Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Кентийн эрхэм дээд хунтайж Майкл манай улсад айлчлахаар 2012 оны дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотноо ирнэ. Тэрбээр Их Британийн хатан хааны үеэл бөгөөд гадаадын улс орнуудад Хатан хааны элч төлөөлөгчөөр ажилладаг аж. Эрхэм дээд хунтайж Майкл айлчлалынхаа хугацаанд Монгол улсын Ерөнхий сайдад бараалхаж, мөн зарим салбарын сайдуудтай уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм байна. Түүнчлэн монголын хөрөнгийн биржид зочлохын зэрэгцээ бизнесийн төлөөлөлүүдтэй уулзалт хийнэ. Үүний зэрэгцээ “NTV” телевизийн “De Facto” нэвтрүүлэгт оролцож, “Care for children” тусламжийн байгууллагаас зохион байгуулах арга хэмжээнд ч уригджээ. Кентийн эрхэм дээд хунтайж Майкл Монгол улсад дөрөв хоног айлчлах бөгөөд түүнийг дагалдан Их Британи, Монголын худалдааны танхимын дарга Жон Гроган болон банк санхүү, үл хөдлөх хөрөнгө, боловсрол зэрэг салбарын томоохон компанийн төлөөлөгчид ирэх юм байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.