Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймгийн Хонгор сумын малчин Х.Басангийн хот айлд зочилж хаваржилт, мал төллөлтийн байдалтай танилцлаа. Увс нутгийн уугуул энэ айл Хонгор суманд ирж мал маллаад 20 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд Мянгат малчин, Аймгийн аварга малчин зэрэг алдрыг хүртжээ. Хонь голдуу 1200 гаруй малтай. Х.Басангийн хүүхдүүд ч аавыгаа залгамжлан мал маллаж байна.
Ерөнхий сайд С.Батболд сар шинийн мэнд хүргээд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Монгол мал” хөтөлбөр, “Таван Эрдэнэ” арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрээр эдгээр хөтөлбөрийн хүрээнд үнэ төлбөргүй малаа эрүүлжүүлэх, вакцинжуулах, ээмэгжүүлэх ажлыг улс орон даяар эхлүүлээд байгааг онцоллоо. Мөн малчин өрх бүр үйлдвэрлэгч, ажил олгогч юм. Энэ ч утгаараа малчдад мэргэжлийн үнэмлэх олгох асуудлыг шийдвэрлэхээр зэхэж байгааг дуулгалаа.
Ийн мянгат малчин Х.Басантай халуун яриа өрнүүлсний дараа Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга С.Батболд Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо. Мөн тус аймаг дахь “Алтан тос” ургамлын үйлдвэрийн ажилтай танилцсан байна. Байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр нутгийн иргэдийн хэрэгцээг хангаж байгаа үйлдвэрийн хамт олонд Засгийн газрын тэргүүн талархал илэрхийлжээ. Одоо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Дархан-Уул аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.