Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ХУВЬЦААГАА ХУДАЛДАХ БОЛ 05 ДУГААР САРЫН 20-НЫ ДОТОР ХҮСЭЛТЭЭ ГАРГАНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.05.02 /

~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр боллоо. Энэ өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдах, төмөр зам барих, говийн бүс дэх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зэргийн талаар хэлэлцэн шийдвэр гаргасан байна ~

“Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди танилцууллаа. Энэ дагуу хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах иргэдийн хүсэлтийг 05 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон хүлээн авах болсон байна. Энэ хугацаанд хувьцаагаа худалдах хүсэлт гаргаагүй иргэд болон бэлэн мөнгө хэлбэрээр 1 сая төгрөгийн хишиг, хувиа хүртэх хүсэлт гаргаагүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийг хувьцаа авах хүсэлтэй гэж тооцох боллоо. Хувьцаагаа худалдах иргэдийн судалгааг 06 дугаар сарын 01-ний дотор гаргахыг сайд Т.Гандид даалгалаа. Хувьцаа худалдахтай холбоотой мэдээллийг хэвлэл, мэдээллийн бүх хэрэгслээр олон нийтэд зарлан таниулах юм байна.

ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ БАРИХ ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

“Сайншанд-Тавантолгой-Ухаахудаг” чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, төрийн өмчид шилжүүлэх концессын гэрээ болон  “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжлээ. Энэ дагуу холбогдох сайд, агентлагын дарга нар холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн гэрээ байгуулах үүрэг хүлээсэн байна. Мөн төмөр замын суурь бүтэц барих, ашиглах хугацаанд төрийн мэдлийн 51 хувийг төлбөртэй болон гэрээний хугацаа дууссаны дараа төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлэх, үндэсний хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулж хамтран ажиллах боломжоор хангах, хувьцааны тодорхой хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд нээлттэй арилжаалах асуудлыг дээрх гэрээнүүдэд тусгахаар боллоо.

ЗАСГИЙН ГАЗАР ГОВИЙН БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Тавантолгой, Оюутолгой орчмын газарт байгаль орчны үнэлгээ хийх ажлыг эрчимжүүлж, тухайн бүс нутгийн малчдын өвөлжөө, хаваржаа нь уул уурхайн эдэлбэр газарт орсон тохиолдолд нөхөн олговор олгох асуудлыг судлан, эрх зүйн орчин бүрдүүлэхийг холбогдох сайд нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа. Мөн түүхий нүүрс, төмрийн хүдэрт экспортын татвар ногдуулах санал боловсруулж шийдвэрлүүлэх, “Замын-Үүд” боомтын ачааны автомашины шалган нэвтрүүлэх цогцолбор, зам талбайн өргөтгөл болон цогцолбороос гаалийн рентген хяналтын талбай хүртэлх 2.3 км хатуу хучилттай замыг энэ оны эхний хагас жилд багтаан ашиглалтад оруулахыг үүрэг болгожээ.

“Замын-Үүд” боомтод авто тээврийн хөдөлгөөн нэлээд түгжирдэг байна. Иймээс хяналт шалгалт явуулах талбайг өргөтгөх, ачааны машины шалган нэвтрүүлэх цогцолбороос БНХАУ-ын Эрээний боомт хүртэл 1 км, цогцолбороос төмөр замын шилжүүлэн ачих 3 дугаар терминал хүртэлх 8 км зам барих хөрөнгийг эхний хагас жилд багтаан зээл, тусламж, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхийг зорьж байна. Түүнчлэн “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах бүтцийг ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Иргэдийг сургах, ажлын байраар хангах тухай хуралдаанаар яригдсан байна. Энэ дагуу уул уурхай, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай мэргэжлээр ажилгүй иргэдийг бүртгэн мэргэжил олгох, мэргэшүүлэх, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд сургах, уул уурхай, бусад үйлдвэрт монгол иргэдийг ажилд оруулах зэрэг цогц арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

ТЭТГЭВЭР БОДОХ ЦАЛИНГИЙН ИТГЭЛЦҮҮРИЙГ БАТАЛЛАА

Энэ онд Засгийн газар тэтгэврийг 2 үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусгуулсан билээ. Эхний ээлжинд тэтгэврийг 02 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон 35 мянган төгрөгөөр нэмсэн. Тэтгэвэр нэмэгдүүлэх хоёрдах шатны арга хэмжээг тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор хэрэглэх цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох арга хэмжээтэй хамт хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Итгэлцүүрийг шинэчлэн батласнаар Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180 мянга 300 төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 145 мянга 200 төгрөг болж байна.

Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан энэ шийдвэрийг 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх юм. Ингэснээр одоогийн 165 мянган төгрөгийн дундаж тэтгэвэр 222,9мянган төгрөгт хүрч байна. Энэ нь өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 75 хувь, энэ оны 04 дүгээр сарын 01-ний байдалтай харьцуулахад 35 хувь, 2008 оныхтой харьцуулахад 2,3 дахин нэмэгдэж байгаа юм.  Нийт тэтгэвэр авагчдын 64 хувь нь буюу 193,4 мянган иргэн 1995 оноос өмнө авч байсан цалин хөлсөндөө үндэслэн тэтгэврээ тогтоолгосон. Эдгээр иргэдийн тэтгэвэр дунджаар 40 орчим хувиар буюу 63 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Харин 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэвэр дунджаар 28 орчим хувиар буюу 48,9 мянган төгрөгөөр нэмэгдлээ. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАНД НЭМЭГДЭЛ, МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОНО

Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил, нэмэгдэл хөлс олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Дээрх нэмэгдэл, мөнгөн урамшил, нэмэгдэл хөлс олгох асуудлыг ирэх оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр тогтсон байна. “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д орсон эрүүл мэндийн ажилтан, ажиллагсдад тухайн ажил, албан тушаалыг хаших хугацаанд нь үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл, мөнгөн урамшлыг  сар бүр олгоно.  

Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшлыг эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзан, үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож, улирал тутам олгох юм. Алсын болон төрөлжсөн мэргэжлийн дуудлагад явж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа ажилтанд тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 15 хувиар тооцсон нэмэгдэл хөлсийг дуудлагаар явсан тохиолдол бүрт олгож байх боллоо. Энэ шийдвэр нь эрүүл мэндийн  салбарынхны ажлын үр дүн дээшилж, тогтвор суурьшилтай, идэвх санаачлагатай, хариуцлагатай байх зэрэг олон хөшүүрэг бий болгоно гэж Засгийн газар үзэж байна. Түүнчлэн ажиллагсдын үндсэн цалин сард 10-15 хүртэл хувиар нэмэгдэн, нэмэгдлийн дундаж хэмжээ нь үндсэн цалингийн 38 хувь болж, ирэх оноос дундаж цалин нь 600 мянган төгрөгт хүрэх юм байна.

Г.АЛТАНСҮХИЙГ АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛОВ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмалын газрын даргаар Галсангийн Алтансүхийг томиллоо. Г.Алтансүх нь ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны дээд сургууль, Удирдлагын академи төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Олон улсын харилцааны магистр. Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт судлаач багш, Тагнуулын төв газарт ахлах ажилтан, Тагнуулын ерөнхий газарт газрын орлогч дарга, хэлтсийн дарга, АНУ-д суугаа Элчин сайдын яаманд III нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан.

Г.Алтансүх төрийн албанд 26 жил ажиллаж байгаа бөгөөд тухайн ажлыг хариуцах чадвар, ажлын туршлагыг нь харгалзан Ашигт малтмалын газрын даргаар томилжээ.  Ашигт малтмалын салбарын асуудал өнөөдөр эдийн засгийнх гэхээсээ илүүтэй үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал болж байгаа учир Улсыг аюулаас хамгаалах сургууль төгсөн энэ салбарт ажиллаж олон жил ажилласан хүнийг томилж байгаа нь учиртай гэдгийг Засгийн газрын тэргүүн хуралдааны үеэр хэлж байлаа.

ТОВЧ МЭДЭЭ

  • Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, төрийн зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр байнга эрчимтэй ажиллаж байхыг бүх сайд, Засаг дарга, агентлагийн дарга нарт даалгалаа. Мөн “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг мөрдөж хэвшүүлэх, нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл боловсруулахдаа сонирхлын бүлгийн саналыг тусгах, нөлөөллийн шинжилгээ хийх, шийдвэртээ жил бүр хяналт, шинжилгээ хийж, шинээр батлагдсан хууль, тогтоомжид нийцүүлэн тухай бүрт нь нэмэлт, өөрчлөлт оруулж байх, хуулиар тусгайлан эрх олгоогүй асуудлаар журам, дүрэм гаргах, эрх хэмжээгээ хэтрүүлэхгүй байхыг даалгажээ. Мөн нэр бүхий сайд нарын гаргасан зарим шийдвэр хууль, тогтоомжтой зөрчилдөж байгаа тул хүчингүй болголоо.
  • Өнгөрсөн онд аймаг, нийслэлийн ИТХ, Тэргүүлэгчдийн ажилд гарсан үр дүн, дэвшилттэй арга барил, цаашид анхаарах асуудлын талаар өгсөн чиглэлийг хэрэгжүүлж ажиллахыг ИТХ-ын дарга нарт зөвлөмж болголоо. Мөн ажлаа шуурхай, ил тод явуулах, шийдвэр гаргах түвшинд иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог өргөжүүлэх, орон нутгийн Хурлын сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулж, сонгогчдыг идэвхтэй оролцох нөхцөл, бололцоогоор хангаж, дэмжлэг үзүүлэхийг зөвлөв.
  • Иргэний шинэчилсэн үнэмлэхний ажлын явц болон УИХ-ын сонгуульд шинэчилсэн үнэмлэх ашиглах боломжгүй болсон талаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлага танилцуулав.
  • Энэ оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 4600 тонн үрийн улаанбуудайг газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд худалдахаар боллоо. Буудайн борлуулалтын орлогоор энэ оны 12 дугаар сард багтаан үрийн улаанбуудайн нөөцийг нөхөн бүрдүүлэхийг Шадар сайд М.Энхболдод зөвшөөрөв. Нэг тонн үрийн улаанбуудайг 680 мянган төгрөгөөр тооцож, 40 хувийн урьдчилгаатай олгох болсон байна. Энэ жил улсын хэмжээнд 318 мянган га-д улаанбуудай тарихаар төлөвлөжээ.
  • УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ.
  • УИХ-ын гишүүн Я.Батсуурь Орон сууцны тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах, гишүүн П.Алтангэрэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулсан байна. Төслүүдийг хуралдаанаар хэлэлцэн хэд хэдэн саналыг уламжлахаар тогтлоо.
  • Гишүүн Р.Раш Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Э.Бат-Үүл, Батж.Батбаяр, Х.Тэмүжин нар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсныг хэлэлцэн, зарчмын хувьд дэмжиж тодорхой саналуудыг уламжлахаар болов.
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эзэмшилд байгаа 59 айлын 60-I, 60-II байрны орон сууцыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь хувьчлахаар боллоо. 118 өрхийн 373 иргэн оршин суудаг дээрх хоёр байр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг юм.
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг 2012-2020 онд хангах стратеги, стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ. Төслийг хэлэлцэх явцад Засгийн газрын гишүүд санал хэлэхдээ согтуугаар автомашин барьж байгаа хүмүүстэй хатуу хариуцлага тооцдог байх нь зүйтэй гэдгийг тэмдэглэж байлаа.
  • Түшээт хошой Чин ван, Түр Засгийн газрын тэргүүн, Сангийн анхны сайд Г.Чагдаржавын хөшөө дурсгалын цогцолборыг “Чагдаржав сан” өөрийн хүч, хөрөнгөөр Дундговь аймгийн төвд босгосон байна. Иймээс энэ санд Засгийн газрын нөөц сангаас тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлэх боллоо.
  • “Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-т нэгдэн орох нь зүйтэй гэж үзэн УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо. Олон улсын академи нь авлигын эсрэг сургалт, судалгаа явуулах, мэргэшсэн шинжээчдийн бүлэг бий болгох зэрэг үндсэн 5 чиглэлээр ажиллах юм байна.


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Мэндчилгээ
БАРУУН БҮСИЙГ ЭРҮҮЛ БҮС БОЛГОН ЗАРЛАХ АСУУДЛЫГ НААШТАЙГААР ШИЙДВЭРЛЭХЭЭ ХЭЛЛЭЭ
Ерөнхий сайд С.Батболд Залуучуудын улаан загалмайн хөдөлгөөний хүндэт гишүүн боллоо
БНХАУ-ын Эрүүл мэндийн сайдыг хүлээн авч уулзлаа
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН ДАХИН 23 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ
Ч.ХҮРЭЛБААТАР: СОНГУУЛИЙГ ШУУРХАЙ, ЗӨВ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ҮҮРЭГ ОРОЛЦОО ХАМГААС ЧУХАЛ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан