Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр ОХУ-аас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд В.В.Самойленког хүлээн авч уулзлаа. Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж байгаагаа уулзалтын эхэнд ноён элчин сайд илэрхийлээд, Засгийн газрын тэргүүний цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ. Хоёр улсын олон жилийн найрсаг уламжлалт харилцаа шинээр байгуулагдсан Засгийн газрын үед олон шинэ салбараар улам өргөжин хөгжинө гэдэгт итгэж байгаагаа элчин сайд В.В.Самойленко тэмдэглэж байв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг баяр хүргэсэнд элчин сайд В.В.Самойленкод талархаад, хоёр улсын шинэ хамтын ажиллагаанд эрхэм элчин сайдын үүрэг их гэдгийг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.