Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр болж дараах шийдвэрүүдийг гаргав
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.11.03 /
ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭ, СУУРЬ БҮТЦИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргалаа. УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д эхний үе шатанд барихаар төлөвлөсөн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ХК-д олгов. Төмөр замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг “Хөгжлийн банк”-аар дамжуулан шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа.

 Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах стратегийн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, нөхцөлтэй уялдуулах замаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоо бүхий компани /консерциум/ байгуулж улмаар төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг шилжүүлэх санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Ажлын хэсэг /Н.Алтанхуяг/-т даалгав.

Төмөр зам барих төслийн ажилд шаардагдах зөвлөх үйлчилгээний багийг сонгон шалгаруулах санал боловсруулахыг “Монголын төмөр зам” ХК-д үүрэг болгосон байна.“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д зааснаар эхний үе шатанд Даланзадгад-Чойбалсангийн чиглэлд 1100 орчим км төмөр замын суурь бүтцийг 2010 оноос барьж эхлэхийг УИХ-ын тогтоолоор Засгийн газарт даалгасан юм.  

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙГ БУУРУУЛАХ СУДАЛГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

 Улаанбаатар хот орчмын хүчтэй газар хөдлөлтийн голомтуудыг нарийвчлан судлах, газар хөдлөлтийн аюул, эрсдэлийн үнэлгээг шинэчлэн тогтоох судалгаа, шинжилгээ хийхээр боллоо. Газар хөдлөлтийн идэвхжилтийн бүсэд нарийвчилсан судалгаа хийх, идэвхтэй хагаралууд дээр геофизикийн ажиглалтын байнгын цэг байгуулахад шаардагдах 2 тэрбум 110 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Мөн газар хөдлөлтийн гамшгийн үед хэрэглэх техник, багаж хэрэгсэл авахад шаардлагатай 6 тэрбум 851 сая гаруй төгрөгийг жил бүрийн улсын төсөв /төсвийн тодотгол/ боловсруулах явцад үе шаттайгаар Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад тусгаж байхаар болов.

 98 ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХООР ТӨЛӨВЛӨЖЭЭ

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд дэвшүүлсэн зорилтыг хангах зорилгоор Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянаж, боловсронгуй болгох асуудлыг судлан боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын танилцуулгыг сонсов.

Ажлын хэсэгт 11 яам, 25 агентлагаас 336 зөвшөөрлийн жагсаалт ирүүлсэн байна. Үүнээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан 42, бусад хуульд заасан 37, хуулиас бусад эрх зүйн актаар зохицуулсан 19, нийт 98 зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар, 15 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шилжүүлэх санал боловсруулжээ.

Жагсаалт болон хүчингүй болгох, төрийн бус байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлэхээр санал болгосон зөвшөөрлүүдтэй танилцан, салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журмаа нэг бүрчлэн нягтан үзэж, санал дүгнэлтээ 11 дүгээр сарын 10-ны дотор Ажлын хэсэгт ирүүлэхийг Засгийн газрын гишүүд, зарим агентлагийн дарга нарт даалгав.

Үүний дараа Ажлын хэсэг хүчинтэй байх зөвшөөрөл, эрх зүйн актын жагсаалтын төсөл, хүчингүй болгох болон төрийн бус байгууллагад шилжүүлэх зөвшөөрлийн жагсаалт гарган иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 11 дүгээр сард багтаан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Засгийн газрын цахим хуудсаар дамжуулан саналыг нь авах юм. Эцэст нь жагсаалтыг 12 дугаар сарын 20-ны дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийд гаргах юм байна.

ТОВЧХОН

2010 онд Улсын Онцгой комиссоос Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн хөрөнгийн тооцоог Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд танилцуулав. Хөрөнгө зардалтай холбоотой 19 асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж нийт 8 тэрбум 473 гаруй сая  төгрөгийг шийдвэрлүүлээд байна. Энэ мөнгийг цаг агаарын аюулт үзэгдэл, зуд, хүн, мал, амьтны  гоц халдварт өвчин, ой хээрийн болон обьектын түймэр, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх, эдгээрийн улмаас учирсан хохирлыг шийдэхэд зарцуулжээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
2.7 сая Монголчууд бид дэлхийн 6 тэрбум хүний хаана нь явна вэ
Манай улс хүний хөгжлийн үзүүлэлтээрээ 169 оноос 100-д жагсчээ
Төв аймаг сүүлийн 25 жил авч байгаагүй арвин ургац хураажээ
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАР ДАХЬ ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Монгол Улс хорт хавдрыг эмчлэх загвар орон болно
Говь-Алтай аймгийн засаг дарга батламжаа авлаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан