлыг уялдуулан зохицуулахаар төлөвлөжээ. Хотхон нь Техник, технологийн шинжлэх ухааны, Нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны, Байгалийн ухааны, Эрүүл мэндийн шинжлэх ухааны, Соёл, урлаг, спортын, Худалдаа, үйлчилгээний, “Силикон вээлий” буюу Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн, Суурьшлын гэсэн бүстэй, 100 мянга орчим оюутан, нийт 150 мянган хүн амтай, бие даасан дэд бүтэцтэй байх юм.   

Хотхон сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэл хосолсон оюуны төв, шинжлэх ухаан, технологийн паркууд, бизнесийн инкубаторууд бүхий тусгай бүс болж байгаа учир Их сургуулиудын хотхоны эрх зүйн актыг боловсруулж, хуульчлах шаардлага ч гараад байна. Хотхон байгуулахад шаардагдах мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэх Мэргэжлийн сургаль, үйлдвэрлэлийн төвийг Концессын хуулийн дагуу БНСУ-ын “КТ” компани барих юм. Ховд аймагт баригдах Баруун бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв, Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймагт байгуулахын тулд инженер-геологийн болон бусад судалгааны ажлыг хийж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусгахаар төлөвлөжээ.

Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэлийн хүрээнд Баруун болон Зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төвийг Ховд, Дорнод аймагт, Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймагт, Техник, технологийн хотхоныг Дархан-Уул аймагт байгуулахаар төлөвлөсөн.
Энэ дагуу Ховд аймагт 200 га, Орхон аймагт 100 га, Дорнод аймагт 50 га газар олгоод байна. Харин Дархан-Уул аймагт газрын асуудлыг хараахан шийдээгүй байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙГ ТАТВАРЫН БОДЛОГООР ДЭМЖИНЭ

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зөвлөгөөнийг 2012 оны 1 дүгээр сарын 10-наас 2 дугаар сарын 3-ны хооронд зохион байгуулсан юм. Зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөнд хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс гаргах юм байна.

“Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолд бүсийн ялгавартай татварын бодлого баримтлах, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг тодорхой хугацаанд чөлөөлөх, малын гаралтай түүхий эдийг аль болох гүн боловсруулан ажлын байр нэмэгдүүлэх зэргийг тусгажээ. Тогтоолын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДСАН ИРГЭДЭД НЭГ УДАА НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОНО

Төрийн өмчийн байгууллагад ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 352 хүнд нэг удаа нөхөн төлбөр олгох болов. Үүнд шаардагдах 98 сая 840 гаруй мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо. 1990-ээд оны дунд үеэс уул уурхайн үйлдвэрүүд хувьчлагдан, зарим нь дампуурснаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд харъяалагдах байгууллагагүй болсон юм. Засгийн газар үүнд дүгнэлт хийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн өнгөрсөн онд 1731 уурхайчинд 486 сая төгрөгийн нөхөн төлбөр өгсөн байна.

Тухайлбал Налайх, Хэнтий аймгийн Бэрх-Уул, Ховд аймгийн Хөшөөт, Дорнод аймгийн Адуунчулуун улсын үйлдвэрийн газар, Дархан-Уул аймгийн Шарын гол, Хөвсгөл аймгийн Могойн гол, Дундговь аймгийн Тэвшийн говь, Өвөрхангай аймгийн Баянтээг, Булган аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхайг тус тус төрийн өмчид байсан хугацааг нь тооцож, уурхайчдад нөхөн төлбөр олгожээ. Мөн Говь-Алтай аймгийн Зээгт, Хэнтий аймгийн Чандгана, Төв аймгийн Иххайрхан, Сүхбаатар аймгийн Бүрэнцогт, Дундговь аймгийн Цагаан-Овоо зэрэг татан буугдсан уурхайд ажиллаж байсан хүмүүсийг ч  хамруулсан байна. Гэвч аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулан нөхөн төлбөр авах эрхтэй болсон ч судалгаанд бүрэн хамрагдаагүй 352 хүн нэмэгдсэн тул Засгийн газар нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
 
“МИАТ” КОМПАНИЙН САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ  

    
Сүүлийн үед “МИАТ” компанийн нислэгтэй холбоотой зөрчил, дутагдал, санхүүгийн алдагдал, худалдан авах ажиллагаатай холбоотой гарсан асуудал Засгийн газрын хуралдааны анхаарлын төвд байлаа. Хуралдаанаар энэ тухай хэлэлцэн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, зөрчил дутагдлыг арилгах, аюулгүй ажиллагаа, санхүүгийн сахилга, хариуцлагыг сайжруулах арга хэмжээг шуурхай авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч О.Эрдэнэбулган нарт даалгав. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орохын өмнө байгуулагдсан “Монголиан Эйрлайнз групп”-ийг бусад агаарын тээвэрлэгчдийн олон улсын нислэгийн шугамтай давхардуулан томилохоор салбарын сайдаас тухайн улсуудын яам, удирдах газарт мэдэгдэл хүргүүлээд байгааг судлах боллоо.

Энэ дагуу олон улсын шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийн томилгоотой холбоотой эрх зүйн зохицуулалтыг ойрын хугацаанд бүрдүүлэхээр шийдвэрлэв. Түүнчлэн “МИАТ” компанийн гүйцэтгэх удирдлагыг гэрээний дагуу гадаадын багаар хийлгэж байсныг цааш үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. “МИАТ” компанийн агаарын хөлөг энэ сарын 05-ны өдөр Москва хотоос хөөрөхөөр гүйлт хийж байхдаа зүүн хөдөлгүүрийн панель мултарснаас нислэгийг цуцлан шаардлагатай сэлбэгийг тавьж 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн юм. Энэ мэт техникийн зөрчил, дутагдал үргэлжлэн гарч, энэ хэрээр нислэг саатах нь ихэссэн тухай Засгийн газрын хуралдааны үеэр яригдлаа.

Мөн тус компанийн санхүү, нислэг үйлдвэрлэл, үйл ажиллагаанд шалгалт хийсэн Ажлын хэсгийн тайланг сонссон байна. Шалгалтын дүнгээс үзэхэд компанийн бүтэц, зохион байгуулалт нь аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал болон агаарын тээврийн компанийн нийтлэг зарчимд бүрэн нийцэхгүй, катерингийн үйл ажиллагааг шилжүүлж өгөхдөө хууль, тогтоомж зөрчиж ашиггүй гэрээ хийсэн, гадаад улсад байгаа ачаа тээврийн агенттай хийсэн алдагдалтай бүх гэрээг өөрчлөх, гэрээний нөхцөл, талуудыг үүрэг, хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай болжээ. Компанийн нислэгтэй холбоотой гарсан зөрчил, дутагдал, санхүүгийн алдагдал, худалдан авах ажиллагааны гажуудал нь гүйцэтгэх захирлын ажлын хариуцлагатай холбоотой болохыг ч Ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

САНХҮҮГИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИВ

“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хэлэлцээр батлагдсан тохиолдолд Бүгд Найрамдах Франц Улсаас 5.05 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авч Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийг бэхжүүлэхэд зарцуулах юм. Тус төв нь улсын хэмжээнд гэмтэл, согогийн чиглэлээр ажилладаг цорын ганц эмнэлэг бөгөөд жилд 12 мянга гаруй өвчтөнийг хэвтүүлэн эмчилж, 6500 орчим төрөл бүрийн мэс засал хийдэг.

Түүнчлэн жилд 160 мянга орчим буюу өдөрт 300 хүртэл хүнд хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг байна. 1999 онд Бүгд Найрамдах Франц Улсын 10 сая франц франкийн тусламжаар сэхээн амьдруулах тасаг, мэс заслын 4 өрөөг иж бүрэн тоноглон, Европын Холбооны “Тасис” хөтөлбөрийн 400 мянган еврогийн буцалтгүй тусламжийг тоног төхөөрөмжтэй ажиллах эмч, мэргэжилтнүүдийг сургахад зарцуулж  байжээ.

КАНАД УЛСТАЙ ХАРИЛЦААГАА УЛАМ ӨРГӨЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-2-ны өдөр Канад Улсын Оттава хотноо болсон Монгол, Канадын Дугуй ширээний тавдугаар уулзалтын дүнг Засгийн газрын хуралдаанаас сайшаалаа. Уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгасан байна. Энэ уулзалт Канад Улстай тогтоосон улс төр, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хоёр орны харилцааны байдал, цаашдын төлөвийг дүгнэж, харилцааг бодит боломжиндоо түшиглэн тодорхой чиглэлд хөгжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх ач холбогдолтой болсон гэж Засгийн газар үзжээ.  

Уулзалтын мөрөөр улс төр, батлан хамгаалах, хууль зүй, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, төрийн албаны шинэчлэл зэрэг салбарт хийх ажлын төлөвлөгөө боловсруулсан байна. Тухайлбал Канад Улсын Ерөнхий сайд, Сенатын спикер, Гадаад хэргийн сайд нарыг Монгол Улсад айлчлуулах, цэрэг, цагдаагийн сургалтын хөтөлбөрт хүмүүсээ хамруулах чиглэлээр ажиллах болжээ. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах, хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлтийн хэмжүүрийг боловсронгуй болгох, Канадын дэвшилтэт технологи, нөхөн сэргээлтийн стандартыг уул уурхайн салбарт нэвтрүүлэх, ашигт малтмалын орд газруудтай холбоотой дэд бүтэц бүрдүүлэх үндэсний хэмжээний төслүүдэд Канадын хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсын Ерөнхий сайдыг 2010 онд тус улсад айлчлах үед гарын үсэг зурсан “Сум дундын төв” төслийг үргэлжлүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөөд байна. Ер нь Монгол улсын эрх ашигт нийцсэн, ач холбогдол бүхий асуудлуудаар Канадын талтай хамтарч ажиллах нь чухал гэдгийг Засгийн газрын гишүүд хэлж байлаа.

НҮБ-ЫН ДЭРГЭД СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ТОМИЛОВ

Одын Очийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Түүнчлэн томилолтын хугацаа нь дууссантай холбогдуулан Очирын Энхцэцэгийг Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Одын Очийг мэргэжлийн ур чадвар, удирдах ажлын дадлага туршлага, гадаад хэлний мэдлэгийг харгалзан ийнхүү томиллоо. О.Оч төрийн албанд 21 жил, үүнээс дипломат албанд 18 жил ажиллаж байна.

О.Оч 1967 онд төрсөн. Эхнэр, 2 охинтой. 1986-1991 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2001-2002 онд Японы Засгийн газрын “Залуу удирдагч” хөтөлбөрийн шугамаар Олон улсын эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан. “Тэргүүн шадар” дипломат цолтой. Орос, франц, англи хэлтэй. О.Оч нь 1991-1995 онд Гадаад харилцааны яамны Гэрээ эрх, түүх архивын хэлтэст атташе, 1995 онд Гадаад харилцааны дэд сайдын туслах, 1995-1998 онд Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 1998-2004 онд Гадаад харилцааны яамны Эрх зүй, консулын газарт мэргэжилтэн, нэгдүгээр нарийн бичгийн дарга, дэд захирал, 2004-2008 онд НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын газрын бүсийн төлөөлөгчийн газрын ажилтан, 2008 онд Төрийн захиргааны удирдлагын газрын захирал, 2008 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

ТОВЧ МЭДЭЭ

  • Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх импортоор оруулж ирж байгаа болон дотооддоо худалдан борлуулах хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэр, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг баталлаа.  Тогтоолыг 2011 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр заасан байна.
  • Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын “Зорилт-16”-д ус хангамж, ариун цэврийн байгууламжийн чиглэлээр тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжаас гаргахаар төлөвлөсөн байна. Манай улс 2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх хувийг бууруулах зорилт тавьсан. Энэ дагуу 2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй хүн амын эзлэх 60 хувийг 40, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх 73 хувийг 60 хувь болгох юм.
  • Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл байгуулж, дүрмийг нь баталлаа. Энэ зөвлөл хүн амыг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, цэвэр, бохир усны үйлчилгээний тариф зэрэгтэй холбоотой асуудлыг хариуцахын зэрэгцээ аж ахуйн харилцааны дүрэм, техникийн нөхцөл олгох журам баталж, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах юм. Одоогоор манайд тусгай зөвшөөрөлтэй 93 байгууллага, аж ахуйн нэгж хүн ам, үйлдвэр, аж ахуйн газруудыг унд, ахуйн цэвэр усаар хангах, бохир усыг татан цэвэрлэх болон орон сууцны ашиглалт, засвар, үйлчилгээ үзүүлж байна.
  • Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан Эрчим хүчний зохицуулах газрыг Эрчим хүчний зохицуулах хороо болгон шинэчилж, дүрмийг нь баталлаа. Энэ хороо эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, импортлох, экспортлох, диспетчерийн зохицуулалт хийх ажлыг зохицуулах үүрэг хүлээдэг. Мөн эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, зөвшөөрөл эзэмшигчдийн болон хэрэглэгчдийн тарифыг хянаж батлах, талуудын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, зөвшөөрөл эзэмшигчдийн дунд шударга өрсөлдөөн бий болгох чиглэлээр ажиллах  юм байна.
  • УИХ-ын гишүүн Р.Будын санаачлан боловсруулсан Авто замын тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг уламжлахаар болов.
  • Эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг баталлаа. Энэ дагуу эрдэм шинжилгээний дэд зэрэгтэй бол үндсэн цалингийн 10, ахлах зэрэгтэй бол 15, тэргүүлэх зэрэгтэй бол 20 хувийн нэмэгдэл өгч байх болсон байна.


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
БНСУ-ын Элчин сайд нутаг буцаж байна
Ерөнхий сайд С.Батболд Төв аймагт ажиллаж байна
МАЛЧИН ТҮМЭН СЭТГЭЛ ТЭНЭГЭР САР ШИНЭЭ УГТАЖ БАЙНА
Монголчууд өөдлөн дэвжихийн их бэлгэдэл бүхий шүтээнийг илрүүлжээ
МОНГОЛООС ТОДОРСОН ХУТАГТ, ХУВИЛГААДЫГ ШАДАР САЙД М.ЭНХБОЛД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2012.02.13
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан