Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ИРГЭДИЙН ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХ СОНГОЛТ ЭРС НЭМЭГДЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.02.20 /

~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болов. Хуралдаанаар иргэдэд орон сууцны 6 хувийн хүүтэй зээл олгох, үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа ~

Монгол Улсын Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн 6 хувийн хүүтэй, 50 м/кв-аас ихгүй талбайтай орон сууц анх удаа авах иргэдэд олгох тусгайлсан журмыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх хүрээнд шийдэх гэж байгаа.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар орон сууцны талбайн 50 м/кв талбайн энэ хэмжээг хэлэлцээд иргэддээ илүү боломж олгох үүднээс 55 м/кв болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр иргэдийн орон сууц худалдан авах сонголт 9,017 айлын орон сууц болж нэмэгдэж байгаа юм. Мөн анх удаа орон сууц авч байгаа олон ам бүлтэй өрх 3 өрөө байр авах бололцоо үүгээр бүрдэж байна. 

Одоогийн байдлаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт 159 мянган орон сууцыг хамруулах хүсэлт ирснээс Засгийн газар 79, 486 айлын орон сууцыг хөтөлбөрт хамруулжээ. Хөтөлбөрт хамрагдсан орон сууцнаас 18 сарын дотор ашиглалтад орох 28,300 орон сууц баригдаж байгаагаас 6,341 нь 50 м/кв талбайтай байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

 6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ИРГЭДДЭЭ ОЛГОЛОО

6 хувийн хүүтэй зээл авч орон сууцтай болох гэсэн иргэдийн хүлээлт бодит ажил боллоо. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энэ дагуу иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд Хөгжлийн банкны 200 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар боллоо. Дээрх үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайдад зөвшөөрсөн байна.

Түүнчлэн Хөгжлийн банкнаас гаргах үнэт цаасны эх үүсвэр орж ирэх хүртэл хугацаанд батлагдсан журмын дагуу арилжааны банкны өөрийн эх үүсвэрийг ашиглан иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох ажлыг тухайн банкуудтай хамтран зохион байгуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгав. Хөнгөлөлттэй зээлд зориулан гаргасан Хөгжлийн банкны үнэт цаасны болон хүүгийн төлбөр, иргэдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүү, арилжааны банкаар дамжуулан олгосон орон сууцны зээлийн хүүгийн зөрүүг ирэх оны  төсвийн тухай хуульд тусгахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгсан байна.

Засгийн газрын дээрх тогтоолын хэрэгжилт, орон сууцны зээл олгох хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга М.Энхболдод даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөв. Сангийн болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нар энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зохион байгуулалт сайтай, идэвхтэй ажиллаж байгааг Засгийн газрын хуралдааны үеэр  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үнэллээ.  

Мөн иргэдийн хүсэн хүлээж байсан 6 хувийн хүүтэй зээл шийдэгдэж, иргэдээ санхүүгийн хүндрэл багатайгаар орон сууцтай болгох зорилт хөдөлгөөнд орж, бодит ажил хэрэг болж эхэллээ гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлон тэмдэглэв. Өнгөрсөн онд иргэдэд олгосон нийт зээлийн 99 хувийг арилжааны банкууд олгосон бөгөөд банкны салбарын хэмжээнд 485.4 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг 15 мянга гаруй өрхөд олгосон байна. Эдгээрээс 8 мянга гаруй зээлдэгч зээлээ эргүүлж төлсөн дүн гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

“МОНГОЛ СУДЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙГ БАТАЛЛАА

Засгийн газрын хуралдаанаар “Монгол судлалын үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ онд шаардагдах хөрөнгийг салбарын сайдын төсвийн багцад багтаан санхүүжүүлэх боллоо. АНУ, ХБНГУ, ОХУ, Япон зэрэг улсын 15 их сургууль, эрдэм шинжилгээний төвүүдийн дэргэдэх монгол судлалын ажил зогссоноос гадна гадаадын улсуудад монгол судлалын эрч хүч  эрс буураад байна.

Түүнчлэн дорно дахины судлалын томоохон сэтгүүлүүдэд Монгол Улстай холбогдолтой өгүүлэл, баримт материал гарах нь ч хязгаарлагдмал болсон, өрнөдийн орнуудаас манай их, дээд сургуулиудад монгол судлалын чиглэлээр суралцаж байгаа оюутны тоо ч эрс цөөрсөн тухай сайд Ё.Отгонбаяр танилцуулж байлаа. Иймээс монгол судлалыг зөвхөн өөрийн оронд төдийгүй, олон улсын хэмжээнд хөгжүүлэх, молнгол судлалын салбар хоорондын уялдаа холбоог зохицуулах, дотоод, гадаадын монгол судлаачдын залуу үеийг бэлтгэхэд Монгол Улсын идэвх оролцоог эрс нэмэгдүүлэх, олон улсын монгол судлалын цөм байх байр сууриа тогтвортой хадгалж үлдэхийн тулд Үндэсний хөтөлбөрийг баталсан байна.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ИРГЭДИЙГ 6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
САНАСАН БОДСОН БҮХЭН ЁСЧЛОН БИЕЛЭХИЙН ӨЛЗИЙТЭЙ ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ
БНАЛАУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
МАЛЧИН ТҮМЭН СЭТГЭЛ ТЭНЭГЭР САР ШИНЭЭ УГТАЖ БАЙНА
Ерөнхий сайд С.Батболд Төв аймагт ажиллаж байна
БНСУ-ын Элчин сайд нутаг буцаж байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан